Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2017/00017

 

                       *******, ******* нарын

                                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

                                                                             Хэргийн индекс: 135/2015/00039/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1375 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч *******, ******* нарын   итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Бэсүд овогт Лацайн Ням-Очир

            Хариуцагч “Ган хүдэр орд” ХХК-д холбогдох 

          “717.623.855 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 68.527.846 төгрөг гаргуулах“ тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч “Ган хүдэр орд” ХХК-ийн  захирал ******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******,түүний өмгөөлөгч Д.Цагаандарь, “Ган хүдэр орд” ХХК-ийн захирал *******,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гөөс:

            БНХАУ-ын иргэн *******, ******* нар нь “Ган хүдэр орд” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *******той тохиролцон тус компанийн нийт хувьцаа, хувьцаагаар гэрчлэгдсэн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх, худалдаанд бэлтгэсэн 20,000 тонн нойтон соронзон аргаар баяжуулсан төмрийн хүдрийн баяжмал зэргийг нийтэд нь 10,000,000 юаниар худалдаж худалдан авахаар тохирсон байна. Талууд 20,000 тонн хүдрийн баяжмалыг 1 тонныг БНХАУ-ын Эрээн хот хүртэлх  үнийг 57  ам.доллараар  тооцож,   гэрээний  нийт үнийг 1,140,000  ам.доллараар тохирч, хариуцагч ******* нь гэрээний дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд 13,075 тонн төмрийн хүдэр бэлтгэн нийлүүлсэн байх боловч үлдэгдэл 6,925 тонн төмрийн хүдрийг бэлтгэн нийлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байна. Нэхэмжлэгч нар нь гэрээнүүдийн төлбөрийн үүргийн дагуу нийт 10,000,000 юань төлөхөөс 7,061,478 юанийг төлсөн байна. Иймд  Хариуцагч *******оос гэрээний дагуу 394,725 ам.долларын үнэ бүхий 6,925 тонн төмрийн хүдрийг бэлтгэн нийлүүлэхийг шаардах,  *******оос “Ган хүдэр орд” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж, шинэ хувьцаа эзэмшигчдийн нэр дээр тус компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцлийг бүрдүүлж, тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Анхны нэхэмжлэл  “Ган хүдэр орд” ХХК-ийн хувьцаа, үүсгэн байгуулагчийн эрхийг шилжүүлж авсантай холбоотой хууль зүйн үндэслэл байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компаний үүсгэн байгуулагч өөрчлөгдсөн. Одоо ******* хувьцаагаа буюу үүсгэн байгуулагчийн эрхээ шилжүүлсэн. ******* хариуцагчаар ордог байсан шалтгаан нь хувьцааг хувь хүнээс худалдаж авч байгаа учраас ордог байсан. *******той холбогдох шаардлага нь “Ган хүдэр орд” ХХК-тай худалдах худалдан авах эрх шилжүүлэхтэй холбогдож байсан. Нэхэмжлэгчийн хувьд цаг хугацаа нөхцөл байдлын хувьд дүгнэлт хийгээд “Ган хүдэр орд” ХХК-ийн хувьцаа болон үүсгэн байгуулагчийн эрхийг шилжүүлсэн гэрээтэй холбоотой шаардлагаасаа татгалзсан. “Ган хүдэр орд” ХХК-тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдан авах экспортын гэрээний нийт төлбөр тооцооны үлдэгдэл 717.623.855 төгрөг гаргуулах юм. Өөрөөр хэлбэл баяжмалын үнэ болон бусад зардалд шилжүүлсэн нийт үнээс хүлээн авсан 12.418,5 тонн баяжмалын үнэ, “Ган хүдэр орд” ХХК-ийн үйлдвэрийн барилгын засвар, тавилга, хэрэгсэл авч тавьсан болон бусад хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтын зардал, мөн тус компанийн бусдад төлөх төлбөр болох 350,000 юань, “Ган хүдэр орд” ХХК-ийн төлөх ёстой цахилгааны өр төлбөр зэргийг тооцож, Үлдэгдэл нь 717.623.855 төгрөг болж байна. Иймээс “Ган хүдэр орд” ХХК-иас 717.623,855 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* нь сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нарын зүгээс *******т холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа тул ******* одоо энэ хэрэгт хариуцагч болохгүй юм. Нэгэнт сөрөг нэхэмжлэл гэж гаргаад байгаа бол тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулбал өгсөн авсан зүйлээ буцаах асуудал л яригдана. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч *******оос:

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж “Ган хүдэр орд” ХХК-иас төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдан авах гадаад худалдааны экспортын гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 717.623.855 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр талын хооронд хийгдсэн төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдан авах ажиллагаа нэхэмжлэгч талын хэлж байгаа шиг явагдаагүй.. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нар Ли дун ли гэх хүний зуучлалаар Дарханд ирээд надтай уулзахад би компаниа байгаа 20.000 тн төмрийн хүдэртэй нь зарахаар шийдсэн. 20.000 тн төмрийн хүдрийг үйлдвэрлэж гаргахын тулд 1.400.000 долларын өртөг гарсан. Тухайн үеийнх нь ханш унасан. Нэг тонныг 70 доллараар зарах нөхцөл байгаагүй учраас нэг тонныг нь 570 юаниар өгнө гэсэн боловч нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөөгүй. Надад мөнгө хэрэгтэй байсан учраас нэхэмжлэгч нарын хэлснээр 10.000.000 юаниар зарахаар болсон. 10 дугаар сарын 03-ны өдөр 90.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 90.000.000 төгрөг нь шуудай, салярк, машин механизм, тэнд ажиллаж байгаа ажилчдын цалин байсан. Хятад тал үнийн дүнгээс хамаараад татвар төлдөг учраас үнийг бага тавьчихъя гэсэн учраас гуйсан үнээр нь үнийг бичсэн байдаг. Монгол тал гаалийн мэдүүлгийн хураамж төлдөг. Татвар төлдөггүй. Нэхэмжлэгч талаас төмрийн хүдрийн баяжмалын үнэ 7.212.079 юанийг надад өгсөн гэж байгаа боловч зарим хэсгийг нь би аваагүй. Төмрийн хүдрийн баяжмалын үнэнд 4.661.582 юанийг хүлээж авсан. Баяжмалын үнэнд 1.010.000 юань орохгүй. Мөн Хятад талаас баяжмалын үнэнд оруулан нэхэмжилж байгаа “Ган хүдэр орд” ХХК-ийн хариуцвал зохих зардал гээд байгаа 1.073.381 юанийг үйлдвэрийн засвар үйлчилгээний зардал материалын 117.040 юань миний өмнөөс бусдад өгөх 350 юанийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх гурван зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний харж байгаагаар өөрсдийнх нь ирсэн очсон зардал, хэдэн ширээ сандал, ор, хятад ажилчдын цалин, хэрэглээ орсон байх түүнийг би хүлээж аваагүй. Яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 4.661.582 юань нь 15.539 тн баяжмалын үнэ. Үүнээс 12.419 тн баяжмалыг ачуулсан. Үүн дээр маргах зүйл байхгүй. Үүний үлдэгдэл 3.120 тн үлдсэн байна. Миний зүгээс 1 микро автобус, 2 трактор зэрэг 4-5 машин ажилласан. Тухайн үед 2014 онд 2 сар гарангийн хугацаанд ажилласан. 5 машины үнэ миний санхүүгийн тооцоогоор 98.000.000 гаруй төгрөг болсон хэдий ч аудитын үнэлгээгээр 68.000.000 төгрөгийн үнэлгээ гарсан. 68.000.000 төгрөгийг 3.120 тонноос хасвал 2364 тонн баяжмал буюу 214,178,400 төгрөгийг Хятад талд өгөхөөр тооцоо гарч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 503.445.445 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ төлбөр тооцооны асуудлыг миний бие хариуцахаар “Ган хүдэр орд” ХХК-ийг шилжүүлэхдээ тохирсон тул би хариуцах юм. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ган хүдэр орд” ХХК-ийн захирал *******аас:

Хариуцагчаа сольж байна гэж ойлгож байна. Би 2015 оны 01 дүгээр сард гэрээ байгуулан компани худалдаж авсан. Одоо яригдаж байгаа асуудлын өр төлбөрийг хариуцахгүй гэж тохиролцсон. Өмнөх гэрээ контрактын төлбөр тооцоог ******* бүрэн хариуцна гэж баталгаа гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс манайхаас мөнгө гаргуулна гэж байна. Тухайн өдөр менежмент дээр байгаа хүдрийг нэхэмжлэгч тал албан хүсэлт гаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хөдөлгөхгүй гээд эрх зүйн үр дагавар үүсгэсэн. Энэ эрх зүйн үр дагавар нь юугаар гарч ирж байна вэ? гэхээр тухайн үеийн үнэ ханш одоогийн үнэ ханшийн мэдээний үнийн зөрүү дээр гарч байгаа. Үүн дээр нэхэмжлэгч тал заль гаргаж манай компаниас нэхэмжилж байна гэж ойлгож байна. Төмрийн хүдрийн ханш унасан. Тухайн үед нэхэмжлэгч тал үр дагавар үүсгэж байгаа тухайн үеийн ханшаар төмрийн хүдрийн баяжмалаа зараад өр төлбөрөө дуусгачих байсан. Гэтэл тэгэлгүй олон жил үр дагавар үүсгэж төмрийн хүдрээ авахгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1375 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “Ган хүдэр орд” ХХК-иас 376,422,985 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 341,200,870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч *******, *******  нарын *******оос “Ган хүдэр орд” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 73 дугаар зүйлийн 73.2-т тус тус заасныг баримтлан *******ын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 68,527,570 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,922,685 төгрөгөөс 3,941,486 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,981,199 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Ган хүдэр орд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,040,065 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт тус тус олгож, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 570,787 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******т олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02  дугаар сарын 02-ны өдрийн 508 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч нар хариуцагч “Ган хүдэр орд” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд орсон цаг хугацаанаас хойш 2014.10.20-нд 1.010.000 юань буюу 305.595.700 төгрөг, 2014.10.23-нд 3.000.000 юань буюу 907.710.000 төгрөг, 2014.10.28-нд 1.500.000 юань буюу 450.855.000 төгрөг, төмрийн хүдэр ачуулах явцад “Ган хүдэр орд” ХХК-ийн хариуцвал зохих зардалд 296.456.745 төгрөг, үйлдвэрийн үйл ажиллагааны зардалд  23.621.750 төгрөг тус компанийг хүлээн авахаас өмнө гарсан цахилгааны төлбөрт 48.497.600 төгрөг, нийтдээ хариуцагчтай 2.032.736.795 төгрөгийн тооцоо хийхээр байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар 1 тонн тутмыг 350 юаниар 12 418.5 тонн, 4.346.475 юань буюу 1.315.112.940 төгрөгийн үнэ бүхий төмрийн хүдрийг Эрээн хотод хүлээн авсан байна. Нэхэмжлэгч нарын хувьд хариуцагчийг Эрээн хот хүртэл РАР нөхцлөөр 1 тонн төмрийн хүдрийг 57 доллар буюу ойролцоогоор  350 юаниар тооцож шаардлага тавьдаг.

Хариуцагч компанийн тухайн үеийн үүсгэн байгуулагч ******* 2014.10.21-ний өдөр “Төмрийн хүдрийн баяжмалын үнэ, түүнийг ачуулах төлбөр хүлээн авах талаарх баталгаа гаргах нь” баримтыг сайн дурын үндсэн дээр, өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь авч үзвэл талуудын хооронд 1 тонн төмрийн хүдрийг газар дээр нь 300 юаниар, харин экспортлох тохиолдолд РАР Эрээн нөхцлөөр, 1 тн тумыг 57 доллараар 20.000 тн төмрийн хүдрийн баяжмалыг бэлтгэн нийлүүлэх, худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн “Эрээн нөхцлөөр, 1 тн тумыг 57 доллар буюу 350 юаниар 20 000 тн төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авах” тухай хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан нь нотлогдож байна. Энэ ч утгаар нэхэмжлэгчийн хувьд РАР Эрээн нөхцлөөр хүлээн авсан 12.418.5 тонн төмрийн хүдрийг 1 тонн тутмыг нь 350 юаниар тооцож /1.315.112.940 төгрөг/, нийт төлбөр тооцооноос хасаж үлдэх 717.623.855 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үндэслэл, нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй байсаар байхад нэхэмжлэлийн шаардлагаас 341.200.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болно. Иймд 341.200.870 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн 1375 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэв.

            Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Миний бие “Ган хүдэр орд” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байхдаа БНХАУ-ын иргэн *******, ******* нартай 2014 оны 10  дугаар сарын 03-ны өдөр Төмрийн хүдрийн баяжмал, “Ган хүдэр Орд” ХХК-ийг худалдах талаар хэлцэл хийж, уг хэлцлийн дагуу БНХАУ руу төмрийн хүдрийн баяжмал нийлүүлж байсан боловч *******, ******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарч, нэхэмжлэгч нарт гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлснээр төмрийн хүдэр нийлүүлэх ажиллагаагаа зогсоосон. Үүний дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн *******тай хуулийн дагуу гэрээ байгуулж, “Ган хүдэр Орд” ХХК-ийг  шилжүүлэн өгсөн.

Уг компанийг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хамт шилжүүлэхдээ миний бие төмрийн хүдрийн баяжмалыг өөрийнхөө өмчлөлд үлдээж, төмрийн хүдэртэй холбоотой өмнөх гэрээ, хэлцлийн хариуцлагыг бүрэн хүлээхээр *******т баталгаа гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас шилжүүлсэн 304.300.000 төгрөг буюу 1.010.000 юанийг төмрийн хүдрийн баяжмал ачуулах тээвэрлүүлэхтэй холбоотой зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгч нарын нийт шилжүүлсэн мөнгөнөөс хасч тооцоо хийхдээ “Ган хүдэр орд” ХХК-иас гаргасан баяжмалыг ачуулахад гарсан зардал 211,000,000 төгрөгийг хасаж гэж буруу тооцоо хийснээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй гараагүй байна. Учир нь шүүхийн дүгнэснээр 12,418,5 тонн төмрийн хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардалд 304,300,000 сая төгрөг зарцуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэснээр 304,300,000 төгрөгийг нийт шилжүүлсэн мөнгөнөөс хасч тооцохоор байтал 211,000,000 төгрөгийг хасч 93,300,000 төгрөгийг дутуу тооцож шийдвэр гаргасан байна.

Шүүх нэгэнт төмрийн хүдрийн 20,000 тонн нунтаг хүдрийн баяжмалыг Улаанбаатар менежментийн талбайд 1 тонн тутмыг 300 юаниар тооцож, тухайн талбайгаас Эрээн хот хүртэл ачуулах тээвэрлэлттэй холбоотой зардлыг нэхэмжлэгч *******, ******* нар хариуцахаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн, “Далай ван аудит” ХХК , “Ситико аудит” ХХК нь 16,818,5 тонн төмрийн хүдрийн баяжмалыг савлах, экспортлох тээврийн зардалд “Ган хүдэр орд” ХХК-иас нийт 383,318,897 төгрөгийн зардал гарсан санхүүгийн баримт байгааг тогтоосон байх тул “Ган хүдэр орд” ХХК-иас  төмрийн хүдэр экспортлохтой холбоотой зардлыг 383,318,897 сая төгрөгөөр тооцож хасах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд “Ганхүдэр орд” ХХК-иас төмрийн хүдрийн баяжмалыг ачуулахад 383.318.897 төгрөгийн  зардал гарсан байхад 211.000.000 төгрөгийг хассан нь 172.318.897 төгрөгөөр дутуу хасагдсан байх тул “Ганхүдэр орд ХХК-иас 376,422,985 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс 172,318,897 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэв.

            “Ган хүдэр орд” ХХК-ийн захирал ******* давж заалдсан гомдолдоо:

БНХАУлсын иргэн ******* нь иргэн *******д тус компанийг төлөөлөх итгэмжлэлийг 2014.12.26-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон бөгөөд Ванг Руй, нар өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэлийг *******д 2014.12.11-ний өдөр олгожээ. Шүүх хэрэг хэлэлцэх үед М. Алтан-Өлзийгөөс хуулийн этгээдийг төлөөлж байна уу?, иргэнийг төлөөлж байна уу? гэж тодруулж асуухад ******* хуулийн этгээдийг  төлөөлж байгаа талаар тодорхой хариулт өгсөн. Анхан шатны шүүх БНХАУлсын иргэн *******, ******* болон “Ган хүдэр орд” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна  гэж дүгнээд ‘Ган хүдэр орд” ХХК-аас 376.422.985 төгрөг гаргуулж *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн.

Эндээс харахад БНХАУлсын иргэн *******, ******* нарыг төлөөлөх эрхгүй, харин БНХАУлсын ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл олгогдсон *******гийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117.1-д заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэснийг зөрчсөн байна. Нэгэнт итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хуулийн этгээдийг төлөөлж байгаагаа илэрхийлж байхад шүүх санаачилгаараа БНХАУлсын иргэн *******, *******  нарыг төлөөлөх боломжтой гэж үзэх эрх зүйн үндэсгүй, тийм эрх шүүхэд олгогдоогүй болно.

“Хариуцагч “Ган хүдэр орд” ХХК-ий захирал Д. Мандахбаяр нь энэхүү хэлцэл хийгдсэнээс хойш “ Ган хүдэр орд” ХХК-ийг авсан тул өмнөх өр төлбөр хамааралгүй гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 31.1-д зааснаар үүсгэн байгуулагч, удирдлага өөрчлөгдсөнөөр “Ган хүдэр орд” ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Д. Мандахбаяр намайг хариуцагч болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие “Ган хүдэр орд” ХХК-ийг 2015.01.10 -ны өдөр Л. Ням-Очироос худалдан авсан бөгөөд *******ын зүгээс компанийг миний нэр дээр шилжүүлэхээс өмнө өр авлагыг өрөө бүрэн хариуцахаар баталгаа гаргаж өгсөн. Баяжмал ачуулахад гарсан зардал 211.000.000 төгрөгийг шүүх ямар нотлох баримтыг үндэслэн хаанаас яаж гаргаж ирсэн нь тодорхой бус ойлгомжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан “Далай Ван аудит” ХХК,  “Ситико аудит” ХХК-ийн дүгнэлтээр “Ган хүдэр орд” ХХК-иас баяжмал ачуулахад 383.318.897 төгрөг гарсан гэж дүгнэсэн байхад 211.000.000 төгрөгийн  зардал гарсан гэж 172.318.897 төгрөгийг дутуу хассан байх тул “Ган хүдэр орд” ХХК-иас 376.422.985 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс 172.318.897 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэв.

        ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүхийн  шийдвэрийг  эс зөвшөөрч  хариуцагч “Ган хүдэр орд“  ХХК,  хариуцагч *******  нарын  гаргасан давж  заалдсан гомдлын  зарим хэсэг нь  хууль  эрх зүйн үндэслэлтэй  байх тул  хүлээн авах нь зүйтэй гэж  үзлээ.

            Нэхэмжлэгч *******, *******ы итгэмжлэгдсэн  төлөөлөгч ******* анх  шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ “Төмрийн хүдрийн баяжмал худалдах  худалдааны  экспортын  гэрээний  дагуу 394.725 ам.долларын  үнэ бүхий  6925 тонн төмрийн хүдрийг  бэлтгэн  нийлүүлүүлэх”, “Ган хүдэр орд “ХХК-ийн  хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Ган хүдэр орд” ХХК-ийн  эрх шилжүүлэх гэрээ”,  “Ган хүдэр орд” ХХК-ийн хувьцаагаар  гэрчлэгдсэн эрх  шилжүүлэх  гэрээ”- ний дагуу  хүлээсэн  үүргээ биелүүлж, шинэ хувьцаа эзэмшигчдийн нэр дээр  тус компанийг  Улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцлийг  бүрдүүлж, тухайн компанийн  аж ахуйн нэгжийн  гэрчилгээ   гаргуулах  шаардлагуудыг  хариуцагч  *******т  холбогдуулан гаргасан. \хх-1 дүгээр тал\

           Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  дээрх  төмрийн хүдрийн баяжмалтай холбоотой   шаардлагын  хариуцагчаар   “Ган хүдэр орд”  ХХК-ийг  татаж,  2.865.604  юанийг  гаргуулахаар   шаардсан.  \хх-233  дугаар тал\

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь   “Ган хүдэр орд” ХХК-ийн  хувьцаа  худалдах худалдан авах гэрээ” , “Ган хүдэр орд” ХХК-ийн  эрх шилжүүлэх гэрээ”, “Ган хүдэр орд” ХХК-ийн  хувьцаагаар гэрчлэгдсэн эрх  шилжүүлэх гэрээ”-нүүд “Ган хүдэр орд”  ХХК-ийн  аж ахуйн нэгжийн гэрчилгээг гаргуулах  шаардлагаасаа  татгалзаж, нэхэмжлэлийн  шаардлагыг “EVEN THE TWO CITY NORTH WINTON TRADING” ХХК  болон  “Ган хүдэр орд” ХХК-ийн  хооронд  байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний  дагуу  шилжүүлсэн  717.623.855  төгрөгийг  буцаан   гаргуулах  гэж   өөрчилсөн  байна.\хх-641  дүгээр тал\

            Хариуцагч   *******  “...ярилцаж тохиролцсон үнээс бага  үнээр худал хэлж , гэрээ байгуулах эрхгүй хүнээр гарын үсэг зуруулсан  экспортын гэрээ нь  хүчин  төгөлдөр бус хэлцэл, уг хэлцлээр би  ямар нэгэн  үүрэг хүлээгээгүй тул 394.725 ам.долларын үнэ бүхий 6925  тонн  хүдэр  нийлүүлэхийг  шаардах эрх  нэхэмжлэгч  компанид байхгүй...”,  ...хувьцаа худалдах худалдан авах  гэрэний хувьд  компанийн нийт хувьцаагаар  гэрчлэгдэх  эрх шилжүүлэх гэрээгээр  тохирсон  4 сая  юанаас төлбөр огт хийгдээгүй  тул  манай талаас  гэрээ цуцлах талаар мэдэгдсэн, төлбөрөө  төлөөгүйгээс  гэрээ дуусгавар болсон учир  шаардах эрх мөн байхгүй...”  гэж ,

            Хариуцагч  “Ган хүдэр орд”  ХХК  “Би  *******оос   “Ган хүдэр орд” ХХК-ийг  2015 оны 1 дүгээр сард худалдан авсан, би зөвхөн компанийг авсан  харин бэлэн бүтээгдэхүүн болох   баяжмалыг худалдан аваагүй, компанийн  өмнөх авлаг болон өр төлбөрийг  *******  бүрэн хариуцана  гэж баталгаа гаргаж өгсөн тул  манай  компанийн зүгээс бусдад ямар нэгэн өр төлбөр байхгүй  болно”   гэж  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь  зөвшөөрөхгүй гэснээс  гадна

            Хариуцагч  *******  нэхэмжлэгчид холбогдуулан  2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн  №ELXFY 2014\02  тоот  Төмрийн хүдрийн баяжмал  худалдах худалдааны  экспортын гэрээг   хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүдрийн баяжмалыг тээвэрлэхэд  гарсан зардал, савласан үнэ, машин механизмын зардал зэрэгт манай  компаниас нэмж  гаргасан  68.527.570  төгрөг  гаргуулах  сөрөг нэхэмжлэл гаргасныг,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нь  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцвол  өгсөн авсан  зүйлээ  буцаах асуудал яригдана , иймээс сөрөг нэхэмжлэлийн  шаардлага үндэслэлгүй гэж  маргасан  байна.

Шүүх  дээрх  хэргийг 2014 оны 12 дугаар сарын  30-ны өдөр хүлээн авч  2015 оны  01 дүгээр  сарын  06-ны өдрийн  133 дугаар захирамжаар  нэхэмжлэгч  *******, Тин Югуанг \*******\  нарын нэхэмжлэлтэй  хариуцагч  *******т холбогдуулан  иргэний хэрэг  үүсгэж  \хх-30 дугаар тал\, 2015 оны 04 дүгээр сарын 01-ны  өдрийн  1133 дугаар захирамжаар  “Ган хүдэр орд”  ХХК-ийг хамтран  хариуцагчаар  татаж  тус  иргэний хэрэгт  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулсан   байна.\хх- 238  дугаар тал\

Хятад улсын  иргэн  *******, *******  нар нь  дээрх маргаан бүхий хэрэгт  өөрсдийгөө  төлөөлөх  итгэмжлэлийг  Монгол улсын иргэн *******д  2014 оны  12 дугаар сарын  11-ний өдөр олгосон  байх ба  итгэмжлэлийн дагуу  шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд  оролцсон  нь  хуулийн  шаардлагад  нийцсэн  байна.

Мөн  *******, *******  нар нь  БНХАУ-ын  “EVEN THE TWO CITY  NORTH WINTON TRADING” ХХК-ийн  захирал  болон хуулиар төлөөлөх  этгээд мөн  болох нь хавтаст хэргийн  341, 343 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар  тогтоогдсон  учир шүүх  хэргийн  оролцогч нарыг  зөв  тодорхойлсон гэж  үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******т  холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийн  шаардлагаас   татгалзсан   учир түүнтэй холбогдуулж гаргасан  нэхэмжлэлийн   шаардлагын  талаар  дүгнэлт  хийх  шаардлагагүй гэхдээ  ******* нь  үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулж   сөрөг нэхэмжлэл гаргасныг  шийдвэрлэх нь  хуульд  харшлахгүй   болно.

Хэргийн  үйл баримтаас  үзэхэд Монгол улсын иргэн *******,Хятад улсын иргэн *******, ******* нар нь  2014 оны 10 дугаар сарын 20-нд “Ган хүдэр орд” ХХК  -ийн  хувьцаа худалдах худалдан авах гэрээ \хх-8 дугаар тал\  “Ган хүдэр орд “ ХХК-ийн  эрх  шилжүүлэх гэрээ \хх-9 дүгээр тал\, “Ган хүдэр орд” ХХК-ийн  хувьцаагаар  гэрчлэгдсэн  эрх шилжүүлэх гэрээ \хх-13 дугаар тал\ -г  тус тус  хийж  энэ гэрээ  хэрэгжээгүй байна. Дараа нь  “Ган  хүдэр орд “ ХХК-ийг  2014 оны 12 дугаар сарын  31-нд  *******т  худалдаж  энэ  талаар  улсын бүртгэлд  зохих журмын дагуу бүртгүүлж  баталгаажжээ.

Мөн 2014 оны  10 дугаар сарын 09-ний өдөр  “Ган хүдэр орд” ХХК-ийг  төлөөлж ерөнхий захирал *******  \худалдагч\  Хятад улсын “EVEN THE TWO CITY NORTH WINTON TRADING “ ХХК-ийг  төлөөлж  захирал ******* \худалдан авагч\  нар  “Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээ”  байгуулсан байна.\хх-24 дүгээр тал\

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн  шаардлага  болон  үндэслэлдээ худалдах худалдан авах гэрээний дагуу 2014.10.20-нд 1.010.000  юань, 2014.10.23-нд 3.000.000 юань, 2014.10.28-нд 1.500.000 юань, төмрийн хүдэр ачуулах  зардал 1.073.381 юань, цахилгааны  төлбөрт 161.658 юань, үйлдвэрийн засвар, үйл ажиллагааны зардал  117.040 юань, бусдад төлөх төлбөрт  350.000 юань  нийт  7.212.079 юанийг  шилжүүлсэн гэжээ.

Хэргийн  оролцогч нь  шүүхэд  үнэн зөв  тайлбар  гаргаж  өгөх  үүрэгтэй байдаг бөгөөд  нэхэмжлэгчийн  дээрх  шаардлагад  нийт  хэдэн  төгрөгийг  хариуцагчид  шилжүүлсэн  талаар тодорхой  дурдаагүй байгаа нь  учир дутагдалтай байсан хэдий ч шүүх   хариуцагчийн  нэхэмжлэлийн  шаардлагын  зөвшөөрсөн  хэсэг , тэр нь холбогдох  нотлох баримтаар  тогтоогдсон байдлыг харгалзан   нэхэмжлэлийн зарим   хэсэг болох 1.010.000 юань буюу  304.300.000 төгрөг, 3.000.000юань+1.500.000юань=4.500.000 юань   буюу 1.361.565.00  төгрөг нийт  1.665.856.000  төгрөгөөс  12.418,5 тонн хүдрийн үнэ 1.127.239.663  төгрөг, баяжмалыг ачуулахад гарсан зардал  211.000.000 төгрөгийг  тус тус  хасч  үлдэх  327.616.337  төгрөг, мөн цахилгааны төлбөрт  төлсөн 48.797.648  төгрөгийн  шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн  нь  буруу  биш ч шүүх  баяжмалыг ачуулахад  гарсан  зардлыг  211.000.000 төгрөг  гэж  буруу тооцжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 12 дугаар сарын  15-ны өдөр шинжээчийн  270 дугаар  дүгнэлтэд “баяжмалыг  ачуулахад  гарсан бодит зардлыг 320.107.276  төгрөг “  гэсэн  байх тул  211.000.000 төгрөг биш  320.107.276  төгрөг  хасч   тооцох ёстой.

  Хариуцагч  “Ган хүдэр орд”  ХХК, хариуцагч *******  нарын  давж заалдсан гомдолд дээрх  тооцооны  талаар дурдсан  учир  энэ тухай гомдлыг  хангах  нь  зүйтэй.          

“Ган хүдэр орд”  ХХК-ийн  хувьцаа эзэмшигч  өөрчлөгдөж, өмнөх хувьцаа эзэмшигч  болон шинэ хувьцаа эзэмшигч нар нь  компанийн  үйл ажиллагаатай холбоотой  өр  төлбөрийг хэрхэн  хариуцах талаар тохиролцсон  байгаа  хэдий  ч  тэдний  хийсэн  тохиролцоо нь    компанийн хүлээх хариуцлагаас  чөлөөлөх  үндэслэл болохгүй.      

            Шүүх   иргэний хэргийг   хувь хүний нэрээр  үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан учир  хариуцагчаас гаргуулсан төлбөрийг хувь хүнд    олгохоор  шийдвэрлэснийг  буруутгах  боломжгүй  болно.

            Нэхэмжлэгч *******, *******  нар нь  шүүхэд нэхэмжлэл  гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар *******д олгосон анхны    итгэмжлэлээс  татгалзаагүй  учир   компаниас олгосон    итгэмжлэлийн дагуу  хуулийн этгээдийн  гаргасан нэхэмжлэл гэж  үзэх  үндэслэлгүй  юм.

            Шүүх  зохигчдын  хооронд  байгуулагдсан   Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны  экспортын гэрээнд  гэрээний нэг тал гарын  үсэг зураагүй байх тул  тус гэрээг байгуулагдсан гэж үзэх  үндэслэлгүй  гэж  дүгнэснийг  зохигчид  маргаагүй   байна  хариуцагчийн  гаргасан сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг   шийдвэрлэсэн гэж үзэхээр  байна.

            Төлбөр  гүйцэтгэх  мөнгөний  ханшийг  Монгол банкны 2014 оны  12 дугаар  сарын 25-ны өдрийн   1 юань =302.57  төгрөгөөр   тооцсон нь  Иргэний хуулийн  218 дугаар зүйлийн  218.1-д  заасан  “Төлбөр гүйцэтгэх  хугацаа болохоос  өмнө  мөнгөний ханш өссөн, буурсан бол  үүрэг  үүсэх үеийн  ханшаар  тооцож  төлбөрийг төлнө.”  гэсэн шаардлагад  нийцэж   байна.

            Иймд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  давж  заалдсан  гомдолд  дурдсан  “1 тонн хүдрийн баяжмалыг 350 юаниар  хасаж  тооцохыг  зөвшөөрч баталгаа  гаргасан “, “12.418,5 тонн төмрийн хүдрийн  үнэ 1.315.112.940  төгрөгийг  хасаж үлдэх  717.623.855   төгрөгийг хариуцагчаас  гаргуулахаар   шаардах  эрхтэй”,  “ шүүх  нотлох баримт  эргэлзээтэй байхад  нэхэмжлэлийн  шаардлагаас  341.200.870  төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь  хэт нэг талыг барьсан”  гэжээ.

            Нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн  шаардлагаа  өөрөө  нотлох үүрэгтэй ,гэтэл  нэхэмжлэгчийн  шүүхэд  гаргасан тайлбар нь хоорондоо  зөрүүтэй  байсан  бөгөөд  уг  маргааныг  анхан шатны  шүүх  хоёр удаа, давж заалдах шатны  шүүх хоёр удаа  шийдвэрлэж  байхад  нэхэмжлэлийн   үндэслэл  тайлбар мөн л  зөрүүтэй хэвээр  байсан бөгөөд   шүүх  хариуцагчийн  тайлбараар  тогтоогдсон  хэмжээгээр  нэхэмжлэлийн зарим хэсгийг  хангасныг  буруутгах  үндэслэлгүй  байх тул  давж заалдсан гомдлыг  хангахгүй  орхих нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  үзсэн болно.

            Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэрийг  Ванг Руй, Тин Югуанг, Ванг Руй, ,  Юанг руй, гэж 3 өөр байдлаар  бичсэнийг зөвтгөж  *******, ******* гэж залруулж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1375  шийдвэрийн  Тогтоох  хэсгийн  1 дэх заалтын   “376.422.985” гэснийг  “267.315.709” ,    “341.200.870”  гэснийг  “450.308.146” гэж,

3 дугаар  заалтыг,

Иргэний хуулийн  245 дугаар  зүйлийн  245.1-д заасныг баримтлан  хариуцагч *******ын  сөрөг нэхэмжлэлийн 68.527.570  төгрөг  гаргуулах   шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.”  гэж,

4 дүгээр заалтын “2.040.065” гэснийг “1.494.529” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.019.544,46 төгрөг, хариуцагч “Ган хүдэр орд” ХХК-ийн захирал *******аас төлсөн 1.019.545 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар  гаргаж буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.863.955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                               3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ            

                                                                                  ШҮҮГЧИД                              Л.АМАРСАНАА

                                                                                                                              С.ЭНХЖАРГАЛ