Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/MA2017/0560

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 03 өдөр                   Дугаар 221/МА2017/0560                          Улаанбаатар хот

        

П.Булгаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, П.Булгаагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргад холбогдох “2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтын 17 дугаар хэсэгт бичигдсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн П.Булгаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Улиастай сумын иргэн П.Булгаа би төслөө өгч аймгийн Засаг даргын 2016 оны А/187 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 200 м.кв талбайтай газрыг 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, гэрчилгээ авч, гэрээ байгуулан, татвараа төлж эзэмшин, үйлчилгээний барилгаа барихаар бүх материалаа бэлдэж барилгын ажил эхлэх гэтэл одоогийн аймгийн Засаг даргын 2017 оны А/25 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд иргэнийг хохироосон шийдвэр гэж үзэж аймгийнхаа захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний бие 2000 оноос хойш уг газрыг эзэмшихээр тасралтгүй хөөцөлдөж, 2014 онд аймгийн газрын кадастрын мэдээллийн санд оруулсан. Улиастай сум нь одоо хүртэл газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөгүй явж байгаа. Улиастай суманд өнгөрсөн хугацаанд хууль журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтаар нэг ч удаа газар олгож байгаагүй, дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газар нийт эзэмшил газрын нэг хувьд ч хүрэхгүй. Газрын тухай багц хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт нь Засаг даргынхаа захирамж гарсны дараа гарсан, энэ ажлын хэсэгт ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд орж ажилласан. Миний эзэмшсэн газар нь аймгийн ахмадын хорооны болон бусад ямар ч этгээдийн газартай давхцаагүй надад хүлээлгэж өгснөөр сул чөлөөтэй байгаа, хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн нөхдүүд эхлээд нилээд хэдэн гражийн газруудын зөвшөөрлийг цуцлах зориулалтаар ажилласан мөртлөө үйлчилгээний зориулалтын эзэмшлийн газруудаас ганц нэгхэнийг зориудаар захирамжид оруулсан.

Улиастай суманд газар зохион байгуулалт нэгдсэн төлөвлөгөө огт байхгүй явж байгаа болохоор үе үеийн Засаг дарга нар дураараа танил тал харах, тал тохой татах хэлбэрээр газрын захирамж гаргаж жирийн иргэдийг хохироож байгаа зэрэг асуудлуудыг анхааран үзэж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 40 тоот шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг хянаж хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Засаг даргын 2017 оны А/25 тоот захирамжийн хавсралтын 17 дугаарт байгаа миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон заалтыг хянаж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25  дугаар захирамжаар “П.Булгаад үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Ахмадын ордны урд талд байрлах 200 м.кв газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулаагүй байна” гэсэн үндэслэлээр П.Булгаад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тус аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай тус тус нийцжээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ...”, 33.4-д “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий 200 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр байна.

Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/187 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 200 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зохион байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаар албан бичиг болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга нь бусдад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй боловч энэ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заасан газарт хэрэгжих учиртай. Гэтэл Завхан аймгийн 2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө огт батлагдаагүй, харин Улиастай сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан байх ба энэхүү төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй байна.

Иймд хариуцагч хуулийн дээрх заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч П.Булгаад газар эзэмшүүлсэн Завхан аймгийн Засаг даргын А/187 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      

            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН