Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2016/00439

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2016/00439

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, . хороо, М хотхон . тоот хаягт оршин суух Ц овогт Б.Э /рд:......../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, Ү гудамж гудамж-3, өөрийн байранд оршин байгаа Н төрийн байгууллагад холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Х дүүрэг, . хороо, М хотхон тоот орон сууцыг төлбөр авагчид төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэсэн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн 2016 оны 4 сарын 29-ний өдөр 3/16089 тоот албан бичгийг шуудангаар надад хүргүүлсэн. Орон сууцыг 2016 оны 3 сарын 18-ны өдөр дуудлага худалдаагаар худалдах болон дуудлага худалдааны доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарын тогтоосон 322.000.000 төгрөгийн 70 хувь буюу 225.400.000 төгрөгөөр тогтоосон гэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Б мэдэгдлийг авч танилцсан. Хоёр дахь дуудлага худалдааны үнэ болон хэзээ хаана болох талаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Б.Э надад огт мэдэгдээгүй. Ийнхүү мэдэгдээгүй явдал нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.3-т Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэснийг зөрчиж байна. Хоёр дахь дуудлага худалдааг хэзээ, хаана зохион байгуулах болох доод үнийг хэдэн төгрөгөөр тогтоосныг мэдэх боломжоор хангаагүй, хуульд заасан үүргээ шийдвэр гүйцэтгэгч биелүүлээгүйгээс миний өмчлөх эрхэнд ноцтой хохирол учруулж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцож тогтооно гэжээ. Төлбөр төлөгч авагч нарын тогтоосон үнэ 322.000.000 төгрөгийн 50%-иар буюу 161.000.000 төгрөгөөр 2 дахь дуудлага худалдааны үнэ тодорхойлогдох ёстой. Энэ тохиолдолд төлбөр авагч зөрүү 81.358.846 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Би төлбөр авагч байгууллагад 79.351.194 төгрөгийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл миний тогтоосон 322.000.000 төгрөгийн үнэтэй, хоёр дахь дуудлага худалдаагаар 161.000.000 төгрөгийн үнэтэй байх ёстой үл хөдлөх хөрөнгийг 79.351.194 төгрөгийг төлбөрт тооцож өгөх нь хүний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа гэж хэлэхээс өөр аргагүй. Хоёр дахь дуудлага худалдааны талаар болон доод үнийн талаар надад огт мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гомдолд хариу өгөхдөө 2 дахь дуудлага худалдаанд миний орон сууцыг хэдээр үнэлж оруулснаа огт дурдаагүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан байхад 2016 оны 5 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нар ирж, гэрийн эд хогшлыг гудамжинд гаргаж хаясан. Иймээс төлбөр төлөгчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэтэрхий хурдан явагдсан нь хардлага төрүүлж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дүгээр захирамжаар Б.Э аас 79.641.154 төгрөгийг гаргуулж Эксимфинанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 сарын 14-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Э т удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөр барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхон, 104-р байр, 24 тоот 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад 322.000.000 төгрөгөөр үнэлэхээр харилцан тохиролцсон. Иймд талуудын харилцан тохиролцсон үнэ 322.000.000 төгрөгийн 70% буюу 225.400.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч Б.Э т 2016 оны 3 сарын 04-ний өдөр мэдэгдэж, тогтоолыг гардуулж, 2016 оны 3 сарын 18-ны өдөр нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй. Улмаар Иргэний хуулийн 177.4-т зааснаар харилцан тохиролцсон үнэ болох 322.000.000 төгрөгийн 50% буюу 161.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг төлбөр төлөгч Б.Э т 2016 оны 4 сарын 01-ний өдөр мэдэгдэж, 2016 оны 4 сарын 15-ны өдөр нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхон, 104-р байр, 24 тоот 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэсэн тул 2016 оны 5 сарын 12-ны өдөр султган чөлөөлж төлбөр авагч Экзимфинанс ББСБ-д хүлээлгэн өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н төрийн байгууллагад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 сарын 01-ний өдрийн 4/98 тоот тогтоол, 2016 оны 4 сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлаар орон сууцыг төлбөрт тооцон өгөх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дүгээр шийдвэрээр хариуцагч Б.Э аас 79.351.194 төгрөгийг гаргуулж Эксимфинанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 102/ШЗ2015/32629 дүгээр захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан байна. /хх-58-61х/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй, Х дүүрэг, . хороо, М хотхон . байр, хаягт байрлах 110 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2016 оны 2 сарын 24-ний өдрийн 179/01 тоот тогтоолоор битүүмжилж /хх-70-71х/, 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 179/02 тоот тогтоолоор хурааж /хх-74-75х/, төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан байна /хх-76-77х/.

 

Талууд орон сууцыг харилцан тохиролцож 322.000.000 төгрөгөөр үнэлсэн тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 сарын 04-ний өдрийн 3/104 тоот тогтоолоор орон сууцыг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70% буюу 225.400.000 төгрөгөөр 2016 оны 3 сарын 18-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдэж, дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй байна. /хх-78-83х/

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 сарын 04-ний өдрийн 4/98 тоот тогтоолоор Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлд заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж, 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь дуудлага худалдаа явагдах талаар, дуудлага худалдааны доод үнийг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50% буюу 161.000.000 төгрөгөөр тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Э т удаа дараа өгсөн боловч хүлээн авахгүй, гарын үсэг зурахгүй хэмээн татгалзсан байна. /хх-85-87х/

 

Улмаар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй, Х дүүрэг, . хороо, М хотхон . байр, хаягт байрлах 110 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг төлбөр авагч Экзимфинанс ББСБ ХХК-д санал болгож, 2016 оны 5 сарын 12-ны өдрийн 179/01 тоот тогтоолоор төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж, 2016 оны 5 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар өөрт нь мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хурдан хугацаанд болоод өнгөрсөн, хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг 161.000.000 төгрөгөөр тогтоосон байтал 79.351.194 төгрөгийн төлбөрт тооцуулан төлбөр авагчид санал болгож байгаа нь өмчлөх эрхийг нь ноцтой зөрчиж байна, зөрүү 81.358.846 төгрөгийг төлбөр төлөгчид буцаан өгөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 10 цагт явагдах хоёр дахь албадан дуудлага худалдаа, хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар нэхэмжлэгч Б.Э т мэдэгдсэн болох нь иргэний хэрэгт авагдсан 2016 оны 4 сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/98 тоот тогтоолын доор гараар бичсэн хүлээн авахгүй гарын үсэг зурахгүй гэв гэсэн тэмдэглэл /хх-85х/, 2016 оны 4 сарын 04-ний өдрийн 3/12163 тоот мэдэгдлийн доор гараар бичсэн гарын үсэг зурахгүй гэв гэсэн тэмдэглэл /хх-86х/, шийдвэр гүйцэтгэгч Ц.Баянчимэгийн хөтөлсөн 2016 оны 4 сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хх-87х/, түүнд хийсэн тэмдэглэлийг хүлээн авахгүй гэж тогтоолыг урах гэж оролдов гэсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх ба нэхэмжлэгч дээр дурдсан үйл баримтыг баримтаар няцаагаагүй болно.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үе шат, дараалал, хугацаанд явагдсан байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хурдан хугацаанд болоод өнгөрсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохоор зохицуулсан байх ба хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийн дүнг хасаж тооцон, зөрүүг үүрэг гүйцэтгэгчид олгох тухай хуулиар тогтоосон журам байхгүй тул зөрүү 81.358.846 төгрөгийг өгөх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу гаргуулахаар заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй төлбөр төлөгчийн эд хөрөнгийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг удирдлага болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шат дараалсан ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

 

Түүнчлэн, Б.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бүхий л хугацаанд орон сууцыг зах зээлийн үнэ ханшаар өөрөө худалдан борлуулж, Экзимфинанс ББСБ ХХК-ийн өмнө шүүхийн шийдвэрийн дагуу хүлээсэн үүрэг болох 79.351.194 төгрөгийг сайн дураар төлж барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох үр дагаварт хүргэхгүй байх эрх нь нээлттэй байсныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмгөөлөгч Б.Баярмааг байлцуулахгүйгээр, мөн хариуцагчийн төлөөлөгч Ц.Баянчимэгийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн ба хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг удирдлага болгон үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 сарын 01-ний өдрийн 4/98 тоот тогтоол, 2016 оны 4 сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлаар орон сууцыг төлбөрт тооцон өгөх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Б.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР