Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2260

 

 

 

 

 

        

 

2018 оны 10 сарын 31 өдөр     Дугаар 181/ШШ2018/02260         Улаанбаатар хот        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Б овогт Н Н /РД: /-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:, “ЭСҮТ” УТҮГ/РД: /-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Н.Н нь тус байгууллагад 1999 онд туслах ажилтнаар орж 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 19 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж ажилласаар ирсэн. Ажлын нөхцөл хүнд бөгөөд Н.Н хүнд хэцүү гэж шантралгүй тууштай, хоёргүй сэтгэлээр ажилласаар ирсэн. Байгууллагын болон салбарын яамны шагнал урамшууллаар олон удаа шагнагдаж байсан.

2018 оны 6 дугаар сарын 11-ний өглөө түүний эхнэр болох Д.Бэлэгмаагийн биеийн байдал гэнэт муудаж яаралтай нэгдүгээр эмнэлгийн түргэн дээр ирж үзүүлсэн. Даралт нь ихэдсэн /170 хүрсэн/ хажуудаа хүнтэй яв гэж эмч хэлсэн. Ингээд Н.Н ажил дээр очиж тасгийн эрхлэгч Ц.Бүжидмаа дээр орж үнэн учраа хэлээд тухайн өдрийн чөлөө авсан. Ажлын цаг өглөө 8 цаг 30 минутаас 15 цаг хүртэл ажиллах хуваарьтай байдаг. Эхнэрээ 2 дугаар эмнэлэг дээр аваачиж үзүүлчихээд гэртээ хүргэж өгөхөөр явж байтал 14 цагийн орчим тасгийн эрхлэгч Ц.Бүжидмаа залгаад нэг шинжилгээ гарчихлаа хүрээд ир гэсэн. Шар хаднаас явсаар байтал 15 цагийн үед очсон. Гэтэл шинжилгээг маргааш хийхээр боллоо өнөөдөр оройтчихлоо гэхээр нь гэрлүүгээ явсан. 2018 оны ээлжийн амралт хуваарийн дагуу 7 дугаар сарын 01-ний өдөр эхлэх байсан. Амралтаа авъя гэхэд ажиллах хүн байхгүй байна 2018 оны 7 дугаар сарын 16-ийн өдрөөс амралтаа ав гэж хэлсэн. Ингээд 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаад амралтаа авах гэхэд хүний нөөцийн ажилтан Должинсүрэн ажлаас халсан тушаал өгсөн.

Тушаалтай танилцахад 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэн, дотоод журам зөрчсөн тул үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан. Тухайн өдөр албан ёсоор тасгийн эрхлэгчээс чөлөө авсан байтал ажлын байранд архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гараагүй байхад дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байх тул тус дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ЭСҮТийн туслах ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажиллаагүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан, шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Н.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, юуны өмнө манай байгууллага нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартаар эмнэлэгт нас барсан нас барагчийн цогцост эмгэг судлалын задлан шинжилгээ болон эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүй, лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын онош тавьж, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлзүйн эмч нарын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа явуулах, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжил, арга зүйгээр хангах зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт-практикийн эрүүл мэндийн байгууллага буюу тусгай мэргэжлийн төв юм.

Энэхүү хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлэхэд эмгэг судлалын туслах ажилтан нь эмгэг судлаач эмчийн задлан шинжилгээ хийх бэлтгэл ажлыг хангах, нас барагчийн цогцсыг цэгцлэх зэрэг маш чухал ажил үүрэг гүйцэтгэхээс гадна цаг үеийн нөхцөл байдлаас болж яаралтайгаар эх, хүүхдийн эндэгдэл болон бусад задлан шинжилгээнд орох асуудал гардаг тул туслах ажилтан байнгын бэлэн байдалтай байх шаардлагатай байдаг.

Энэхүү асуудлын хувьд ЭСҮТд туслах ажилтнаар ажиллаж байсан Н.Н нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд бусадтай нийлж, архи буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар төвийн Хуулийн зөвлөх, дотоод хяналтын ажилтан тухайн үед илтгэсэн.

Төвийн Хуулийн зөвлөх, дотоод хяналтын ажилтны илтгэх хуудас, түүнд хавсаргасан харьяалах Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга, тасгийн эрхлэгч нарын мэдээллийн дагуу Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар энэхүү туслах ажилтан Н.Нийн гаргасан сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх үүрэг, чиглэл өгсөн.

Туслах ажилтан байсан Н.Нийн энэхүү ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх зөрчлийг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн “Ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.

Туслах ажилтан Н.Н нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь харьяалах алба, тасгийн эрхлэгч нарын мэдээлэл, дотоод хяналтын ажилтны хяналтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.6-д заасан сахилгын шийтгэл ногдуулах буюу сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзэж ЭСҮТийн захирлын “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар туслах ажилтан Н.Нийн гаргасан гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сахилгын шийтгэл нь Н.Н туслах ажилтны гаргасан зөрчилд нийцсэн.

Мөн түүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаар тогтоолоор төрийн бүх шатны төрийн албан хаагч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд ЭСҮТийн 2018 оны А/14 дүгээр тушаалаар 2018 оныг сахилга, хариуцлага, чанарын жил болгон зарлан ажиллаж байна. Цаашид манай байгууллага энэ мэтчилэн ажлын байр болон ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хууль тогтоомжтой нийцүүлэн хариуцлага ногдуулах болно.

Нэхэмжлэгч Н.Нийн нэхэмжлэлд дурдсанчлан түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн асуудал байхгүй, хэдийгээр энэхүү нэхэмжлэлд дурдсан зөрчилд хамааралгүй боловч өмнө нь туслах ажилтан Н.Н нь олон удаа ажлын байр болон ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн сахилгын шийтгэлээр шийтгүүлж байсан.

Иймд нэхэмжлэгч Н.Нийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсье гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч “ЭСҮТ” УТҮГ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

ЭСҮТийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5-д заасныг үндэслэн  Н.Нийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3-т заасныг зөрчсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон түүнийг үүрэгт ажлаас нь халсан байна. 

 

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлоо тус шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан байх тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцсэн болно.

 

Н.Н нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлын байрандаа ажлын цагаар согтууруулах ундааны зүйл буюу архи хэрэглэсэн байдалтай байсан үйл баримт хэрэгт авагдсан түүний өөрийнх нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гэх өргөдөл болон шүүх хуралдаанд гаргасан “тухайн өдөр чөлөөтэй байсан бөгөөд ажлын байранд биш гадуур байхдаа 1-2 хундага архи уусан нь үнэн, дараа нь ажил дээрээ очсон” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба чухам ажлын байранд архи хэрэглэсэн, эсхүл түүний орчинд архи хэрэглэсэн эсэх асуудал маргаантай байна.

 

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.6-д “ажлын байр, түүний орчинд согтууруулах ундаа хэрэглэх, ажилд согтуу ирэх...” зэрэг үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэхээр заасан, түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3-т “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтуурсан ...үедээ ажилдаа ирсэн бол” ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байх тул шүүх дээрх маргаантай асуудлын аль нь болохыг нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

Тогтоогдсон үйл баримтаас үзвэл ажилтан Н.Н ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй бөгөөд энэхүү сахилгын шийтгэлийг сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор ногдуулах журамтай.

 

Манай тохиолдолд ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч зөрчил гаргасан тухайн өдөр нь илрүүлсэн байдалд зохигчид маргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар энэ үйл баримт тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар ажил олгогч 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй гэж үзнэ.

 

Гэвч хариуцагч нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсний хойно нэхэмжлэгчид ажлаас халах шийтгэл ногдуулсан байх тул шүүх “ЭСҮТ”-ийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Н.Нийг ажлаас халах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцээгүй гэж дүгнэв.

 

Иймд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулан олгохоор заасан байдаг тул хуулийн энэ зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны олговрыг тооцож, ажилтанд олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь “эмгэг судлалын туслах ажилтны” ажлын байранд сарын 904,584 төгрөгийн дундаж цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн 2018 оны 4, 5, 6 дугаар саруудад авсан цалингийн бичилт, ЭСҮТөөс гаргаж өгсөн Н.Нийн  цалингийн тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу Н.Нид ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 3 сар 9 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 3,092,415 төгрөг /(904,584:21,5х9)+(904,584x3)/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Н.Нийн ажилгүй байсан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ЭСҮТ” УТҮГ-т даалгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг баримтлан Н.Нийг “ЭСҮТ” УТҮГ-ын эмгэг судлалын туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.   

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “ЭСҮТ” УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,092,415 төгрөгийг гаргуулж Н.Нид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н.Нийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “ЭСҮТ” УТҮГ-ын удирдлагад үүрэг болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Нийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “ЭСҮТ” УТҮГ-аас 64,429 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА