Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 43

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд /цахимаар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа /цахимаар/, нарын нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20ы өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Д.Ад холбогдох 2015000000196 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын  гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, А.

 

Д.А нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А-27 дугаартай асфальтан зам дээр 58-80 АРА дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Б-д заасан “... хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Х, Э.Н нарын эрүүл мэндэд хөнгөн, А.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирч, А.Ч амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн жолооч Д.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ааас 48.224.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “... хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Энэрэл нь гэм хор учруулсны нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.Ааас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл гаргасан гомдолдоо “... шүүх нотлох баримтыг үнэлэн авч үзэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Давж заалдах шатны хурал 2021 оны 09 сард болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч ковид-19 өвчнөөр өвдсөн, шүүх шүүгчийн баг ирц хүрэлцэхгүй гэх мэт шалтгаанаар удаа дараа хойшилсон хурлын сүүлийн тов 2021 оны 11 дүгээр сарын 08-нд болохоор болов. Гэвч миний өмгөөлөгч Ш.Оюумаагийн биеийн байдал муу эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан өдрөө зарласан хурал давхцаж байгаагаа хэлсэн ба энэ талаар нотлох шаардлагатай баримтуудыг хавсарган тухай бүр имэйл хаяг болон шуудангаар явуулан шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж байсан. Хурал давхцсан хойшлуулах хүсэлтээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэн явуулсан болно. Тухайн бүр холбогдон хэлж байхад хурлыг хойшлуулалгүй хойшлуулах үндэслэлгүй гэж үзэн надад болон миний өмгөөлөгчид хэлэлгүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хурлыг шууд явуулсан. Хурлыг хойшлуулаагүй гэдгийг ч мэдэгдээгүй болно. Энэ шүүх хурал миний ээжийн амь насаа алдсан тухай шүүх хурал атал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надад огт мэдэгдэлгүйгээр мэтгэлцэх, өөрийн байр байдлаа танилцуулах бүх эрхийг минь хязгаарлан шүүх хуралдааныг зөвхөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ирцээр хангалттай гэж үзэн хохирогч намайг шүүгдэгч аятай ялгаварласанд үнэхээр гомдолтой байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан ч миний дүү нарын өнөөдөр хүртэл хоолтой байх, үгүй эсэх, ирээдүйд хэрхэн яаж амьдрах, учирч болзошгүй хор уршгийг огт харгалзан үзэлгүйгээр дахин дахин шүүхээр явуулж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хохиролд оруулахаар шийдвэрийг гаргасан нь хохирогч миний хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Тэжээгчээ алдаж өнчирч хоцорсон биднийг ахин шүүхээр явж олж авбал ав, боливол гэсэн шиг орхиж байгаа шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Хэрэв миний талийгаач ээж амьд сэрүүн байсан бол 2 дүү минь бусдын адил хэнээс ч дутахгүй, дулаан гэрт элэг бүтэн байх байлаа. Бидний хариуцлагагүй, ухамсаргүй хүний үйлдлээс болж ээжгүй үлдсэн зовлонг биднээс өөр хүн ойлгохгүй ч, ээжгүй болгосон биднийг тэжээгчгүй болгосон үүрэг хариуцлагыг нь шударга шүүх тогтоож өгнө гэдэгт би одоог хүртэл итгэлтэй байдаг. Гэтэл намайг болон 2 дүүгийн минь амьдрах явцад нь хэрэгцээтэй бүх зүйлээр дутагдаж, гачигдаж өснө гэдгийг шударга шүүх харж, сонсож, миний гомдлоос жаахан ч гэсэн барагдуулж, амьдрах итгэл найдварыг өгөлгүйгээр 24.311.000 төгрөгөөр миний ээжийн амь насыг үнэлэн “Шүүгдэгч нь одоогийн байдлаар төлөх төлбөргүй болохыг дурдсугай” гэсэн нь хуульд заасан заавал хэлэлцэх шаардлагатай бусад гэм хор, хор уршгийн талаар хэлэлцүүлэлгүй орхигдуулан шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэгчээр тогтоож гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг хамтад нь шийдвэрлэж болдог байхад тэжээгчээ алдан 23 насандаа 2 бага насны дүүгийн тэжээх энэ том даалгаврыг үүрч яваа намайг хохирсон дээрээ хохир гэж байгаа юм шиг орхисон шүүхийн шийдвэрт маш ихээр гомдож байна.

Миний ээжийн амь нас хохирч бага насны 2 дүү минь өнчин үлдэж байхад шүүгдэгч ижилхэн эх хүн байж бидэнд сэтгэлийн ч болтугай тус дэм үзүүлээгүйн дээр утсаар өөрөө ганц удаа ч холбогдож байгаагүй. Би одоо ялаас мултарсан эд нар надад хамаагүй гэсэн шиг орхисонд гомдолтой байгаа бөгөөд бүхэл бүтэн нэг айлын амьдралыг үгүй хийж 3 хүүхдийг өнчрүүлж хүний амь насыг бүрэлгэсэн байхад хөнгөн хэрэг гэж үзэн өршөөлийн хууль нэрийдлээр Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зорилгод нийцүүлэлгүй хэтэрхий нэг талыг баримтлан шийдсэн. Хийсэн хэрэгтээ ял нь хохироочихоод өнчирч үлдсэн үр хүүхдүүдэд нь тэтгэмж өгье гэж өөрөө дуугарахгүй бидний нөхцөл байдлыг нэг удаа нүдээрээ үзээгүй. Анхан шатны шийдвэрийн шийтгэх хэсгийн тогтоолын 7 дахь хэсэгт зааснаар 48.224.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсний 46.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж давж заалдсан байдаг. Ийм үг өгүүлбэр энэ хүнээс гарч болох зөв үйлдэл мөн гэж үү. Энэ шүүгдэгчид хүн чанар, эх хүний нинжин сэтгэл үнэхээр байсангүй. Энийг нь ухааруулаад өгөх шүүхийн шударга шийдвэр ч байгаагүйн улмаас энэ хүн хэрэг хийгээгүй, хүний амь нас хохироогүй юм шиг өнөөдөр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдарч байна. Гэтэл энэ мэт шүүхийн шийдвэрийн улмаас гэр бүл амьдын тамд байна. Бүх шатны шүүх хурал дээр харж үзнэ, гэмээ ухаарч байгаа, хохирол барагдуулна гэж хэлдэг. Энэ худлаа 2021 оны 4 сараас хойш миний 2 дүү сэтгэцийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн эмчийн хяналтанд байдаг байнгын сэтгэцэд нөлөөт эм уудаг болсон. Нойрны эм хүртэл уун унтдаг болсон. Энэ мэт хохирсоор байна. Иргэний хуулийн 508.4 дүгээр зүйлийн 508.4.1-д заасан заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг огт бодолцолгүй шүүгдэгчийг өмгөөлж буй мэт шүүхийн шийдвэр гаргасан байгаа тул өнчирч үлдсэн бидэнд амьд явах итгэл, жоохон ч гэсэн гэрэл гэгээ гаргах мөн үйлдсэн хэрэгт нь тохирсон шийтгэх тогтоолыг шинжлэх ухаанчаар давж заалдах шатны шийдвэрт өөрчлөлт оруулж анхан шатны шийдвэрийг харгалзан үзэж миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хохирогчийн гаргасан 48.224.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Гэм хор учруулснаас үүдэн, хариуцлага хүлээхээр заасан ба бусдын амь нас эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй учруулсан гэм хорийн хохирлыг хариуцан гаргуулах үүрэгтэй гэж заасан гагцхүү, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байтал ямар үндэслэлээр 48.224.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хохирогчийн зүгээс нийт 176.544.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-т заасан бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлнө гэсэн байдлаар тухайн хүний цалинг дунджаар 600.000 төгрөг гэж үзээд, нөхөн олговорт 10, 13 настай хүүхдүүд 300.000 төгрөг авдаг бөгөөд үүнийг хасаад цалингийн зөрүүг 230.000 төгрөгөөр тооцож нийт 28.500.000 төгрөгийг 10 настай хүүхдэд нь, 18.000.000 төгрөгийг 13 настай хүүхдэд 18 нас хүртэл нь нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөрийг төлүүлэх...” гэж заасан. Гэтэл гэм хорын хохирлыг хасч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх гэм хорын хохирол болон бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, мөн хуулийн 40.2 дугаар зүйлд “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан. Хохирогчийн зүгээс нэхэмжлэлээ хуулийн дагуу гаргасан. Энэ гэмт хэргийн улмаас ээжийн биеийн байдал нь муудсан, хоёр хүүхэд ээжийгээ нас барснаас хойш сэтгэл санааны гүн цочролд орсон байдалтай байгаа. Шүүх хоёр хүүхдэд олгох нөхөн олговрын талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хурал цар тахлын хүнд нөхцөл байдалд явагдсан бөгөөд өмгөөлөгч миний бие хурал давхацсан болон биеийн байдлын талаарх нотлох баримтаа давж заалдах шатны шүүхэд өгсөн боловч хохирогчийг өмгөөлөгчөөр хангахгүй, хохирогчийг шүүх хуралд орж мэтгэлцэх эрхээр хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байгаа” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хүний амь нас хохирсон асуудлыг өмгөөлөгчийн хувьд ойлгож байгаа. Д.А гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмшиж байгаа. Бүхий л боломж бололцоогоор хохирол төлбөрийг төлье гэдэг санаачлагыг гаргадаг. Өөрөө бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, элэгний B вирустай байсан бөгөөд хүндрээд элэгний хорт хавдар болж, Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Нийт 26.111.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өмгөөлөгчийн хувьд тэтгэмжийн зөрүүг тухайн сар сард нь олгодог хуулийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг барьж нөхөн олговрыг нэг дор гаргахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Энэрэлийн гаргасан 178.957.061 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, тооцон шүүгдэгчээс 48.224.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-т заасныг зөрчсөн байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Учир нь хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй М.Амарзул, М.Аминзул нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тооцоход нотлох баримтын бүрдэл хангагдаагүй, хохирогч А.Чимэгсайханы нас барахаас өмнөх 5 жилийн хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3 жил тасралтгүй төлсөн байх хэмжээнд хүрэхгүй, түүнчлэн 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хугацаанд өдрийн 50.000, 60.000 төгрөгийн цалинтай тогоочоор ажилласан байсан талаар хэрэгт тодорхойлолт байдаг боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байдаггүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын  гаргасан гомдлыг үндэслэн Д.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянан үзэв.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Аын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Д.Хишигдэлгэр, Э.Наранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн, А.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, А.Чимэгсайханы амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоон шийдвэрлэсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь тус шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Оюумаагийн гаргасан “шүүх хуралдаан давхацсан тул хуралдааныг хойшлуулах” талаар гаргасан хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг хянан хэлэлцээд “Д.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн нэг удаа хойшлуулсан бөгөөд тэдгээр нь энэ шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой /2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болох шүүх хуралдааны цаг давхцаагүй/ атал оролцоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дуусч байх тул өмгөөлөгч Ш.Оюумаагийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийн хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг ноцтой зөрчжээ.

Шүүх аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч тулгуур болсон үндсэн суурь ухагдахуунд тулгуурлах ёстой.

 

Хэрэг хянах шийдвэрлэхэд чиглэсэн ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна хуулийн нийтлэг зарчимд заавал нийцсэн байх учиртай.

 

Дээрх үндэслэл шалгуурын дагуу дүгнэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн мөн шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Оюумааг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж, анхан шатны шүүхийн гэм хорын хохиролтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахдаа гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар бататган тогтоосон, эсхүл үгүйсгэн няцаасан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. 

 

Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгож, Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

2. Шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ                                       Б.БАТЦЭРЭН

 

           ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                                 С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                 Б.ЦОГТ

 

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН