Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00022

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02539 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-ийн хариуцагч НШШГГ, Д.Э, Э.О нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэсэн гэрээг болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар Д.Э, Д.Э нарыг тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулах, орон сууцны өмчлөгчөөс Д.Э-ыг хасуулж, өмчлөгчөөр Д.Э-ийг бүртгэхийг даалгах, гэм хорын хохиролд 12 559 000 төгрөг гаргуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэсэнжавтай 1988 оноос 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 15 тоот, 29 м.кв талбай бүхий Ү-2205005389 дугаартай улсын бүртгэлд бүртгүүлсэн, түүний болон Ц.Энхбаатар нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд ам бүл тавуулаа амьдарч байсан. Нөхөр 2000 оны 02 дугаар сард нас барахад түүний том хүү Ц.Дамдинсүрэн нь бидний амьдарч байсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надаас эх хувиар авч гэрчилгээнд миний нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бичүүлж, шинэ гэрчилгээг гаргуулж өгнө гэж авсан. Харин 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг талийгаач Д.Цэсэнжавын хууль ёсны залгамжлагч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч нөхрийн маань үр хүүхдүүдийг намайг гудамжинд гаргахгүй, хэзээ нэгэн цагт намайг маргаан бүхий байрны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлнэ гэж итгэж байсан болохоор энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага, нотариатчдын танхим, улсын бүртгэлийн газар, шүүх гэж буруу ойлгож эдгээр байгууллагуудад хуулийн мэдлэггүйн улмаас маргаан бүхий байрны хууль ёсны өв залгамжлагчаар нэмж тогтоолгох талаар хүсэлт, гомдол, өргөдөл зэргийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гаргаж байсан боловч шийдвэр гараагүй, биелэгдээгүй. 1990 онд зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсны улмаас тахир дутуугийн групп авч эмчийн хяналтад байдаг. 2014-2016 онд хоёр удаа БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байсан. Гэтэл манай байрны өмчлөх эрх 2000 оны 4 дүгээр сараас 2015 оны 6 дугаар сарыг хүртэл надад мэдэгдэхгүйгээр олон удаа бусдад шилжсэн байх ба хамгийн сүүлд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2525 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан хариуцагч Д.Э-ын төлбөр авагч Х.Гэрэлт-Одод төлөгдөх 43 640 000 төгрөгийг төлбөрт хураагдаж байгааг уг байранд тасралтгүй 28 жил амьдарсан би 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн. Хариуцагч Д.Э нь намайг талийгаач Д.Цэсэнжавтай 12 жил хамт амьдарч байсныг мөн түүний хууль ёсны өв залгамжлагч болохыг мэддэг атлаа хуулийн мэдлэггүйг ашиглаж үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий байрны цорын ганц өмчлөгч болсон, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр хүүхдүүдийг уг байрны хамтран өмчлөгчөөр бэлэглэлийн гэрээгээр нэмж бүртгүүлэн нийт дөрвөн өмчлөгчтэй болсон байна. Иймд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны 15/105 дугаартай гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах, Д.Э, Д.Э нар нь маргаан бүхий орон сууцны өв залгамжлагч болохыг тогтоолгож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг үлдээж, өв залгамжлагч Д.Э-д маргаан бүхий орон сууцны сууцнаас өвийн хөрөнгөөс ногдох хэсгийг нэхэмжлэгч Д.Э-ээс гаргуулж, Д.Э-ыг уг орон сууцны өмчлөгчөөс хасуулах, Д.Э-аас өөрт учирсан хохиролд 4 559 000 төгрөгийг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг шинэчлэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э, Э.О нар шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөөг нас барснаас хойш хууль ёсны өв залгамжлагч нар болох хүү Ц.Дамдинсүрэн, охин Ц.Оюунчимэг, охин Ц.Уранчимэг, хүү Ц.Энхбаатар нар нь хуулийн дагуу өвлөх эрхээ нээлгэхээр нотариатад хандаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байр, 15 тоотын орон сууц болох үл хөдлөх хөрөнгийг миний эцэг Ц.Дамдинсүрэнд өмчлөх эрхийг бусад өв залгамжлагч нар нь өгч, бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд Ц.Дамдинсүрэн нь 2011 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нас барсан ба түүний нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хуулийн дагуу өвлөх эрхтэй албан ёсны эхнэр болох ээж Г.Цээлхам 6 хүүхэд болох миний ах Д.Энхтөр, Д.Энхболд, дүү Д.Энхбаяр, Д.Отгонлхам, Д.Оюунлхам нар нь өв залгамжлахаас татгалзаж Д.Э би өв залгамжлалын гэрчилгээ авч эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үүний дараа эхнэр Э.О, хүү Э.Энх-Од, хүү Э.Энхмэнд нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Миний эцэг Ц.Дамдинсүрэн нь уг орон сууцанд нэхэмжлэгч Д.Э-ийг амьдардаг байсныг мэддэг байсан хэдий ч уулзалдаж байгаагүй. Тухайн үед миний эцэг эх өөрсдийн гэх орон сууцтай байсан ба нэхэмжлэгчийг байрнаас гарахыг ямар нэгэн байдлаар шаардаж байсан гэдгийг сайн мэдэж байна. Д.Э би нэхэмжлэгч Д.Э-тэй ямар нэг харилцаа холбоо байгаагүй бөгөөд тэрээр уг орон сууцанд 16 жилийн турш ямар ч үнэ төлбөргүйгээр амьдарч ирсэн. Би өөрийн хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Х.Гэрэлт-Одтой 2015 оны 6 дугаар сард 24 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд тавьсан. Зээлээ эргэн төлж барагдуулаагүй тул зээлдүүлэгч Х.Гэрэлт-Од нь шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу 43 640 000 төгрөгийг төлөхөөр болсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх иргэн Х.Гэрэлт-Одод хуулийн дагуу шилжсэн. Д.Э болон эхнэр Э.О бид хоёр хууль бус үйлдэл хийгээгүй ба хуулийн дагуу өмчлөх эрхтэй байсан, орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №2525 дугаар захирамжаар Д.Э-аас 43 828 075 төгрөгийг гаргуулж Х.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Э нь төлбөрийг төлөөгүй учраас барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 11-15 тоот Ү-220500538 дугаарт бүртгэлтэй 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны, 2017 оны 5 дугаар сарын 26-ны №050 битүүмжилж хураасан. Төлбөр төлөгч Д.Э нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгч Д.Э, түүний эхнэр хамтран өмчлөгч Э.Одонтунгалаг нарын гаргасан хүсэлтийн дагуу Х.Гэрэлт-Одтой барьцаа хөрөнгө гаргуулахаар эвлэрч Х.Гэрэлт-Одын хүлээн зөвшөөрлөөр 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/24823 албан бичгээр Баянгол дүүргийн 14 хороо 11-14 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг Х.Гэрэлт-Одын өмчлөлд шилжүүлснээр 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16/748 тогтоолоор дуусгавар болгосон. Дээрх ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн 6 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.Гэрэлт-Од, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байдаг. Энэ дээр бол маргахгүй байна. Гэхдээ тухайн иргэн эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө иргэн Х.Гэрэлт-Од гэдэг хүний эрх ашиг хөндөгдөж байна. Монгол Улсын Иргэний хуулийн дагуу иргэн хоорондын зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад тухайн үл хөдлөх хөрөнгийг эрхийнхээ дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Энэ гэрээ Х.Гэрэлт-Од, Б.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ. Иргэн Х.Гэрэлт-Одоос зээлийн гэрээний болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад маргадаггүй, харин шүүх дээр эвлэрч 43 828 075 төгрөг болж эвлэрснээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 65 000 000 төгрөгөөр байраа үнэлээд зөрүүнд нь 3 автомашин, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг бэлнээр авч төлбөр тооцоо дууссан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбай бүхий Ү-2205005389 дугаартай орон сууцны өв залгамжлагчаар Д.Э, Д.Э нарын тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг 22 666 667 төгрөгөөр тодорхойлж, хариуцагч Д.Э-аас 22 666 667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, бэлэглэлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг үлдээж, өв залгамжлагч Д.Э-д ногдох хэсгийг гарган өгөх, орон сууцны өмчлөгчөөс Д.Э-ыг хасуулах, орон сууц түрээсэлсний төлбөр, зардал, гэм хор 12 559 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 271 283 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтын “хариуцагч Д.Э-аас 22 666 667 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох” гэснийг биелэгдэх боломжгүй гэж үзэн гомдол гаргасан. Д.Э нь маргаан бүхий орон сууцыг адилхан өмчлөх эрхтэй, 28 жилийн хугацаанд орон сууцанд амьдарч эзэмшиж, ашиглаж, орон сууцтай холбоотой бүх зардлыг төлж байсан, хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд олон жил санаатайгаар саад учруулж байсан зэргээ мэдсээр байж гуравдагч этгээдэд зээлийн гэрээний барьцаанд тавьж төлбөртөө шилжүүлэн 10 000 000 гаруй төгрөгийг зөрүүнд гуравдагч этгээдээс авсан байсан. Түүнчлэн Д.Э нь өөрийн амьдарч байсан орон сууцыг мөн 80 000 000 гаруй төгрөгийн төлбөрт шилжүүлээд 30 000 000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй гэх гүйцэтгэх хуудас НШШГГ т байдаг. Д.Э нь олон хүнд өр төлбөр төлөх үүрэг хүлээсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулдаг, төлбөр төлөх боломжгүй төлбөрийн чадваргүй хариуцагч учраас шүүхээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байсан ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм. Иймд 28 жил амьдарсан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр үлдэж, нэхэмжлэлийн 5 дахь шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч гэж үзсэн шүүхийн шийдвэр байдаг, тухайн орон сууцыг өвлөөд 28 жил амьдарч байгаа Д.Э мэдэж байгаа атлаа надад мэдэгдэхгүйгээр орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд тавьж, төлбөрт шилжүүлсэн гэсэн үндэслэлээр би амьдрах газаргүй болж улмаар 2016 оны 5 дугаар сараас байр түрээслэн 12 559 000 төгрөгийн хохирол учирсан нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шууд хамааралтай тул учирсан хохирлоо хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй атал шүүх хангахгүйгээр шийдвэрлэхдээ “орон сууц түрээсэлсэн гэх баримтууд нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тухайн баримтууд эргэлзээ бүхий байх тул тус шаардлага нотлогдоогүй” гэж үзсэнд гомдолтой байна. Түрээсэлж байсан байрны гэрээ болон төлбөр төлсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Түүнчлэн бид маргаж буй орон сууцанд олуулаа амьдарч байсан тул эхлээд 3 өрөө орон сууц түрээслээд, дараа нь 2 өрөө байр түрээсэлсэн бөгөөд одоогоор төлбөрийг төлөх боломжгүй болсон тул нийтийн байр түрээслэн амьдарч байна. Би өв залгамжлагчаар тогтоогдсон, өвлөгдөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч гэж үзэн шүүхээс ногдох хувьд төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн ч Д.Э нь төлбөрийг төлөх сэтгэлгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ч шүүхийн шийдвэр биелэгдэхгүй нь ойлгомжтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Э, Э.О нарт холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, өмчлөх эрхийн Ү-2205005389 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгох,

       2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Д.Э, Э.О нарын хооронд хийгдсэн “Өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгч нарт бэлэглэх тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах

    2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаартай Д.Э, Х.Гэрэлт-Од нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчингүй болгуулах

            Д.Э, Д.Э нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулах

 Орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг үлдээж, орон сууцны өмчлөгчөөс Д.Э-ыг хасуулах, өв залгамжлагч Д.Э-д ногдох хэсгийг гарган өгөх,

   Орон сууц түрээсэлсний төлбөр, зардал учирсан хохирол, гэм хор 12 559 000 төгрөгийг Д.Э-аас гаргуулах

  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгуулах,

            Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Маргааны зүйл болсон 15 тоот орон сууцыг эзэмших эрх 1992 онд анх Д.Цэсэнжавт үүссэн, улмаар 1998 онд орон сууцыг хувьчлан авч, хүү Ц.Энхбаатарын хамт өмчлөх эрхээ баталгаажуулсан, өмчлөгч Д.Цэсэнжав 2000 онд нас барсны дараа өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн Цэсэнжавын Дамдинсүрэн орон сууцнаас ногдох хэсгийн өвийг хүлээн авснаар орон сууцны өмчлөгч нь Ц.Дамдинсүрэн, Ц.Энхбаатар нар болсон үйл баримт тогтоогдсон ба тухайн үед Ц.Дамдинсүрэн орон сууцнаас Д.Э-ийг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон, уг нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Цэсэнжавын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох Д.Э-ийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хангасан, шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 624 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх1-9/

    Нэхэмжлэгч Д.Э нь нөхөр болох Д.Цэсэнжавтай 1988 оноос хойш нас барах хүртэл буюу 2000 оны 2 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд тус байранд хамт амьдарч, байрны зардлыг төлж ирсэн, мөн хамтын амьдралтай байсныг шүүх 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1422 дугаар шийдвэрээр тогтоож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон зэргийг үндэслэн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

    Д.Э, Д.Цэсэнжав нарын хамтын амьдралтай байсныг шүүх тогтоосон хэдий ч тэднийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2-т заасан гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гэр бүл, гэрлэгчид гэж үзэхгүй тул орон сууцыг гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй, шүүх хамтран өмчлөгч болохыг тогтоолгох Д.Э-ийннэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

    Харин нэхэмжлэгч Д.Э нь Д.Цэсэнжавын хууль ёсны өв залгамжлагч болохыг шүүх тогтоож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч, 2016 оны 8 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан Д.Э-ийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчид ногдох орон сууцны хамтран өмчлөх хэсгээс өөрт ногдох өвийн хэсгийг хүлээн авсан өвлөгч гэж үзнэ.

    Хариуцагч Д.Э нь өөрийн эцэг Ц.Дамдинсүрэнгээс хуульд заасны дагуу орон сууцны хамтран өмчлөх хэсгээс нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхтэй боловч Д.Цэсэнжавын орон сууцны өмчлөх хэсгээс өвлөн авсан нэхэмжлэгч Д.Э-ийн өвлөх эрхийг хөндөх учиргүй бөгөөд Х.Гэрэлт-Одтой байгуулсан зээлийн гэрээний үүргийн барьцаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, өмчлөх эрхийн Ү-2205005389 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбай бүхий орон сууцыг тавьж, уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангах явцад нэхэмжлэгч Д.Э-ийн өвлөх эрх зөрчигдсөн байна.

  Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Д.Э нь орон сууцны өөрт ногдох өвийн хэсгийг шаардах эрхтэй бөгөөд шүүх Д.Э, Д.Э нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг шинжээчийн тогтоосон үнээс тодорхойлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт нийцсэн байна.

  Харин өвлүүлэгч Д.Цэсэнжавыг нас барах буюу өв нээгдэх үед маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Д.Цэсэнжав, Ц.Энхбаатар нар байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 68 000 000 төгрөгийн 34 000 000 төгрөгийн хэмжээгээр өв нээгдсэн гэж үзэх ба уг дүнгээс хууль ёсны өв залгамжлагч Д.Э, У.Дамдинсүрэн, Ц.Энхбаатар нар тэнцүү өвлөх эрхтэй, өвлөгч тус бүрт ногдох хэсэг нь 11 300 000 төгрөг байхад анхан шатны шүүх уг байдлыг анхааралгүй орон сууцны үнэ 68 000 000 төгрөгөөс хууль ёсны өв залгамжлагч Д.Э, У.Дамдинсүрэн, Ц.Энхбаатар нарт ногдох хэсгийг 22 666 667 төгрөг гэж тодорхойлсон нь алдаатай байх боловч шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч Д.Э давж заалдах гомдол гаргаагүй, зөвшөөрсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.Э нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч биш тул Д.Э-ын өмчлөх эрхээ хэрэгжүүлж, бусадтай байгуулсан гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх үндэслэлгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас бусдад төлбөр төлж гэм хорын хохирол хүлээсэн гэж үзэхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн үлдэх шаардлага буюу 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Д.Э, Э.О  нарын хооронд хийгдсэн “Өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгч нарт бэлэглэх тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/105 дугаартай Д.Э, Х.Гэрэлт-Од нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөгчөөр Д.Э-ийг үлдээж, орон сууцны өмчлөгчөөс Д.Э-ыг хасуулах, өв залгамжлагч Д.Э-д ногдох хэсгийг гарган өгөх, орон сууц түрээсэлсний төлбөр, зардал учирсан хохирол, гэм хор 12 559 000 төгрөгийг Д.Э-аас гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

  Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/02539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ