Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 24

 

Х.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01727/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1606 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Шарнууд овогт Хоовонгийн А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эмт наран” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт  холбогдох  

          “24.169.149 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.   

Нэхэмжлэгч Х.А-гаас:

Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Эмт наран” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргын Б/21 тоот тушаалаар тус байгууллагын нягтлан бодогчийн ажлаас халагдсан. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор уг өдрөөс эхлэн ажилдаа орохоор болсон. Гэтэл уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж шагналын болон урамшууллын гэрээнд төлбөр төлсөн хийгээд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх цалин, нийт ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт ногдох Нийгмийн даатгалын шимтгэл хийгээд хуулийн зөрүүгээс үүссэн зөрүү төлбөр хийгээд ус, дулааны алдангийн төлбөр, унааны зардал, зээл авч, өгснөөс үүссэн үнийн зөрүү, нотариатын үйлчилгээ болон тодруулгын төлбөрийг миний бие нэхэмжилж байгаа юм.

2016 оны 05 дугаар сарын ажлын 22 хоногоос 12 хоногт нь дээрх шүүхийн тогтоолд хамрагдаж  байгаа  тул  үлдсэн  10  хоногт  ногдох  300.201  төгрөг,  6 дугаар сарын 660.443 төгрөг, 7 дугаар сарын 660.443 төгрөг, 8 дугаар сарын ажлын 23 хоногоос 16 хоногт ногдох 459.439 төгрөг, нийт 2.080.526 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Шүүхийн тогтоолыг хангуулахыг тулд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зардлын гэрээнд 30.000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд нийт үнийн дүнгийн 8.5 хувь буюу 328.990 төгрөгийг тус тус төлсөн.  Ажлаас буруу халагдсан энэ бүх хугацаанд хүний амьдралын цаг хугацаа зогсдоггүй бөгөөд үргэлжилж улмаар гарах ёстой зардлууд гарч, амьжиргаагаа явуулах хэрэгцээ шаардлага гарч зээлийн төлбөрөө хийх гэх мэт асуудлууд үүсч байснаас дахин зээл тавих, зээлийн барьцаатай газруудад эд хөрөнгөө тавьж алдах гэх мэт асуудлууд хүндрэлүүд үүсч байсан бөгөөд ажлаас халагдаагүй байх үеийн зардлуудаа нөхөн төлж барагдуулах гэх мэтээр асуудлаа шийдсээр ирсэн. Ажилгүй байсан хугацаанд орон сууцны 5 хувь руу шилжих боломжийг маань хассан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байсны улмаас зээлийн төлбөрөө удаа дараалан тогтоосон хугацаанаас хоцроож “найдваргүй” гэсэн ангилалд  орсон. Миний бие ажилтай, орлоготой байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Иймд гэм хорын үнэлэмжид 1.165.468 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн санд төлүүлэх хүсэлтэй байна. Хэвийн нөхцөлд нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн санд аливаа хор тухайн хүнд учирсан гэж үзсэн тохиолдолд тухайн гэм хорын үнэлэмжийг хэвийн нөхцлөөр нь тооцож үзэх ёстой бөгөөд энгийн үед миний тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл 15,6 хувиар өсч улмаар хүү тооцогдож явах ёстой. Төлөх байсан 928.356 төгрөгнөөс одоо төлөгдөх 464.178 төгрөгийн зөрүү болох 464.178 төгрөгийг гаргуулах  хүсэлтэй байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 1.629.646 төгрөг. Зээл авч өгөх үеийн 380 дугаар байрны 2 өрөө байр 20 сая төгрөгийн үнэтэй байсан. Зээлийг төлөх 10 сарын хугацаанд 2 өрөө 35 сая болж  өссөн.

Иймээс миний бие хямд үнээр байр авах боломжоо алдаад зогсохгүй, ажлаас үндэслэлгүй буруу халсан шийдвэрээс болж авсан байраа банкинд алдаж болзошгүй нөхцөлд удаа дараалан орж байсан. Иймээс байрны үнийн зөрүү 20 сая төгрөгийг Үл хөдлөх газрын үнийн судалгаагаар баримтжуулж нэхэмжилж байна. “Дархан-Ус суваг” ХК-нд усны алдангид 5247.42 төгрөг,  “Дархан-Дулааны сүлжээ” компанид 231.714.26 төгрөгийн өглөгтэй байгаа болно. Нийт ус, дулааны алдангид 33.087.42 төгрөг нэхэмжилж байна.  Анхан шатны болон Давж заалдах, Дээд шатны шүүх хурлуудад хамгийн багадаа нэхэмжлэл өгөх, шүүх хуралд оролцох, шийдвэр, магадлал, тогтоол хүлээж авах гэх мэт ирж очих унааны зардлаа тооцвол анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүх гэсэн 3 удаагийн шүүх хурлын явцад тус бүрд нэхэмжлэл өгөх, хуралд оролцох, шийдвэр, магадлал тогтоолоо авах гэх мэт автобусаар ирж, буцсан гэж тооцвол 7.600 төгрөг, Улаанбаатар хот руу явсан унааны зардал 30.000 төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулах, уулзах гэх мэт ирж очиход гарсан зардал 4800 төгрөгийн хамтаар 42.400 төгрөг нэхэмжилж байна. Ихэр-Могой ХХК-д төлсөн үл хөдлөх хөрөнгийн үнэ, тарифын тодорхойлолтын үнэ болох 20.000 төгрөг болон нотариатын үйлчилгээний хураамжийн үнэ 4500 төгрөг, нийт 24.500 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Иймд  “Эмт наран” орон нутгийн удирдлагын зүгээс 24.169.149.42 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Батболдоос:

Х.А- нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орсон. Шүүхийн шийдвэрээр нэхэмжилсэн 3.947.345 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны 140800158889 тоот дансанд шилжүүлж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн бөгөөд дээрх хугацааны цалин болох 2.080.586 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 358.990 төгрөг нэхэмжилсэн байна. Яагаад Дээд шүүхийн шийдвэр оройтож ирэх болсон, яагаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандах болсон нөхцөл шалтгааныг тухайн үеийн хариуцагч болох С.Амартүвшингээс өөр мэдэх хүн байхгүй. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх зөрүү 464.178 төгрөг нэхэмжилсэн байна. Дээд шатны шүүхийн шийдвэрээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөгдсөн гэж үзэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Х.А-гийн тэмдэгтийн хураамж 105.414 төгрөг нэмж төлөн нийт 3.947.345 төгрөг төлөгдөж, нийгмийн даатгалын шимтгэл 384.192 төгрөг, хүн амын орлогын албан татвар 296.774 төгрөг суутгаагүй олгосон байна. Байрны үнэ өсөх, буурах явдалд зах зээлийн бодит тогтолцоо байдаг тул байгууллагад хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь ажил, орлогогүй байх хугацааны ус, дулааны төлбөрөө хугацаа хэтрүүлснээс болж үүссэн алданги болох 33087,42 төгрөгийг нэхэмжилсэн байгааг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхдэх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж авч байсан байна. Манай байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд өөрөө болон өөрийн хүн нас барсан, өөрөө болон өөрийн ах, дүү хүнд өвдсөн тохиолдолд хамт олны саналаар буцалтгүй тусламж, хандив олгох, түлээ нүүрс хөнгөлттэй үнээр олгох гэсэн заалт байгаагаас өөр эрх зүйн акт байхгүй. Нэхэмжлэгч нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх, дээд шатны шүүхээр явсан зардал 42.400 төгрөг нэхэмжилсэн нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заалт байхгүй тул эрх зүйн акт байхгүй болно. Нэхэмжлэгч нь цалингийн зээл авч, эгүүлэн төлөх хугацаанд /2012 оны 12 сараас 2013 оны 09 сар/ байрны үнэ өссөн тухай тодорхойлолт гаргуулахад зарцуулсан 24.500 төгрөг нэхэмжилжээ, үүнд бас байгууллага төлөх эрх зүйн акт байхгүй байна. Мөн Х.А- нь С.Амартүвшинг ажлаа өгөх үед 1.000.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан байх бөгөөд А.Батболдыг ажлаа авах үед 600.000 төгрөгийн урьдчилгаа авсан байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1606 дугаар шийдвэрээр:      

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Эмт наран” ОНӨААТҮГазраас 2.088.106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгож, 22.081.043,42 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар тооцож, бичилт хийхийг “Эмт наран” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 278.795 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48.359 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Х.А- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийг олгуулахаар шийдвэрлэсэн мөртлөө урамшууллын гэрээнд төлсөн 328.990 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс үүнтэй холбогдон гарсан зардлыг хэрэгсэхгүй болгосон нь зүйд нийцэхгүй байна. Мөн нийгмийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Ус дулааны төлбөрийн алдангид орж улмаар шүүхийн нотолгоо баримт гаргах, шүүхэд оролцох гэх мэтээс үүдэн гарсан унааны төлбөр, нотариатын үйлчилгээний төлбөр 99987.42 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь бас л нэг талыг барьсан. Дээрх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл амьд явах эрхэд маань удаа дараалан халдан байна. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх  хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, эрх маань байгууллагад зээл авч өгснөөр хохирсон болохыг зээлийг маань хааж өгөх хугацаанд байрны үнэ огцом өссөн байхад мөн л хэрэгсээгүй. Миний бие улсын тэмдэгтийн хураамжид 278.795 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжилсэн. Гэтэл хариуцагчаас 48.359 төгрөг гаргуулж, үлдснийг нь улсын орлого болгосон нь зүйд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл миний бие улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж болох бөгөөд ганц бие, цалингаас өөр орлогогүй цалингийн дийлэнх нь өр зээлэнд төлөгддөг. Иймд дээрх байдлуудыг сайтар нягтлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэв.  

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүхийн шийдвэрт  давж  заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч Х.А-гийн  гомдлыг  хангах  хууль зүйн  үндэслэл  тогтоогдохгүй  байна.

            Нэхэмжлэгч  Х.А-  хариуцагч  “Эмт наран” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан  шүүхийн  шийдвэр гарсанаас  хойш ажилд буцааж  томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны  цалин  2.080.526 төгрөг, шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  үйл ажиллагааны зардал  358.990 төгрөг, нийгмийн даатгалын  шимтгэлийн зөрүү  1.629.646 төгрөг, байгууллагад  өөрийн нэрээр зээл авч өгснөөс  ажилгүй байх хугацаанд  тус  зээлийг төлж чадахгүй байдалд хүрч  байсан ба зээл авах үед 380 айлын 2 өрөө байр  20 сая төгрөг  байсан  зээлийг төлөх 10 сарын хугацаанд  35 сая  төгрөг болж  үнэ нь өссөн учир  байрны  үнийн зөрүү  20.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд  амьдарч байсан  байрны  хэрэглээний  төлбөрөө төлөх чадваргүй болж   231.714 төгрөгийн өртэй бөгөөд цаашид  уг өглөг дээр  алданги  тооцогдохоор байгаа учир  ус, дулааны алданги  33.087  төгрөг,шүүх хуралд  оролцох ирж очих унааны зардал  42.400 төгрөг,  үл хөдлөх хөрөнгийн үнэ, тодорхойлолтын үнэ болох 20.000 төгрөг, нотриатын үйлчилгээний хураамж 4.500 төгрөг  нийт  24.169.149  төгрөг  гаргуулах  шаардлага гаргаж,

            Хариуцагч  “Эмт наран” ОНӨААТҮГ нь  нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй, Дээд  шүүхээс  ямар шийдвэр гарсаныг  мэдээгүй,   Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанд хандах болсон нөхцөл шалтгааныг  тухайн үеийн хариуцагч болох  С.Амартүвшин  ажлаасаа халагдаж  гадаад явсан, одоогийн хариуцагч  миний бие болон  байгууллага хариуцах үндэслэлгүй гэж  үзэж байна, шүүхийн шийдвэрээр  нийгмийн даатгалыг хамт төлөгдсөн гэж  үзэж байна,  тухайн үед  санхүүгийн чадамжаа  үнэлэхгүйгээр  нүүрсний нөөц бүрдүүлэх нэрээр гэрээнээс  илүү нүүрс татаж  байгуулагыг хохироосон,  байрны үнэ өсөх буурах нь  байгуулагад хамааралгүй,  байрны хэрэглээний  төлбөрийн хугацаа хэтэрсэн нь  алдангийг  зөвшөөрөхгүй, шүүхээр  явсан унааны зардал  олгох  эрх зүйн   байхгүй, нотариат, тодорхойлолтын  зардлыг  мөн төлөхгүй  гэж  маргажээ.

            Шүүх  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлагаас, ажилд  эгүүлэн тогтоож,  түүнийг ажилд  томилох хүртэлх ажилгүй байсан  хугацааны буюу 2016 оны 5 дугаар сарын 17-ноос  2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр  хүртэл ажлын 67 хоногийн  цалин  хөлстэй  тэнцэх олговор 2.058.106  төгрөг, шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны   зардал  30.000 төгрөг,  нийт  2.088.106  төгрөгт  холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэсэн нь  хууль  зөрчөөгүй,  хуулийн  үндэслэл бүхий байна.

            Болсон үйл баримтаас үзэхэд  нэхэмжлэгч  Х.А- ажлаас  үндэслэлгүй халсан гомдлыг  шүүхэд  гаргаж,  анхан шатны шүүх  уг гомдлыг  хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны  шүүх  анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр баталж,  хяналтын шатны  шүүх  2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 001\хт2016\00524  дүгээр  тогтоолоор Х.А-г “Эмт наран “ОНӨААТҮГ-ын  нягтлан  бодогчийн  ажилд эгүүлэн  тогтоож,  ажилгүй байсан хугацааны олговорт  3.870.468  төгрөгийг  хариуцагчаас  гаргуулж,  нийгмийн болон эрүүл  мэндийн  даатгалыг  зохих журмаар  тооцож  бичилт  хийлгэхийг  хариуцагчид  даалгаж, нэхэмжлэлээс  сэтгэл санааны хохирол, гэнэт халагдсаны  36 сарын  цалин  гаргуулах  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн  \хх-8 дугаар тал\, “Эмт наран” ОНӨААТҮГ-ын  даргын Б\14 тоот  тушаалаар  Х.А-г  2016 оны  8 дугаар сарын  23-нд нягтлан бодогчийн ажилд  буцаан  томилсон байна.

Х.А-г  ажилд  буцаан  тогтоосон  шийдвэр гарсанаас  хойш  ажилгүй байсан хугацааны  цалинг  хариуцагчаас   гаргуулахаар  шаардах эрхтэй,  шүүх  энэ  шаардлагыг  хангасан нь  Хөдөлмөрийн тухай  хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д  нийцэж байна.

Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх ажиллагааны  зардал  гаргуулах гэрээний дагуу  Х.А-гийн  төлсөн   30.000  төгрөгийг  хариуцагч  байгууллагаас  гаргуулах  үндэслэлтэй учир нь  энэ төлбөр  ажлаас үндэслэлгүй халсантай холбоотойгоор  Х.А-гаас  гарсан зардал болох нь  баримтаар  нотлогдсон   шүүх  энэ талаар  хэрэгт авагдсан  нотлох баримтын  хүрээнд  зөв  шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн  бусад  шаардлагын  агуулгаас  үзвэл  ажлаас  буруу халсантай  холбоотойгоор  учирсан  гэм хорын  хохирол  гаргуулах  тухай  шаардлага  гэж  үзэх  үндэслэлгүй байна.

Үүнд: Нийгмийн даатгалын  шимтгэлийн зөрүү, байрны  үнэ өссөн зөрүү,  байрны хэрэглээний төлөгдөөгүй зардлын алданги, унааны зардал, тодорхойлолтын  үнэ, нотриатын зардал  зэрэг  эдгээр  шаардлагууд нь   хөдөлмөрлөх эрх  зүйн  харилцаанаас  үүссэн  маргаан  биш юм.

Ажилгүй байсан хугацааны  нийгмийн   даатгалын  шимтгэлийг  тооцохдоо  Монгол улсын Засгийн газрын  1994 оны 212 дугаар  тогтоол  “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөөр  тооцогдох  хугацаанд  нийгмийн даатгалын  шимтгэл  төлөх  журам”-ын  2\е-д   “ хууль бусаар ажлаас халагдсан  хугацааны  нийгмийн даатгалын   шимтгэлийг  тухайн  даатгуулагчийн  халагдахын өмнө авч байсан  хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах  орлогын дунджаас  ажил олгогчийн  төлвөл зохих хувиар бодож  \7.8 хувь\   ажилдаа  орсоноос хойш нэг сарын  дотор нэг удаа  даатгалын  зохих санд төлнө”  гэж  заасныг  баримталж  нийгмийн  даатгалын  шимтгэл   төлсөн  нь  Хөдөлмөрийн  хуулийн  46 дугаар зүйлийн 46.1-д  заасныг,  шүүхийн шиййдвэрийн   “зохих журмын  дагуу”  гэснийг  тус тус  хангасан  гэж  үзэх  тул  хариуцагчийг   заавал   20.2 хувиар  шимтгэл  төлөхийг   шаардах  үндэслэлгүй  болно.

Байгууллагадаа  өөрийн нэрээр зээл авч өгснөөс  өөрөө зээл авах боломжгүй болж энэ хугацаанд  20.000.000 төгрөгийн  үнэтэй байсан орон сууц  35.000.000  төгрөг болж  өссөн учир  зөрүү  20.000.000 төгрөг  гаргуулах  шаардлагын  үндэслэл түүнийг   нотлох  баримт  нь    хуулийн  шаардлага  хангаагүй  байна.

Нэхэмжлэлд  дурдсан  Дархан-Уул  аймгийн  Дархан сумын  380 айлын 2 өрөө  орон сууцны зах  зээлийн  үнэ нь  зөвхөн худалдагч худалдан авагчийн  тогтоосон үнээр  тодорхойлогддоггүй, үнэлгээ  тогтоодог  бусад эрх бүхий байгууллагын  дүгнэлтээр  тогтоогдсон  байх  шаардлагатай.

Х.А-  өөрийн  эзэмшдэг  байрны  ус, дулаан  хэрэглэсэний  зардлыг  төлөх  үүрэг нь  хэрэглэгч  буюу  хувь  хүн өөрөө   байдаг  учраас  “Эмт наран”   үйлдвэрийн газар  түүнийг  хохироосон  гэж  үзэх боломжгүй.

Шүүхэд нэхэмжлэл өгөх, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн  шийдвэрийг  гардаж авахын тулд  машин, унаагаар  ирж очиход  гарсан  зардал нь  нөхөн  төлүүлэх  шүүхийн  зардалд  хамаарахгүй  учраас  хариуцагчаар   нөхөн төлүүлэхгүй.

Нэхэмжлэгч  шүүхэд нэхэмжлэл  гаргахдаа  нотлох баримт  бүрдүүлэхээр  үл хөрөнгийн  үнийн  тодорхойлолт   хийлгэсэн бөгөөд   байрны  үнэ  өссөн  зөрүү  20.000.000  төгрөг  гаргуулах  шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон учир   энэ шаардлага мөн  хэрэгсэхгүй  болно.

Өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн  шаардлага хангагдсан тохиолдолд  түүнтэй холбоотой гарсан зардлыг  хариуцагчаар  төлүүлэх  үндэслэл бий болно.

Шүүх  дээрх нэхэмжлэлийн  шаардлагуудыг хэрэгсэхгүй  болгосон  зөв боловч    маргааныг  зохицуулсан хуулийн  холбогдох заалтыг  хэрэглээгүй  алдаа  гаргасан   байх тул  шүүхийн  шийдвэрт  энэ талаарх  өөрчлөлт  оруулах  нь  зүйтэй  байна.

Нэхэмжлэгч Х.А- давж  заалдах гомдолдоо  улсын  тэмдэгтийн  хураамжийг  буруу  төлүүлсэн   талаар дурджээ.

Х.А-гийн  гаргасан нэхэмжлэлийн   шаардлагад  хариуцагчаас  нийт  24.169.149  төгрөг  гаргуулах  гэсэн ба Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-д  заасан хувь хэмжээгээр  тооцож 278.795 төгрөг урьдчилан төлүүлж,  нэхэмжлэлээс   хангагдсан хэсэгт  тохирсон 48.359  төгрөгийг  хариуцагчаар  нөхөн төлүүлж, нэхэмжлэл бүрэн  хангагдаагүй  учир үлдэх хэсгийг   төрийн орлогод  хэвээр  үлдээсэн нь   Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д  давж  заалдах гомдол   гаргахдаа  шүүхийн  шийдвэрийн  зөвшөөрөхгүй  байгаа  хэсэгт  тохирсон  буюу  22.080.159  төгрөгийн   хувь хэмжээгээр  улсын тэмдэгтийн  хураамж  268.534  төгрөг  төлүүлсэн нь  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  57  дугаар  зүйлийн  57.4-т  тус  тус  нийцсэн  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч  Х.А-гийн  давж  заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1606  дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийн  1 дэх  заалтад  “Иргэний  хуулийн 497 дугаар  зүйлийн  497.1, 498 дугаар зүйлийн  498.1” гэсэн  заалтуудыг  нэмж,  шийдвэрийн бусад  заалтуудыг хэвээр  үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар  Х.А-  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  268.354 төгрөг төлсөнийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ            

                              ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                С.ЭНХЖАРГАЛ