Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01906

 

 

 

 

 

 

   2023         10           30                                           210/МА2023/01906

 

 

Э.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2023/02957 дугаар шийдвэртэй

Э.Т-ын  нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох,

Түрээсийн байранд оруулсан засан сайжруулалтын зардалд 52,005,850 төгрөг, барьцаа 12,000,000 төгрөг, хүлээн авалт, ажилчдын хоолны зардалд 15,989,250 төгрөг, нийт 79,904,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Д” ХХК-тай түүний өмчлөлийн Драгон худалдааны төвийн * давхрын 450 м.кв талбай болон хажуугийн хоосон талбайн хамт тохижуулж рестораны зориулалтаар, сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг байхаар аман гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад Н.П захиралтай тохижуулах ажлыг хийсний дараа нь түрээсийн мөнгөнөөс хасаж бодно гэх байдлаар гэрээ хийсэн. Үүний дагуу түрээсийн төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,150,000 төгрөгийг Л.П захирлын охин О захирлын ********* тоот ХААН банкны дансанд хийсэн, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Д” ХХК-ийн ******** тоот ХААН банкны дансанд 2,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр “Д” ХХК-ийн кассаар 7,800,000 төгрөгийг тус тус урьдчилгаа барьцаа болгож тушаасан. Хариуцагч “Д” ХХК-ийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд үйл ажиллагаа эхэлж, барилга ашиглалтад орно гэж хэлсэн боловч бусад давхрын засвар үйлчилгээ дуусахгүй байсан. Улмаар хариуцагчтай 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан.

1.2. Манайх дангаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2015 оны 3 дугаар сапын 03-ны өдрөөс 2015 оны 5  дугаар сарын 07-ны өдоийг хүртэл Драгон төвийн дотор ажиллаж байгаа ажилчдад үйлчилгээ үзүүлж байсан. Энэ үед Драгон төвийн захирлууд манай бизнесийн түншүүд байгаа юм, тооцоог нь түрээснээсээ хасаад тооцчих гээд хүлээн авалт хийж, ажилчдад нь хоолоор үйлчилдэг байсан. Энэ тооцоо нь нийт 15,989,250 төгрөг болсон. Эдгээр зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор хариуцагчийн төлөөлөгчтэй тохиролцсон байсан боловч одоо бол зөвшөөрөхгүй байна.

1.3. Би улсын комисс хүлээж аваагүй, хар ханатай буюу зөвхөн бетон цутгалт хийгдсэн барилгын талбайг хүлээн авсан. Уг талбайд засан сайжруулалт хийж будаг, замаск, обой, паркетан шал, хадаас, үүдний шилэн хаалт, хаалга, гэрэл чийдэн, таазны чимэглэл, текнүүд, хөшиг зэргийг өөрөөсөө хийж барилгын материалын болон ажлын хөлс зэрэгт нийт 52,005,850 төгрөгийн зардал гаргасан. Ашиглалтад орсны дараа “Д” ХХК-ийн захирлууд засварын зардлыг түрээсийн төлбөрөөс хасна гэсэн амлалтаасаа буцаж ёс зүйгүй үйлдэл гаргаж, түрээсийн төлбөрөө төл гэж нэхэж, төлөхгүй бол гар гэж шаардан байнга дарамтлах болсон. Би түрээсийн төлбөрөөс хасагдан гэж итгэж засварын ажлыг хийж, мөн тоног төхөөрөмж худалдаж авахад өөрт байсан бүх мөнгөө өгч дахин түрээсийн төлбөр төлөх мөнгөгүй болсон. Тиймээс 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр худалдан авсан тоног төхөөрөмжөө 30 хувь хямдруулан дараагийн түрээслэгч болох Н.Г-од худалдсан.

Иймд түрээсийн төлбөр болон барьцаа болгож өгсөн төлбөр 12,000,000 төгрөг, хүлээн авалтын зардал болон хариуцагч байгууллагын ажилчдын хоолны төлбөр 15,989,250 төгрөг, засвар, тохижилт буюу засан сайжруулалтад зарцуулсан зардал 52,005,850 төгрөг, нийт 79,904,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани Э.Т-тай 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг сарын 10,000,000 төгрөг байхаар тохиролцсон үйл баримтын талаар маргахгүй. Түрээслэгч рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсийн гэрээ байгуулахад бидний зүгээс загвар, дизайн, тохижилт зэргийг бэлдэж талбайг хүлээлгэн өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй тул түрээсийн гэрээг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болгосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Мөн ажилчдын хоолны мөнгө гэж 15,989,250 төгрөг гаргаж байгаа нь түрээсийн гэрээтэй ямар нэгэн хамааралгүй байхаас гадна тохижилтоо өөрөө хийчих гарсан зардлыг түрээснээсээ хасна гэж хэлсэн гэх үндэслэлээр их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Барьцаа 12,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь тухайн үед түрээсийн гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй тул талууд тохиролцож гэрээг цуцалсан тул барьцаа мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй. Манай байгууллага түрээслэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлж түрээсийн талбайг Э.Т-ын эзэмшил, ашиглатанд шилжүүлэн өгсөн ба талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуулиар манай байгууллага рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь зориулж тохижилт, тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 13,037,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т-д олгож, нэхэмжлэлээс үлдэх  66,866,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,   60 дугаар зүйлийн  60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 223,137 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч Э.Т-ын Хаан банк дахь ********** тоот дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, Д.Ц-гийн эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, барьцаа болгож нийт 12,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа боловч энэ мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Түрээсийн гэрээний явцад нэхэмжлэгчийн буруугүйгээр түрээсийн хөрөнгийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт талуудын тохирсон хэмжээнээс илүү мөнгө төлсөн гэх үндэслэлгүй ба түрээсийн гэрээ цуцлагдахаас өмнө нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр төлөх үүрэг хэвээр үлдэнэ гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь 12,000,000 төгрөгийг барилгыг түрээсийн гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй үед буюу улсын комиссын акт гараагүй байхад барьцаа төлбөр болгон төлсөн.

Гэвч шүүхээс түрээсийн төлбөр болгон шилжүүлсэн, түрээсийн төлбөр төлөх үүрэг хэвээр үлдэнэ гэж дүгнэн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч нь барилга ашиглалтад ороогүй байхад түрээсийн төлбөр авах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан. Анхан шатны шүүхээс түрээслэгч Э.Т үүргээ гүйцэтгээгүй гэдэг үйл баримт байхгүй байхад барьцаанд төлсөн 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн төлбөр болгосон гэдэг агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрт “түрээсийн гэрээ байгуулагдах үед барилга шинээр ашиглалтад орсон, гэрээнд заасан зориулалтаар буюу рестораны үйл ажиллагааг шууд эрхлэх, ашиглах боломжгүй байсан, тодорхой хэмжээгээр засан сайжруулалт хийх шаардлагатай байсныг хариуцагч үгүйсгээгүй, мөн уг шилэн хаалт, хаалга, хөшиг, даавууг гэрээ дуусгавар болоход салгаж аваагүй, дараагийн түрээслэгчид үлдээсэн гэснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй... ” гэжээ. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д түрээслүүлэгч түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлнэ гэж заасны дагуу түрээсийн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн бөгөөд талбайн тохижилтыг хариуцахаар гэрээгээр тохиролцоогүй. Түрээслэгч нь түрээсийн талбайд явуулах үйл ажиллагааны чиглэл, үйлчилгээнээс хамаарч талбайн тохижилтыг өөрөө хариуцах үүрэгтэй ба хариуцагч байгууллагын зүгээс явуулах үйл ажиллагаанд тохируулж загвар, дизайн, тохижилт зэргийг бэлдэж талбайг хүлээлгэн өгөх боломжгүйгээс гадна хууль болон гэрээгээр ч ийм үүрэг хүлээгээгүй. Талуудын хооронд ч ресторанаа өөрөө тохижуулчих гарсан зардлыг манай байгууллага хариуцна гэсэн хэлцэл хийж байгаагүй.

Гэтэл анхан шатны шүүхээс хууль, түрээсийн гэрээ, хэлцэлээр тохиролцоогүй нөхцөл байдлыг үгүйсгээгүй, үгүйсгэж чадаагүй гэж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан даавуу, хөшиг, шилэн хаалт зардал зэргийг манай байгууллагаас шаардаж байгаа нь ойлгомжгүй. Эдгээр эд хөрөнгүүд нь салгаж болох эд хөрөнгө бөгөөд салгаж үл болох эд хөрөнгөд хамааруулж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс түрээсийн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор... ханын хөшиг, даавууг 6,451,400 төгрөгийн зардлаар тус тус хийж гүйцэтгэсэн болох нь..., “Г” ХХК, “Э” ХХК нарын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтаар нотлогдсон гээд эдгээрийг салгаж үл болох засан сайжруулалтын зардалд тооцох боломжтой гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх дээр дурдагдаад буй хоёр компанийн хооронд байгуулсан зээлийн гэрээг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй бөгөөд ханын хөшиг, давуу зэргийг “Д” ХХК-ийн түрээсийн талбайд зориулж авсан эсэх эргэлзээтэй. Түүнчлэн, ханын хөшиг, даавуу зэрэг нь дээр дурдсанчлан Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6 дахь хэсэгт заасан салгаж үл болох буцаан шаардах засан сайжруулалтад хамаарахгүй эд зүйлс бөгөөд хөшиг, даавуу зэргийг салгаж авах боломжтой эд зүйлс болохыг баримтаар нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт болно.

5.2. Түрээслэгч анхаанаасаа барилгыг шинээр ашиглалтад орсон барилга гэдгийг мэдэж байсан бөгөөд рестораны зориулалтаар тухайн талбайг тохижуулж үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэж, өөрийн хүсэлтээр түрээсийн гэрээ байгуулсан. Тохижилтоо хийхдээ ч өөрийн хүссэнээр, сайн дураар гүйцэтгэсэн ба буцаан салгаж авах боломжгүй өөрчлөлт хийсэн бол тэр нь түрээслэгчийн өөрийн сайн дурын шийдвэр юм. Мөн тохижилтын талаар манай “Д” ХХК-д мэдэгдээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс оролцоогүй. Гэтэл нэхэмжлэгч ресторанд хүн орохгүй байна гэх гомдлын үр дүнд тохижилтоо өөрөө хийчих гарсан зардлыг түрээснээс хасна гэсэн гэх баримт нотолгоогүй зүйл ярьж биднээс төлбөр мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс хууль болон гэрээгээр түрээсийн талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхөөс өөр үүрэг хүлээгээгүй бөгөөд рестораны зориулалтаар тохижуулж хүлээлгэж өгөх эсхүл тохижилтын зардлыг хариуцах үүрэг хүлээгээгүй.

Гэрч О.Б-гийн мэдүүлэг, гэрч Д.Ц-гийн эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан рестораны талаар гэрэл зураг зэргээс үзэхэд түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглахын тулд нэхэмжлэгч Э.Т-аас шаардлагатай засан сайжруулалтыг хийсэн, үүнийг хариуцагч мэдэж байсан буюу зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэж, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн эд хөрөнгийг өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах гэж заажээ. Манай байгууллагын зүгээс засан сайжруулалт хийх талаар болон гарсан зардлыг хариуцах талаар зөвшөөрөл олгоогүй. Манай байгууллага зардлыг хариуцахаар тохиролцсон бол талуудын хооронд гарсан зардлын талаар тооцоо нийлсэн акт, зөвшөөрлийн баримт бичиг үйлдэх байсан. Дээрхээс дүгнэхэд шүүх хуулийг буруу тайлбарлаж, салгаж болох хөшиг, даавуу, шилэн хаалт зэрэг эд хөрөнгийг салгаж үл болох засан сайжруулалт гэж үзэж, хариуцагч тохижилтын зардлыг хариуцах талаар хууль болон  гэрээгээр үүрэг хүлээгээгүй байхад засан сайжруулалтын зардлыг хариуцагч хариуцахаар зөвшөөрсөн гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагчаас 13,037,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

2. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан түрээсийн байранд оруулсан засан сайжруулалтын зардалд 52,005,850 төгрөг, барьцаа 12,000,000 төгрөг, хүлээн авалт, ажилчдын хоолны зардалд 15,989,250 төгрөг, нийт 79,904,100 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж ** тоот хаягт байршилтай, хариуцагч “Д” ХХК нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай * давхрын 450 м.кв талбайг нэхэмжлэгч Э.Т-д рестораны зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлж, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт сарын 10,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 10-14/ 

 

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

3.б. Түрээсийн гэрээний зүйл нь Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж ** тоот хаягт байршилтай, 12800 м.кв талбай бүхий, “Д” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн * давхрын 450 м.кв талбайг Э.Т түрээсэлсэн байна. Тус үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээслүүлсэн тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийн зохицуулалт хамаарахгүй. Иймд хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

4. Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч “Д” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 7,850,000 төгрөгийг бэлнээр, “ХААН” банк дахь өөрийн ********** тоот данснаас “ХААН” банк дахь ********* тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,150,000 төгрөг, ******** тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг барьцаа болгож шилжүүлсэн нь хэргийн 6-8 дугаар тал дахь “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 9 дүгээр тал дахь бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус нотлогдсон байна. /хх-ийн 15/

4.а. Талууд гэрээний нэмэлт нөхцөлд барьцаанд 10,000,00 төгрөг шилжүүлэхээр  тохирсон болох нь зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогджээ. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр төлөөгүй тул дээрх барьцаанд төлсөн мөнгөн хөрөнгийг түрээсийн төлбөрт хариуцагч суутган тооцсон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас барьцаанд шилжүүлсэн 12,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сард хариуцагчийн 450 м.кв талбайг хүлээн авч засвар тохижилтийг хийсэн, 2014 оны 12 дугаар сараас үйл ажиллагаа явуулсан, 2015 оны 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсч түрээсийн  гэрээ 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 15-17, 51-54/

 

6. Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан хүлээн авалт, ажилчдын хоолны зардалд нийт 15,989,250 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

6.а. Хариуцагч нь татгалзлаа “нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авалт, ажилчдын хоолны зардалд нийт 15,989,250 төгрөг нэхэмжилсэнийг түрээсийн гэрээний төлбөрт хамааралгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь “хариуцагчийг хүлээн авалт, ажилчдын хоолны зардалд гарсан 15,989,250 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцно гэсэн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

6.б. Анхан шатны шүүх дээрх төлбөрийг хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 15,989,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж буруу дүгнэсэн байна.

 

7. Нэхэмжлэгч нь түрээсийн байрыг засаж тохижуулахад 52,005,850 төгрөгний зардал гарсныг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

7.а. Хариуцагч татгалзлаа “түрээсийн талбайд явуулах үйл ажиллагаанаас хамаарч талбайн тохижилт, тоног төхөөрөмжийг бэлтгэж ажиллах нь түрээслэгчийн асуудал тул засаж тохижуулахад гарсан зардлыг хариуцах үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.

 

7.б. Нэхэмжлэгч нь “түрээслүүлэгч тохижилтоо өөрсдөө хийчих гарсан зардлыг түрээсийн төлбөрөөс хасна гэж тохирсон” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

7.в. Э.Т “Ш” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Д” ХХК-ийн 6 дугаар давхарын үүдний хэсгийн хана, хаалга, гал тогооны хэсгийн хажуу хаалгыг 6,294,000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон, мөн Э.Т, Ё.О-тай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 73 м.кв жалюуз, 40 м даавуу хөшиг 4,451,400 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэрээ тус тус хэрэгт авагджээ. /хх-ийн 22/

 

Дээрх хоёр гэрээг үндэслэж анхан шатны шүүх салгаж үл болох засан сайжруулалтын зардалд 13,037,400 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн түрээсийн талбайд хийсэн шилэн хана, хаалга, даавуун болон жалюузан хөшиг нь салгаж үл болох хөрөнгө гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.г. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн эд хөрөнгийг өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, салгаж үл болох засан сайжруулалтын зардалд 13,037,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсныг залруулж энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

7.д. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, түрээслэгч Э.Т- нь түрээсийн зүйл буюу 450 м.кв талбайд засвар хийж, засан сайжруулахын тулд түрээслүүлэгч “Д” ХХК-аас урьдчилан зөвшөөрөл авсан байх, талууд гэрээгээр тохирсон байх учиртай.

 

7.е. Хэргийн баримтаас үзвэл түрээслэгч Э.Т- нь түрээслүүлэгч “Д” ХХК-аас ийнхүү зөвшөөрөл авсан талаар баримт авагдаагүй, мөн Э.Т-аас гарсан засварын зардлыг хожим түрээсийн төлбөрөөс суутган тооцохоор талууд харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт заасан үндэслэл бий болоогүй учир нэхэмжлэгч нь өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй.

 

7.ё. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас зөвшөөрөл авсан, хожим түрээсийн төлбөрөөс суутган тооцохоор тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчаас засан сайжруулалтын зардалд 13,037,400 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байгааг залруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2023/02957 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 79,904,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Т-ын төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас төлсөн 223,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                        ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                       

                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ