Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/67

 

Х.Г-д холбогдох

                                                                   эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Э.Болор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Г-д холбогдох, эрүүгийн 1720000360014 дугаартай, 1 хавтас, 70 хуудас бүхий хэргийг прокурор Э.Болорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн харъяат, 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын ......... тоотод оршин суух, Боржигон овогт Х.Г /ВЮ76071072/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 2-21 тоотод Б.Энхээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г ялаас чөлөөлж,

Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалт бөгөөд уг зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт энэ заалтыг хэрэглэж болохоор хуульчилсан байна. 

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй байхад шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу хорих ялаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэж Х.Г-г ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн 2017.09.13-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзвэл: 

Шүүгдэгч Х.Г нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 2-21 тоотод Б.Энхээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд болох шүүгдэгч Х.Г-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-20, 30/, хохирогч Б.Энхээгийн мэдүүлэг /хх 18-19/, гэрч Д.Нансалмаа /хх-21/, гэрч Х.Уранчимэг нарын мэдүүлэг /хх 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны  7692 тоот дүгнэлт /хх-25/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх ба энэ талаарх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов. 

Учир нь Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хорих ял оногдуулахаар заагаагүй бөгөөд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх зохицуулалт нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх тохиолдолд хэрэглэхээр байгааг анхан шатны шүүх анхаараагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 

Иймд шүүгдэгч Х.Г-ыг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.  

Дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Х.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг, 

“Шүүгдэгч Х.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 

 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ыг ялаас чөлөөлсүгэй” гэснийг,

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Х.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                        Н.БАТЧИМЭГ