Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 153

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2015/00986/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж,  шүүгч Г.Давааренчин,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 891 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Ц-ийн Б, 

          Хариуцагч Боржигон овогт Г-ийн У,

          Хариуцагч Боржигон овогт О-ийн Ц,

          Хариуцагч Боржигон овогт П-ийн Г нарт холбогдох, 

          “4.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         О.Ц-, П.Г- гэх хүмүүсийн хамаатан болох Г.У- нь лангуу худалдаж авах гэсэн юм гэж дээрх хүмүүсээр дамжуулан гуйгаад байхаар нь 3.000.000 төгрөгийг Г.У-ийн дансанд хийж зээлдүүлсэн. Энэ нь 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр юм. Тухайн үед би эргүүлэн өгөх хүртэл нь 5 хувийн хүүтэй гэж тохирсон. Гэвч Г.У- нэхүүлээд ч өгөөгүй тул бидний дунд зуучилсан П.Г-, О.Ц- нараас би 4.000.000 төгрөгийг хүүгийн хамт авсан. Тухайн үед АНУ явах болж мөнгөө авах гэхэд энэ хүн өгөөгүй. Одоо би Г.У-ээс өөрийнхөө зээлсэн 3.000.000 төгрөгийг хүүгийн хамт 4.000.000 төгрөг Г.У-ээс гаргуулан авч О.Ц-, П.Г- нарт өгмөөр байна. Уг нь Г.У-ийг зээл авч өгсөн хүндээ өгчих юм гэж бодсон чинь Ц.Б-гаас зээлсэн гээд өгөөгүй байна. Иймд Г.У-ээс 4.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Г.У-ийн хүсэлтийг П.Г-, О.Ц- нар Ц.Б-д уламжлан 3.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тэр цагаас хойш мөнгөө өгөөгүй. Ц.Б-гийн хувьд Америкт амьдардаг байсан болохоор Монголд ирээгүй байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь П.Г-, О.Ц- нарт нэхэмжлэгч Ц.Б- утсаар танай дүү чинь мөнгөө өгөхгүй байна гээд хэлж П.Г-, О.Ц- нар Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Сум дундын 7 дугаар шүүх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүх нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж үзсэн юм. Хамтран хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн асуудал. Ц.Б-д хэнээс ч ямар ч мөнгө ирээгүй. Г.У- өөрийн гараар өргөдөл бичсэн байгаа. Тийм болохоор Г.У-ээс 4.800.000 төгрөг гаргуулах ёстой гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс 4.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ц.Б- одоо сахарын өвчтэй хэцүү байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шийдэх асуудал юм. Тэрнээс биш энэ хүмүүсийн хооронд мөнгө өгсөн авсан нь хамаагүй. Ямар ч байсан Ц.Б-д нэг ч төгрөг хэнээс ч ирээгүй Г.У- О.Ц-, П.Г- нарт уг мөнгийг төлсөн гэж байгаа бол П.Г-, О.Ц- нараас мөнгө шилжин орж ирээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, мөн 555 дугаар шийдвэртэй хэрэгт энэ талаар дүгнэсэн байгаа. Г.У- Ц.Б-тай харьцаж байгаагүй гэж худлаа яриад байх юм. Хэд хэдэн удаа мөнгөө нэхэж ярьсан. Машиныг нь барьцаанд авсан гэж ярьж байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. 3.000.000 төгрөгийг өөрөө шилжүүлсэн. Тэр үед өөрөө хотод байсан. Ц.Б-д ямар ч мөнгө өгөөгүй. Ц.Б- виз захиалах гээд 2.000.000 гаран төгрөг зээлсэн. Дарханд ирээд буцаагаад өгсөн. Иргэний харилцаа гэрээ хийсэн хүнээсээ нэхэмжлэх эрхтэй. Тийм болохоор Г.У-ээс 4.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

           Хариуцагч Г.У- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

           О.Ц-, П.Г- нараас мөнгө хэрэгтэй байна зээлэх мөнгө байна уу гэхэд Ц.Б-гаас 3.000.000 төгрөг 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлж өгсөн. Би Ц.Б-тай огт уулзаж байгаагүй. Зээлж авсан мөнгөө би буцаагаад П.Г-эд 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 150.000, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 150.000, нийт 300.000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 150.000, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 180.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 180.000 төгрөг, нийт 360.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сард 1.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сард 1.060.000 төгрөг төлөөд нийт 4.220.000 төгрөг төлж дуусгасан. Энэ талаар өмнөх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралд авч байснаа П.Г- нь хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл П.Г-, О.Ц- нар шүүхэд худал тайлбар гаргасан байх тул миний бие дараах тайлбарыг гаргалаа. О.Ц-, П.Г- нар нь 2014 оны 03 дугаар сарын 11-ний өглөө эрт 7 цаг орчимд манай гэрт ирж миний ээж ******* бид 2-ыг мөнгөө төл гэж загнаж, харааж, зүхэж элдвээр хэлээд 9 цагийн үед микрийн нотариат орно гэж гэрийн гадаа байгаа CRYSTA маркийн машиныг унаад яв гэж хэлсэн. Энэ манай хүргэн ахын машин түр юманд явна гээд авчирсан юм гэхэд нотариат ороод буцаагаад аваад ирэхгүй юу гэж О.Ц- уурласан. Нотариат дээр ирээд гэрээ хийж дууссаны дараа машины түлхүүрээ өг гэж П.Г-, О.Ц- нар намайг загнаж П.Г- нь түлхүүр булааж намайг алгадаж өмсөж явсан хувцасыг минь урж булааж авсан. Хүргэн ах машинаа нэхээд байхаар нь би хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь нөхрийнхөө амралтын мөнгө буухаар 1.060.000 төгрөг төлөөд тооцоо дууссан. /Дархан Номин ХААН банкны АТМ-ээс авч өгсөн/ П.Г-, О.Ц- нарынд амьдарч байсан нь үнэн боловч гэрийнх нь бүхий л ажлыг хийж 2 хүүхдийг нь хардаг байсан. Тэр ч бүү хэл О.Ц-гийн дүү нарынх нь гэрийн цэвэрлэгээний ажлыг нь хүртэл хийдэг байсан. Намайг жаахан хүүхэд наймаа сайн хийдэг гээд одтой хүүхэд гээд форм, ногоо дардаг шил, оймс  гээд бүх л бараа заруулж гадуур явуулдаг байсан. Надад хаях гэж юм уу шатаах гэж байсан хувцаснаасаа өмсгөдөг. П.Г-, О.Ц- нараас хулгай хийж, худлаа ярьж амьдарч үзээгүй. Ядуу хүн болгон буруу зуршилтай байдаггүй гэж бодож байна. Ирэхэд нь халуун хоолтой, солиход  хувцас нь цэвэрхэн 2 хүүхдийг нь өвтгөж зовоохгүй юмсан гэж бодож 10 жил хамт амьдарсан. Ах эгч 2 минь байсан гэжээ.

          Хариуцагч Г.У- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          Би О.Ц-, П.Г- нарт мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Ц.Б-гаас мөнгө зээлсэн нь үнэн. Сар болгоны 4-ний өдөр П.Г- гэдэг хүнд өгч байсан. 2012 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2013 оны 01 дүгээр сар хүртэл 150.000 төгрөгөөр төлж байгаад 2013 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэл 180.000 төгрөөр төлсөн. Би Ц.Б- гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. О.Ц- гэдэг хүн мөнгө авч байгаа юм чинь бичгээр мөнгө зээлж байгаа гэж бич гээд бичиж өгсөн. Яг тэр мөнгө авдаг өдөр би О.Ц- гэдэг хүнтэй ярьсан чинь одоо П.Г- ах чинь мөнгө хийх гээд Хаан банк уруу явсан гэж хэлсэн. Миний тооцоогоор нийтдээ 4.220.000 төгрөг П.Г- гэдэг хүнд өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө хааяа миний лангуу дээр ирж П.Г- авдаг байсан. Заримдаа би өөрөө аваачиж өгдөг байсан. 3.000.000 төгрөгийн баримт дээр Ц.Б- гэдэг хүний гарын үсэг байсан. Хамгийн сүүлд 1.060.000 төгрөг өгөхдөө Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс О.Ц- гэдэг хүнд авч өгсөн. Ц.Б- нэг ч удаа ярьж байгаагүй. О.Ц- эгч, П.Г- ах хоёртой ярьдаг байсан. Би бэлнээр мөнгө өгдөг байсан болохоор нотлох баримт байхгүй байна. Нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй мөнгө авна гэж бич гэхээр нь би О.Ц- эгчид бичиж өгсөн. 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манайд ирээд миний унаж байсан манай ахын машиныг аваад явсан. Тэгээд би 2014 оны 05 дугаар сард 1.000.000 төгрөг хүнээс зээлж өгөөд машин хэрэгтэй байна гэж П.Г- ахаас машинаа авч байсан. Хамгийн сүүлд нөхрийнхөө амралтын мөнгийг аваад 3.000.000 төгрөгийг төлж дуусгасан. Би 4.220.000 төгрөг төлсөн. Одоо төлж чадахгүй гэв.

          Хамтран хариуцагч П.Г-, О.Ц- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          О.Ц- би 2014 оны 3 дугаар сард дүү болох Г.У-т амьдрал ахуй хэцүү байна ах эгч 2 тус болооч гээд гуйгаад ирэхээр нь найз эгч Ц.Б-гаас 3.000.000 төгрөг 6 хувийн хүүтэйгээр өөрийн хүлээн зөвшөөрсөн гар бичмэлээр 3.000.000 төгрөгийг ХААН банкаар Г.У-ийн дансанд шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй байж байгаад буцааж өмнөөс нь 4.000.000 төгрөг болгон нөхөр бид 2 төлсөн. 2015 оны 4 дүгээр сард шүүх хурал болоод Г.У-ээс нэхэмжилсэн боловч өгсөн эзэд нь биш гээд шийдвэрлэж өгөөгүй. Тухайн үед Г.У-ээс манай нөхөр 150.000 төгрөгөөр 2 удаа, 180.000 төгрөгөөр нэг удаа О.Ц-д 1.060.000 төгрөг өгсөн гэдгийг шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн боловч аман гэрээгээр CRYSTA маркийн машиныг оронд нь өгсөн байсан. Тэгээд удахгүй зараад өгье гэж худлаа хэлээд аваад явсан. Дээр дурдсан эдгээр 1.540.000 төгрөг надад өгсөн баримт нотолгоо байхгүй. Би Ц.Б- эгчид өгсөн нотолгоо бас байхгүй. Эгч Ц.Б- нь аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Ц.Б-гийн нэхэмжилсэн Г.У-тэй холбоотой асуудалд нөхөр бид 2 ямар ч хамаагүй. Энэ хүн нь нөхөр бид 2-ыг гүтгэсэн. Нэхэмжлэлийн дагуу энэ шүүх хуралд нөхөр бид 2 холбогдолгүй учраас шүүх хуралд суухаас татгалзаж байна. Жич: Г.У- нь анх 6 дугаар ангийн жаахан охин дүү ээжийн хамт Дорнод аймгаас Дарханд манай хадам ахтай хамт амьдрахаар ирж байсан. Аав болох П.******* нь архи их уудаг, гэр оронгүй, 2 хүүхдээ эхнэртэйгээ дагуулаад энд тэнд яваад байхаар нь охиныг нь авч 16 дугаар сургуульд 7 дугаар ангид оруулж өгөөд 10 дугаар анги төгстөл нь гэртээ байлгаж, хоол унд, хувцас хунарыг нь хангаж, муу зуршил болох хуруугаа хөхөх, худлаа ярих, хулгай хийх зуршлыг нь болиулж зөв хүмүүжил олгож өгсөн. Ийм ойр байсан учраас амьдралд орсон хойно нь тус болох үүднээс хүнээс мөнгө авч өгөөд өнөөдрийн байдалд хүрлээ гэжээ.

Хамтран хариуцагч П.Г- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Б- нь О.Ц- бид хоёрт итгээд Г.У-т мөнгө зээлсэн юм. Г.У- бид хоёр хамаатан хүмүүс болохоор тус болъё гэж бодсон юм. Г.У-ээс мөнгө авч байгаагүй. Танай дүү чинь мөнгөө өгөхгүй байна гэж Ц.Б- хэлдэг байсан. О.Ц- бид хоёр энэ мөнгөнөөс болж Г.У-т маш их хэлж, бид хоорондоо их хэл ам хийсэн. Ц.Б- уруу шилжүүлсэн мөнгө байхгүй. Эмчилгээнд явлаа гээд билет захиалах гээд мөнгө дутаад байна гэхээр нь мөнгө өгсөн. Харин Г.У-ээс огт төлөгдөөгүй. Аман гэрээгээр өгнө гэж хэлээд дараа нь өгч чадаагүй юм. Машиныг зараад өгнө гэсэн болохоор нь 4.000.000 төгрөг Ц.Б-д өгсөн гэсэн. Би Г.У-ээс мөнгө аваагүй. Г.У-, Ц.Б-д зээлсэн мөнгөө төлөх ёстой гэжээ.

Хариуцагчийн Г.У-ийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 06 дугаар сарын 02-ны шийдвэр бол Ц.Б- гэдэг хүнийг төлөөлөх эрхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Б-гийн хувьд Г.У-ээс нэхэмжлэх зүйл байхгүй 4.220.000 төгрөг төлсөн. 555 дугаартай тэмдэглэл дээр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар 555 дугаар тэмдэглэлийн үйл баримтууд нотлох баримт болно гэж үзэж байна. Энэ тэмдэглэлээс үзэхэд 1.540.000 төгрөг хасагдах ёстой. Сая П.Г- хэллээ 4.000.000 төгрөг өгсөн гэж. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ гэж үзэхгүй байна. Хэрвээ зээлийн гэрээ гэж үзэх юм бол Иргэний хуулийн 281-д заасан шаардлагыг хангаагүй байна. Тийм болохоор зээлийн гэрээ хийсэн гэж үзэхгүй байна. Г.У- нь 6 хувийн хүүтэй зээлнэ гэж О.Ц- гэдэг хүнд бичиж өгсөн. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхгүй юм гэв.

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 891 дугаар шийдвэрээр:

         Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 281 дүгээр зүйлийн 281.3-т зааснаар хариуцагч Г.У-ээс 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, хүү 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хамтран хариуцагч О.Ц-, П.Г- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 9 дүгээр сарын сарын 01-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Уранчмэгээс улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

          Хариуцагцийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн 891 тоот шийдвэрийг үл зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Ц.Б-тай нэг ч удаа уулзаж байгаагүй, мөнгө төгрөг зээлэх талаар ч ярьж байгаагүй бөгөөд бидний хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд надаас 3.000.000 төгрөг гаргуулж байгаа нь зүйд нийцэхгүй юм. Харин би О.Ц-, П.Г- нараас 3.000.000 төгрөг авсан бөгөөд тухайн үед дээрх мөнгийг П.Г-, О.Ц- нар нь Ц.Б- гэж нэрээр надруу шилжүүлснийг Ц.Б-гаас авсан гэж, хэлбэрийн төдий агуулсан нотлох баримтыг үндэслэн надаар төлүүлэх нь үндэслэлгүй юм. Мөн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 555 тоот шийдвэрээр О.Ц-, П.Г- нар нь Ц.Б-г төлөөлөх эрхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ц ******* нь дээрх 2 хүнээс хохирсон мөнгөө авсан гэдэг нь өөрийнх нь мэдүүлгээр болон, хүлээн зөвшөөрч байхад хэтэрхий нэг талыг барьж надаар төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн 2015 оны 06 дугаар 02-ны өдрийн 555 иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд О.Ц- нь 1.060.000 төгрөг Г.У-ээс авч Ц.Б-д өгсөн, мөн П.Г- нь хоёр гурван удаа Г.У-ээс хүү гэж 150.000 төгрөг өгсөн,150.000 төгрөгөөр 2 удаа, 180.000 төгрөгөөр 1 удаа өгсөн, мөн Ц.******* нь Н.*******ээс нийт 3.160.000 төгрөг цувуулж авч Ц.Б-д өгсөн гэж тэмдэглэлд бичигдсэн байхад үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй зориуд орхисон, шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдалгүй хаясан, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болжээ гэж үзэхээс өөр аргагүй юм. О.Ц-, П.Г- нар нь 4.000.000 төгрөг надаас нэхэмжилсэн хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаар тогтоолын хянах хэсэгт: Ц.Б-гийн нэхэмжлэлтэй, Г.У-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ О.Ц-, П.Г- нарын нэхэмжлэлтэй №555 тоот шийдвэртэй хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дансны хуулгийг судалсан боловч эдгээр баримтууд хэрэгт байхгүй байна гэж дурдаж, анхааруулж хэргийг дахин үнэн зөв шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад үүнд ямар ч ач холбогдол өгөхгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Иргэн Г.У- би О.Ц- П.Г- нараас авсан 3.000.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон, О.Ц- П.Г- нар нь надаас авсан мөнгийг Ц.Б-д өгсөн. Одоо ямарч хохирлын асуудал байхгүй тул Г.У- надад холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг гаргаж байна гэв. 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  шаардлагад  нийцжээ.

            Нэхэмжлэгч Ц.Б- нь  хариуцагч  Г.У-, О.Ц-, П.Г- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 4.000.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Г.У- “...Ц.Б-гаас  мөнгө зээлсэн нь үнэн, сар болгоны 4-ний өдөр П.Г-эд өгч байсан, 2012 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2013 оны 01 дүгээр  сар хүртэл  150.000  төгрөгөөр төлж байгаад  2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  хүртэл 180.000 төгрөгөөр төлсөн. Миний тооцоогоор  нийтдээ 4.220.000 төгрөг  өгсөн... , ...Одоо  мөнгө төлж чадахгүй, 

            Хариуцагч  П.Г-, О.Ц- “Би 2014 оны 3 дугаар сард дүү болох  Г.У-т амьдрал ахуй  хэцүү байна, ах эгч 2 тус болооч гээд гуйгаад ирэхээр нь  найз эгч  Ц.Б-гаас  3.000.000 төгрөг 6 хувийн хүүтэйгээр  өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн гар бичмэлээр  3.000.000 төгрөгийг ХААН банкны Г.У-ийн дансаар шилжүүлж өгсөн, ... 150.000 төгрөгөөр 2 удаа, 180.000 төгрөгөөр 1 удаа, О.Ц-д  1.060.000 төгрөг өгсөн гэдгийг шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн боловч  1.540.000 төгрөг надад өгсөн  баримт нотолгоо байхгүй, бид 2 энэ асуудалд ямар ч хамаагүй...,  ...Г.У- Ц.Б-д зээлсэн мөнгөө  төлөх ёстой,   нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

            Анхан шатны  шүүх  Ц.Б-, Г.У- нарын  хооронд  зээлийн гэрээний харилцаа үүссэн, Ц.Б- нь 3.000.000 төгрөг шилжүүлэх  үүргээ биелүүлсэн, Г.У- уг мөнгийг буцаан төлөх  үүргээ биелүүлээгүй, түүнээс  3.000.000 төгрөг гаргуулж, бусад  хариуцагч   нарыг  зээлийн гэрээний  үүрэгт хамааралгүй  гэж  үзэн  тэдэнд холбогдуулсан нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж  дүгнэснийг  буруутгах  боломжгүй  байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас  үзэхэд  Г.У- нь  О.Ц-, П.Г- нараар  дамжуулан  Ц.Б-гаас  3.000.000 төгрөг  зээлсэн харин  буцааж  4.220.000 төгрөгийг П.Г-эд  өгсөн  гэж  тайлбарлаж  байгаа  хэдий ч өөр   нотлох  баримтаар  нотлож чадаагүй  байна.

Үүргийн гүйцэтгэлийг  хүлээлгэн  өгсөн гэж үзэх тохиолдлыг  Иргэний хуулийн 211 дүгээр зүйлээр  зохицуулсан. Үүргийн гүйцэтгэлийг  хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн  бол  гагцхүү  үүрэг  гүйцэтгүүлэгч  зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр  үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон  нөхцөлд уул  үүргийг гүйцэтгэсэнд  тооцно гэжээ.

Өөрөөр хэлбэл  Ц.Б-д өгөх мөнгийг П.Г-, О.Ц-  нарт  хүлээлгэж  өгснийг  Ц.Б-  зөвшөөрөхгүй байгаа нь  Г.У-ийг  зээлийн гэрээний дагуу  зээлийг  буцаан  төлөх  үүргээ  биелүүлээгүй  гэж үзэх  үндэслэлтэй.

Хариуцагч  гэж  нэхэмжлэгчийн  эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй,  эсхүл  зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг  хэлэх  бөгөөд О.Ц-, П.Г-  нар нь  зээлийн гэрээний  талуудын  өмнө  амаар болон бичгээр  ямар нэгэн  үүрэг хүлээгээгүй  болно. Иймд  О.Ц-, П.Г- нар  зээлийн гэрээний  мөнгөн төлбөр төлөх  үндсэн  үүргийг  хүлээгээгүй тул зээлдүүлэгч  тэднээс  мөнгөн төлбөрийн  үүргийн гүйцэтгэлийг  шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ  зээлийн гэрээний хүүд  1.000.000 төгрөг  шаарджээ.

Зээлийн гэрээгээр хүү  тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй  бол хүү авах эрхээ алдана  гэж  Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заажээ.

Хэргийн 82 дугаар талд авагдсан  “******* овогтой ******* миний бие нь  *******гийн *******гаас  6 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар  3.000.000 төгрөг зээлж байгаа нь үнэн болно”   гэсэн бичиг бүхий   нотлох баримт  нь  Иргэний хуулийн  шаардлагад  нийцээгүй  талаар  шүүх үндэслэл бүхий  дүгнэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан  өмнө  болсон шүүх хуралдааны  тэмдэглэлийг нотлох баримтын  хэмжээнд үнэлсэнгүй, Ц.Б-гаас  ямар ч мөнгө зээлээгүй, П.Г-, О.Ц- нараас  3.000.000 төгрөг авч  буцааж  тэдэнд төлсөн, одоо надад ямар ч төлбөр байхгүй  гэх  гомдлыг хангах   үндэслэлгүй байна.

Дээрх  гомдол нь  энэ хэргийн хариуцагчаар татагдсан  О.Ц-, П.Г- нарын  тайлбар  болон Г.У-  өөрөө  шүүхэд гаргасан   тайлбараар  үгүйсгэгдсэн, мөн П.Г-, О.Ц- нарт  мөнгө  өгсөн  үйл  явдлыг  энэ нэхэмжлэлд хамтатган  шийдвэрлэх боломжгүй  байх  тул  шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  үзлээ.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Г.У-ийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул  аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 09-ний  өдрийн  891 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  63.000 төгрөг төлснийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                               

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ОЮУНЦЭЦЭГ             

                       ШҮҮГЧИД                                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        С.ЭНХЖАРГАЛ