Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/00039/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн хот, В*** й

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн хот, Т*** нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, *** тоотод оршин суух Бэсүд овогт Лацайн Н*** /РД: ТА68021518/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орхон сум, 3 дугаар багт байрлах *** ХХК-д тус тус холбогдох,

 

"717.623.855 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 68,527,846 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** , хариуцагч Л.Н*** , хариуцагч *** ХХК-ийн захирал Д.М*** , хариуцагч Л.Н*** ын өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, Д.Цагаандарь, П.Батбүрэн, О.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн В*** й, Т*** нар нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 28 дугаар брак байранд байрлалтай *** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Л.Н*** той тохиролцон тус компанийн нийт хувьцаа, хувьцаагаар гэрчлэгдсэн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх, худалдаанд бэлтгэсэн 20,000 тонн нойтон соронзон аргаар баяжуулсан төмрийн хүдрийн баяжмал зэргийг нийтэд нь 10,000,000 юаниар худалдаж худалдан авахаар тохирсон байна. Талууд 20,000 тонн хүдрийн баяжмалыг 1 тонныг БНХАУ-ын Эрээн хот хүртэлх үнийг 57 ам.доллараар тооцож, гэрээний нийт үнийг 1,140,000 ам.доллараар тохирч, хариуцагч Л.Н*** нь гэрээний дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд 13,075 тонн төмрийн хүдэр бэлтгэн нийлүүлсэн байх боловч үлдэгдэл 6,925 тонн төмрийн хүдрийг бэлтгэн нийлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байна. ... Нэхэмжлэгч нар нь гэрээнүүдийн төлбөрийн үүргийн дагуу нийт 10,000,000 юань төлөхөөс 7,061,478 юанийг төлсөн байна. Иймд 1. Хариуцагч Л.Н*** оос гэрээний дагуу 394,725 ам.долларын үнэ бүхий 6,925 тонн төмрийн хүдрийг бэлтгэн нийлүүлэхийг шаардах

2. Л.Н*** оос *** ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж, шинэ хувьцаа эзэмшигчдийн нэр дээр тус компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцлийг бүрдүүлж, тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны нэхэмжлэл бол *** ХХК-ийн хувьцаа, үүсгэн байгуулагчийн эрхийг шилжүүлж авсантай холбоотой хууль зүйн үндэслэл байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компаний үүсгэн байгуулагч өөрчлөгдсөн. Одоо Л.Н*** хувьцаагаа буюу үүсгэн байгуулагчийн эрхээ шилжүүлсэн. Л.Н*** хариуцагчаар ордог байсан шалтгаан нь хувьцааг хувь хүнээс худалдаж авч байгаа учраас ордог байсан. Л.Н*** той холбогдох шаардлага нь *** ХХК-тай худалдах худалдан авах эрх шилжүүлэхтэй холбогдож байсан. Нэхэмжлэгчийн хувьд цаг хугацаа нөхцөл байдлын хувьд дүгнэлт хийгээд *** ХХК-ийн хувьцаа болон үүсгэн байгуулагчийн эрхийг шилжүүлсэн гэрээтэй холбоотой шаардлагаасаа татгалзсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох, асуудлыг хялбар болгохоор энэ шийдвэрээ гаргасан. Албан ёсоор нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулаад үлдсэн шаардлага нь EVEN THE TWO *** G ХХК нь *** ХХК-тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдан авах экспортын гэрээний нийт төлбөр тооцооны үлдэгдэл 717.623.855 төгрөг гаргуулах юм. Өөрөөр хэлбэл баяжмалын үнэ болон бусад зардалд шилжүүлсэн нийт үнээс хүлээн авсан 12.418,5 тонн баяжмалын үнэ, *** ХХК-ийн үйлдвэрийн барилгын засвар, тавилга, хэрэгсэл авч тавьсан болон бусад хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтын зардал, мөн тус компанийн бусдад төлөх төлбөр болох 350,000 юань, *** ХХК-ийн төлөх ёстой цахилгааны өр төлбөр зэргийг тооцож, Үлдэгдэл нь 717.623.855 төгрөг болж байна. Иймээс *** ХХК-иас 717.623,855 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Л.Н*** нь сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нарын зүгээс Л.Н*** т холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа тул Л.Н*** одоо энэ хэрэгт хариуцагч болохгүй юм. Нэгэнт сөрөг нэхэмжлэл гэж гаргаад байгаа бол тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулбал өгсөн авсан зүйлээ буцаах асуудал л яригдана. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. гэв.

 

Хариуцагч Л.Н*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж *** ХХК-иас төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдан авах гадаад худалдааны экспортын гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 717.623.855 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр талын хооронд хийгдсэн төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдан авах ажиллагаа нэхэмжлэгч талын хэлж байгаа шиг явагдаагүй. Төмрийн хүдрийн баяжмалыг худалдах худалдан авах гэрээний дагуу явагдаагүй. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нар Ли дун ли гэх хүний зуучлалаар Дарханд ирээд надтай уулзахад би компаниа байгаа 20.000 тн төмрийн хүдэртэй нь зарахаар шийдсэн. 20.000 тн төмрийн хүдрийг үйлдвэрлэж гаргахын тулд 1.400.000 долларын өртөг гарсан. Тухайн үеийнх нь ханш унасан. Нэг тонныг 70 доллараар зарах нөхцөл байгаагүй учраас нэг тонныг нь 570 юаниар өгнө гэсэн боловч нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөөгүй. Хүдрээ компанитай нь хамт хямд зарна гэсэн учраас бид ирсэн гэж нэхэмжлэгч нар хэлсэн. 15.000.000 юаниар үйлдвэрийг чинь хүдэртэй нь хамт авч чадахгүй гэсэн. Надад мөнгө хэрэгтэй байсан учраас нэхэмжлэгч нарын хэлснээр 10.000.000 юаниар зарахаар болсон. Аман хэлцэл 10 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн. Аман хэлцлээр ярьж тохиролцсоны савлаад өгөөд бид аман хэлцлийн дагуу 10 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөгийг бэлтгэл ажлаа хийхэд чинь өгье гэсэн. 10 дугаар сарын 03-ны өдрөөс савлаад ирэхээр 90.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 90.000.000 төгрөг нь шуудай, салярк, машин механизм, тэнд ажиллаж байгаа ажилчдын цалин байсан. Бид нар 10 дугаар сарын 10-ны өдөр ирээд үндсэн том гэрээгээ хийгээд төлбөрөө төлье гэсэн ч ирээгүй. 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирээд гэрээгээ хийсэн. 10 дугаар сарын 03-ны өдрийн аман хэлцлийн дагуу төмрийн хүдрийн баяжмалын худалдах үнийг 1 тн 300 юаниар, задгайгаар нь дархан нөхцөлөөр тээвэр болон бусад зардлыг Хятад тал хариуцахаар тохиролцсон байсан. Энэ нөхцөлөөр бүх үйл ажиллагаа явагдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хятадууд хэлэхдээ танай ажилчдаар савлуулаад бүх зардлаа өөрсдөө хариуцъя гэж байсан. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр В*** й ирээгүй. Т*** Гомбо гэх өмгөөлөгчтэйгөө Дархан-Уул аймагт ирсэн. 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 3000-4000 тонныг савласан байсан учраас савласнаа урагшаа гаргаж мөнгө болгохын тулд гадаад худалдааны гэрээг байгуулсан. Манай хүний нөөцийн менежер Булганаар гэрээг шивүүлэхдээ энэ бол үндсэн гэрээ биш гэж хэлсэн. Хилээр гаргахын тулд Гаалийн төв лаборатори, Геологийн төв лабораторийн хариу 7 хоногт ирэх шаардлагатай байдаг учраас хугацаа алддаг. Гаалийн төв лабораторийн хариу гадаад худалдааны гэрээ байж гаалийн бүрдүүлэлт хийгддэг учраас яаралтай гадаад худалдааны гэрээг байгуулсан. Хятад тал үнийн дүнгээс хамаараад татвар төлдөг учраас үнийг бага тавьчихъя гэсэн учраас гуйсан үнээр нь үнийг нь бичсэн байдаг. Монгол тал гаалийн мэдүүлгийн хураамж төлдөг. Татвар төлдөггүй. Би энэ компанийг ганцаараа эзэмшигчийн хувьд би байгаагүй. Миний эхнэр Т.***аар гарын үсэг зуруулсан. Гадаад худалдааны гэрээ гээд яригдаад байгаа зүйл *** ХХК-тай хуулийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талаас төмрийн хүдрийн баяжмалын үнэ 7.212.079 юанийг надад өгсөн гэж байгаа боловч зарим хэсгийг нь би аваагүй. Төмрийн хүдрийн баяжмалын үнэнд 4.661.582 юанийг хүлээж авсан. Задалбал: 2014 оны 10 дугар сарын 23-ны өдөр 3.000.000 юань, 10 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 юань буюу нийт 4.500.000 юань, цахилгааны үнэ 161.658 юань зэрэг юм. Надад өгсөн 1.010.000 юаний тухайд баяжмалын үнэ биш тээврийн зардал, шаардлагатай шуудай, ажилчдын цалин,ажилчдын хувцас, цахилгаан гэх бусад зардалд орсон. Баяжмалын үнэнд 1.010.000 юань орохгүй. Мөн Хятад талаас Баяжмалын үнэнд оруулан нэхэмжилж байгаа *** ХХК-ийн хариуцвал зохих зардал гээд байгаа 1.073.381 юанийг үйлдвэрийн засвар үйлчилгээний зардал материалын 117.040 юань миний өмнөөс бусдад өгөх 350 юанийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *** ХХК-ний хариуцвал зохих 1.073.381 юанийг Хятад тал надад бэлнээр болон бэлэн бусаар өгсөн зүйл байхгүй. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ юаниар Хятад тал вагоны зардал хийсэн гэдэг нь хэргийн материалаас харагддаг. Дээрх гурван зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зардлуудыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Үйлдвэрийн засварын материалын зардалд 117.040 юанийг манай үйлдвэрт битгий засвар хийгээрэй. Засвар хийх шаардлагагүй, урьдынхаа төлбөр 6.000.000 юаниа төлж дуусаагүй байна. Үлдэгдлээ өгч байгаад засвараа хийгээрэй гэж амаар болон албан бичгээр хэлсэн. Миний мэдэж байгаагаар энэ үйлдвэрт цахилгаан тоног төхөөрөмж тавиагүй. Миний харж байгаагаар өөрсдийнх нь ирсэн очсон зардал, хэдэн ширээ сандал, ор, Хятад ажилчдын цалин, хэрэглээ орсон байх түүнийг би хүлээж аваагүй. Яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 4.661.582 юань нь 15.539 тн баяжмалын үнэ. Үүнээс 12.419 тн баяжмалыг ачуулсан. Үүн дээр маргах зүйл байхгүй. Үүний үлдэгдэл 3.120 тн үлдсэн байна. Баяжмал савлахад 2 ковш нийт хоёр сар гаруйн хугацаанд өдөр шөнөгүй ажилладаг. Миний зүгээс 1 микро автобус, 2 трактор зэрэг 4-5 машин ажилласан. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тухайн үед Хятадуудад шилжсэн байсан гэдэгч Авто тээвэрийн газар ямар нэгэн тээврийн газарт тэр хоёр Хятадын нэр дээр шилжсэн зүйл байхгүй. Миний өмч хэвээрээ байсан. Одоо ч минийх хэвээрээ байгаа. Тухайн үед 2014 онд 2 сар гарангийн хугацаанд ажилласан. 5 машины үнэ миний санхүүгийн тооцоогоор 98.000.000 гаруй төгрөг болсон хэдий ч аудитын үнэлгээгээр 68.000.000 төгрөгийн үнэлгээ гарсан. 68.000.000 төгрөгийг 3.120 тонноос хасвал 2364 тонн баяжмал буюу 214,178,400 төгрөгийг Хятад талд өгөхөөр тооцоо гарч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 503.445.445 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ төлбөр тооцооны асуудлыг миний бие хариуцахаар *** ХХК-ийг шилжүүлэхдээ тохирсон тул би хариуцах юм. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч *** ХХК-ийн захирал Д.М*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаа сольж байна гэж ойлгож байна. Би 2015 оны 01 дүгээр сард гэрээ байгуулан компани худалдаж авсан. Одоо яригдаж байгаа асуудлын өр төлбөрийг хариуцахгүй гэж тохиролцсон. Өмнөх гэрээ контрактын төлбөр тооцоог Л.Н*** бүрэн хариуцна гэж баталгаа гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс манайхаас мөнгө гаргуулна гэж байна. Тухайн өдөр менежмент дээр байгаа хүдрийг нэхэмжлэгч тал албан хүсэлт гаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хөдөлгөхгүй гээд эрх зүйн үр дагавар үүсгэсэн. Энэ эрх зүйн үр дагавар нь юугаар гарч ирж байна вэ? гэхээр тухайн үеийн үнэ ханш одоогийн үнэ ханшийн мэдээний үнийн зөрүү дээр гарч байгаа. Үүн дээр нэхэмжлэгч тал заль гаргаж манай компаниас нэхэмжилж байна гэж ойлгож байна. Төмрийн хүдрийн ханш унасан. Тухайн үед нэхэмжлэгч тал үр дагавар үүсгэж байгаа тухайн үеийн ханшаар төмрийн хүдрийн баяжмалаа зараад өр төлбөрөө дуусгачих байсан. Гэтэл тэгэлгүй олон жил үр дагавар үүсгэж төмрийн хүдрээ авахгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

БНХАУ-ын иргэн В*** й, Т*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** нь Л.Н*** болон *** ХХК-д тус тус холбогдуулан 394,725 ам.долларын үнэ бүхий 6,925 тонн төмрийн хүдэр бэлтгэн нийлүүлүүлэх, Л.Н*** оос *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Л.Н*** нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ELXFY *** дугаар, Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа *** ХХК-иас 717,623,855 төгрөг гаргуулах гэж өөрчилж, Л.Н*** т холбогдуулан гаргасан *** ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Л.Н*** нь В*** й, Т*** нараас компаниас гаргасан 68,527,570 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн хувьд хариуцагч *** ХХК-ийн төлөөлөгч Д.М*** нь тус компанийг шилжүүлэн авахаас өмнөх бүх өр төлбөрийг Л.Н*** өөрөө хариуцахаар баталгаа гаргаж өгсөн тул энэхүү өр төлбөрийн асуудал тус компанид хамааралгүй тул хариуцахгүй гэж, хариуцагч Л.Н*** нь энэ өр төлбөрийн асуудлыг би хариуцах ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох манай компаниас гарсан зардал болох 68,527,846 төгрөгийг баяжмалаар тооцоход 756 тонн болж байгаа тул үүнийг манай компанийн хятад талд шилжүүлэх ёстой үлдэгдэл баяжмал болох 3120 тонноос хасаж, үлдэх 2364 тонн баяжмалын үнэд тохирох 214,178,400 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 503,445,455 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** манай зүгээс Л.Н*** т холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Л.Н*** нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй, энэ хэрэгт Л.Н*** хамааралгүй гэж тус тус маргадаг болно.

 

2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдааны экспортын гэрээ-г нэг талаас *** ХХК-ийн захирал Л.Н*** , нөгөө талаас БНХАУ-ын ***  ХХК-ийн захирал В*** й нар байгуулсан байх бөгөөд худалдагч тал болох *** ХХК-ийн захирал Л.Н*** ын гарын үсэг тус гэрээнд зурагдаагүй болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн ... гадаад худалдааны гэрээнд бичигдсэн гарын үсгийн бичвэр нь Л.Н*** ын гэх гарын үсгийн бичвэртэй тохирохгүй байна. Дээрх гэрээнд бичигдсэн гарын үсгийн бичвэрийг Т.Т.*** бичсэн байна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т: гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар бичгээр гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

 

2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдааны экспортын гэрээнд гэрээний нэг тал гарын үсэг зураагүй байх тул тус гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 6,000,000 юаниар худалдах, худалдан авахаар тохирсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч тал 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээний дагуу төмрийн хүдрийн нунтаг баяжмалыг Улаанбаатар менежментийн талбайгаас ачиж, БНХАУ-ын Эрээн хотын Төмөр замын өртөө хүргэх, сав баглаа боодол, тээвэрлэхтэй холбоотой зардлыг худалдагч тал хариуцна гэж, хариуцагч тал Улаанбаатар менежментийн талбай дээр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон, нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний зардлаар Эрээн хотруу ачуулж байсан, энэхүү зардлыг худалдан авагч тал хариуцахаар тохирсон гэж тус тус маргажээ.

 

Шүүх 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээ-г бичгээр гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нар нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээний нөхцлийн дагуу шаардлага гаргах эрхгүй байна.

 

Харин хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмалын үнэ, түүнийг ачуулах төлбөр хүлээн авах талаарх баталгаа гаргах нь гэсэн Л.Н*** ын гарын үсэг бүхий баримт /1 дүгээр хх-23 тал/, гэрч Д.М*** ын Анх 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж хүдрийн баяжмалыг савлаж эхлэхэд дээрх техникүүдийг тэр өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн. Тэгээд бүх зардал мөнгийг хятадууд өгнө гэж хэлээд ажиллуулсан. Хятадуудын зүгээс дизель түлш, масло, ойр зуурын сэлбэг зэргийг өгч байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-123 дугаар хуудас/, гэрч Б.С*** ... төмрийн хүдрийн нунтаг баяжмалыг 1 тонн тус бүрийг 300 юаниар тооцож, Дархан нөхцөлөөр нийт 20,000 тонныг 6 сая юаниар, нийт 10 сая юаниар худалдахаар хятад улсын иргэн Т*** тай тохиролцсон. Тэгээд задгай баяжмалыг шуудайнд савлахаар болсон. Эрээн хүртэлх тээврийн зардал болон баяжмал савлахад гарах ажилчдын цалин, хоол хүнс, хангамжийн материал, Улаанбаатар менежментийн талбайн түрээс, түүний ажилчдын цалин, машин механизм ашигласны төлбөр, даацын шуудайны үнэ зэрэг холбогдон гарах бүх зардлыг хятадын тал төлөхөөр тохиролцсон. Бас түлш шатахууныг ч Хятадын тал төлөхөөр болсон... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-124 хуудас/, гэрч Ч.Төгсбаярын ... Н*** нь баяжмалыг задгайгаар Т*** -д Улаанбаатар менежментийн нөхцлөөр зарсан. Улаанбаатар менежментийн нөхцөл гэдэг нь задгай нойтон байгаа баяжмалыг тэр хэвээр нь борлуулна гэсэн үг юм. Гэтэл Хятадын тал задгайгаар авч явж тээвэрлэхэд хорогдол их гарах юм байна, савлаж тээвэрлүүлнэ, савлахтай холбоотой гарсан бүх зардлыг манайх хариуцна гэж Т*** нь хэлж байсан. 1 тонныг 300 юаниар борлуулсан. Худалдаж авсан тал тээвэрлэхтэй холбоотой бүх зардлыг гаргаж өгч байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-126 хуудас/, гэрч Г.Ц*** ийн Л.Н*** нь Улаанбаатар менежментийн талбайг түрээсэлдэг ба хүдрээ задгайгаар ачдаг байсан. 2014 оны 09 сарын сүүлээр Л.Н*** хятадуудыг орчуулагчтай нь авчирч надтай танилцуулсан. Л.Н*** нь хүдрээ энэ хүмүүст зарсан, хүдэртэй холбоотой бүх зардлыг хятадууд өөрсдөө гаргана гэж байсан. 2012 оноос 2014 оны 09 сар хүртэл Л.Н*** талбайн түрээсийг төлж байсан. Тэгээд 10 сарын түрээсийн төлбөрийг хятадууд манай компанид бэлнээр өгсөн. Хятадуудтай холбоотой төмөр замын ачилгааны зардал, 2014 оны 11, 12, 2015 оны 01, 02, 03 саруудын талбайн түрээс зэргийг Хятадууд одоо болтол өгөөгүй. Хятадуудтай ярихаар дарга нар ирж байж шийднэ, өгнө гэж хэлдэг байсан. Хятадууд бүх зардлыг гаргахаар орчуулагч нь ярьж байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-157 дугаар хуудас/, гэрч Т.Э*** ийн ... Хүдрийн баяжмалыг задгайгаар нь Дархан нөхцөлөөр хятадууд нь өөрсдөө савлаж ачиж аваад явахаар яриад байсан. Тэгээд тэр оффиссоос Богд ар хорооллын ХААН банкруу очиход нь орчуулагч нь надад тээврийн зардал, савлалтын зардал зэргийн мөнгийг шилжүүллээ гэж байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-159 дүгээр хуудас/, нэхэмжлэгч В*** й, Т*** нараас *** ХХК-ийн захирал Л.Н*** т ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 17, 12 дугаар сарын 06-ны өдрийн ...баяжмал ачихад шаардагдах тээврийн зардалд 1,010,000 юань... одоогоор тус тус хүлээлгэн өгсөөр байна гэсэн захидлууд /1 дүгээр хх-164-179 тал/, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** н шүүхэд гаргасан ... Энэ хугацаанд нийт 12,418.5 тонн төмрийн хүдрийн баяжмал хүлээн авсныг 1 тонн тутмыг 300 юаниар тооцвол нийт 3,725,550 юань болж байна... гэсэн тайлбар /1 дүгээр хх-233 тал/ зэргээс дүгнэж үзэхэд талууд 20,000 тонн нунтаг хүдрийн баяжмалыг Улаанбаатар менежментийн талбайд 1 тонн тутмыг 300 юаниар тооцож, тус талбайгаас Эрээн хот хүртэл ачуулах тээвэрлэлттэй холбоотой зардлыг нэхэмжлэгч В*** й, Т*** нар хариуцахаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч талаас дээрх тохиролцоог үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, худалдагч буюу хариуцагч *** ХХК нь хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлэхтэй холбоотой зардлыг хариуцах үүрэг хүлээсэн болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн тайлбарын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Талуудын дээрх хэлцлээс үзэхэд БНХАУ-ын иргэн В*** й, Т*** болон *** ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү хэлцлийн дагуу нэхэмжлэгч В*** й, Т*** нараас 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 90,300,000 төгрөг, 10 сарын 20-ны өдөр 211,000,000 төгрөг буюу нийт 1,010,000 юань, 10 сарын 24-ний өдөр 3,000,000 юань, 10 сарын 29-ний өдөр 1,500,000 юань тус тус хариуцагч *** ХХК-д шилжүүлсэн бөгөөд хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч нарт 12,418.5 тонн төмрийн хүдрийн баяжмалыг шилжүүлсэн зэрэг нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шилжүүлсэн мөнгөн дүн дээр *** ХХК-ийн компанийг хүлээн авахаас өмнөх цахилгааны төлбөрт 48,797,648 төгрөг буюу 161,582 юань, хүдэр ачуулахад *** ХХК-иас хариуцах ёстой байсан зардалд 1,073,381 юань, компанийг хүлээн авснаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар материалын зардалд 117,040 юань, Л*** д өгсөн 350,000 юань бүгд 7,212,079 юанийн төлбөр хийсэн гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр төмрийн хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч нар хариуцахаар тохирсон байна гэж шүүх дүгнэсэн тул төмрийн хүдэр ачуулахтай холбоотой зардлыг төмрийн хүдрийн баяжмалын үнэд тооцох үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаас хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч В*** й, Т*** нараас шилжүүлсэн 1,010,000 юан буюу 304,300,000 төгрөгийг хүдэр ачих, тээвэрлүүлэхтэй холбоотой зардалд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн ... 12418,5 тонн хүдрийг Эрээн хотруу гаргахад *** ХХК-иас 320,107,276 төгрөгийн зардал гарснаар баримт ирүүлсэн байна. Үүнээс *** ХХК-иас машин механизмын түрээсийн зардалд гаргасан гэх 52,720,570 төгрөгийн түрээсийн зардлыг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Учир нь түрээсээр ажиллуулсан гэх машин механизмын түрээсийн гэрээ байхгүй... гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /2 дугаар хх-495-497 тал/

 

Өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтэд *** ХХК-иас нийт 320,107,276 төгрөгийн зардал гарсан санхүүгийн баримт байгааг заасан байх тул нэхэмжлэгч нараас шилжүүлсэн 304,300,000 төгрөг буюу 1,010,000 юанийг төмрийн хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлүүлэхтэй холбоотой зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт Д*** ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-372-378 тал/, С*** ХХК-ийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 166 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт /2 дугаар хх-464-469 тал/-үүд авагдсан бөгөөд энэхүү дүгнэлтүүдийг зохигчид зөвшөөрөхгүй гэж маргаж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж дүгнэлт гаргуулсан тул энэхүү дүгнэлтийг үндэслэн төмрийн хүдэр ачих, тээвэрлэхэд *** ХХК-иас гарсан зардлыг жишиг болгосон болохыг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн компанийг хүлээн авснаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар материалын зардалд 117,040 юань зарцуулсан гэж, түүнийгээ *** ХХК-д шилжүүлсэн нийт мөнгөн дүнд оруулан тооцож байгаа боловч энэхүү зардал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

*** ХХК-ийн үйлдвэрийн цахилгааны төлбөрт нэхэмжлэгч нараас 48,497,600 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Л.Н*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа манай компанийн төлөх ёстой цахилгааны төлбөрт нэхэмжлэгч нараас 48,797,648 төгрөг буюу 161,582 юанийг төлсөн нь үнэн, энэ нь *** ХХК-ийн төлөх ёстой төлбөр гэсэн тайлбарыг үндэслэн энэхүү төлбөрийг нэхэмжлэгч нараас хариуцагч *** ХХК-д шилжүүлсэн нийт мөнгөн дүнд оруулан тооцож байгаа нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** нь БНХАУ-ын иргэн Л*** д 350,000 юань Л.Н*** ын хүсэлтээр шилжүүлэн өгсөн тул түүнийг төмрийн хүдрийн баяжмалын үнэд шилжүүлсэн үнийн дүнд тооцож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч дээрх 350,000 юанийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Т*** ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өгч байсан ...Ли Дун Лид 350,000 юанийг өгөөгүй... гэсэн тайлбар /хх-ийн 230 дугаар хуудас/-аар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд нэхэмжлэгч нараас *** ХХК-д төгрөгөөр шилжүүлсэн нийт 304,300,000 төгрөг, юаниар шилжүүлсэн нийт 4,500,000 юань /тухайн үеийн ханшаар буюу хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны юанийн ханш 302,57 төгрөгөөр тооцож, 1,361,565,000 төгрөг/ нийт 1,665,856,000 төгрөгөөс *** ХХК-ийн нэхэмжлэгч нарт шилжүүлсэн төмрийн хүдрийн баяжмал болох 12,418,5 тонн төмрийн хүдрийн үнэ 1,127,239,663 төгрөг, *** ХХК-иас гаргасан дээрх баяжмалыг ачуулахад гарсан зардал 211,000,000 төгрөгийг тус тус хасаж, 327,625,337 төгрөгийн үнийн дүнд тохирох баяжмалыг нэхэмжлэгч нарт шилжүүлэх үүргээ *** ХХК нь гүйцэтгээгүй байна гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үүргийн үлдсэн хэсгийг биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгч буюу *** ХХК-иас шаардсан шаардлагаа өөрчилж, илүү шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний гүйцэтгэгдээгүй хэсгээр гэрээг цуцалж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр *** ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт ногдох нэхэмжлэгч нараас шилжүүлсэн 327,625,337 төгрөг, *** ХХК-ийн төлөх ёстой төлбөр болох цахилгааны төлбөр 48,797,648 төгрөг, нийт 376,422,985 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч В*** й, Т*** г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 341,200,870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч *** ХХК-ийн захирал Д.М*** нь энэхүү хэлцэл хийгдсэнээс хойш *** ХХК-ийг шилжүүлэн авсан тул өмнөх өр төлбөр хамааралгүй тул тус компани хариуцахгүй гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар тус хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогсож, эрх, үүрэг, хариуцлага нь өөр хуулийн этгээдэд шилжээгүй байх тул тус компанийн үүсгэн байгуулагч, удирдлага өөрчлөгдсөн үндэслэлээр *** ХХК-ийг бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Л.Н*** нь В*** й, Т*** г нарт холбогдуулан, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №ELXFY *** дугаар, Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, *** ХХК-иас баяжмал ачуулахтай холбоотой гарсан зардал 68,527,570 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Н*** т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул түүний нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т: үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй..., 73 дугаар зүйлийн 73.2-т: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ... гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл Л.Н*** ын сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Ю*** й, Т*** г нарын түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож шийдвэрлэгдэхээр хуульчилсан байна.

Нөгөө талаас Л.Н*** ын сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд *** ХХК-ийг төлөөлж, тус компаниас гаргасан зардал гэх 68,527,570 төгрөгийг гаргуулахаар Л.Н*** нэхэмжлэл гаргах эрхгүй, түүнд тус компаниас нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна.

Дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Л.Н*** ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т: эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор тус тус заажээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 9,922,685 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийн шаардлага буюу 6,925 тонн төмрийн хүдрийн үнийг нэхэмжлэгч анх тодорхойлохдоо 394,725 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш болох 1,881.48 төгрөг /хх-7 дугаар тал/-өөр тооцож, 742,667,193 төгрөгийн үнэ бүхий хүдрийг гаргуулах, мөн *** ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагууд гаргасан бөгөөд энэхүү шаардлагуудад тооцогдох нийт тэмдэгтийн хураамж нь 3,941,486 төгрөг /эд хөрөнгийн үнэ болох 742,667,193 төгрөгийн тэмдэгтийн хураамж 3,871,286 төгрөг болон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлагад 70,200 төгрөг/ болсон байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа өөрчилж, 2 дахь шаардлагаасаа татгалзсан тул нийт 3,941,486 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,981,199 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хурал дээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*** гөөс нэхэмжлэгч нар нь хуулийн этгээд, иргэний аль нь болохыг тодруулахад төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны гэрээний хувьд В*** й нь компанийн захирлаар гэрээнд бичигдсэн байгаа учир хуулийн этгээдийг төлөөлж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт иргэн В*** й, Т*** г нарыг болон EVEN THE TWO *** G ХХК-ийг шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд аль аль нь авагдсан, хариуцагч Л.Н*** ын дээрх нэр бүхий иргэдтэй тохирч, хэлцэл хийсэн гэх тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар В*** й, Т*** г болон *** ХХК-ийн хооронд амаар гэрээ байгуулагдсан байгаа зэргийг үндэслэн дүгнэхэд шүүх иргэн В*** й, Т*** г нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болохыг дурдаж байна. Мөн талууд төгрөгөөр тооцож байгаа үнийн дүнг юаньд шилжүүлсэн тооцоон дээр юанийн ханшийн талаар ямар нэгэн маргаангүй байгааг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 376,422,985 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В*** й, Т*** г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 341,200,870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч В*** й, Т*** г нарын Л.Н*** оос *** ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 73 дугаар зүйлийн 73.2-т тус тус заасныг баримтлан Л.Н*** ын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 68,527,570 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,922,685 төгрөгөөс 3,941,486 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,981,199 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,040,065 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В*** й, Т*** нарт тус тус олгож, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 570,787 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Н*** т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 сарын 02-ны өдрийн 508 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ