Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00507

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00507

Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, . хороо, . байр тоот хаягт оршин суух Д овогт Ц.А /рд:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . хороо, Э гудамж тоот хаягт оршин суух Ш овогт Б.Ж /рд:..../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 90.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.З , хариуцагчийн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Ч.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 02 сарын 20-ны өдөр зээлдэгч Б.Ж 60.000.000 төгрөгийг 2014 оны 5 сарын 20-ны өдөр хүртэл сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, 2014 оны 5 сарын 24-ний өдрөөс 8 сарын 24-ний өдөр хүртэл, 2015 оны 10 сарын 24-ний өдөр хүртэл тус тус 2 удаа сунгалт хийсэн. Дараа нь 2016 оны 2 сарын 20-ны өдөр уг гэрээг 2016 оны 3 сарын 20-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Зээлдэгч Б.Ж нь харилцан тохиролцсон гэрээний дагуу зээлийн хүүг 2015 оны 10 сар хүртэл төлсөн. Зээлдэгч 2015 оны 10 сараас хойш зээлийн хүү болон үндсэн зээлийг гэрээнд заасны дагуу төлөлгүй зээлдүүлэгч надад хохирол үзүүлж байна. Б.Ж үндсэн зээл 60.000.000 төгрөг, 2015 оны 10 сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны хүү 10.500.000 төгрөг, Иргэний хуулийн 224.1-т заасны дагуу хохиролд хүү 8.400.000 төгрөг, нийт 78.900.000 гаргуулж өгнө үү. Бид зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээнд заасны дагуу алданги нэхэмжлээгүй. 40.400.000 төгрөг төлсөн байдаг. Үүнийг зээлийн хүүний төлөлт гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А 2014 оны 2 сарын 02-ны өдөр зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж 60.000.000 төгрөг зээлж авсан, гэрээний хугацааг 2014 оны 8 сарын 24-ний өдөр хүртэл сунгасныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2014 оны 8 сарын 24-ний өдөр хийсэн сунгалтыг зээлдүүлэгчийн дарамт шахалтанд хийсэн. Аргагүй эрхэнд Б.Ж гийн өмнөөс гарын үсгийг нь Б.Б зурсан. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, 3 сарын сунгалтыг мөн нотариатаар гэрчлүүлсэн байхад 2014 оны 8 сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны сунгалтыг ийнхүү гэрчлүүлээгүй байгаа нь дарамтанд орж хийснийг нотлож байна. 2016 оны 2 сарын 20-ны өдрийн гэх сунгалтыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгчийн зүгээс 40.400.000 төгрөгийг төлсөн. Үүнийг үндсэн зээлийн төлөлт гэж үзэж байна. Зээлдэгч нь одоо 45.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 3.5 хувийн хүү өндөр байгаа тул шүүх хуульд заасны дагуу хүүг бууруулан тооцож өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь зээлийн гэрээний үүрэгт анх 90.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11.100.000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Ж үндсэн зээл 60.000.000 төгрөг, 2015 оны 10 сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны хүү 10.500.000 төгрөг, Иргэний хуулийн 224.1-т заасны дагуу хохиролд хүү 8.400.000 төгрөг, нийт 78.900.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Б.Ж нь нэхэмжлэгч Ц.А ээс 60.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан болохыг хүлээн зөвшөөрдөг ба зээлийн гэрээний үүрэгт 45.000.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг.

 

Харин 2014 оны 8 сарын 24-ний өдрийн болон 2016 оны 2 сарын 20-ны өдөр үйлдсэн бичгийг эс зөвшөөрч, зээлдүүлэгчийн дарамт шахалтанд орж аргагүй эрхэнд гарын үсэг зурсан, сунгалт гэх баримтыг нотариатаар гэрчлүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг ба 3.5 хувийн хүү зах зээлийн хүүнээс өндөр байгаа тул бууруулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргадаг.

 

Зээлдүүлэгч Ц.А нь зээлдэгч Б.Ж эргэн төлөлтөд 40.400.000 төгрөгийг хүлээн авсан талаар маргадаггүй ба нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөр гэж, хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр гэж харилцан адилгүй тайлбарладаг.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү нэхэмжлэх эрхтэй юм.

 

Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага байхгүй ба талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул 2014 оны 8 сарын 24-ний өдөр үйлдсэн Зээлийн гэрээний сунгалт гэх баримтаар 2014 оны 2 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 10 сарын 24-ний өдөр хүртэл сунгасан байна гэж дүгнэв.

Харин 2016 оны 2 сарын 20-ны өдөр Б.Ж зээлдүүлэгчид хандан зээлийн гэрээний үүргийн 3 сарын 20-ны өдрийн дотор биелүүлнэ, тэр болтол шүүхэд хандахгүй байх агуулгатай хүсэл зоригийн илэрхийллийг зээлийн гэрээний сунгалт гэж үзэхгүй. Нөгөө талаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 24-ний өдөр нэгэнт дууссан байхад 2016 оны 2 сарын 20-ны өдөр нөхөж сунгах боломжгүй юм.

 

Иймд зээлийн гэрээ нь 2014 оны 2 сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл буюу 20 сарын хугацаатай байгуулагдсан байх ба зээлдүүлэгч нь энэ хугацаанд зээлийн хүү авах эрхтэй.

 

Зээлдэгч 18 сарын турш сар бүр төлбөр хийж байсан ба зарим сард шилжүүлсэн төлбөр зээлийн хүүний төлбөрөөс илүү үнийн дүнтэй байх тул зээлийн хүүний төлбөрөөс давсан үнийн дүнг үндсэн зээлийн дүнгээс хасаж, дараа сард уг хассан дүнгээс 3.5 хувийн хүүг бодох нь зүйтэй гэж үзэв.

 

Хүснэгтээр харуулбал,

Сар

 

Үндсэн зээлийн үлдэгдэл

 

Төлөх ёстой

 

Төлсөн нь

 

1

60,000,000.00

2,100,000.00

2,100,000.00

2

60,000,000.00

2,100,000.00

2,300,000.00

3

59,800,000.00

2,093,000.00

2,300,000.00

4

59,593,000.00

2,085,755.00

2,100,000.00

5

59,578,755.00

2,085,256.43

2,100,000.00

6

59,564,011.43

2,084,740.40

2,100,000.00

7

59,548,751.82

2,084,206.31

4,200,000.00

8

57,432,958.14

2,010,153.53

2,100,000.00

9

57,343,111.67

2,007,008.91

2,100,000.00

10

57,250,120.58

2,003,754.22

2,400,000.00

11

56,853,874.80

1,989,885.62

2,100,000.00

12

56,743,760.42

1,986,031.61

2,100,000.00

13

56,629,792.04

1,982,042.72

2,100,000.00

14

56,511,834.76

1,977,914.22

2,100,000.00

15

56,389,748.97

1,973,641.21

2,100,000.00

16

56,263,390.19

1,969,218.66

2,300,000.00

17

55,932,608.84

1,957,641.31

2,300,000.00

18

55,590,250.15

1,945,658.76

1,500,000.00

19

55,590,250.00

1,945,658.75

-

20

55,590,250.00

1,945,658.75

-

   

40,327,226.41

40,400,000.00

 

Зээлдэгч Б.Ж зээлийн гэрээний хугацаанд нийт 40.327.226 төгрөгийн хүү төлөх үүрэгтэйгээс 40.400.000 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 72.774 төгрөгийг 55.590.250 төгрөгийн үндсэн зээлээс хасч тооцон нийт 55.517.476 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгч Ц.А ээс зээлдэгч Б.Ж тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь зээлийн гэрээнийн сунгалтад гарын үсэг зураагүй гэж маргадаг боловч шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, зээлийн гэрээний хүү зах зээлийн хүүнээс өндөр байна гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т заасны дагуу хохирол нэхэмжилж байх боловч ийнхүү хохирол учирсан болохоо нотлоогүй, мөн хохирлоо хүү гэж томъёолон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Ж 55.517.476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23.382.524 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ц.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдсугай. Үүнд:

 

а. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052874 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 9/35 тоот хаягт байршилтай, иргэн Шандас овогт Бэгзсүрэнгийн Жамбалсүрэнгийн өмчлөлд бүртгэлтэй, 46,73 м.кв тайлбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

 

3.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А ээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж тэмдэгтийн хураамжид 435.537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Саранчимэгт олгосугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР