Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00023

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/02260 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Н-ийн хариуцагч “ЭСҮТ” УТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 11-ний өглөө эхнэрийн биеийн байдал муудаж яаралтай нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд даралт нь ихэдсэн байна, хамт хүнтэй яв гэж эмч хэлсэн. Ингээд ажилдаа очиж тасгийн эрхлэгч Ц.Бүжидмаад үнэн учраа хэлээд тухайн өдөр чөлөө авсан. 2018 оны ээлжийн амралт хуваарийн дагуу 7 дугаар сарын 01-ний өдөр эхлэх байсан. Амралтаа авья гэхэд ажиллах хүн байхгүй, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс амралтаа ав гэж хэлсэн. Ингээд 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаад амралтаа авах гэхэд хүний нөөцийн ажилтан н.Должинсүрэн ажлаас халсан тушаал өгсөн. Тушаалтай танилцахад 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэн, дотоод журам зөрчсөн тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн байсан. Тухайн өдөр албан ёсоор тасгийн эрхлэгчээс чөлөө авсан байтал ажлын байранд архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ЭСҮТ-ийн туслах ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх нөхөн олговрыг ажлаас халсан өдрөөс анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмгэг судлалын туслах ажилтан нь эмгэг судлаач эмчийн задлан шинжилгээ хийх бэлтгэл ажлыг хангах, нас барагчийн цогцсыг цэгцлэх зэрэг маш чухал ажил үүрэг гүйцэтгэхээс гадна цаг үеийн нөхцөл байдлаас болж яаралтайгаар эх, хүүхдийн эндэгдэл болон бусад задлан шинжилгээнд орох асуудал гардаг тул туслах ажилтан байнгын бэлэн байдалтай байх шаардлагатай. Н.Н нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд бусадтай нийлж, архи буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар төвийн Хуулийн зөвлөх, дотоод хяналтын ажилтан тухайн үед илтгэсэн. Ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх зөрчлийг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь харьяалах алба, тасгийн эрхлэгч нарын мэдээлэл, дотоод хяналтын ажилтны хяналтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.6-д заасан сахилгын шийтгэл ногдуулах буюу сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, өмнө нь туслах ажилтан Н.Н нь олон удаа ажлын байр болон ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн сахилгын шийтгэлээр шийтгүүлж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Н-ийг “ЭСҮТ ” УТҮГ-ын эмгэг судлалын туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 092 415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Н-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “ЭСҮТ” УТҮГ-ын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “ЭСҮТ” УТҮГ-аас 64 429 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тогтоогдсон үйл баримтаас үзвэл ажилтан Н.Н ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан байна” гэж, мөн “... энэхүү сахилгын шийтгэлийг сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 сарын дотор ногдуулах журамтай” талаар, “... ажил олгогч 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй ...” гэж үзэж, хуулиар тогтоосон журмыг зөрчиж, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсний хойно ажлаас халах шийтгэл ногдуулсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаар шүүх дүгнэсэн байна. Анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нөхцөл байдлын талаар тодорхой тогтоолгүй зөвхөн нэхэмжлэгч талын зөрчил гаргасантай холбоотой асуудлыг тодруулж, хэт нэг талыг барьж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “... сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг баримталсан нь бусад зохицуулалтыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед ажил олгогч ажлын хэрэгцээ шаардлага буюу иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй явуулах зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн болон улс орон даяар амарч буй үед иргэдийн шинжилгээг хийх, яаралтай асуудалтай холбоотойн улмаас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан “... Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15”-ны өдрүүдэд болсон тул энэхүү хууль, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасан “...Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэсэнтэй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан “... тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасантай тус тус нийцүүлэн 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг ажлын өдөр болгон 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөрт ажилтан Н.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тушаал шийдвэр гарган баталгаажуулсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг үнэлснийг эс зөвшөөрч байна. Н.Н-ийн хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил болох архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан байхад уг зөрчлийг тухайн өдөр нь илрүүлсэн мэтээр дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг дурдсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан болохоос ямар зөрчил гаргасан эсэхийг олж тогтоох ажиллагаа явагдаагүй. Иймд манай тохиолдолд нэхэмжлэгч нь 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “... Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap...” гэсэн хууль зүйн зохицуулалтын дагуу сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт дурдсанчлан илрүүлсэн гэж үзэхээргүй байхаас гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны мэлтгэлцээн явагдах үед энэ талаар тодруулалгүй, хэт нэг талыг барьж, хөдөлмөрийн харилцаан дахь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан талаар дурдаж сахилын зөрчлийг илрүүлсэн гэх асуудлыг тодруулаагүй, зохигчид маргаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүх өөрчлөн зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч “ЭСҮТ” УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1-2/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ./хх18-19/

Нэхэмжлэгч Н.Н-ийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5-д заасныг үндэслэн “ЭСҮТ” УТҮГ-ын захирлын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр түүнийг ажлаас халжээ. /хх27/

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн нь зохигчдын тайлбар, тасгийн эрхлэгч Ц.Бүжидмаагийн болон өөрийнх нь бичгээр гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.6, ЭСҮТ УТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3-т ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хэрэглэсэн үедээ ажлын байранд ирснийг ноцтой зөрчилд тооцож ажлаас халахаар тодорхойлсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл бүрдсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хугацаа тоолох талаарх Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ.

Талууд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийг илрүүлсэн гэдэгт маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь 30 хоногийн буюу 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой боловч Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нь Ардын хувьсгалын ойн баярын өдөр таарчээ. Иймд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасны дагуу ажил олгогч 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Н.Нацагдоржид сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/02260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлгэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                            Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                        А.ОТГОНЦЭЦЭГ