Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1771

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2016/01771

 

Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар дугаар 03-ны өдрийн 181/ШШ2016/00439 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.Энхбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: Б.Энхбаатар

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Дамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баянчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун хотхоны 104-р байрны 24 тоот орон сууцыг төлбөр авагчид төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэсэн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3/16089 тоот албан бичгийг шуудангаар надад ирүүлсэн. Орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуудлага худалдаагаар худалдах болон дуудлага худалдааны доод үнийг 322 000 000 төгрөгийн 70 хувь буюу 225 400 000 төгрөгөөр тогтоосон гэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэнгийн мэдэгдлтэй танилцсан. Хоёр дахь дуудлага худалдааны үнэ болон хэзээ хаана болох талаар шийдвэр гүйцэтгэгч Б.Энхбаатар надад огт мэдэгдээгүй. Ийнхүү мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43.3-т Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн. Хоёр дахь дуудлага худалдааг хэзээ, хаана зохион байгуулах болон доод үнийг хэдэн төгрөгөөр тогтоосныг мэдэх боломжоор хангаагүй, хуульд заасан үүргээ шийдвэр гүйцэтгэгч биелүүлээгүйгээс өмчлөх эрхийг хохироож байна. Хоёр дахь дуудлага худалдааны доод үнэ нь 322 000 000 төгрөгийн 50%-иар буюу 161 000 000 төгрөгөөр тодорхойлогдох ёстой. Төлбөр авагчид зөрүү 81 358 846 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Дуудлага худалдаагаар 161 000 000 төгрөгийн үнэтэй байх ёстой үл хөдлөх хөрөнгийг 79 351 194 төгрөгийг төлбөрт тооцож өгөх нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд төлбөр төлөгчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дүгээр захирамжаар Б.Энхбаатараас 79 641 154 төгрөгийг гаргуулж Эксимфинанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Энхбаатарт удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөр барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад 322 000 000 төгрөгөөр үнэлэхээр харилцан тохиролцсон. Иймд талуудын харилцан тохиролцсон үнэ 322 000 000 төгрөгийн 70% буюу 225 400 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч Б.Энхбаатарт 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, тогтоолыг гардуулж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй.

Улмаар Иргэний хуулийн 177.4-т зааснаар харилцан тохиролцсон үнэ болох 322 000 000 төгрөгийн 50% буюу 161 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг төлбөр төлөгч Б.Энхбаатарт 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэж, 2016 оны 4 дугаар сарын 15-ны өдөр нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дугаар сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхон, 104-р байр, 24 тоот 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэсэн тул 2016 оны 5 сарын 12-ны өдөр султган чөлөөлж төлбөр авагч Экзимфинанс ББСБ-д хүлээлгэн өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг удирдлага болгон үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/98 тоот тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлаар орон сууцыг төлбөрт тооцон өгөх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Б.Энхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нийтэд мэдэгдэлгүйгээр 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулж явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 4/98 дугаартай тогтоол, 3/12163 дугаартай мэдэгдэл, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч Ц.Баянчимэгийн хөтөлсөн гэх тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудыг надад огт танилцуулаагүй байхад анхан шатны шүүх нэг талын тэмдэглэл үйлдэж ирүүлсэн дээрхи бичгийн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ирүүлсэн бичгийн баримтуудад тэмдэглэгдсэн зүйл нь зохиомол, хуурамч болохыг дурдаад байхад анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, уг баримтуудын талаар тодруулалгүй, зөрүүтэй тайлбарын талаар талуудын мэтгэлцэх боломжийг хангалгүй, хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Баянчимэг нь дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хуульд заасны дагуу хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байхад хүргүүлсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчлөө. Иймд шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 4/98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2 дахь дуудлага худалдааг дахин явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2,   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47, 48 дугаар зүйлүүдийг  буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхбаатар нь Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд холбогдуулан тус алба шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах ажиллагаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа хэзээ, хаана болох талаар өөрт нь мэдэгдээгүй, хоёр дахь дуудлага худалдааны талаар олон нийтэд мэдээлээгүй, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиролцсон үнэ болох 322 000 000 төгрөгийн 50 хувиар буюу 161 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд орсон бол зөрүү үүсэх ёстой боловч ямар ч зөрүү олгохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авах ажиллагаа явагдсан. Дээрх ажиллагаанууд өөрийнх нь өмчлөх эрхэд хохирол учруулсан тул хоёр дахь дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авах ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ/2015/06259 дүгээр захирамжаар 79 641 154 төгрөгийг Эксимфинанс ББСБ ХХК-нд төлөх үүрэгтэй, уг төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот сууцыг үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 322 000 000 төгрөгийн 70 хувь буюу 225 400 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна.

 

Харин хоёр дахь дуудлага худалдаа, худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгөх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн эсэх талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дах хэсэгт анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45-50 дугаар зүйлүүдэд албадан дуудлага худалдаа явуулах журам, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх, үүргийг хэрхэн хангах талаар зохицуулсан. 

 

Уг заалтуудаар шийдвэр гүйцэтгэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар тогтоол гаргах, тогтоолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан агуулгыг бүрэн тусгаж худалдаа эхлэхээс 14 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, төлбөр авагч, төлбөр төлөгч нарт гаргасан эрхийн актаа гардуулж, явуулж буй ажиллагаа, эрх үүргийг нь бүрэн тайлбарлан таниулах үүрэгтэй юм. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар албадан худалдах хөрөнгийн талаархи бүх мэдээллийг олон нийтэд зарлан хүргэх нь дуудлага худалдаанд аль болох олон оролцогчийг татах зорилготой бол төлбөр төлөгчид мэдэгдэх нь түүнд эрхээ хамгаалах, дуудлага худалдаанд оролцох боломжоор хангах ач холбогдолтой юм. 

 

Гэтэл  хариуцагч нь хоёр дахь дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн тухай нотлох баримтыг гаргаагүйгээс гадна уг ажиллагааны талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн гэх баримтыг гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн уг үйл ажиллагаа хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгчийн дараа дараачийн ажиллагаанууд  бүхэлдээ хууль бус болжээ.

 

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч өмчлөгчийн харилцан тохиролцсон үнэ болох 322 000 000 төгрөгийн 50 хувиар буюу 161 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг 79 641 154 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн нь  нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг, Иргэний хуулийн 100, 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгохдоо төлбөр төлөгчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээ, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ зэрэг нь дүйцэхүйц байгаа эсэх, өмчлөгчийн эрх зөрчигдөх эсэхийг агуулгын хувьд анхаарах ёстой юм.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хоёр дахь дуудлага худалдааг бүхэлд нь, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгсөн ажиллагааг тус тус хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар дугаар 03-ны өдрийн 181/ШШ2016/00439 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/98 тоот тогтоолоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 104 дүгээр байрны 24 тоот байрлах үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг бүхэлд нь, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 179/01 дугаар тогтоолоор уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Эксимфинанс ББСБ ХХК-д төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаатарт олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД