Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01963

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          11          10                                          210/МА2023/01963

 

 

С.Д, Э.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/03245 дугаар шийдвэртэй,

С.Д, Э.Э нарын нэхэмжлэлтэй, “Г” СӨХ-нд холбогдох,

Гэм хорын хохирол 4,529,500 төгрөг гаргуулах, нэр хүнд сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 62 дугаар байрны дээврийг засан сайжруулах, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 62 дугаар байр, 5 давхар, 13 тоот орон сууцанд амьдардаг бөгөөд орон сууцаа 2020 онд бусдад түрээсэлж байтал зун дээврээс борооны ус гоожсоноор таазны замаска, шавар унаж, таазанд ан цав үүсэж, ханын цаас хуурч, паркетан шал зарим газраа хөвсийсөн. Энэ байдлаа СӨХ-д мэдэгдсэн.  СӨХ-д дээвэр засварлах талаар удаа дараа бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул аргагүйн эрхэнд ус тусгаарлагч шүршдэг хөөс 1 ширхэгийг нь 20,000 төгрөгөөр нийт 29 ширхэгийг авч дээвэр дээр цацаж, түр зуур аргацаасан. Мөн дусаал гоожсоноор орон сууцны хана, таазны засвар, ханын цаас солиход нийт 3,347,000 төгрөг зарцуулсан.

1.2. Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 02-13-01/026/39 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтээр миний амьдарч байгаа байрны барилгын дээврийн ашиглалтын төлөв байдлыг дүгнэсэн дүгнэлтээр “барилга байгууламжийн ашиглалтын явцад иж бүрэн засвар хийх жишиг хугацаанд нь орон сууцны барилгын дээврийн засвар үйлчилгээг гүйцэтгэж байгаагүйн улмаас барилгын дээврийн гадаргууд наасан хар цаасан хучлага хөндийрсөн, цоорсон, гадаргуу хавагнаж зай засвар гарсан, ам даралтын наалтууд урагдаж сөрдийсөн, дулаан тусгаарлах чадвар алдагдах нөхцөл бүрдсэн, бороо цасны ус гэмтэлтэй дээвэр, хучилтаар нь нэвчин хана таазны гадаргуу даган урссан, дотор тааз буюу хучилтын хавтангийн чигжээс унасан, хананы будаг, шохой халтартсан, хөндийрөн ховхорч унасан, хөгц мөөгөнцөр ...үүссэн” гэжээ.

Би 2022 оны 05 сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хугацаанд байрны гаднах дээврийн засварын ажилд нийт 546,000 төгрөгийн материал авч, засвар, үйлчилгээ хийсэн. Түүнчлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш цас, бороо орсны улмаас байранд хүн амьдрах нөхцөл байдал хүндрэлтэй болж, аргагүйн эрхэнд байрны гаднах дээвэрт 2023 оны 05 сарын 14-ний өдөр 343,000 төгрөг, 2023 оны 07 сарын 14-ний өдөр 255,000 төгрөгийн нэмэлт засвар хийсэн. Мөн Үндэсний архивын газраас байрны хувийн хэргийг хуулбарлан авахад 38,500 төгрөгийн хураамж төлсөн.

1.3. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ууганцэцэг нь 2023 оны 05 сарын 22-ны өдөр байрны оршин суугчдын “Г” СӨХ нэртэй фэйсбүүк группт ...62 дугаар байрны оршин суугч маань тус байрны СӨХ-г авна гээд хурал хийж байсан, дээврээ хамтраад засахгүй байж дотор засвараа хийж хохирлоо, “Г” СӨХ-ноос материалын төлбөр 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Тус байрны С.Д суугч маань тус тус онуудад мөнгөө төлж байгаагүй баримт хэмээн зураг хавсарган пост оруулж миний нэр төрд халдсан. Фэйсбүүк цахим сүлжээг ашиглан миний нэр төр, алдар хүндэд халдсан. .

1.4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч “Г” СӨХ-ноос байрны дээвэр, орон сууцны засварт зарцуулсан 4,529,500 төгрөг гаргуулж, С.Д-гийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж өгнө үү.

Харин “Г” СӨХ-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 62 дугаар байрны дээврийг стандарт, шаардлагад нийцүүлэн засан сайжруулж, ус гоождоггүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээврийн засварын ажлыг хийсэн тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.  Тус СӨХ-ны харьяа 61, 62, 63 дугаар байрнууд нь 2008-2009 онд ашиглалтад орсон, улсаас ямар ч урсгал засвар хийгдэж байгаагүй. Орон сууцны дээврийн асуудлыг СӨХ дангаараа хариуцан шийдвэрлэх хөрөнгө мөнгө байдаггүй, энэ ажлыг бид дээд зөвлөлд танилцуулж, төсөв батлуулан улсын төсвөөр хийдэг ажил болно.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар 2020 оноос хойш манайд хандаж байсан боловч тухайн үед Ковид 19 цар тахлын хөл хориотой, онцгой байдалд байсан учраас цаг тухайд нь асуудлыг шийдвэрлэх боломжгүй, Дээд зөвлөлд санал оруулах, танилцуулах нөхцөл бүрдээгүй байсан.

СӨХ-ны зүгээс өөрийн хөрөнгө мөнгө нөхцөл бололцоондоо тулгуурлан 2020 онд тус 62 байрны дээврийн засвар үйлчилгээнд 500,000 төгрөгийн засвар хийсэн. Тус СӨХ нь зохих байгууллагуудад удаа дараа албан бичиг, хүсэлт хүргүүлж байсны үр дүнд дүүргийн Засаг даргын дахин зарцуулах хөрөнгийн эх үүсвэрээр 2023 онд дээврийн засвар хийсэн.

2.2. С.Д нь СӨХ-ны нийтийн эзэмшлийн 1 давхрын үйлчилгээний талбай болох 54б байрны 2 тоот 49.83 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 2021 оноос өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд “Г” СӨХ нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4,529,500 төгрөгийг төлөх боломжгүй.

2.3. “Г” СӨХ-ны оршин суугчдын групп дээр 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр С.Д нь лайв хийж намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлон миний нэр төрд халдсан, дараа нь лайваа өөрөө устгасан байсан. Би тухайн үед үнэн бодит байдлыг л бичсэн. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цэвэрлэгээ хийж байхад С.Д шинээр ирсэн оршин суугчтай хамт айлуудаар 61, 62, 63 байрны СӨХ-г авах талаар ярьж гарын үсэг зуруулж явсныг 62 байрны оршин суугчид надад мэдээлснээр би мэдээд тэр орой нь оршин суугчдын хурал зарлаж байрны оршин суугчид одоо байгаа СӨХ-тэйгээ байна гэсэн саналтай хурал өндөрлөсөн. С.Д нь 2020, 2021, 2022 онуудад СӨХ-нд нэг ч удаа төлбөрөө төлөөгүй, харин СӨХ-ны төлбөрөө тэглүүлэх хүсэлт өгч байсан. Бид хариуд нь СӨХ-ны төлбөрөө төлбөл бид тодорхой хэмжээний зардал гаргаад дээврээ засварлая гэсэн хариу өгч байсан. “Г” СӨХ дээвэр засварлах боломжгүй яагаад гэвэл 5 давхрын бүх айлууд СӨХ-ны төлбөрөө төлдөггүй 30,000,000 төгрөгийн өртэй, хуримтлал гэж байдаггүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Г” СӨХ нь тухайн хариуцсан байраа даан, дээвэр засвар, гаднах фасад, эргэн тойрны орчин нөхцөл гэх мэт тухайн байртай холбоотой асуудлуудыг дааж авах үүрэгтэй. 3 жилийн хугацаанд иргэн өөрөө засаж, эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирч байхад 1 удаа ч болов арга хэмжээ авахгүй, хайхрамжгүй хандсан тул “Г” СӨХ-г буруутай гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.6-д зааснаар хариуцагч “Г” СӨХ-ноос гэм хорын хохирол 2,264,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дд олгож, үлдэх 2,264,750 төгрөг болон нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны 62 дугаар байрны дээврийг стандарт, шаардлагад нийцүүлэн засан сайжруулж, ус гоождоггүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,012 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” СӨХ-ноос 51,186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...13 тоот орон сууцанд 2020-2023 онд нийт 3 удаа нийт 4,529,500 төгрөгөөр засвар хийсэн болох нь тогтоогдсон, хариуцагч үүнийг маргаагүй, дээврийн засварын зардлыг СӨХ дангаар хариуцах мөнгө, санхүүгийн боломжгүй байх тул шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан, хохирол нөхөн төлөх хэмжээг 50 хувиар багасгах үндэслэлтэй” гэжээ. Шүүх дээрх байдлаар дүгнэхдээ Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 83 дугаар албан бичиг, “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг тус тус үндэслэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 83 дугаар албан бичигт СӨХ мөнгө, санхүүгийн боломжгүй талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Мөн “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл нь шүүхэд хэрэг үүссэнээс хойш хариуцагчаас хурал зохион байгуулж, шинээр бий болгон бүрдүүлсэн баримт болон хариуцагчийн тайлбарыг үндэслэн “...дээврийн засварын зардлыг СӨХ дангаар хариуцах мөнгө, санхүүгийн боломжгүй” хэмээн дүгнэж нэхэмжлэгч С.Дд бодитоор учирсан хохирлын 50 хувийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас “Г” СӨХ-ны мөнгө, санхүүгийн байдлыг тодруулах зорилгоор “Г” СӨХ-д харьяалагддаг байрнуудын мэдээллийг гаргуулахад нийт 375 өрх, 9 ААН тус СӨХ-д харьяалагдаж байгаа. Иймд нэхэмжпэгч талаас тус баримтыг үндэслэн “Г” СӨХ-ны Төрийн банк дахь ************ дугаар дансны хуулгыг гаргуулахаар шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус тус хүсэлт гаргахад хүсэлт тус бүрийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шүүхээс “Г” СӨХ-г мөнгө, санхүүгийн боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

5.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж нэхэмжилсэн. Учир нь нэхэмжлэгч С.Д-гийн гэрийн дээврээс 2020 оноос хойш цас, борооны ус нэвчин орсоор байхад “Г” СӨХ-ноос холбогдох байгууллагад мэдэгдэж, хүсэлт тавихгүй явсаар өнөөдрийг хүргэсэн болох нь шүүх хуралдаан дээр “Г” СӨХ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Ууганцэцэгээс “та холбогдох байгууллагуудад явуулсан гэж шүүхэд гаргаж өгсөн албан бичгүүддээ хариу авсан уу” гэж асуухад “нэг нь ч албан бичгээр хариу өгөөгүй” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл Ц.Ууганцэцэгээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад дээвэр засварлуулахаар хүсэлт хүргүүлсэн гэх боловч ямар хариу ирүүлсэн нь хэрэгт хавсаргаагүй, хариу ирүүлээгүй гэж тайлбарлах хэдий ч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 04/1972 дугаар албан бичгээр “2020, 2022, 2023 онуудад Засаг даргын Тамгын газарт дээврээс ус гоождог асуудлаар ямар нэгэн албан бичиг, хүсэлт” ирээгүй болохыг тайлбарласан. Дээрх байдлаар харицуагч “Г” СӨХ нь дээврийг засварлуулах талаар ямар нэгэн албан бичиг явуулаагүй, ямар нэгэн ажил хийгээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарт 4,529,500 төгрөгийн хохирол учирсан байх тул “Г” СӨХ нь иргэн С.Д, Э.Э нарт учирсан гэм хорын хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн хангасан хэмжээнд өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.Д, Э.Э нар хариуцагч “Г” СӨХ-нд холбогдуулан гэм хорын хохирол 4,529,500 төгрөг гаргуулах, нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 62 дугаар байрны дээврийг засан сайжруулж, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Д, Э.Э нар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны дээврийг засан сайжруулж, стандарт, шаардлагад нийцүүлэн ус гоождоггүй болохыг хариуцагчид даалгах шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3. Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02-13-01/026/39 дугаартай дүгнэлтэд “... 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шалгалт хийлээ. ... тус байрны барилгын дээврийн засварыг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс дээврийн гадаргууд наасан хар цаасан хучлага хөндийрөн цоорсон, гадаргуу хавагнаж зай засвар гарсан, ам даралтын наалтууд урагдан сөрдийсөн, дулаан тусгаарлах чадвараа алдагдах нөхцөл бүрдсэн, бороо цасны ус гэмтэй дээвэр, хучилтаар нь нэвчин хана таазны гадаргуу даган урссан, дотор тааз буюу хучилтын хавтангийн чигжээс унасан, хананы будаг, шохой халтартсан, хөндөөрөн ховхорч унасан, хөгц мөөгөнцөр үүсэх, хорхой шавж үүрлэх нөхцөл бүрдсэн, дулаан хадгалах чанараа алдсан...” гэж, мөн Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 01/452 дугаартай албан бичгээр хариуцагч “Г” СӨХ-д хүргүүлсэн мэдэгдэлд “...тус барилгын дээвэрт урсгал болон их засварын ажил хийгдэж байгаагүйгээс цас, борооны ус хучилтаар нэвчин орж хучилтын хавтан хоорондох чигжээс шавар, шохой унасан, тааз, ханын гадаргууд шарлаж тогтсон ул мөртэй, ханын обой ховхорсон, чийг ихтэй, хөгц мөөгөнцөртөх, хүний эрүүл аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн...” гэх баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж 2020-2023 онд Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 62 дугаар байрны дээврээс борооны ус гоожсоны улмаас Э.Э, Э.Батсүх нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, хд-62 дугаар байрны 13 тоот орон сууцанд эд хөрөнгийн хохирол учирсныг зөв тогтоожээ.   /1-р хх-ийн 233-235, 3-р хх-ийн 21/

 

3.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн дээвэр нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байх ба хариуцагч “Г” СӨХ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахаар зохицуулсан үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны дээврээс ус гоожиж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт учирсан уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

3.2. Нэхэмжлэгч өөрийн орон сууцанд 3,347,000 төгрөгийн засвар хийж хөлс төлсөн, мөн орон сууцны байшингийн дээврийн ажилд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл хугацаанд 546,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 209,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 134,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 255,000 төгрөгийг зарцуулсан, Үндэсний архивын газраас байрны хувийн хэрэг хувийн хэргийг хуулбарлан авахад  38,500 төгрөг төлснөөр түүнд нийт 4,529,500 төгрөгийн хохирол учирсан болохыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж үйл баримтыг зөв тогтоожээ.   Энэ хохирлын хэмжээний талаар хариуцагч маргахгүй байна. /1-р хх-ийн 21-33, 2-р хх-ийн 29-33, 239-244/

 

4. Анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүйгээс нэхэмжлэгч нарт 4,529,500 төгрөгийн хохирол учирсан талаар зөв дүгнэлт өгсөн боловч уг хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж 2,264,750 төгрөгийг хариуцагч “Г” СӨХ-ноос гаргуулж    шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж хохирлыг багасгасан нь хуулийг буруу тайлбарлан  хэрэглэсэн гэж үзнэ.

 

Учир нь анхан шатны шүүх хохирлын хэмжээг багасгах үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар албан бичигт “...мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаж ирүүлээгүй...” гэх, “Г” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэлд “...Дэлгэрмаа нь 3,347,000 төгрөг нэхэмжилсний дагуу хурал хийж байна. “...уг мөнгийг төлөх боломжгүй...” гэх нөхцөл байдлуудад тулгуурлан тайлбарлажээ.

 

4.1. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “Г” СӨХ-ны эд хөрөнгийн байдалтай холбоотой баримт байхгүй байгааг анхаараагүй байна. Хариуцагч нь “орон сууцны зарим оршин суугчид СӨХ-ны төлбөрийг хугацаанд нь төлдөггүй, орон сууцны дээврийн засварыг СӨХ дангаар хариуцан засварлах хөрөнгийн боломжгүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.  Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 

5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “хариуцагч Г СӨХ тухайн орон сууцны дээврийн засварыг хариуцах үүрэгтэй боловч нэхэмжлэгч засан сайжруулалтыг хийж хохирсон тул хариуцагч буруутай” гэх агуулгаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас гэм хорын хохиролд 4,529,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэр хүнд сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байх тул энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

          Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/03245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

          1 дэх заалтыг “ ... хариуцагч “Г” СӨХ-ноос гэм хорын хохирол 2,264,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгч Э.Э нарт олгож, үлдэх 2,264,750 төгрөг болон” гэснийг  “ ... хариуцагч “Г” СӨХ-ноос гэм хорын хохирол 4,529,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д, Э.Э нарт олгож” гэж 

          3 дахь заалтын “...51,186 ...” гэснийг “... 87,422... ” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д-гэм гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 51,186 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ