Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 137

 

А.Г-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар,

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс,

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:                  Д.Мөнхтуяа  

                                 П.Соёл-Эрдэнэ

                                 Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Б.Дүүрэнжаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй, иргэн А.Г-ийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2018/0028 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.Ц,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.З, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нар,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй болон иргэн А.Г-ийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, “2016 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2018/0028 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2018/0028 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Иргэн А.Г нь Т б в ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 02-нд ажлаас халагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04036 тоот шийдвэрээр ажилд нь эргүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх шийдвэр гарсан байна.

5. Шүүхийн шийдвэрийн дагуу тус хэлтэс нь иргэн А.Г-ийн 2016 оны 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл /Шимтгэл төлсөн хугацаа/-ийн 1-д “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно”, мөн зүйлийн 3-д “Төр, аж ахуйн нэгж байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно”

  1. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа
  2. Цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа
  3. Тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа
  4. Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа
  5. Хууль бусаар ажлаас халагдсан хугацаа
  6. Иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны хугацаа
  7. Хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн болон амаржсаны амралттай байсан хугацаа
  8. Хуульд заасан бусад хугацаа

6. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар /тэтгэвэр 7 хувь, тэтгэмж 0.8 хувь/ тооцож нийгмийн даатгалын санд төлсөн ба өнөөдрийн дагаж мөрдөж, Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.

7. Монгол улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын НД7, НД8 тайлан гарган ирүүлж буй 40780 аж ахуйн нэгж буюу төсвийн байгууллага энэ хууль болон журмын дагуу дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн тэтгэврийн буюу тэтгэмжийн даатгалын санд төлж тайлагнаж байна.

8. Шүүхийн магадлалд “...А.Г нь 6 сарын хөдөлмөрийн хөлсийг хүлээн авсан тул түүндээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Энэ шимтгэлийг ч гэсэн нийгмийн даатгалын байгууллага авах ёстой байжээ” гэсэн байна. Энэ хэсгийг 2016 оны 6 дугаар сарын хөдөлмөрийн хөлс гэж ойлгож тайлбарлавал: 2016 оны 05 дугаар сард хоёр тал харилцан тохиролцож А.Г нь Т б в ХХК-д “цаашид энэ асуудлаар ямар нэг гомдол санал байхгүй, энэ байгууллагад ажиллахгүй” тухайгаа бичиж өгч тухайн компанид ажиллаагүй, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого бусад цалин хөлс 2016 оны 06 дугаар сард олгоогүй гэх хариуг компаниас өгсөн ба энэ нь компанийн ажилчдын цагийн бүртгэл болон тус хэлтэст гарган ирүүлсэн НД7, НД8 тайлангаар батлагдаж байгаа тул түүний 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх эрх зүйн харилцаа үүсэхгүй байна.

9. Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хэрэгжилтэнд хяналт тавих, нийгмийн даатгалын орлогоос нийгмийн даатгалын санг бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг хууль тогтоомжоор тогтоосон хувь, хэмжээгээр хугацаанд нь олгох зэрэг хуулиар хүлээсэн үүрэгтэй ба ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого буюу цалин хөлс олгож нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасан боловч нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй, эсвэл хугацаа хоцроон шилжүүлсэн буюу тайлагнасан, нуун дарагдуулсан, хэмжээг нь санаатай буруулсан, дутуу төлсөн, тооцооны алдаа гаргасан, хуулийн хугацаанд тайлан гаргаж ирүүлээгүй зэрэг хууль тогтоомж зөрчсөн бол хуульд заасан хариуцлагыг аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх эрхтэй бөгөөд “...хожим өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед тооцоолох дараалсан 5 жилийн дундаж зэрэгт сөргөөр нөлөөлөх байдлыг зориуд үүсгэж байна. Нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны зорилго нь ямар нэг байдлаар тэтгэвэр, тэтгэмж өгөхгүй байхад чиглэгдэх ёсгүй” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

10. Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл /Шимтгэл төлсөн хугацаа/-ийн 1 болон 3 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ыг илт буруу хэрэглэх жишиг шүүхийн дээрх шийдвэр, магадлалаар тогтох ёсгүй юм.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2018/0028 дугаартай магадлалыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч А.Г нь “Т б в” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Үндсэн ажилтнаар тооцох тухай” 12/137 дугаар тушаалаар С рестораны угаагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12/29 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

14. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04036 дугаар шийдвэрээр А.Г-г “Т б в” ХХК-ийн “С” рестораны угаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1,200,000 төгрөгийг хариуцагч “Т б в” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Г-д олгож, ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Т б в” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.  

15. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна”, 4.2.1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” албан журмаар даатгуулна гэж заасан.

16. Хуулийн энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч А.Г нь албан журмаар даатгуулагч бөгөөд албан журмаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын сан тус бүрт төлөх төлбөр тул шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр даатгалын сан тус бүрт төлүүлэх нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч А.Г-г шүүхийн шийдвэрийн дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор түүний эрх зүйн байдал нь өмнө нь ямар байсан тэр байдалдаа шилжих учиртай талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

17. Хариуцагч “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно”, мөн зүйлийн 3-д “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно...”, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар /тэтгэвэр 7 хувь, тэтгэмж 0.8 хувь/ тооцож нийгмийн даатгалын санд төлсөн” гэж маргасан.

18. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулах” бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж гэсэн төрөлтэй байхаар зохицуулжээ. Ийм учраас хариуцагчийн маргааны үйл баримтад хамааралгүй энэхүү хуулийн 3 дугаар зүйлд заасныг баримтлан тайлбар гарган маргаж байгааг хүлээж авах үндэслэлгүй юм.

19. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоо давтан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2018/0028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН