Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01271/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сумын ******* баг *** оршин суух, регистрийн дугаар ***, Х***  Г***ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар **, Б***Э*** эд холбогдох

 

Кран машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах,

 

Хариуцагчийн гэрээнээс үүссэн хохирол 5.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О***хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г*** нь хариуцагч Б.Ц***т холбогдуулан кран машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь бага насандаа Ц*** гэдэг  айлд үрчлэгдсэн. Г*** нэрээрээ нэршиж явдаг ч албан ёсны нэр маань Ц***ын Г*** тул сольж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэгчийг сольсон байна.

 

Мөн нэхэмжлэгч Ц.Г*** нь харицагчийг солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагчийг сольж С.Э*** ийг хариуцагчаар татан оролцуулсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Г***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Ц***тай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ковш тракторыг нь 12 сая төгрөгөөр худалдан авахаар үнэ тохиролцож, энэ талаараа бичгээр хэлцэл хийсэн. Хэлцлийг Ц*** нь төлөвлөж ноороглож надаар хуулуулан бичүүлээд гарын үсэг зуруулаад өөрөө гарын үсэг зураад аваад явсан. Машины бичиг баримтын нэр шилжүүлж солиулахад мөн Ц*** бид хоёр явж солиулсан ба намайг энд гарын үсгээ зур гэхээр нь би гарын үсгээ зураад явсан. Энэ хэлцэл тохиролцоог би Ц***тай хийж байна гэж ойлгоод явсан билээ. Гэтэл шүүхийн журмаар нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахад Сангисамбуугийн Э*** гэгч хүн гарын үсэг зурсан байх юм. Би Сангисамбуугийн Э*** гэдэг хүнийг танихгүй, хараагүй. Ц***ыг би өөрийнхөө гарын үсгийг зурсан л гэж бодсон. Гэтэл Э*** ийн гарын үсгийг Ц*** зурсан юм байна. хэлцлийг 1 хувь хийгээд өөрөө авсан болохоор тухайн үед Э*** гэж хүний гарын үсгийг зурсан гэж мэдээгүй. Би Э*** гэж хүнтэй ямар нэгэн эрхзүйн харилцаанд ороогүй учраас түүнтэй хийсэн гэх 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

 

Бичгийн хэлбэрээр хийсэн хэлцэл бол харилцан гарын үсэг зурснаар хэлцэл хийсэнд тооцно. Үүнийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан. Гэтэл Э*** өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсгээ зураагүй учраас уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч С.Э*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, түүний өмгөөлөгч Ё.Ринзаан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид бүгд хоорондоо ярилцаж гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр. Би эхнэр Э*** ийн өмнөөс гарын үсгээ зурсан нь хууль зөрчөөгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, өмгөөлөгч Ё.Ринзаан нар нэхэмжлэгч Ц.Г***т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ...

2016 оны 4 дүгээр сарын 27-нд Ц.Г*** нь эхнэр С.Э*** ээс 912 маркийн 20-58 УН улсын дугаартай ковшийг 7 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлбөрийг төлөхөөр тохиролцон авч явснаас хойш эвдрэл гэмтлийг өөрөө хариуцах, хугацаанд амжихгүй нөхцөлд өдрийн 80 000 төгрөгөөр тооцож төлбөр төлнө гэсэн Ц.Г***ийн баталгааны дагуу Г***оос 2016.04-27-ны өдрөөс 2016.07.01 хүртэл 64 хоногийн х 80 000 төгрөг = 5120 000 төгрөгийг гаргуулж иргэн Б.Ц***ыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн хувьд тайлбар хийхэд өчигдөрийн шүүх хуралдаан дээр ковш машины баримт бичгийг Ц*** өөрийнхөө нэр дээр байсан гэдэг ч боловч өнөөдөр нотлох баримт авч ирэхдээ Э*** ийн нэр дээрх баримтыг гаргаж байгаа тул тухайн үед ковш машин Э*** ийн нэр дээр байсан эсэх нь эргэлзээтэй баримт байна гэж үзэж байна. Ковшийг аваад өөрийн зардлаар завсар үйлчилгээ хийсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Уг машиныг ашиглаж ашиг олоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

    

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Г*** нь хариуцагч Б.Ц***т холбогдуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн жинхэнэ нэрээр буюу Ц.Г***ийн нэрээр С.Э*** тэй хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч солих, хариуцагч солих хүсэлтүүдийг гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээр С.Г***ийг, хариуцагчаар С.Э*** ийг татан оролцуулсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Г*** нь хариуцагч С.Э*** тэй 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Э*** нь өөрийн өмчлөлийн ***УН улсын дугаартай,  ачигч краныг 64 хоног авч ашигласны төлбөр 5 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г*** хариуцагч С.Э*** нар нь харилцан тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр С.Э*** ийн өмчлөлийн *** УН улсын дугаартай Long xing ZI-912Е маркийн авто ачигч /ковш/-г 12 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 01-нээс өмнө хэсэгчлэн төлөхөөр, Ц.Г*** нь өөрийн өмчлөлийн *** Дах улсын дугаартай, ISUZU маркийн, *** арлын дугаартай, ачааны караныг С.Э*** ийн нэр дээр шилжүүлж, өөрөө унахаар тохирч, ковшыг хүлээн авснаас хойш аюулгүй ажиллагаа, эвдрэл гэмтлийг Ц.Г*** хариуцахаар, хугацаанд нь төлбөрийг төлж амжихгүй нөхцөлд өдрийн 80.000 төгрөгөөр бодож төлбөр төлөхөөр баталгаа гаргаж гарын үсгийг Ц.Г***, Б.Ц*** нар зурж хэлцэл хийгдсэн байна. /хх-ийн 36/

 

Нэхэмжлэгч Ц.Г*** нь хэлцлийн дагуу С.Э*** ийн өмчлөлийн *** УН улсын дугаартай Long xing ZI-912Е маркийн авто ачигч /ковш/-г өөрийн эзэмшилд авсан боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй, харин өөрийн өмчлөлийн *** Дах улсын дугаартай, ISUZU маркийн, *** арлын дугаартай, ачааны караныг С.Э*** ийн нэр дээр шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, талууд маргаагүй байна.

 

Хариуцагч С.Э*** нь бидний хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж маргаж байгаа боловч хэлцэлд гарын үсэг зураагүй, түүнийг төлөөлөн Б.Ц*** гарын үсэг зурсан боловч С.Э*** ийг төлөөлөх эрх аваагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Э*** ийн өмчлөлд шилжүүлсэн  *** Дах улсын дугаартай, ISUZU маркийн, *** арлын дугаартай, ачааны караны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Г***ийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч С.Э*** нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу Б.Ц*** нь 5.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь дээрхи хэлцлийн дагуу өдрийн 80.000 төгрөгөөр тооцож, 64 хоног С.Э*** ийн өмчлөлийн *** УН улсын дугаартай Long xing ZI-912Е маркийн авто ачигч /ковш/-г ашигласны төлбөр 5 120 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нь Ковшийг аваад өөрийн зардлаар завсар үйлчилгээ хийсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Уг машиныг ашиглаж ашиг олоогүй  тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Б.Ч***, Ц.Б*** нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүд нь ковшийг засаж, моторыг нь сольсон талаар мэдүүлсэн байна. /хх-ийн 25-28/

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.Б***, Б.Г*** нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүд нь ковшийг өдрийн 80.000 төгрөгөөр бодож түрээсэлж ажиллуулж байсан, тээврийн хэрэгсэл нь ажиллаж байсан талаар мэдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Г*** нь хариуцагч С.Э*** ийн өмчлөлд шилжүүлсэн ISUZU маркийн, *** арлын дугаартай, ачааны каранаар ажил үүрэг гүйцэтгэж байсныг нотолж, нотлох баримтаар Ред сталь плас ХХК-тай байгуулсан сэлбэг тээвэрлэх гэрээг ирүүлжээ. /хх-ийн 67-70/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан бөгөөд хариуцагч С.Э*** нь хэлцэл хийхэд хайхрамжгүй хандсан, өөрөөр хэлбэл хэлцэлд Б.Ц*** гарын үсэг зурсан боловч хуулийн шаардлага хангаагүй байдлаас хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч Ц.Г***оос хохирол гаргуулах үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 56 дугаар дүгээр зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д зааснаар *** Дах улсын дугаартай, ISUZU маркийн, *** арлын дугаартай, ачааны краны өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Г***ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С.Э*** эд даалгаж, нэхэмжлэгч Ц.Г***оос 5.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 96.870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э*** ээс 70.200  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АЛТАНТУЯА