Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/43

 

 

Д.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолтой Д.*******д холбогдох 2015000000196 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

  Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Өлзийтийн 8-03 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* 

Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын чанартай А-27 дугаартай асфальтан зам дээр **-** АРА улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Д., Э. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, А.******* амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Д., Э., А. нар нь гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй болохыг дурдаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* 48.224.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Ч.******* олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.******* давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын ... зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 7 дахь хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялыг өршөөн хасч, шүүгдэгчээс 48.224.000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас
бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа, харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад зааснаар шүүгдэгчээс 48.224.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсний 46.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү 46.500.000 төгрөг нь хохирогчийн 10 настай М.******* 18 нас хүртэл цалин, орлогын зөрүү 28.500.000 төгрөг, 13 настай М.******* 18.000.000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь  хууль зүйн үндэслэлгүй байна. Амь хохирогчийн цалин орлогын зөрүүг Иргэний тухай хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу бодохоор  цалин, орлого тэтгэврийн зөрүү гаргахгүй байна. Мөн хэрэв цалин, орлого тэтгэврийн зөрүү хэрэв гарахаар бол Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар сар тутам төлөхөөр гаргадаг хууль зүйн зохицуулалтай.

 Харин сүүлд дахин нэхэмжилсэн оршуулгын зардлын баримт нь хэдийгээр нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй хэдий ч шүүгдэгч бүрэн төлнө гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* одоогийн байдлаар 24.311.000 төгрөг төлсөн байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.6-д заасны дагуу “...хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй ...” гэж заасны дагуу хохирлын хэмжээний  хувьд давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд ... 155 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 7 дахь заалтын “... шүүгдэгч Д.******* 48.224.000 төгрөгийг гаргуулж ...” гэснийг “...1.724.000 төгрөгийг ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Д.******* нь 2020 оны  08 дугаар сарын 12-ны өдөр **-** АРА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодон улсын чанартай А-27 дугаартай асфальтан зам дээр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй”,

мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д., Э. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн А.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, А.******* амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг өршөөн хасч шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Харин амь хохирогч А.******* хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хэмээн шүүгдэгч Д.******* 178.957.061 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан 48.224.000 төгрөг гаргуулж Ч.******* олгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй ба гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-т зааснаар бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан насанд хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман насанд хүртэл хугацаанд гэм хорын хохирол нөхөн төлөх үүрэгтэй.

Төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь дээрх төлбөрийг сар тутам төлөх бөгөөд шүүх төлбөр гаргуулах хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу тогтооно.

Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасны дагуу шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тодорхой заасан байх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдохгүй байхад шүүгдэгч Д.******* цалингийн зөрүү, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснээс гадна хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, тооцсон, ямар шалтгаанаар нөхөн төлбөрийг сар бүр гаргуулахаар шийдвэрлээгүй талаараа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдаагүй байна.

Мөн шүүх дээрх хохирлыг гаргуулахдаа баримталбал зохих заалтыг баримтлаагүй, өөрөөр хэлбэл “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах” тухай Иргэний хуулийн заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнээс гадна “... Ч.*******ийн гаргасан бусад нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гаргах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ энэ хэсгийг орхигдуулжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан үндсэн ялыг өршөөн хасч байгаа тохиолдолд шүүхээс түүнд оногдуулсан нэмэгдэл ялыг өршөөх тухай зохицуулалт дээрх хуульд тусгагдаагүй ба оногдуулсан ялыг өршөөн хассан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогчид 1.800.000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* нь гэм хор учруулсны нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.******* нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* 48224000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Ч.******* олгосугай...” гэснийг,  “... хохирогч, иргэнийй нэхэмжлэгч Ч.******* нь гэм хор учруулсны нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.******* нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Д.******* нь 1.800.000 төгрөг төлсөн буюу одоогийн байдлаар төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН