Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

иргэдийн төлөөлөгч Ц.Дондогмаа,

хохирогч Ц.Мөнхцэцэг,

шүүгдэгч Л.Амирдаабазар, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бэсүд овогт Лхаасүрэнгийн Амирдаабазарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010351 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овогт Лхаасүрэнгийн Амирдаабазар, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1969 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 88 дугаар гудамжны 18-ны тоотод оршин суух, регистрийн дугаар ФЖ69100515,

урьд

1. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор (1986 он) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

2. Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 451 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор (1986 он) Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж, (1986 он) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 дүгээр тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 172 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нийт 2 жил 3 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

3. Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор (2002 он) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, (1986 он) Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, (2002 оны) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, (2002 он) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 149 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 451 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 16 хоногийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж, бүгд 4 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

4. Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор (2002 он) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, (2002 он) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 05 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 149 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 10 хоногийн хорих ялын заримыг буюу 8 сар 10 хоногийн хорих ялыг нэмж, бүгд 3 жил 2 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн,

5. Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор (2002 он) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, (2002 он) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж бүгд 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаар захирамжаар 1 жил 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө хянан харгалзсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Л.Амирдаабазар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр байрлах Хилчин нэртэй караоке пабад иргэн Ц.Мөнхцэцэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан стакан аягыг зэвсгийн чанартай хэрэглэж Ц.Мөнхцэцэгийн толгойн тус газар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Л.Амирдаабазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой дүү дээрээ очоод караокед ороод караокены үүдний ширээнд суусан. Караокед хэдэн хүн бүжиглэж байсан. Би бие засчихаад ороод ирэхэд миний халаасанд байсан мөнгө байхгүй байсан. Хохирогчоос мөнгөө асуухад “юу яриад байгаа юм, би аваагүй” гэж хэлсэн. Хохирогчоос мөнгөө асуухаар очихдоо гартаа стакан барьсан байсан, түүгээр цохисон. Цагдаа ирээд маргааш өглөө ирж гомдол саналаа өгөөрэй гээд намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Өмнө нь хяналтанд байсан байцаагч намайг эрүүлжүүлэхийн байрнаас 20.000 төгрөгийг нь төлөөд намайг аваад явсан. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохирогч намайг  зөв ойлгоно гэж бодож байна. Амьдралд би зөндөө алдсан. Нийгэмшүүлэх гэж Сонгинохайрхан дүүргийн халамжийн төвөөс намайг байнга дэмжиж ажил төрөлтэй болгосон” гэв.

Хохирогч Ц.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Гэрэлсайхан, Буд, Энхсайхан бид 4 хоёр, хоёр пиво, нэг шил архи аваад уугаад сууж байсан. Бүжиглэж байхад шүүгдэгч ганцаараа караокены үүдэнд сууж байсан. Босч ирээд 250.000 төгрөг авсан байна, би чамайг таньж байна гэсэн. Стаканаар толгойн оройн баруун талд цохиход цус гарсан. Нойлын цаасаар дарж цусыг тогтоосон. Караокены зөөгч цагдаа дуудсан. Ажлаас чөлөө өгөхгүй байсан болохоор гомдлоо хэрэг гарснаас хойш өгсөн. Хохирлоо нэхэмжилж байна. Ажилтай учраас эмчид үзүүлж чадаагүй, одоо гомдолтой байна” гэв.

                                                                                                     

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн  судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчим Алтай төвийн цайны газар хамт ажилладаг М.Энхтуяа, Энхсайхан, Гэрэлсайхан, Буд нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Хилчин” караокед орж 0.5 литрийн “Хар чингис” архи, нэг нэг пиво авч уугаад суусан... Тэр үед караокед биднийг ороход л ганцаараа сууж байсан настай ах оройны 22 цаг өнгөрч байхад намайг бүжиглэх гээд сууж байсан сандал дээрээсээ босоход урдаас пивоны том грушикээр “миний 250.000 төгрөгийг гаргаж өг” гэж хэлээд цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гараад юу яриад байгаан бэ гээд байж байтал тэр хүнийг Гэрэлсайхан, Энхсайхан, Энхтуяа нар салгасан. Буд явчихсан байсан. Тэгээд Хилчин караокены ажилчин, би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

2. Гэрч Б.Энхдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг хамт ажилладаг болон найзууд Энхсайхан гэж андуурч дууддаг юм. Миний нэрийг Энхдэлгэр гэдэг. ...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрөөгөөд 21 цагийн орчим...манай ажлын газрын Мөнхцэцэг, Энхтуяа, Гэрэлмаа, Буд бид нар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин” караокед орж цонхны харалдаа мухарт сууж 0.75 литрийн архи, хүний нэг нэг пиво аваад суусан. Дуулаад бүжиглэж байхад Будыг хүүхдүүд нь аваад явсан. Бид дөрөв үлдээд байж байтал үүдний ширээн дээр сууж байсан хөгшин, намхан нуруутай, настай эрэгтэй хүн ирээд ямар ч үг хэлэлгүй шууд л Мөнхцэцэгийн толгой руу пиво ууж байсан аягаараа цохисон...Мөнхцэцэгийн толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

3. Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнхцэцэгийг бүжгийн талбай дээр бүжиглэж байх хооронд нэг настай ах өдөөд байсан, Мөнхцэцэг ч тоогоогүй л байсан. Тэгээд дараа нь Мөнхцэцэг суугаад намайг бүжиглэж байх хооронд Буд гэр лүүгээ явчихсан байсан. Тэгээд намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байх хооронд ганцаараа явж байсан настай ах ууж байсан пивоны аягаар Мөнхцэцэгийн толгойг цохиод хагалчихсан байсан. Намайг гүйгээд очих үед тэр хүн гартаа пивоны стакан барьчихсан байхаар нь гараас нь нэг нь булааж авсан, хэн авсаныг санахгүй байна. ...Мөнхцэцэг тэр хоёр хоорондоо маргалдаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

4. Гэрч М.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр ажлын газрын Мөнхцэцэг, Энхсайхан, Гэрэлсайхан, Буд нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр байрлах “Хилчин” караокед 21 цагийн орчим...ороход бараг хүнгүй шахуу цөөхөн хүнтэй байсан. Бид зүүн талын мухрын ширээнд суугаад бид 5 нэг нэг пиво, 0.75 литрийн...архи авсан. Тэгээд архи, пиво уугаад дуулаад, бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад би жорлон орж бие засчихаад эргээд ширээн дээрээ суух гэхэд Мөнхцэцэгийн толгойноос цус гарчихсан байдалтай, хажууд нь нэг танихгүй настай хүн зогсож байсан. Тэнд байсан Энхсайхан, Гэрэлсайхан нар тэр настай хүн цохичихлоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

5. Гэрч Б.Сувдаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай караоке пабыг хүү Эрдэнэбаяр ганцаараа ажиллуулж байсан. Би тэр өдрийн шөнө 00 цагийн орчим ажил дээрээ очиход манай хүү болсон асуудлын талаар хэлэхдээ “манайд үйлчлэгчээр ажиллаж байсан Мөнхцэцэг эгчийг нэг танихгүй ах ууж байсан пивоны аягаараа толгойг нь цохиод хагалчихсан...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2316 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун зулайн хуйханд 3*0.3см хүрэн улаан тав тогтсон, захаасаа сорвижиж эдгэрч буй шархтай. ДҮГНЭЛТ:

1. Мөнхцэцэгийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэдийд үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),

7. Л.Амирдаабазарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр байрлах “Хилчин” кароакед 20 цаг өнгөрч байхад ганцаараа ороод 2 шил пиво уугаад сууж байтал эсрэг талын ширээнд 3 эмэгтэй, 2 эрэгтэй пиво уугаад сууж байсан. Тэгээд би  пиво ууж сууж байгаад нойлд ороод бие засчихаад эргээд өөрийн сууж байсан ширээн дээр очиж суугаад пиво ууж дуусгаад дахин пиво авах гэтэл миний куртикны халаасанд байсан 250.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би хэн авчихав гэж бодоод намайг нойл орох үед зөрсөн нэг эмэгтэйг сэжиглээд...өөрийн халааснаас алга болсон 250.000 төгрөгийг тэр эмэгтэйг авсан болов уу гэж дотроо сэжиглээд хөөш нааш ир гэж дуудсан. Тэгэхэд миний урдаас салаавч гаргаад гараараа даллаад байсан. Тэгэхээр нь би очиход тэр эмэгтэй намайг яагаад над руу муухай хараад байгаан гэж хэлэхээр нь би чи намайг 00 орох үед зөрсөн эмэгтэй мөн биз дээ, чи миний мөнгийг авсан юм биш биз дээ гэхэд би аваагүй гээд уурлаад урдаас босоод ирэхээр нь би ууж байсан пивоны пакал аягаар тэр эмэгтэйн толгой руу аяархан цохисон. Тэгэхэд тэр эмэгтэй буцаад ширээн дээрээ суусан. Тэгэхэд хамт явсан эмэгтэй энэ хүн чиний мөнгийг аваагүй гэж байна, та хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлэхээр нь нээрээ би андуурсан юм болов уу гэж бодоод байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан...

...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Мөнхцэцэг гэж эмэгтэйн толгойг цохиж хагалсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Би танхайрч тэр эмэгтэйн толгойг хагалаагүй. Тэр эмэгтэй надтай хамт бүжиглэж байгаад намайг 00 орсон хооронд миний мөнгийг авчихсан юм болов уу гэж бодоод би архи уусан байх үедээ мөнгөө нэхэж очиход миний урдаас салаавч гаргаад намайг зайл гэж хэлэхээр нь би ууж байсан пивоны жижиг аягаар толгойг нь цохисон. Хагарсан үгүйг нь би харж амжаагүй байхад намайг цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39),

8. Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 3), мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 42-48, 78-84, 155-159), захиргааны хяналтын хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 67-72), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 53-61) болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Амирдаабазар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог гэх газар байрлах “Хилчин” пабад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим ялимгүй зүйлээр шалтаглан, иргэн Ц.Мөнхцэцэгийн толгойн тус газар шилэн аягаар цохиж шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

- Хохирогч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг бүжиглэх гээд сууж байсан сандал дээрээсээ босоход “миний 250.000 төгрөгийг гаргаж өг” гэж хэлээд пивоны том грушикээр цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Гэрч Б.Энхдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...үүдний ширээн дээр сууж байсан хөгшин, намхан нуруутай, настай эрэгтэй хүн ирээд ямар ч үг хэлэлгүй шууд л Мөнхцэцэгийн толгой руу пиво ууж байсан аягаараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

- Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байх хооронд ганцаараа явж байсан настай ах ууж байсан пивоны аягаар Мөнхцэцэгийн толгойг цохиод хагалчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Гэрч Б.Сувдаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай...хүү Эрдэнэбаяр...“манайд үйлчлэгчээр ажиллаж байсан Мөнхцэцэг эгчийг нэг танихгүй ах ууж байсан пивоны аягаараа толгойг нь цохиод хагалчихсан...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2316 дугаартай шинжээчийн дүгнэлт...(хавтаст хэргийн 29) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Амирдаабазарыг танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Амирдаабазарт холбогдох хэргийг хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйд...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Л.Амирдаабазарын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог гэх газар байрлах “Хилчин” пабад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим ялимгүй зүйлээр шалтаглан, иргэн Ц.Мөнхцэцэгийн толгойн тус газар шилэн аягаар цохиж шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” зохицуулалттай байсан бол 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх... ял шийтгэх” болж өөрчлөгджээ.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн шинж болсон зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж догшин авирлаж буюу хөнгөн гэмтэл учруулж үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамааруулж ойлгохоор хуульчилсан байна.

Нөгөө талаас шүүгдэгч Л.Амирдаабазарын холбогдох гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод хэмжээ багассан, мөн түүний холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн хүнд төрлийн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэргийн ангилал болж хуульчлагдсан тул түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн болон дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан;

Шүүгдэгч Л.Амирдаабазарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Амирдаабазарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Л.Амирдаабазарын хувийн байдал буюу өмнө нь Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэгдэж байсан болон захиргааны зөрчилд холбогдож байсныг харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэх дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

III. Бусад асуудлаар

Хохирогч Ц.Мөнхцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 700.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201726010351 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй байна.