Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                        Б.Алтансүх

Улсын яллагч                                 Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн харъяат, 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн 2-21 тоотод оршин суух,  Боржигон овогт Хандсүрэнгийн Гантулга /РД:ВЮ76071072/-т холбогдох эрүүгийн 1720000360014 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Гантулга нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн 2-21 тоотод Б.Энхээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б.Энхээ нь манай гэрт ирсэн. Ингээд манай дүүтэй маргалдаад байхаар нь боль гэж хэлсэн чинь хоорондоо хэрэлдээд байхаар нь гэртээ ороод Б.Энхээг 1 удаа цохьсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Энхээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би БНХАУ-н Эрээн хотоос машины дугуй, барилгын материал оруулж худалддаг ажил хөдөлмөр эрхэлдэг юм. БНХАУ-н Эрээн хотоос авсан ачаа бараагаа нөхөр Болдбаатарын төрсөн дүү Цэнгэлмаагийн нөхөр болох Ганжаргалын хүргэн дүү Лхагва-Очироор тээвэрлүүлдэг юм. 2017 оны 05 дугаар сарын дундуур бараанд  явахдаа Лхагва-Очироор мөн ачаагаа тээвэрлүүлсэн гааль дээрээс ачаагаа тэр өдөртөө гаргаж чадаагүй хонуулж би Лхагва-Очирын гэрт нь хоносон тэднийд хонох үед эхнэр хүүхэд нь байгаагүй тухайн үед Лхагва-Очир бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харьцаа үүсээгүй. 2017 оны 06 дугаар сард хадам дүү Цэнгэлмаатай БНХАУ-н Эрээн хот руу бараанд явсан энэ үед Лхагва-Очирын эхнэр Уранчимэг надтай утсаар ярьж нөхөртэй цуг намайг эзгүйд гэрт хоносон байна гээд хардаад байсан би түүнд ямар нэгэн асуудал болоогүй талаар хэлсэн ингээд БНХАУ-н Эрээн хотоос Замын-Үүд суманд ирээд Цэнгэлмаагийн хадам ах Гантулгынд очиход тэнд Уранчимэг байсан Уранчимэг намайг нөхөртэйгээ хардаж дахин хэрүүл маргаан үүссэн энэ үед Уранчимэгийн ах Гантулга нь түүнийг өмөөрч миний нүүрлүү гараараа цохиж гэмтээсэн юм.” гэжээ /хx-ийн 19-р тал/

Гэрч Д.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Энхээ гэж эмэгтэй Уранчимэг янхан танайх гуйлгачин айл гэж элдэв бусаар доромжилсон. Энэ үед нөхөр орж ирчихээд та нар хэрүүлээ боль гэж хэлээд гарсан тэгэхэд Энхээ нь Уранчимэг рүү хаширхаад доромжлоод байсан нөхөр гаднаас дахин орж ирээд Энхээгийн нүүрний баруун хэсэг рүү гараараа нэг цохиход Энхээ нь Цэнгэлмаагийн хамт гараад явчихсан тэр хоёр дахиж ирээгүй ...” гэжээ  /хх-ийн 21 тал/

Гэрч Х.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Энхээ надтай хэрэлдэж чи намайг нөхөртэйгээ хардлаа гэж хэл амаар доромжилж ах бид хоёр нялх хүүхэдтэй айлд хэрүүл хийгээд хэрэгггүй яв гэж хэлсэн тэр танайхан ядуу гуйлгачин, намайг янхан гуйлгачин гэж  доромжилсон тэгээд Гантулга ах гаднаас эргэж орж ирээд нүүррүү нь гараараа цохьчихсон.  Тэгэхэд Цэнгэлмаа эгч Энхээг дагуулаад гараад явсан... гэжээ. /хх-ийн 23 тал/

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7692 дугаартай дүгнэлтэнд: Энхээгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-р тал/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 тал/

Шүүгдэгч Х.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Л Х.Гантулга нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн 2-21 тоотод хохирогч Б.Энхээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Б.Энхээ,  гэрч Д.Нансалмаа, Х.Уранчимэг нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Х.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Гантулга нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Х.Гантулга, хохирогч Б.Энхээ нар нь сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Х.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хандсүрэнгийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Хандсүрэнгийн Гантулгыг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Х.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Л.БАТЖАРГАЛ