Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 26

 

Голомт банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/01436/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1635 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Цахар овогт М-ын Ж-,

Хариуцагч Дархчуул овогт Г-ын Э- нарт холбогдох 

            “Зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлийн төлбөр 28.787.800 төгрөг, зээлийн хүү 2.215.183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6727 төгрөг, нийт 31.009.711 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

            Хариуцагч нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбараас:

М.Ж-, Г.Э- нартай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг орон сууцны худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т зааснаар гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэгтэй. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 660,000 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш төлөлт хийгдээгүй. Иймд  гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт үнийн дүн болох 29,735,762 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд бид шүүх дээр эвлэрч зөвхөн график зөрчсөн үнийн дүн болох 1,008,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж, цаашид графикийн дагуу төлөхөөр эвлэрч, шүүгчийн захирамж гарсан.

Гэтэл захирамжид заасан төлбөрөө одоог хүртэл  төлөөгүйгээс болж өнөөдрийн байдлаар нийт  3,407.580 төгрөгийн зөрчил үүсээд байна.  Зээл нь муу ангилалд орсон хариуцагч нар нь ажил хийж байгаа боловч зээлийн төлөлт  хийхгүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 31.009.711 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1635 дугаар шийдвэрээр:  

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Голомт банк, М.Ж-, Г.Э- нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ4305020778 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Ж-, Г.Э- нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,001,711 төгрөгийг гаргуулж Голомт банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,008,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,998 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  М.Ж-, Г.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 307,958 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Э-, М.Ж- нар давж заалдсан гомдолдоо:

Голомт банкнаас 8 хувийн орон сууцны зээл 30.000.000 төгрөгийг 20 жилийн хугацаатай авсан. Барилгын салбар уналтанд орж зээлээ төлөх боломжгүй болсон.  Зээлийн хугацаа хэтэрсэн талаар Голомт банк шүүхэд хандаж зээлийн төлбөрийг 1.008.000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гаргаж  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн уг төлбөрөөс 660.000 төгрөгийг төлсөн. Одоо бид 28.787.800 төгрөгийг төлөх ёстой. 30.001.711 төгрөгөөс 2.215.183 төгрөгийг төлөхгүй гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүх  Иргэний хууль болон Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийг  зөрчөөгүй,  шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  болсон байх тул хариуцагч нарын  давж  заалдсан гомдлыг  хангахгүй орхих нь   зүйтэй гэж  үзлээ.

            Нэхэмжлэгч Голомт банкны Дархан  салбар  хариуцагч  М.Ж-, Г.Э-  нарт холбогдуулан  зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 28.787.800  төгрөг,  зээлийн хүү  2.215.183 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 6727 төгрөг,  нийт  31.009.711  төгрөг  гаргуулах  шаардлага  гаргажээ.

            Шүүх тус хэрэгт  2016 оны  10 дугаар сарын  11-нд  иргэний  хэрэг  үүсгэж, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа  явуулж, хариуцагч Г.Э-т  11 дүгээр сарын 07, М.Ж-д  10 дугаар сарын  25-ны өдөр  нэхэмжлэлийн хувийг  гардуулан  \хх-21, 22 дугаар хуудас\  14  хоногийн  дотор  хариу   тайлбар болон  нотлох баримт  ирүүлэхийг мэдэгдсэн,  2016 оны  11 дүгээр сарын  24-ний  өдрийн  09 цаг 30 минутад шүүх хуралдааны  тов тогтоож, захирамжийг   зохигчдод  зохих журмын   дагуу  мэдэгдсэн, шүүх хуралдаан  товлосон өдрөө  явагдаж  хариуцагч нар биечлэн  оролцож  “төлбөрөө төлж, үлдэгдэл  зээлийг  үндсэн хувиарийн  дагуу  төлөхөөр  санал“ гаргаснаар  шүүх хуралдааныг   2016 оны  12  дугаар сарын  08-ны өдөр  09 цаг 30  минутад  хийхээр  хойшлуулсан \хх-42 дугаар тал\  бөгөөд  мөн өдрийн  шүүх хуралдаанд  өмгөөлөгч  авах хүсэлт гаргасан учир  2016 оны  12 дугаар сарын  15  хүртэл   дахин  хойшлуулж  байсан  \хх- 47 дугаар тал\ байна.

            Зохигчид  2013 оны  11 дүгээр сарын  26-ны өдөр  орон  сууц  худалдан авах  зориулалтаар 30.000.000 төгрөгийг,  240 сарын хугацаатай, сарын 8 хувийн  хүүтэйгээр  зээлж,  төлбөрийг  сар бүр  тогтмол хувиарийн дагуу төлөхөөр  тохиролцсон, зээлдэгч нар  2015 оны  6 дугаар сараас хойш   гэрээний  үүргээ  зөрчсөнөөс  зээлдүүлэгч  шүүхэд нэхэмжлэл гаргаж  шүүх  маргааныг  2015 оны 12 дугаар сарын  15-ны өдрийн  1307  дугаар  шүүгчийн  захирамжаар 1.008.000 төгрөг  гаргуулахаар  шийдвэрлэсэн, хариуцагч нар  мөн  дахин  гэрээний  үүргээ  зөрчсөн  учир   зээлдүүлэгч нь  Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн  225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар  зүйлийн 453.1-д  зааснаар   шаардлага  гаргасныг  хүлээн   авсан нь  хуульд  нийцсэн.

Анхан шатны  шүүх  хариуцагч нарын эзгүйд  шүүх хуралдааныг  хийж, нэхэмжлэлийн  шаардлага үндэслэл түүнтэй холбоотой  нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй үнэн зөв талаас нь  үнэлж  нэхэмжлэлээс    шүүхээр  өмнө нь   шийдвэрлэсэн  1.008.000  төгрөгийг хасч, нэхэмжлэлийн  үлдэх хэсэг  30.001. 711  төгрөг  гаргуулсан нь  хуулийн  үндэслэлтэй  зөв  шийдвэрлэсэн  байна.

Хариуцагч нар  нэхэмжлэлийн  шаардлагыг  зөвшөөрөхгүй талаараа  тайлбар, хүсэлт  гаргаж  мэтгэлцээгүй  нь  нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн  зөвшөөрсөн гэж  үзэх  үндэслэл болдог учир  урт хугацаатай  байгуулсан зээлийн гэрээг  цуцалсныг  буруутгах  боломжгүй   юм. 

Түүнчлэн  хариуцагч  нь давж заалдсан гомдолдоо  “...шүүхийн   шийдвэрийн  дагуу  төлөх  1.008.000  төгрөгнөөс  660.000 төгрөгийг төлсөн, одоо  бид  28.787.800  төгрөг төлөх  ёстой, хүүгийн  2.215.183  төгрөгийг  төлөхгүй...”   гэжээ.

Шүүх  нэхэмжлэгчийн   гаргасан  зээлийн  хүү  2.215.183 гэснийг  шүүх хуралдааны  явцад  тодруулахад  энэ тооцоонд    шүүхээр  өмнө нь  шийдвэрлэгдсэн  зээлийн  хүүг  \1.008.000  төгрөг\  давхардуулсан  гэж  тайлбарласнаар  хүү 2.215.183 төг- 1.008.000төг= 1.207.183  төгрөг  гаргуулсан   нь  буруу биш  зээлдэгч нар 2015 оны  12 дугаар сарын  15-наас  хойш үндсэн зээл, зээлийн  хүүд төлбөр   төлөөгүй   болохыг  дурдах нь  зүйтэй.

Иймд  хариуцагч нараас гаргасан  давж    заалдсан гомдол  нь  үндэслэлгүй байх тул  хангах  боломжгүй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч  М.Ж-, Г.Э-  нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй  орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1635 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  Г.Э-  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид  50.400  төгрөг  төлснийг  төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                               ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                С.ЭНХЖАРГАЛ