Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 01173

 

“РС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00719 дүгээр шийдвэртэй “РС” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ТОСК” ТӨҮГ-т холбогдох, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “РС” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, Нийслэл Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 178020/0195 дугаар бүхий 5277 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдааны журмаар 58 026 012 төгрөгөөр худалдан авч гэрээний дагуу эзэмшдэг. Гэтэл “ТОСК” ТӨҮГ-аас тус компанийн газар дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрийн барилгыг барьснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Манай компанийн зүгээс тус газрыг чөлөөлөхийг тус байгууллагад мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг үл тоон, өөрсдийн дур зоргоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Үүссэн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр газар чөлөөлөхгүй тохиолдолд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах тухай албан шаардлага хүргүүлэхэд бичгээр хариу ирүүлээгүй. Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/4498 дугаар албан бичгээр “... газарт баригдсан барилга байгууламжийг чөлөөлөх асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэх тул холбогдох байгууллагад хандана уу” гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасан шаардах эрхийн дагуу өөрийн эзэмшлийн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглахад саад учруулж буй “ТОСК” ТӨҮГ-аас дээрх газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр сургуулийн урд баригдсан эрчим хүчний алдагдалгүй, амины орон сууцны загварын байрыг “Оверсийс бест” ХХК нь 2013 оны 5 дугаар сард бусдын эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд манай байгууллагад орон сууцыг худалдах талаар хэлцэл яригдаж байсан. Гэтэл орон сууцны доорх газар нь өөр эзэмшигчтэй, эрхийн зөрчилтэй барилга байсан учраас худалдаж аваагүй, орон сууцны өмчлөл манай байгууллагын өмчлөлд шилжиж ирээгүй. “Оверсийс бест” ХХК болон “РС” ХХК нь маргаантай газрын талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15/29 дугаартай “Оверсийс бест” ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулж байсан бичиг дээр тухайн барилгыг тус компани нь барьж, ашиглалтад оруулж дуусах хүртэл нэг ч аж ахуйн нэгж, иргэн ирж байгаагүй тухай, мөн “Оверсийс бест” ХХК нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд гаргасан бөгөөд энэ үед газрын эзэмшил “РС” ХХК-ийн нэр дээр байдаг талаар мэдэж, компанийн удирдлагууд удаа дараа уулзсанаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 34 дүгээр сургуулийн урд байрлах 3874.6 м.кв газраас тус барилгад 959.4 м.кв талбайг “Оверсийс бест” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөх талаар талууд тохиролцсон тухайгаа илэрхийлж, тус газрын эзэмшлийг сольж өгөхийг хүссэн байна. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А15/02 дугаартай “РС” ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн хүсэлтээр тус газрыг “Оверсийс бест” ХХК-д олгоход манай байгууллагын зүгээс “татгалзах зүйлгүй” гэж хүргүүлсэн албан бичгүүд байгаагаас үзэхэд тус газрын эзэмшлийг “Оверсийс бест” ХХК-д шилжүүлсэн байх магадлалтай. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихэд бүртгэлийн газар бүртгүүлсэн байхыг шаарддаг бөгөөд тус барилгын өмчлөл манай байгууллагын нэр дээр шилжиж ирээгүй. “Оверсийс бест” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж, уг амины орон сууцны төлбөрийг төлсөн боловч өмчлөлд шилжүүлээгүй. Өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр хөөцөлдсөн боловч газар эзэмших эрх нь зөрчилтэй байсан учир болоогүй. Иймд тус хоёр орон сууцны хууль ёсны өмчлөгч манай байгууллага биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “РС” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1дүгээр гудамж, 34 дүгээр сургуулийн урд, изораст системийн эрчим хүчний хэмнэлттэй 2 айлын 2 давхар амины орон сууц байрлаж буй газрыг хариуцагч “ТОСК” ТӨҮГ-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТОСК” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “РС” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр сургуулийн урд баригдсан эрчим хүчний алдагдалгүй, амины орон сууцны загварын байрыг “Оверсийс бест” ХХК нь 2013 оны 5 дугаар сард бусдын эзэмшлийн талбайд, аливаа зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд манай байгууллагад орон сууцыг худалдах талаар хэлцэл яригдаж байсан, гэтэл орон сууцны доорх газар нь өөр эзэмшигчтэй. эрхийн зөрчилтэй барилга байсан учраас манайх худалдаж аваагүй орон сууцны өмчлөл манай өмчлөлд шилжиж ирээгүй, бүртгэгдээгүй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихэд бүртгэлийн газар бүртгүүлсэн байхыг шаарддаг бөгөөд тус барилгын өмчлөл манай байгууллагын нэр дээр бүртгэгдээгүй. Манай байгууллагын өмчлөлд бүртгэгдээгүй амины орон сууцыг нүүлгэх, захиран зарцуулах үүргийг бид хүлээх боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан “РС” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн A15/02 тоот албан бичиг болох тус 959.4 м.кв талбайтай газрын эзэмшлийг тус орон сууц барьсан “Оверсийс бест” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулахыг хүссэн боловч тус байгууллагаас хариу ирүүлээгүй. Шүүх хариуцагч талд ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулахад хангалттай арга хэмжээ аваагүй. Тухайн орон сууцыг барьсан “Оверсийс бест” ХХК-иас шүүх өөрийн санаачилгаар холбогдох материал гаргуулах, зарим тайлбар авахаар шүүгчийн захирамж гаргаж тухайн ажлыг гүйцэтгэсэн боловч компаниас гаргуулсан нотлох баримтууд нь шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тухайн баримтыг үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар “...мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан. Гэтэл шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, мөн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргуулах хүсэлттэй холбоотой ажиллагааг дутуу хийсэн. Иймээс энэ хэргийг анхан шатны шүүх хангалттай нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэсэн гэж үзэхгүй байгаа тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “РС” ХХК нь хариуцагч “ТОСК” ТӨҮГ-т холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“РС” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 178020/0195 дугаар бүхий 5277 м.кв талбайтай газрыг эзэмшдэг. Тухайн газрын 959.4 м.кв талбайд “ТОСК” ТӨҮГ болон “Оверсийс бест” ХХК нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр  2 айлын 2 давхар амины орон сууцны загварын байрыг барьсан зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 8-9, 11, 52-53 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий газрыг нэхэмжлэгч байгууллагын зүгээс “Оверсийс бест” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байсан талаарх албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 183/ШЗ2018/15022 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 40 дүгээр тал/

Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу “Оверсийс бест” ХХК-иас уг газар дээр баригдсан орон сууцны эзэмшигч, өмчлөгч нь хэн болохтой холбогдох нотлох баримт гаргуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/01160 дугаар захирамж гаргаж баримтыг шүүхэд ирүүлэхийг “Оверсийс бест” ХХК-д даалгасан. /хх-ийн 48 дугаар тал/

Дээрх захирамжууд биелэгдээгүй, Нийслэлийн өмчийн харилцааны газраас албан бичгээр нотлох баримт байхгүй гэх хариу өгч, “Оверсийс бест” ХХК-иас хуулийн шаардлага хангаагүй  нотлох баримтууд ирүүлсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болно. Өөрөөр хэлбэл, захирамжид заасан нотлох баримтууд нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлжээ. “Оверсийс бест” ХХК-иас ирүүлсэн баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргуулахаар хүссэн нотлох баримт авагдсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. /хх-ийн 35 дугаар тал/

Түүнчлэн, тухайн газар дээр байшин баригдаж байхад нэхэмжлэгч эзэмшигчийн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан болох нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт хангалттай баримтгүй, талууд мэтгэлцсэн эсэх нь эргэлзээтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журам болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус, маргааны зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс  залруулах, хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                                  ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

                                                                                                                       Б.НАРМАНДАХ