Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/03245

 

          

 

 

 

 

     2023            09              08                                           184/ШШ2023/03245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Б.Баярмаа, шүүгч Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 хороо, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* *******  /РД: *******/

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 6 хороо, ******* байр, 13 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /

Хариуцагч: ******* дүүрэг, 6 хороо, байр, 16-0 тоот хаягт байрлах “ ” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

Гэм хорын хохирол 4 529 500 төгрөг гаргуулах, нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, ******* дүүрэг, 6 дугаар хороо, дугаар байрны дээврийг засан сайжруулж, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, түүний өмгөөлөгч Х.Билгүүн, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ууганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нар нь хариуцагч “ ” СӨХ-д холбогдуулан гэм хорын хохирол 4 529 500 төгрөг гаргуулах, нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, ******* дүүрэг, 6 дугаар хороо, дугаар байрны дээврийг засан сайжруулж, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг даалгахаар нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ******* дүүрэг, 6 хороо, байр, 5 давхар, 13 тоот орон сууцанд амьдардаг бөгөөд орон сууцаа 2020 онд бусдад түрээсэлж байтал зун нь дээврээс борооны ус гоожсоноор таазны замаска, шавар унаж, таазанд ан цав үүсэж, ханын цаас хуурч, паркетан шал зарим газраа хөвсийсөн. Энэ байдлаа СӨХ-ны захирал Ц.Ууганцэцэгт үзүүлэхэд “та өөрөө аргалаад засаж бай, СӨХ мөнгөгүй тул засварлах боломжгүй байна, би таны 2020, 2021, 2022 оны СӨХ-ны төлбөрийг хасаж өгөе” гэсэн. Гэтэл 2023 онд би СӨХ-ны төлбөрөө төлөх болоход 2022 оны СӨХ-ны төлбөрийг хөнгөлсөн байх гэж бодтол төлбөрийг тэглээгүй байсан. СӨХ-д дээвэр засварлах талаар удаа дараа бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул аргагүйн эрхэнд ус тусгаарлагч шүршдэг хөөс 1 ширхэгийг нь 20 000 төгрөгөөр авч, нийт 29 ширхэгийг дээвэр дээр цацаж, түр зуур аргацаасан. Мөн дусаал гоожсоноор орон сууцны хана, таазны засвар, ханын цаас солиход нийт 3 347 000 төгрөг зарцуулсан. Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 02- дүгээр улсын байцаагчийн дүгнэлтээр миний амьдарч байгаа байрны барилгын дээврийн ашиглалтын төлөв байдлыг дүгнэсэн бөгөөд тус дүгнэлтээр барилга байгууламжийн ашиглалтын явцад иж бүрэн засвар хийх жишиг хугацаанд нь орон сууцны барилгын дээврийн засвар үйлчилгээг гүйцэтгэж байгаагүйн улмаас барилгын дээврийн гадаргууд наасан хар цаасан хучлага хөндийрсөн, цоорсон, гадаргуу хавагнаж зай засвар гарсан, ам даралтын наалтууд урагдаж сөрдийсөн, дулаан тусгаарлах чадвар алдагдах нөхцөл бүрдсэн, бороо цасны ус гэмтэлтэй дээвэр, хучилтаар нь нэвчин хана таазны гадаргуу даган урссан, дотор тааз буюу хучилтын хавтангийн чигжээс унасан, хананы будаг, шохой халтартсан, хөндийрөн ховхорч унасан, хөгц мөөгөнцөр ...” үүссэн гэж дүгнэсэн. Миний бие 2022 оны 05 сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хугацаанд байрны гаднах дээврийн засварын ажилд нийт 546 000 төгрөгийн материал авч, засвар, үйлчилгээ хийсэн. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш цас, бороо орсны улмаас байранд хүн амьдрах нөхцөл байдал хүндрэлтэй болж, аргагүйн эрхэнд байрны гаднах дээвэрт 2023 оны 05 сарын 14-ний өдөр 343 000 төгрөгийн, 2023 оны 07 сарын 14-ний өдөр 255 000 төгрөгийн нэмэлт засвар хийсэн. Мөн Үндэсний архивын газраас байрны хувийн хэргийг хуулбарлан авахад 38 500 төгрөгийн хураамж төлсөн. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ууганцэцэг нь 2023 оны 05 сарын 22-ны өдөр байрны оршин суугчдын “ СӨХ” нэртэй фэйсбүүк группт “... дугаар байрны оршин суугч маань тус байрны СӨХ-г авна гээд хурал хийж байсан, дээврээ хамтраад засахгүй байж дотор засвараа хийж хохирлоо, “ ” СӨХ-оос материалын төлбөр 3 000 000 төгрөг нэхэмжилж байна, тус байрны С.******* суугч маань тус тус онуудад мөнгөө төлж байгаагүй баримт” хэмээн зураг хавсарган пост оруулж миний нэр төрд халдсан. Фэйсбүүк цахим сүлжээг ашиглан миний нэр төр, алдар хүндэд халдсан тул “нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч “ ” СӨХ-оос байрны дээвэр, орон сууцны засварт зарцуулсан 4 529 500 төгрөг гаргуулж, С.*******гийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж өгнө үү. Мөн “ ” СӨХ-д холбогдуулан “******* дүүрэг, 6 хорооны байрны дээврийг стандарт, шаардлагад нийцүүлэн засан сайжруулж, ус гоождоггүй болгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээврийн засварын ажлыг хийсэн тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэв.

2.Хариуцагч “ ” СӨХ-ны төлөөлөгч хариу тайлбартаа: Миний бие “ ” СӨХ-нд 2017 онд байцаагчаар ажиллаж байгаад 2019 онд СӨХ-ны захирлын ажлыг хүлээн авахад маш хүнд нөхцөлд байсан ч оршин суугчдын ая тухтай, цэвэр орчныг бүрдүүлэх, тохижуулах, сайжруулах талаар олон ажил хийсэн. Тус СӨХ-ны харьяа 61, , 63 дугаар байрнууд нь 2008-2009 онд ашиглалтад орсон, улсаас ямар ч урсгал засвар хийгдэж байгаагүй. Орон сууцны дээврийн асуудлыг СӨХ дангаараа хариуцан шийдвэрлэх хөрөнгө мөнгө байдаггүй, энэ ажлыг бид Дээд зөвлөлд танилцуулж, төсөв батлуулан улсын төсвөөр хийдэг ажил болно. Нэхэмжлэгч нь уг асуудлаар 2020 оноос хойш манайд хандаж байсан боловч тухайн үед Covid-19 цар тахлын хөл хориотой, онцгой байдалд байсан учраас цаг тухайд нь асуудлыг шийдвэрлэх боломжгүй, Дээд зөвлөлд санал оруулах, танилцуулах нөхцөл бүрдээгүй байсан. Ийм учир манай СӨХ-ны зүгээс өөрийн хөрөнгө мөнгө нөхцөл бололцоондоо тулгуурлан 2020 онд тус байрны дээврийн засвар үйлчилгээнд 500 000 төгрөгийн засвар хийсэн. Тус СӨХ нь зохих байгууллагуудад удаа дараа албан тоот, хүсэлт хүргүүлж байсны үр дүнд дүүргийн Засаг даргын дахин зарцуулах хөрөнгийн эх үүсвэрээр 2023 онд дээврийн засвар хийсэн. С.******* нь 2020 оны 10 сараас 2023 оны 04 сарын 17-ныг хүртэл СӨХ-ны төлбөрөө огт төлөөгүй байж байгаад 452 600 төгрөгийг бөөнд нь 2023 оны 04 сарын 17-ны өдөр “ ” СӨХ-нд шилжүүлсэн. Мөн С.******* нь СӨХ-ны нийтийн эзэмшлийн 1 давхрын үйлчилгээний талбай болох 54б байрны 2 тоот 49.83 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 2021 оноос өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд “ ” СӨХ нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4 2529 500 төгрөгийг төлөх боломжгүй. Нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд “ ” СӨХ-ны оршин суугчдын групп дээр 2023 оны 05 сарын 22-ны өдөр С.******* нь лайв хийж намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлон миний нэр төрд халдсан, дараа нь лайваа өөрөө устгасан. Би тухайн үед үнэн бодит байдлыг л бичсэн. 2022 оны 06 сарын 27-ны өдөр цэвэрлэгээ хийж байхад С.******* шинээр ирсэн оршин суугчтай хамт айлуудаар 61, , 63 байрны СӨХ-ыг авах талаар ярьж гарын үсэг зуруулж явсныг байрны оршин суугчид надад мэдээлснээр би мэдээд тэр орой нь оршин суугчдын хурал зарлаж байрны оршин суугчид одоо байгаа СӨХ-тэйгээ байна гэсэн саналтай хурал өндөрлөсөн. С.******* нь 2020, 2021, 2022 онуудад СӨХ-нд нэг ч удаа төлбөрөө төлөөгүй, харин СӨХ-ны төлбөрөө тэглүүлэх хүсэлт өгч байсан. Бид хариуд нь СӨХ-ны төлбөрөө төлбөл бид тодорхой хэмжээний зардал гаргаад дээврээ засварлая гэсэн хариу өгч байсан. “ ” СӨХ дээвэр засварлах боломжгүй яагаад гэвэл 5 давхрын бүх айлууд СӨХ-ны төлбөрөө төлдөггүй 30 000 000 төгрөгийн өртэй, хуримтлал гэж байдаггүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “ ” СӨХ нь тухайн хариуцсан байраа даан, дээвэр засвар, гаднах фасад, эргэн тойрны орчин нөхцөл гэх мэт тухайн байртай холбоотой асуудлуудыг дааж авах үүрэгтэй. 3 жилийн хугацаанд иргэн өөрөө засаж, эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирч байхад 1 удаа ч болов арга хэмжээ авахгүй, хайхрамжгүй хандсан тул “ ” СӨХ-г буруутай гэж үзэж байна гэв.

            4.Нэхэмжлэгч нь “ ” СӨХ-ны 2 жилийн төлбөрийн тооцоо, 2021 оны 09 сарын 30, 2022 оны 06 сарын 09, 2022 оны 04 сарын 13, 2022 оны 12 сарын 18-ны өдрүүдийн “ ” СӨХ-нд гаргасан  хүсэлт, 2021 оны 09 сарын 16, 2022 оны 08 сарын15-ны өдрийн ******* дүүргийн 6 хорооны Засаг даргад гаргасан хүсэлт, 2021 оны 09 сарын 30, 2022 оны 06 сарын 20-ны өдрийн ******* дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлт, СӨХ-ны төлбөр төлсөн баримт, зарлагын падаан, 13 тоотын засварын ажлын гүйцэтгэлийн акт, ажлын хөлс төлсөн баримт, зарлагын падаан, 2023 оны 04 сарын 12-ны өдрийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл, засварын ажлын гүйцэтгэлийн акт, гэрэл зураг, Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 83 дугаар албан бичиг, Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 сарыын 11-ний өдрийн дугаар мэдэгдэл, Хотын стандарт, хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, гэрэл зураг, дансны хуулга, хохирол арилгуулах тухай гомдол, байрны дээврийн гэх гэрэл зураг, бараа материалын зарлагын падаан, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөр төлсөн баримт, “ ” СӨХ-нд харъяалагддаг байрнуудын өрхийн мэдээлэл, “ ” ХХК-ийн зарлагын баримт, ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 08 сарын 22-ны өдрийн 04/1972 дугаар, 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 83 дугаар албан бичиг, гэрэл зураг, итгэмжлэл, Төрийн албан хаагчдын 56 айлын орон сууцны хувийн хэрэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /1 х.х-ийн 7-18, 21-33, 55-78, 232-244, 2 х.х-ийн 2, 4, 10-33, 36-42, 44-45, 47-, 65, 75-77, 119, 208, 218-250, 3 х.х-ийн 1- 21 тал/

            5.Хариуцагч нь СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, орлого, зарлагын тооцоо, Төрийн банканд гаргасан хүсэлт, гэрэл зураг, 61 байрны орцны засварын ажилд орох материалын жагсаалт, Орон сууцны барилгын засварын ажлын гүйцэтгэл хүлээлцсэн тухай акт, гэрэл зураг, хөдөлмөрийн гэрээ, “ ” СӨХ-ны 61, , 63 байрны оршин суугчидтай хийсэн хурлын проткол, Нийтийн зориулалттай орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тариф, фейсбүүк пост, орон сууцны дээврийн гэрэл зураг, /х.х-ийн 81, 91-92, 94-99, 110-153, 157-164, 2 х.х-ийн 81-88, 105-109 тал/

            6.Шүүхээс DVD, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг тус тус бүрдүүлсэн. /2 х.х-ийн 132-202 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

С.*******, Э. нар нь хариуцагч “ ” СӨХ-нд холбогдуулан гэм хорын хохирол 4 529 500 төгрөг гаргуулах, ******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар байрны дээврийг засан сайжруулж, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг даалгах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч С.******* нь  нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлээс гэм хорын хохирол гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь ******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар байрны дээврийг засан сайжруулж, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг даалгах шаардлагаасаа  татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан, СӨХ-ны төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлгүй мэдээллийг цахим орчинд нийтэлж нэр, нэр төрд халдсан гэж, хариуцагч татгалзлын үнэдслэлээ нэхэмжлэгч болон байрны зарим оршин суугч нар СӨХ-ны төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй, орон сууцны дээврийн засварыг СӨХ дангаараа хариуцан засварлах хөрөнгийн боломжгүй гэж тус тус тайлбарлана.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Эд хөрөнгөд учирсан хохирол 4 529 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            ******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар байрны 5 давхрын 13 тоот хаягт байрлах орон сууцны ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийхэд барилгын дээвэрт урсгал болон их засварын ажлыг тухай бүрд нь хийгээгүйгээс цас, борооны ус нэвтэрч, хучилтын хавтан хоорондох чигжээс шавар, шохой унасан, ханын обой ховхорсон, мөөгөнцөр үүссэн, хүний эрүүл, аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн нь Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 сарын 11-ний өдрийн дугаар албан бичгээр тогтоогдсон. /1 хх-ийн 233 тал/

******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар байрны барилгын дээврийн ашиглалтын төлөв байдалд үзлэг шалгалт хийхэд барилгын дээврийн засварыг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс дээврийн гадаргууд наасан хар цаасан хучлага хөндийрч, зай завсар гарсан, бороо, цасны ус гэмтэлтэй дээвэр, хучилтаар нэвтрэн урсаж, орон сууцны дотор таазны чигжээс унасан, ханын будаг, шохой халтартсан тухай  Хотын стандарт, хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 02- дүгээр дүгнэлт гарсан байна. /1 хх-ийн 234-235 тал/

******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар байр, 5 давхрын 13 тоот хаягт байрлах орон сууцны таазнаас ус нэвчиж, гоожсоноос таазны чигжээс шавар унасан, тааз, ханын будаг, шохой халтартаж, нурсан, ханын цаас ховхорсон, паркетан шал зарим газраар хөвхийрсөн болох нь 2023 оны 08 сарын 29-ний өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдлоо. /2 хх-ийн 139-202 тал/      

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгохоор,   

15 дугаар зүйлийн 15.1-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна, 15.1.1-д орон сууцны байшингийн ... дээвэр, ... зэрэг эд хөрөнгө гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл “ ” СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, ашиглалт, хамгаалалтыг хариуцахыг  хуулиар зохицуулсан байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын  ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заажээ.

            1 дүгээр хавтаст хэргийн 21-33, 239-244, 2 дугаар хавтаст хэргийн 29-45, 3 дугаар хавтаст хэргийн 11-17 дугаар тал дахь баримтаар ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* дугаар байрны дээвэр болон мөн хаягт байрлах 13 тоот орон сууцанд 2020-2023 онд 3 удаа нийт 4 529 500 төгрөгөөр / 3 347 000 + 546 000 + 343 000 + 255 000 +38 500 = 4 529 500/ засвар хийсэн болох нь тогтоогдсон, хариуцагч үүнийг маргаагүй.

Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон хохирол хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг бөгөөд хариуцагч “ ” СӨХ нь хуулиар хүлээсэн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалт, урсгал  засвар үйлчилгээ хийх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан байх тул хариуцагч “ ” СӨХ нь учруулсан хохирлоо мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-д санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болохоор заасан. ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 83 дугаар албан бичиг,  “ ” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг харьцуулан шинжлэн судлахад сууц өмчлөгч нар нь СӨХ-ны төлбөрөө тухай  бүр төлдөггүйгээс засвар, үйлчилгээ хийх санд хуримтлал үүсэх нөхцөл бүрдээгүй, улмаар дээврийн засварын зардлыг СӨХ дангаар хариуцах мөнгө, санхүүгийн боломжгүй байх тул шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзаж, хохирол нөхөн төлөх хэмжээг 50 хувиар багасгах үндэслэлтэй.

 Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.6-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд барилгын дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болохоор заажээ.

Өөрөөр хэлбэл дээврийн засварын зардал хуваарилах асуудлыг Гүйцэтгэх захирал бие даан шийдвэрлэх эрхгүйгээс гадна барилгын дээврийн их хэмжээний зардал шаардсан засварыг дүүргийн төсвөөс санхүүжүүлсэн тухай зохигчид маргаагүй.

Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.6-д зааснаар хариуцагч “ ” СӨХ-оос гэм хорын хохиролд 2 264 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 264 750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч С.*******гийн нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах шаардлагын тухайд:

            Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

 “Нэр төр” гэдэгт тухайн хүний хувийн болон ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй эерэг үнэлэмжийг ойлгох бөгөөд нэр төрийг гутааснаар хувийн эрх нь зөрчигдөж, санаа, сэтгэлийн дарамтад ордог.

Хэрэгт нэхэмжлэгч С.*******гийн нэр төрийг гутаасан, улмаар санаа, сэтгэлийн дарамтад орсон гэх нотлох баримт цуглараагүй нь зохигчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтыг өөрөө цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

3.Нэхэмжлэгч нар нь ******* дүүргийн 6 дугаар хороо, дугаар байрны дээврийг засан сайжруулж, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг хариуцагчид даалгах шаардлагаасаа татгалзсан тул  Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

             Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлсэн, хариуцагч гэм буруутай, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасан болно.  

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 012 төгрөгийг /68 502 + 70 200 + 70 200 + 26 810 + 8 300 = 244 012/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 2 264 750 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 51 186 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.6-д зааснаар хариуцагч “ ” СӨХ-оос гэм хорын хохирол 2 264 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгч Э. нарт олгож, үлдэх 2 264 750 төгрөг болон нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* дүүргийн 6 хорооны дугаар байрны дээврийг стандарт, шаардлагад нийцүүлэн засан сайжруулж, ус гоождоггүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 012 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” СӨХ-оос 51 186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******, Э. нарт олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.            

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                  Б.БАЯРМАА

 

                                                                                                Т.БАТСҮХ