Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1606

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01727

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сумын 1 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** 1, Ш*** А***

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, “***” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох

 

24.169.149 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А*** , хариуцагчийн төлөөлөгч А.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргын *** тоот тушаалаар тус байгууллагын нягтлан бодогчийн ажлаас халагдсан юм. Энэхүү тушаалыг хүчингүйд тооцуулахаар шат шатны шүүхэд хандсаны эцэст 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/*** тоот тогтоолоор уг өдрөөс эхлэн ажилдаа эргүүлэн орохоор болсон юм. Гэтэл уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж шагналын болон урамшууллын гэрээнд төлбөр төлсөн хийгээд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх цалин, нийт ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт ногдох Нийгмийн даатгалын шимтгэл хийгээд хуулийн зөрүүгээс үүссэн зөрүү төлбөр хийгээд ус, дулааны алдангийн төлбөр, унааны зардал, зээл авч, өгснөөс үүссэн үнийн зөрүү, нотариатын үйлчилгээ болон тодруулгын төлбөрийг миний бие доорх тооцооллыг хийн нэхэмжилж байгаа юм.

1. Дээд шатны шүүхийн тогтоол нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр гарч уг хугацааг хүртэл цалингийн олговрыг олгохоор тогтоолдоо тусгасан тул миний бие миний бие уг өдрөөс хойш ажилдаа орсон хугацааны цалингийн олговроо гаргуулах хүсэлтэй байна. 2016 оны 05 дугаар сарын ажлын 22 хоногоос 12 хоногт нь дээрх шүүхийн тогтоолд хамрагдаж  байгаа  тул  үлдсэн  10  хоногт  ногдох  300.201  төгрөг,  6 дугаар сарын 660.443

 

 

төгрөг, 7 дугаар сарын 660.443 төгрөг, 8 дугаар сарын ажлын 23 хоногоос 16 хоногт ногдох 459.439 төгрөг, нийт 2.080.526 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

2. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ДШШүүхийн хуралдааны тогтоолыг гарснаас хойш удаа дараалан ажилдаа орох хүсэлт тавьж надад олгогдох нөхөн олговрын дүнгээсээ хагаслан /нийт үнийн дүнгийн 10 хувь ч хүрэхгүй мөнгөн дүнг л урьдчилан олгохыг хүсч зээлийн төлбөрөө хийх нөхцлийг бүрдүүлэхийг хүссэн бөгөөд хамт ажиллаж байсны хувьд нөхцөл байдлыг ойлгон бөөн дүнгээр нь авъя гээгүй/ олгохыг удаа дараалан утсаар ярьж, мессеж бичиж байсан боловч /өдийг хүртэл ямар нэгэн шалтаг тоочин, сүүлдээ утсаа авахаа больж/ олговрыг маань олголгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүргэснээс Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд хандахад хүрсэн. Шүүхийн тогтоолыг хангуулахыг тулд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зардлын гэрээнд 30.000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд нийт үнийн дүнгийн 8.5 хувь буюу 328.990 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд үүнийгээ *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраар нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Миний бие Дээд шүүхийн тогтоол гарчихаад байхад түүнийг хэрэгжүүлэхийг удаа дараалан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргадаа хандаад шийдэлд хүрээгүй тул аргагүй эрхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж хангуулахыг хуулийг сахиулагч байгууллагаар шийдвэрлүүлэхээс аргагүй байсан. Иргэн хүний эрх зөрчигдөөд тухайн эрхийг хангуулахыг шүүхээр шийдвэрлээд байхад тогтоолыг хэрэгжүүлэхгүй өр, зээл тавих нөхцөл бүрдүүлсэн гэж бодож байна. Гэвч хуулийг хэрэгжүүлэх байгууллага нь дээрх 2 гэрээг байгуулсан тохиолдолд хуулийг сахиулна манай байгууллагын дотоод журам ийм гэснээс эрхээ хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй нөхцөлд уг гэрээ болон төлбөрийг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулсан 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мөн тодорхой зардлууд гарч 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орох нөхцөл бүрдсэн билээ. Иймд дээрх зардлуудыг гаргах нөхцлийг бүрдүүлж ажилласан байгууллагаараа уг зардлыг гаргуулахыг нэхэмжилж байна. Үнэн чанартаа энэ бүх ажилгүй байсан хугацаанд зээлийн төлбөрөө хийх, амьжиргааны зардлыг олох ямар ч нэмэлт орлоггүйг маань мэдсээр атлаа ажилд маань эргүүлэн авалгүй, олговроос маань бололцоогоор олголгүй ДШШүүхийн тогтоолыг хэрэгжүүлж ажлаагүй учраас дээрх зардлууд гаргасныг нөхөн төлүүлж өгнө үү. /40 хүрч байгаа иргэдэд ажилд орох боломжгүй байдгын нотолгоо энэ бүх хугацаанд миний бие огт ажилд орж, сонгогдож чадаагүй байгаагаас харагдаж байгаа бөгөөд өөр туслах чанарын ажилд ч орж чадаагүйгээр нотлогдож байгаа билээ/. Энэ бүх хугацаанд сэтгэл санааны хүнд байдалд байсны улмаас эрүүл мэндэд маань цаашид мөнгөн дүнгээр нь илэрхийлэгдэх боломжгүй өч төчнөөн асуудлын эх үндсийг бий болгосон байхыг үгүйсгэх аргагүй байгаа юм. Үүнийг урьдчилан өд, төд гэж мэдэж үнэлэх аргагүй байна. ШШГГ-нд төлсөн 358.990 төгрөг.

 3. Миний бие ажилгүй болсон үедээ удаа дараагийн шүүх хуралд орох зуураа Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан бөгөөд ажилдаа буцаж орсноор уг тэтгэмжийг нөхөн төлүүлэх акт тавигдсан. ДШШүүхийн тогтоолоор олгохоор заагдсан цалингийн олговрын дагуу байгууллагаар төлүүлэх НДШимтгэлийн тайланд тусган “энгийн ажилтан” буюу 01 төрлөөр шимтгэлээ төлснөөр тайлангаа гаргаж өгөхөд Нийгмийн даатгалын байгууллагаас ажлаас халагдаад орсон тул “Хууль бусаар ажлаас халагдсан” гэх 32 төрлийг сонгож шимтгэлээ төлсөн тайлан гаргаж өг “үгүй бол тайланг чинь авахгүй” гэсэн болно. Өх гэсэн дансны өсөлтөө бодоход энгийн ажилтан төрөл нь ажлаас буруу халагдсан үеийн гэм хорыг нөхөх байтал заавал 32 төрлөөр тайлагнана гээд байгаа нь хэтэрхий нэг талыг барьж байна гэж бодож байна. Иймд миний бие нийгмийн даатгалын хэлтсийн даргад өргөдөл гаргаж тайлбар авсан юм. Өөрөөр хэлбэл миний бие үндэслэлгүйгээр ажлаас халагдаад улмаар ажилгүйдлийн тэтгэмжийн төлбөрийг төлөхөөр акт тавигдсан мөртлөө нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхээс тогтоох нь:

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан “Даатгуулагч” гэж энэ зүйл, хэсэг болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тодорхойлсон болзол, шаардлага хангасан, ажил хөдөлмөр эрхлээгүй хүнийг хэлнэ.

Мөн зүйл хэсэгт заасан “ажилгүйдлийн тэтгэмж” гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно. 2 Ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлага хангасан, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн алба уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн хүнд олгоно, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс тогтоох нь:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “тодорхой хөдөлмөр эрхлээгүй” гэдэгт ажил, хөдөлмөр огт эрхлээгүйгээс энэ зүйлийн 2-т зааснаас бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг хамааруулан ойлгоно.

Энэ зүйл, хэсэгт заасан “даатгуулагчид учирсан хохирол” гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болгох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “ажил олгогч бүрэн хариуцна” гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ.

Ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө нь хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан нийгмийн даатгалын төрөл тус бүрээр бие даасан санг бүрдүүлдэг, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан сангийн төрөл тус бүрийг хуулийн 7 дугаар зүйлд заасан “нэг төрлийн сан” гэж үзнэ. Мөн зүйл хэсэгт заасан “ажилгүйдлийн тэтгэмж” гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас өгсөн амьжиргааны эх үүсвэр болгож, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл миний бие нийгмийн даатгалын сан дахь өөрийн нэрийн дансны үлдэгдэл нь /ажлаас буруу халагдаагүй бол зохих шатны хяналтын байгууллагаас тодруулга авсан бол буруу халагдаж, хохирол амсахгүй байсан тул/ Сар бүр байгууллагаас дараах 13 хувь, өөрөөс төлөх 10 хувь, буюу нийт 23 хувь буюу 1.368.729 төгрөгөөр нэрийн данс маань өсч улмаар хүү бодогдож явах ёстой байсныг таслан зогсоож улмаар Тэтгэврийн даатгалын санд зөвхөн 7,8 хувиар Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Ажил олгогч ажлаас буруу халсан үеийн гэм хорын үеийн гэм хорыг бүрэн хариуцна гэсэн нь бүрэн хэрэгжихгүй байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ажлаас буруу халагдаагүй бол 5.950.994 төгрөгийн цалинд ногдох шимтгэл нь тэтгэврийн даатгалын санд 833.139 төгрөг, тэтгэмжийн санд 95.216 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сан 238.040 төгрөг, Ажилгүйдлийн даатгалын сан 23.804 төгрөг, ҮОМШӨ даатгалын санд 178.530 төгрөг, нийт 1.368.729 төгрөг өөрийн нэрийн дансандаа байршуулах байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын сангаас зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн байгууллагаас даах хувиар тайлангаа авна гээд байгаа нь иргэн хүн илтэд хохирч байгааг зөвшөөрч байна гэж би бодож байна. Эсвэл хамгийн багадаа ажил олгогчоос тэтгэврийн даатгалын санг 15,6 хувиар төлж нэрийн дансны үлдэгдлийг маань өсгөсөн бол асуудалгүй байх байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэрийн дансны үлдэгдэл хүү тооцогдох мөн 3.870.469+2.080.526 буюу нийт 5.950.994 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл 464.178 төгрөг болон 928.356 төгрөгийн хооронд зөрүү байгаа нь ажлаас буруу халагдснаас үүссэн хорыг арилгасан гэсэн үг биш байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ажлаас буруу халагдсан энэ бүх хугацаанд хүний амьдралын цаг хугацаа зогсдоггүй бөгөөд үргэлжилж улмаар гарах ёстой зардлууд гарч, амжиргаагаа явуулах хэрэгцээ шаардлага гарч зээлийн төлбөрөө хийх гэх мэт асуудлууд үүсч байснаас дахин зээл тавих, зээлийн барьцаатай газруудад эд хөрөнгөө тавьж алдах гэх мэт асуудлууд хүндрэлүүд үүсч байсан бөгөөд ажлаас халагдаагүй байх үеийн зардлуудаа нөхөн төлж барагдуулах гэх мэтээр асуудлаа шийдсээр ирсэн билээ. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагад ажилгүйдлийн тэтгэмжээ нөхөн төлөх болоод байгаа бөгөөд энэ мөнгийг авч амьдралаа залгуулж байсан нь маргашгүй үнэн бөгөөд надад учруулсан асуудал гэм хорын үнлэмжид уг мөнгийг байгууллагаараа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Гэтэл уг хуралдаанаас хойш 3 сарын хугацаанд миний бие ажилдаа орж чадахгүй байсан юм. Энэ хугацаанд миний бие банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зээлийн өрийг удаа дараалан тавьсан юм. Иймээс найз нөхдөөсөө авсан зээлийн төлбөрийг төлж чадалгүй өдийг хүрээд байна. Энэ нь ах дүү, найз нөхдийн өмнөх нэр хүндийн үнэлэмжид маань ихээхэн нөлөөлж байна. Мөн энэ ажилгүй байсан хугацаанд орон сууцны 5 хувь руу шилжих боломжийг маань хассан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байсны улмаас зээлийн төлбөрөө удаа дараалан тогтоосон хугацаанаас хоцроож “найдваргүй” гэсэн ангилалд орж банкны ажилтнууд ирж уулзан зээлээ төлөхийг удаа дараа шахаж шаардсаар ирсэн билээ. Миний бие ажилтай, орлоготой байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан юм. Иймд гэм хорын үнэлэмжид 1.165.468 төгрөгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн санд төлүүлэх хүсэлтэй байна. Хэвийн нөхцөлд нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн санд аливаа хор тухайн хүнд учирсан гэж үзсэн тохиолдолд тухайн гэм хорын үнэлэмжийг хэвийн нөхцлөөр нь тооцож үзэх ёстой бөгөөд энгийн үед миний тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл 15,6 хувиар өсч улмаар хүү тооцогдож явах ёстой. Төлөх байсан 928.356 төгрөгнөөс одоо төлөгдөх 464.178 төгрөгийн зөрүү болох 464.178 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 1.629.646 төгрөг.

4. Миний бие байгууллагын санхүүгийн хүндрэлээс үүдэн *** ХК-иас авсан нүүрсний үнийг төлөх чадамжгүй болох үед Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал болон *** даргын нөөц сангаас түр дэмжлэг гаргуулахаар хандаад асуудал бүтэмжгүй болоход өөрийн нэрээр зээл авч, өгч Хонгор сумыг хөлдөж, гал алдахаас сэргийлсэн. Тухайн үед Дулааны станц нь төсөв санхүүгийн хувьд хүнд байгаа тул та бүхэнд өөрсдийн бөөний үнээр нүүрс нийлүүлэх боломжгүй цаашид гэрээ хийхгүй, гэрээгээ цуцлана, нүүрсний үнээ бэлнээр болон шилжүүлгээр бүрэн төлсөн тохиолдолд нүүрс нийлүүлэх болно гэсэн юм. Иймээс байгууллага нь цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж сум хөлдөх аюулд орж болзошгүйг харгалзан зээл авч өгсөн. Зээл авч өгөх үеийн 380 дугаар байрны 2 өрөө байр 20 сая төгрөгийн үнэтэй байсан. Зээлийг төлөх 10 сарын хугацаанд 2 өрөө 35 сая болж үнэ нь өссөн. Иймээс миний бие хямд үнээр байр авах боломжоо алдаад зогсохгүй, ажлаас үндэслэлгүй буруу халсан шийдвэрээс болж авсан байраа банкинд алдаж болзошгүй нөхцөлд удаа дараалан орж байсан. Ажилгүй байх хугацаандаа зээлээ төлөх боломжгүйгээс болж удаа дараалан зээлийн эдийн засагч, банкны эрхлэгчтэй уулзан нэр хүнд, сэтгэл санаагаараа хохирч байсан билээ. Мөн 5 хувь руу зээлийг маань шилжүүлэхэд асуудал үүсч байгаа болно. Ажилдаа орох шийдвэр гарсан цагаас хойш өдий хүртэл хугацаанд бусдаас зээлэн зээлийн төлбөрөө хийж ирсэн. Иймээс миний бие байрны үнийн зөрүү 20 сая төгрөгийг Үл хөдлөх газрын үнийн судалгаагаар баримтжуулж нэхэмжилж байна.

5. Ажилгүй, орлоггүй байсны улмаас миний бие ус, дулаан, СӨХ гэх мэт хэрэглээний төлбөрөө төлөх чадамжгүй болж улмаар хэрэглээний халуун усаа хаалгаж, амьдралын олон асуудалд орж байсан. *** ХК-нд усны алдангид 5247.42 төгрөг төлсөн. *** компанид 231.714.26 төгрөгийн өглөгтэй байгаа болно. Цаашид уг өглөгө дээр миний алданги, торгууль тооцогдохоор болоод байгаа болно. Нийт ус, дулааны алдангид 33.087.42 төгрөг нэхэмжилж байна.

6. Анхан шатны болон давж заалдах, дээд шатны шүүх хурлуудад хамгийн багадаа нэхэмжлэл өгөх, шүүх хуралд оролцох, шийдвэр, магадлал, тогтоол хүлээж авах гэх мэт ирж очих унааны зардлаа тооцвол анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүх гэсэн 3 удаагийн шүүх хурлын явцад тус бүрд нэхэмжлэл өгөх, хуралд оролцох, шийдвэр, магадлал тогтоолоо авах гэх мэт автобусаар ирж, буцсан гэж тооцвол 7.600 төгрөг, Улаанбаатар хот руу явсан унааны зардал 30.000 төгрөг, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулах, уулзах гэх мэт ирж очиход гарсан зардал 4800 төгрөгийн хамтаар 42.400 төгрөг нэхэмжилж байна.

7. *** ХХК-д төлсөн Үл хөдлөх хөрөнгийн үнэ, тарифын тодорхойлолтын үнэ болох 20.000 төгрөг болон нотариатын үйлчилгээний хураамжын үнэ 4500 төгрөг, нийт 24.500 төгрөгийг мөн нэхэмжилж байна.

Дээрх бүгдээ нэгтгэвээс *** орон нутгийн удирдлагын зүгээс учруулсан 24.169.149.42 төгрөг, дээрх бодитой мөнгөн дүнгийн хохирлоос гадна сэтгэл санаа /ажиллаж байх үеийн санаатай олон удаагийн үйлдлээр баримт материалыг хольж солих, үг хэл, үйлдлээр хийсэн дайралт давшилт, олон олон чиглэсэн ажиллагаанаас болж байнгын стресс, депрессээс болж ажлаас гарснаас ирж буй сэтгэл санаа хохирлоос болж бие эрхтэн системд учруулсан хохирлыг тооцоолох аргагүй байгаа/ эрүүл мэнд, нэр хүндийн үнэлэмжийг үнэлэх аргагүй байгаа билээ. Иймээс бусдын зүгээс учруулсан дээрх бодитой хохирлын дүнг нөхөн төлүүлж өгнө үү хэмээн хүсч байна. Дээрх буруу халснаас үүссэн шийдвэрээс болж сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр гэх мэт олон олон зүйлээр хохирсныг мөн үнэлэх аргагүй байна. Хуулийн ажлаас буруу халагдснаас үүссэн гэм хорыг ажил олгогч бүрэн хариуцна гэсний дагуу учирсан хохирлыг барагдуулах нөхцлийг бүрдүүлж өгнө үү хэмээн хүсч байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацааны цалинг *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас нэхэмжилсэн байна. Гэтэл дээд шатны шүүхийн шийдвэр манай байгууллага дээр 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирж бүртгэгдсэн ба 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орсон. Шүүхийн шийдвэрээр нэхэмжилсэн 3.947.345 төгрөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны *** тоот дансанд шилжүүлж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн бөгөөд дээрх хугацааны цалин болох 2.080.586 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Үндэслэлгүй гэж үзэх шалтгаан нь:

Тухайн үед ямар шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр яагаад хоцорч 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэнг одоогийн хариуцагч миний бие мэдэхгүй байна. Учир нь тухайн үед миний бие ажиллаж байгаагүй бөгөөд тухайн асуудалд хамааралгүй байсан болно. Дээд шатны шүүхийн хуралд хариуцагч С.А*** оролцоогүй байна.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 358.990 төгрөг нэхэмжилсэн байна.

Яагаад дээд шүүхийн шийдвэр оройтож ирэх болсон, яагаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандах болсон нөхцөл шалтгааныг тухайн үеийн хариуцагч болох С.А*** өөр мэдэх хүн байхгүй. С.А*** ажлаасаа халагдаж гадаад явсан тул түүнээс тайлбар авах боломжгүй байна. Одоогийн хариуцагч миний бие болон байгууллага хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын үл ойлголцлоос болсон юм уу, эсвэл шийдвэр ирээгүй байснаас болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх зөрүү 464.178 төгрөг нэхэмжилсэн байна. Дээд шатны шүүхийн шийдвэрээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөгдсөн гэж үзэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гарснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нэхэмжилж байгаад 1 ба 2 дахь нэхэмжлэлд хийсэн тайлбарыг дахин хэлэх байна.

Х.А*** 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 3.160.960 төгрөг байна. /хүснэгтээр харуулав/

Нийт цалин 3.841.931 төгрөг төлөгдсөн. Х.А*** гийн тэмдэгтийн хураамж 105.414 төгрөг нэмж төлөн нийт 3.947.345 төгрөг төлөгдөж, нийгмийн даатгалын шимтгэл 384.192 төгрөг, хүн амын орлогын албан татвар 296.774 төгрөг суутгаагүй олгосон байна.

Нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн хүндрэлээс болж нүүрсний үнийн өрөнд орж өөрөө цалингийн зээл авч төлсөн байдаг бөгөөд зээлийг 10 сарын хугацаанд төлсөн байна. Энэ хугацаанд авсан байрных нь үнэ нь өссөн энэ зөрүү нь 20 сая төгрөгийг байгууллагаар гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлгүй гэж үзэх шалтгаан нь:

Тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч хоёр өөрсдөө дарга, нягтлан бодогч байсан бөгөөд санхүүгийн чадамжаа үнэлэхгүйгээр нүүрсний нөөц бүрдүүлэх нэрээр гэрээнээс илүү нүүрс татаж аж ахуйн нэгжийг өрөнд оруулсан. Өөрсдөө санаачлан зээл авч байгууллагыг зээлийн хүүгээр хохироосон гэж үзэх үндэслэл байна. Байрны үнэ өсөх, буурах явдалд зах зээлийн бодит тогтолцоо байдаг тул байгууллагад хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед Х.А*** нь байрны зээл авах боломжгүй байсан гэж үзэж байна.

Учир нь Х.А*** 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. 2012 оны 10 дугаар сард зээл авсан. 2013 оны 09 дүгээр сард зээл төлж дуусгасан. Иймд зээлтэй байх хугацаанд байрны зээл авах боломж байхгүй. Учир нь байрны зээлийг банк 1 жил ажилласан хүнд олгодог юм байна. Байрны зээлийн зөрүү 15 сая төгрөг, 5 хувьд хамрагдаагүй гэж нийт 20 сая нэхэмжилсэн байна. Одоог хүртэл Хаан банкны 8 хувийн зээл 5 хувьд шилжээгүй байна. Мөн энэ асуудлыг түрүүчийн нэхэмжлэлдээ дурдсан боловч шүүх хэрэгсээгүй байна. Нэхэмжлэгч нь ажил, орлоггүй байх хугацааны ус, дулааны төлбөрөө хугацаа хэтрүүлснээс болж үүссэн алданги болох 33087,42 төгрөгийг нэхэмжилсэн байгааг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхдэх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж авч байсан байна. Манай байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд өөрөө болон өөрийн хүн нас барсан, өөрөө болон өөрийн ах, дүү хүнд өвдсөн тохиолдолд хамт олны саналаар буцалтгүй тусламж, хандив олгох, түлээ нүүрс хөнгөлттэй үнээр олгох гэсэн заалт байгаагаас өөр эрх зүйн акт байхгүй. Нэхэмжлэгч нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх, дээд шатны шүүхээр явсан зардал 42.400 төгрөг нэхэмжилсэн нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заалт байхгүй тул эрх зүйн акт байхгүй болно.

Нэхэмжлэгч нь цалингийн зээл авч, эгүүлэн төлөх хугацаанд /2012 оны 12 сараас 2013 оны 09 сар/ байрны үнэ өссөн тухай тодорхойлолт гаргуулахад зарцуулсан 24.500 төгрөг нэхэмжилжээ, үүнд бас байгууллага төлөх эрх зүйн акт байхгүй байна. Мөн Х.А*** нь С.А*** г ажлаа өгөх үед 1.000.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан байх бөгөөд А.Б*** ыг ажлаа авах үед 600.000 төгрөгийн урьдчилгаа авсан. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин 1.600.000 төгрөгийг авах өргөдөл гаргасан бөгөөд сүүлийн өргөдөлтэй танилцаж олгох боломжгүй гэж цохолт өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А*** нь хариуцагч “***” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан цалин 2.080.526 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт төлсөн урамшуулал 358.990 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1.629.646 төгрөг, байрны үнийн зөрүү 20 сая төгрөг, ус, дулааны алданги 33.087.42 төгрөг, замын зардал 42.400 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тарифын тодорхойлолт, нотариатын төлбөр 24.500 төгрөг нийт 24.169.149,42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.А*** нь “***” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж байгаад  тус үйлдвэрийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд тус шүүхэд тушаал хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр сэтгэл санааны хохирол гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн *** тай шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн *** тай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 001/*** дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 001/*** дугаартай тогтоолоор ....нэхэмжлэгч Х.А*** г ажилд нь эгүүлэн тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 870 468 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар тооцож, бичилт хийхийг “***” ОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол, гэнэт халагдсаны 36 сарын цалинг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 8-15/

 

Дээрхи хүчин төгөлдөр тогтоолын дагуу нэхэмжлэгч Х.А*** г Дархан-Уул аймаг Хонгор сумын “***” ОНӨААТҮГазрын даргын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай тушаалаар нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилд томилох тушаал гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “***” ОНӨААТҮГазраас ажилтны дундаж цалин 660.441 төгрөг, 1 өдрийн цалин 30.718 төгрөг, ажилгүй байсан 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлын 67 хоногт 2.058.106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А*** д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 30.000 төгрөг шилжүүлсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ зэргийг ирүүлжээ. /хх-ийн 36-38/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “***” ОНӨААТҮГазраас Х.А*** гийн урамшууллын зардалд төлсөн 30.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х.А*** гийн  ...миний бие нийгмийн даатгалын хэлтэсээс ажилгүйдлийн тэтгэмж 1.165.460 төгрөг авсан бөгөөд үүнийг буцаан олгохоор акт тавигдсан тул үүнийг байгууллагаар төлүүлэх мөн хууль бусаар халагдсан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 7,8 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг авахаар болсон нь илтэд хохиролтой тул хэвийн нөхцөлд Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн санд төлөх байсан 928356 төгрөгөөс одоо төлөгдөх 464.178 төгрөгийн зөрүү 464.178 төгрөг, нийт 1.629.646 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х.А*** нь ажилгүйдлийн даатгалын сангаас 2016 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн 76 хоногийн 1.165.460 төгрөг авсан, мөн ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрийн дагуу авсан байх тул Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар илүү олгосон 1.165.460 төгрөгийг буцаан төлүүлэхээр акт тавигдсан байна. /хх-ийн 35/

 

Иймд нэхэмжлэгч Х.А*** нь ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн  тэтгэмж болон ажилгүй байсан хугацааны цалинг давхардуулан авсан нь тогтоогдож байх тул хариуцагч “***” ОНӨААТҮГазраас 1 165 460 төгрөг, Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн санд төлөгдөх 464178 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь байгууллагад авч өгсөн зээлийг төлж байсан талаарх зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлжээ. /хх-ийн 18-28/

 

Нэхэмжлэгч Х.А*** нь өмнө нь шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хамт ажиллаж байх хугацаандаа байгууллагадаа банкнаас зээл авч өгснөөс тухайн үедээ байр худалдан авч чадаагүй, байрны үнэ өссөн үед үнэтэй байр авсны зөрүү болон ажлаас халснаас сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэж нийт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулах шаардлага гаргасныг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн тухайн үед байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах зорилгоор байгууллагадаа зээл авч өгөх үед 380-р байрны 2 өрөө байр 20 сая төгрөгийн үнэтэй байсан, байрны үнийн зөрүү 20 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй, орлогогүй болсны улмаас ус, дулааны төлбөрөө төлөх чадамжгүй болж Дархан ус суваг ХХК-д усны алдангид 5247,42 төгрөг төлсөн, *** ХХК-д 231 714,26 төгрөгийн өглөгтэй байгаа, алданги тооцохоор 27 840 төгрөг болох тул нийт 33 087,42 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн түгээгч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлөх үүрэгтэй бөгөөд үүнийг хариуцагч “***” ОНӨААТҮГазрын учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь анхан шат болон давах, хяналтын шатны шүүх хуралд ирж очсоны зардал 42400 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тарифын тодорхойлолтын үнэ болох 20 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 4500 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Х.А*** нь нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн  хувьд оролцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд гарсан зардлыг тооцох боломжгүй тул нийт 66900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д-д зааснаар хариуцагч “***” ОНӨААТҮГазраас 2.088.106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.А*** д олгож, 22.081.043,42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар тооцож, бичилт хийхийг “***” ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 278.795 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48.359 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУЯА