Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 891

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/00986/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: *** аймаг *** сум *** баг *** хороолол *** баг *** тоотод оршин суух Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух Г.У

Хариуцагч*** аймаг *** сум *** баг *** хороолол *** тоотод оршин суух, О.Ц

Хариуцагч*** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух П.Г нарт холбогдох

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ц, Г гэх хүмүүсийн хамаатан болох У нь лангуу худалдаж авах гэсэн юм гэж дээрх хүмүүсээр дамжуулан гуйгаад байхаар нь 3 000 000 төгрөгийг Уийн дансанд хийн зээлдүүлсэн. Энэ нь 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр юм. Тухайн үед би эргүүлэн өгөх хүртэл нь 5 хувийн хүүтэй гэж тохирсон. Гэвч У нэхүүлээд ч өгөөгүй тул бидний дунд зуучилсан Г, Ц нараас би 4 000 000 төгрөгийг хүүгийн хамт авсан. Тухайн үед АНУ явах болж мөнгөө авах гэхэд энэ хүн өгөөгүй. Иймд одоо би Уээс өөрийнхөө зээлсэн 3 000 000 төгрөгийг хүүгийн хамт 4 000 000 төгрөг Г.Уээс гаргуулан авч Ц, Г нарт өгмөөр байна. уг нь Г.Уийг зээл авч өгсөн хүндээ өгчих юм гэж бодсон чинь Байгалмаагаас зээлсэн гээд өгөөгүй байна. Иймд Г.Уээс 4 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Г.У-ийн хүсэлтийг П.Г, О.Ц нар Ц.Б-д уламжлан 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тэр цагаас хойш мөнгөө өгөөгүй. Ц.Б-гийн хувьд Америкт амьдардаг байсан болохоор Монголд ирээгүй байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь П.Г, О.Ц нарт нэхэмжлэгч Ц.Б утсаар танай дүү чинь мөнгөө өгөхгүй байна гээд хэлж П.Г, О.Ц нар Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Сум дундын 7 дугаар шүүх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүх нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж үзсэн юм. Хамтран хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн асуудал. Ц.Б-д хэнээс ч ямар ч мөнгө ирээгүй. Г.У өөрийн гараар өргөдөл бичсэн байгаа. Тийм болохоор Г.Уээс уг нь бол 4,800,000 төгрөг гаргуулах ёстой гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс 4,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ц.Б одоо сахарын өвчтэй хэцүү байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шийдэх асуудал юм. Тэрнээс биш энэ хүмүүсийн хооронд мөнгө өгсөн авсан нь хамаагүй. Ямар ч байсан Ц.Бд нэг ч төгрөг хэнээс ч ирээгүй Г.У О.Ц, П.Г нарт уг мөнгийг төлсөн гэж байгаа бол П.Г, О.Ц нараас мөнгө шилжин орж ирээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, мөн 555 дугаартай шийдвэртэй хэрэгт энэ талаар дүгнэсэн байгаа.

Г.У Ц.Бтай харьцаж байгаагүй гэж худлаа яриад байх юм. Хэд хэдэн удаа мөнгөө нэхэж ярьсан. Машныг нь барьцаанд авсан гэж ярьж байсан. Арга нь барагдаад ингэж явж байгаа юм. Г.У хэлж байна. Мөнгө зээлсэн нь үнэн гэж тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. 3,000,000 төгрөгийг өөрөө шилжүүлсэн. Тэр үед өөрөө хотод байсан юм.

Ц.Бд ямар ч мөнгө өгөөгүй. Ц.Б виз захиалах гээд 2,000,000 гаран төгрөг зээлсэн. Тэгээд Дарханд ирээд буцаагаад өгсөн. Иргэний харилцаа гэрээ хийсэн хүнээсээ нэхэмжлэх эрхтэй. Тийм болохоор Г.Уээс 4,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

О.Ц, П.Г нараас мөнгө хэрэгтэй байна зээлэх мөнгө байна уу гэхэд Байгалмаагаас 3 000 000 төгрөг 2012.10.0.4-ний өдөр зээлж өгсөн. Би Байгалмаатай огт уулзаж байгаагүй юм. Зээлж авсан мөнгөө би буцаагаад П.Гэд:

2012.11.04 150,000, 12.04 150,000, нийт 300,000 төгрөг, 2013.01.04 150 000, 2013.10.04 1,500,000, 2013.10.04 1,500,000 төгрөг, 2013.11.04 180,000 төгрөг, 2013.12.04 180,000 төгрөг, нийт 360,000 төгрөг, 2014 оны 5 сард 1,000,000 төгрөг, 2014 оны 7 сард 1,060,000 төгрөг төлөөд нийт 4,220,000 төгрөг төлж дуусгасан. Энэ талаар өмнөх 2015.06.02-ны өдрийн шүүх хуралд авч байснаа П.Г нь хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл П.Г, О.Ц нр нь шүүхэд худал тайлбар гаргасан байх тул миний бие дараах тайлбарыг гаргалаа. О.Ц, П.Г нар нь 2014.03.11-ний өглөө эрт 7 цаг орчимд манай гэрт ирж миний ээж Ганчимэг бид 2ыг мөнгөө төл гэж загнаж, харааж, зүхэж элдвээр хэлээд 9 цагийн үед микрийн нотариат орно гэж гэрийн гадаа байгаа ***маркийн машиныг унаад яв гэж хэлсэн.

Энэ манай хүргэн ахын машин түр юманд явна гээд авчирсан юм гэхэд нотариат ороод буцаагаад аваад ирэхгүй юу гэж О.Ц уурласан. Нотариат дээр ирээд гэрээ хийж дууссаны дараа машины түлхүүрээ өг гэж П.Г, О.Ц нар намайг загнаж П.Г нь түлхүүр булааж намайг алгадаж өмсөж явсан хувцасыг минь урж булааж авсан. Хүргэн ах машинаа нэхээд байхаар нь би хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж 1,000,000 төгрөг өгсөн. Дараа нь нөхрийнхөө амралтын мөнгө буухаар 1,060,000 төгрөг төлөөд тооцоо дууссан. /Дархан Номин ХААН банкны АТМ-ээс авч өгсөн/ П.Г, О.Ц нарынд амьдарч байсан нь үнэн боловч гэрийнх нь бүхий л ажлыг хийж 2 хүүхдийг нь хардаг байсан. Тэр ч бүү хэл О.Цгийн дүү нарынх нь гэрийн цэвэрлэгээний ажлыг нь хүртэл хийдэг байсан. Намайг жаахан хүүхэд наймаа сайн хийдэг гээд одтой хүүхэд гээд форм, ногоо дардаг шил, оймс, бандага гээд бүх л бараа заруулж гадуур явуулдаг байсан. Надад хаях гэж юм уу шатаах гэж байсан хувцаснаасаа өмсгөдөг байсан. П.Г, О.Ц нараас хулгай хийж, худлаа ярьж амьдарч үзээгүй. Ядуу хүн болгон буруу зуршилтай байдаггүй гэж бодож байна. Ирэхэд нь халуун хоолтой, солиход нь хувцас нь цэвэрхэн 2 хүүхдийг нь өвтгөж зовоохгүй юмсан гэж бодож 10 жил хамт амьдарсан. Ах эгч 2 минь байсан гэжээ.

Хариуцагч Г.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би О.Ц, П.Г нарт мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Ц.Бгаас мөнгө зээлсэн нь үнэн. Сар болгоны 4-нд П.Г гэдэг хүнд өгч байсан. 2012 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2013 оны 01 дүгээр сар хүртэл 150,000 төгрөгөөр төлж байгаад 2013 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэл 180,000 төгрөөр төлсөн. Би Ц.Б гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. О.Ц гэдэг хүн мөнгө авч байгаа юм чинь бичгээр мөнгө зээлж байгаа гэж бич гээд бичиж өгсөн. Яг тэр мөнгө авдаг өдөр би О.Ц гэдэг хүнтэй ярьсан чинь одоо П.Г ах чинь мөнгө хийх гээд Хаан банк уруу явсан гэж хэлсэн. Миний тооцоогоор нийтдээ 4,220,000 төгрөг П.Г гэдэг хүнд өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө хааяа миний лангуу дээр ирж П.Г авдаг байсан. Заримдаа би өөрөө аваачиж өгдөг байсан. 3,000,000 төгрөгийг баримт дээр Ц.Б гэдэг хүний гарын үсэг байсан. Хамгийн сүүлд 1,060,000 төгрөг өгөхдөө Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс О.Ц гэдэг хүнд авч өгсөн.

Ц.Б нэг ч удаа ярьж байгаагүй. О.Ц эгч, П.Г ах хоёртой ярьдаг байсан. Би бэлнээр мөнгө өгдөг байсан болохоор нотлох баримт байхгүй байна. Нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй мөнгө авна гэж бич гэхээр нь би О.Ц эгчид бичиж өгсөн. 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манайд ирээд миний унаж байсан манай ахын машиныг аваад явсан. Тэгээд би 2014 оны 05 сард 1,000,000 төгрөг хүнээс зээлж өгөөд машин хэрэгтэй байна гэж П.Г ахаас машинаа авч байсан. Хамгийн сүүлд нөхрийнхөө амралтын мөнгийг аваад 3,000,000 төгрөгийг төлж дуусгасан.

Би 4,220,000 төгрөг төлсөн. Одоо төлж чадахгүй гэв.

Хамтран хариуцагч П.Г, О.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.Ц би 2014 оны 3 сард дүү болох Ут амьдрал ахуй хэцүү байна ах эгч 2 тус болооч гээд гуйгаад ирэхээр нь найз эгч Байгалмаагаас 3 000 000 төгрөг 6 хувийн хүүтэйгээр өөрийн хүлээн зөвшөөрсөн гар бичмэлээр 3 000 000 төгрөгийг ХААН банкаар У-ийн дансанд шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй байж байгаад буцааж өмнөөс нь 4 000 000 төгрөг болгон нөхөр бид 2 төлсөн. 2015 оны 4 дүгээр сард шүүх хурал болоод Уээс нэхэмжилсэн боловч өгсөн эзэд нь биш гээд шийдвэрлэж өгөөгүй. Тухайн үед Уээс манай нөхөр 150 000 төгрөгөөр 2 удаа, 180 000 төгрөгөөр нэг удаа Цэцэгмаад 1 060 000 төгрөг өгсөн гэдгийг шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн боловч аман гэрээгээр ***маркийн машиныг оронд нь өгсөн байсан. Тэгээд удахгүй зараад өгье гэж худлаа хэлээд аваад явсан. Дээр дурдсан эдгээр 1 540 000 төгрөг надад өгсөн баримт нотолгоо байхгүй. Би Байгалмаа эгчид өгсөн нотолгоо бас байхгүй. Эгч Байгалмаа нь аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Байгалмаагийн нэхэмжилсэн Утэй холбоотой асуудалд нөхөр бид 2 ямар ч хамаагүй. Энэ хүн нь нөхөр бид 2-ыг гүтгэсэн болно. Нэхэмжлэлийн дагуу энэ шүүх хуралд нөхөр бид 2 холбогдолгүй учраас шүүх хуралд суухаас татгалзаж байна.

Жич: У нь анх 6-р ангийн жаахан охин дүү ээжийн хамт Дорнод аймгаас Дарханд манай хадам ахтай хамт амьдрахаар ирж байсан. Аав болох П.Г нь архи их уудаг, гэр оронгүй, 2 хүүхдээ эхнэртэйгээ дагуулаад энд тэнд яваад байхаар нь охиныг нь авч 16-р сургуульд 7-р ангид оруулж өгөөд 10-р анги төгстөл нь гэртээ байлгаж, хоол унд, хувцас хунарыг нь хангаж, муу зуршил болох хуруугаа хөхөх, худлаа ярих, хулгай хийх зуршлыг нь болиулж зөв хүмүүжил олгож өгсөн. Ийм ойр байсан учраас амьдралд орсон хойно нь тус болох үүднээс хүнээс мөнгө авч өгөөд өнөөдрийн байдалд хүрлээ гэжээ.

Хамтран хариуцагч П.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Б нь О.Ц бид хоёрт итгээд Г.У-т мөнгө зээлсэн юм. Г.У бид хоёр хамаатан хүмүүс болохоор тус болъё гэж бодсон юм. Г.Уээс мөнгө авч байгаагүй. Танай дүү чинь мөнгөө өгөхгүй байна гэж Ц.Б хэлдэг байсан. О.Ц бид хоёр энэ мөнгөнөөс болж Г.У-т маш их хэлж, бид хоорондоо их хэл ам хийсэн. Ц.Б уруу шилжүүлсэн мөнгө байхгүй. Эмчилгээнд явлаа гээд билет захиалах гээд мөнгө дутаад байна гэхээр нь мөнгө өгсөн. Харин Уээс огт төлөгдөөгүй. Аман гэрээгээр өгнө гэж хэлээд дараа нь өгч чадаагүй юм. Машиныг зараад өгнө гэсэн болохоор нь 4,000,000 төгрөг Ц.Бд өгсөн гэсэн. Би Г.Уээс мөнгө аваагүй. Г.У, Ц.Бд зээлсэн мөнгөө төлөх ёстой гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 06 дугаар сарын 02-ны шийдвэр бол Ц.Б гэдэг хүнийг төлөөлөх эрхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Бгийн хувьд Г.Уээс нэхэмжлэх зүйл байхгүй 4,220,000 төгрөг төлсөн. 555 дугаартай тэмдэглэл дээр нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар 555 дугаар тэмдэглэлийн үйл баримтууд нотлох баримт болно гэж үзэж байна. Энэ тэмдэглэлээс үзэхэд 1540,000 төгрөг хасагдах ёстой. Сая П.Г хэллээ 4,000,000 төгрөг өгсөн гэж. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ гэж үзэхгүй байна. Хэрвээ зээлийн гэрээ гэж үзэх юм бол Иргэний хуулийн 281-д заасан шаардлагыг хангаагүй байна. Тийм болохоор зээлийн гэрээ хийсэн гэж үзэхгүй байна. Г.У нь 6 хувийн хүүтэй зээлнэ гэж О.Ц гэдэг хүнд бичиж өгсөн. Иймд ИХ-ийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхгүй юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Уээс 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ... Г.Уээс 3 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөгийн хаммт гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Г.У ... би Ц.Бгаас зээлсэн 3 000 000 төгрөгийг П.Г, О.Ц нарт 4 220 000 төгрөг болгон өгсөн, төлөх төлбөргүй гэж, хариуцагч П.Г, О.Ц нар ... Г.Уэс мөнгө аваагүй тул Ц.Бд шилжүүлэн өгсөн мөнгө байхгүй, бид нар төлөхгүй ... гэж маргаж байгаа болно.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 555 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Нэхэмжлэгч О.Ц, П.Г нараар зуучлуулан 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Г.У нь 3,000,000 төгрөгийг Ц.Бгаас зээлж авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч О.Ц, П.Г нар ... Бид Ц.Бгийн өмнө хариуцлага хүлээж Г.Уийн өмнөөс зээлсэн 3,000,000 төгрөг хүү 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласаныг шүүх ... энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд Ц.Бгийн өмнөөс зээлсэн 3,000,000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэх эрх Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан төлөөлөх эрх олгогдоогүй байна гэж дүгнэсэн байна.

Энэхүү шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэн тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдолтой байвал дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Ц.Б нь Г.Ут 3,000,000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар нотлох шаардлагагүй байна.

Хариуцагч Г.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ... 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр П.Г, О.Ц нартай тохиролцон тэднээр дамжуулан 3,000,000 төгрөгийг Ц.Бгаас зээлж авсан. П.Г, О.Ц нараар дамжуулж авсан учраас тэднийг мөнгөө нэхэхэд сар бүр тогтмол төлөлт хийж байсан 4 220 000 төгрөгийн төлөлт П.Г, О.Ц нарт хийсэн учраас би Ц.Бд төлөх төлбөргүй ... гэсэн хэдий ч Ц.Бгийн харилцах данснаас өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч Ц.Б нь 3,000,000 төгрөгийг Г.Уийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул зээлдэгч Г.У нь мөн хуульд зааснаар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд 3,000,000 төгрөгийг Г.Уээс гаргуулан Ц.Бд олгох үндэслэлтэй байна.

Хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа О.Ц, П.Г нарт бэлэн ба бэлэн бусааар маргааны зүйл болж байгаа 3 000 000 төгрөг бүхэлдээ буюу хэсэгчилсэн байдлаар орж ирээгүй, мөн уг мөнгийг өөрийн харилцах дансанд шилжүүлэн авсан Г.У төлбөл зохих мөнгийг О.Ц, П.Г нарт шижлүүлсэн гэдгээ нотлолж чадахгүй байгаа тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэх этгээд биш, энэ талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүү тогтоосон гэрээг бичгээр хийгээгүй тул хүү шаардах эрхгүй байна. Иймд хүү 1,000,000 төгрөгийг Г.Уээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзалын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.У нь өөрийн тайлбарт дурдсан ... П.Г, О.Ц нараар дамжуулж авсан учраас тэднийг мөнгөө нэхэхэд сар бүр тогтмол төлөлт хийж байсан, 4 220 ,000 төгрөгийн төлөлт П.Г, О.Ц нарт хийсэн учраас би Ц.Бд төлөх төлбөргүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй боловч энэ талаархи нотлох баримт болох 4 220 000 төгрөгийг ямар хэлбэрээр шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзалаа нотлолж чадахгүй байна.

 

Мөн хариуцагч Г.У нь өөрийн харилцах дансанд шилжүүлэн авсан 3 000 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ буюу Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүүлэгчийн оршин суугаа газарт, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хуульд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөөгүй байна.

Мөн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох П.Г, О.Ц нарт хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа бөгөөд, хариуцагч Г.Уийн энэ үйлдэлээр үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Ц.Б ашиг олсон эсэх, зөвшөөрсөн эсэхийг нотолж чадаагүй тул уг үүргийг гүйцэтгэсэнд тооцох үндэслэлгүй, хүлээлгэн өгсөн гэх баримтгүй байна.

Хариуцагч Г.У нь бусдын өмнө гүйцэтгэх мөнгөн төлбөрийн үүргээ О.Ц, П.Г нарт шилжүүлэн өгсөн гэх талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 281 дүгээр зүйлийн 281.3-т зааснаар хариуцагч Г.У-ээс 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, хүү 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хамтран хариуцагч О.Ц, П.Г нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 9 дүгээр сарын сарын 01-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Уранчмэгээс улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ