Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1635

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01436/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, 13 дугаар баг, *** банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, *** тоотод оршин суух Ц*** н Ж*** /РД: *** /,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, *** тоотод оршин суух Д*** Э*** /РД: *** / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 28,787,800 төгрөг, зээлийн хүү 2,215,183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,727 төгрөг, нийт 31,009,711 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.Ж*** , Г.Э*** нартай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг орон сууцны худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т зааснаар гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэгтэй. Гэтэл 2015 оны 01 дүгээр сараас эхлэн график хоцорч төлөгдөж байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Мөн дунд нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд төлөлт хийгээгүй, 2016 оны 05 сарын 06-ны өдөр 660,000 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш төлөлт хийгдээгүй. Иймд тус банкнаас шүүхэд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт үнийн дүн болох 29,735,762 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд бид шүүх дээр эвлэрч зөвхөн график зөрчсөн үнийн дүн болох 1,008,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж, цаашид графикийн дагуу төлөхөөр эвлэрч, шүүгчийн захирамж гарсан. Гэтэл захирамжид заасан төлбөрөө одоог хүртэл төлөөгүй, мөн графикт заасан хугацаандаа төлбөрөө огт төлөөгүйгээс бол өнөөдрийн байдлаар нийт 3,407,580 төгрөгийн зөрчил үүсээд байгаа юм. Энэхүү зээл нь одоо Монгол банкны хамгийн муу ангилалд орсон, манай банк энэ хэмжээгээр нь эрсдэл хүлээж хохирч байна. Энэ хүмүүст удаа дараа боломж олгож байсан боловч төлбөрөө төлөх ямар ч арга хэмжээ аваагүй, ээж, аавтай нь уулзахад тэтгэврийн зээлээ авч өгсөн гэж хэлдэг боловч энэхүү мөнгөө зээлийн төлбөртөө хийгээгүй, хариуцагч нар нь ажил хийж байгаа боловч зээлийн төлөлт хийхгүй байгаа. Иймээс банк цаашид дахин эвлэрэх боломж олгох боломжгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 31,009,711 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч М.Ж*** , Г.Э*** нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 28,787,800 төгрөг, зээлийн хүү 2,215,183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,727 төгрөг, нийт 31,009,711 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч М.Ж*** , Г.Э*** нартай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар нь орон сууц худалдан авах зорилгоор 30,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж авсан, мөн өдрөө худалдан авсан орон сууц болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 22 дугаар байрны 5 тоот, 18 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалж, ипотекийн гэрээ байгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болно.

Хариуцагч М.Ж*** , Г.Э*** нар нь зээлийн гэрээний 3.1.2-т зааснаар зээлдэгч нь зээл, зээлийн хүүний төлбөрийг хавсралт 1-д заасан гарфикийн дагуу төлөх үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2015 оны 01 дүгээр сараас эхлэн график хоцорч төлөгдөж байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Мөн дунд нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд төлөлт хийгээгүй, 2016 оны 05 сарын 06-ны өдөр 660,000 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш төлөлт хийгдээгүй гэсэн тайлбар, хариуцагч Г.Э*** , М.Ж*** нарын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан ... Би 2015 онд хүүхэд төрүүлээд жирэмсний амралттай гэртээ суусан болохоор зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. 2015 оны 12 дугаар сард банк шүүхэд хандсаны дагуу эвлэрсэн боловч бид мөнгөө төлж чадаагүй нь бидний буруу... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.5-д зээлдэгч нь хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацааг чанд баримтлах, зээл хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, 4.4.1-т Зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр тус тус заасан байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хариуцагч М.Ж*** , Г.Э*** нар нь 2015 оноос эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт зээл төлөх талаар мэдэгдэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан *** банкны 2015 оны 06 дугаар сарын 16, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1307 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *** банкны нэхэмжлэлтэй, М.Ж*** , Г.Э*** нарт холбогдох иргэний хэрэгт хугацаа хэтрэлтийн 1,008,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс графикийн дагуу хугацаа хэтрүүлэхгүй төлөхөөр тохирсон, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар биелүүлээгүй байгаа, тус захирамжид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, *** банкны Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн хүсэлт, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 06-ны өдрийн 240 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 39 дугаартай гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.

Иймд дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч *** банк нь хариуцагч нарт гэрээний үүргийн зөрчлийг арилгах буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч М.Ж*** , Г.Э*** нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч *** банк нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Мөн зээлийн гэрээний 3.1.3-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч М.Ж*** нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч Г.Э*** нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагч нар нь өмнөх шүүгчийн захирамжид заасан 1,008,000 төгрөгийг төлөөгүй, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа тул энэхүү үнийн дүнг нэхэмжилж байгаа нийт 31,0009,711 төгрөгийн шаардлагад оруулан нэхэмжилж байна гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч *** банкнаас тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1307 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн 1,008,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч *** банк нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон 1,008,000 төгрөгийг хариуцагч нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан авах боломжтой байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 30,001,711 төгрөгийг гаргуулж *** банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,008,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан *** банк, М.Ж*** , Г.Э*** нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ4305020778 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Ж*** , Г.Э*** нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,001,711 төгрөгийг гаргуулж *** банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,008,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,998 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ж*** , Г.Э*** нараас улсын тэмдэгтийн хураамжид 307,958 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ