| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/00232/И |
| Дугаар | 181/ШШ2016/00431 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2016/00431
| 2016 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2016/00431 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, . хороо, . хаягт оршин суух Г.О /рд:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, . хороо, . сургуулийн хашаанд байрлах Сүхбаатар дүүргийн А сургууль /рд:.../-д холбогдох,
Тоглолтын хөлс 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О /рд:......../, хариуцагч Сүхбаатар дүүргийн А сургуулийн захирал Н.Г /рд:....../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн захирал Н.Г намайг 2015 оны 5 сарын 30-ны өдөр утсаар дуудаж уулзаад 2015 оны 11 сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн ордонд болох тус сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээнд хоёр цагийн тоглолт хийж өгөхийг хүссэн. Тоглолтын маргааш буюу 2015 оны 11 сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр өгнө гэж тохиролцсон. 2015 оны 11 сарын 26-ны өдөр тоглолт хийж захиалгаа биелүүлсэн боловч төрийн сангаас сургуулийн дансанд мөнгө орж ирмэгц төлнө гээд 6 сар болж байна. Олон удаа утсаар ярьж өөрийн биеэр О иж уулзахад одоохон өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна, одоог хүртэл нэг ч төгрөг аваагүй болно. Надад хийж өгсөн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн бичигт миний нэрийг О төгсөд гэж бичих байсан юм гэтэл О хамтлагт гэж бичсэн байна. Иймд А 2-р сургуулиас тоглолтын хөлс болох 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрөгч он буюу 2015 онд манай сургуулийн 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гарч үүний дагуу хийгдэх ажлуудын төлөвлөгөө, хөтөлбөр зэргийг боловсруулан гаргаж батлуулан ойн арга хэмжээг зохион байгуулах комисс удирдан зохион байгуулсан. Миний бие ойн комиссыг удирдаж байсны хувьд 2014-2015 онд манай эчнээ ангид суралцагч Г.О төгс тэргүүтэй хэсэг залуучуудтай уулзаж санал бодлыг нь сонссоноор концертод хөнгөн хөгжмийн номер орох болсон. Анх яриа ингэж өрнөхдөө тэд сургуулийнхаа ойд барьж буй сэтгэлийн бэлэг, хариуд нь багш нар сургууль төгсөхөд дүн дээр харж үзээрэй гэж ярьсан. Ойн өмнөх нь манай сургуульд миний өрөөнд ой тэмдэглэх комисстой О төгсийн дүү ирж уулзан ярилцаж, бид тоглолтын хөлс мөнгө авмаар байна, бид зүгээр тоглохгүй гэхээр нь тэгвэл та нар нийт 2-3 удаа сургуулийг таниулсан, ойг сурталчилсан хандивын тоглолт хий, түүнээс олсон хандивын орлогоос хөлсөө ав гэж харилцан тохиролцсон. Энэ аман яриаг сонссон багш ажилтнууд юу гэж хөлстэй тоглох вэ, хэрэв тэгэж байгаа юм бол болиулахгүй юу гэсэн саналууд орж ирсэн. Миний бие нэгэнт бэлдэж байгаа юм чинь болиулаад яах вэ тоглуулчихая гэсэн сэтгэл өвөрлөсөн нь буруу болж шүүхэд нэхэмжлэл гаргасныг огт ойлгохгүй байна. Угтаа сургуулийн ой тэмдэглэх комисс төгсөгч сурагчидтай ярьж тохирсноос би О гэсэн хамтлагтай огт ярьж тохироогүй ба ой өнгөрсний дараа О төгсийн дүү хамтлагийнхаа нэг гишүүнтэй миний өрөөнд орж ирэн шалж шаардсаар байгаад уг бичгийг гаргуулан авсан. Нэгдүгээрт, тэд хэлсэн үгэндээ хүрээгүй хандивын тоглолт нэг ч удаа хийгээгүй, хоёрдугаарт, манай сургуулийг төгсөгч нар биш болсноороо харилцан тохиролцсоноосоо буцах болж О гэсэн хамтлагийн нэр барин мөнгө нэхэх болсон, гуравдугаарт концертон дээр 2 номер тоглосон зэрэг нь аман яриагаа зөрчсөн тул нэхэмжлэлд гаргасан мөнгийг нь өгч чадахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О төгс нь хариуцагч Сүхбаатар дүүргийн А сургуулиас тоглолтын хөлс 1.500.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Г.О төгс нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлож 2015 оны 12 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн А сургуулийн захирал Н.Г ийн үйлдсэн Та нартай ярьж тохирсон тоглолтын хөлсийг төлөх хугацаа хэдий болсон ч мөнгө орж ирээгүй тул 1-р сарын 25 гэхэд дуусгана (1.500.000) гэсэн бичиг, тус сургуулийн захирал Н.Г тай нэхэмжлэгч Г.О төгсийн утсаар ярьсан ярианы бичлэгийг гаргаж өгдөг ба хариуцагч тал дээр дурдсан бичгийг үйлдсэн болохоо, түүний утсаар ярьсан бичлэг мөн болохоо шүүх хуралдаанд тайлбарладаг.
Гар утасны бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу үзлэг хийн бэхжүүлж, иргэний хэрэгт хавсаргасан болно.
Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ анхнаасаа тоглолтын хөлсийг 2-3 удаа хандивын тоглолт хийж, түүнээс цугларсан мөнгөнөөс өгөхөөр харилцан тохиролцсон байсан, ийнхүү тохиролцсоны дагуу хандивын тоглолт хийгээгүй, өрөөнд орж ирээд суугаад байсан болохоор аргагүй эрхэнд бичиг үйлдэж өгсөн, ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх төсөвт тоглолтын мөнгө огт тусгагдаагүй гэж тайлбарлан маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн А сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээг 2015 оны 11 сарын 26-ны өдөр Хүүхдийн ордонд тэмдэглэн өнгөрүүлсэн, уг арга хэмжээнд Г.О төгс, Ц.Ганбаатар, Э.Гансүх нар хөгжмийн номероор оролцсон үйл баримтын талаар хариуцагч тал маргадаггүй.
Тоглолтын хөлс болох 1.500.000 төгрөгийг өгөх агуулга бүхий 2015 оны 12 сарын 25-ны өдөр үйлдсэн бичиг /хх-4х/, мөн тус сургуулийн захирал Н.Г ийн нэхэмжлэгч Г.О төгстэй ярьсан гар утасны аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд нэг талаас ажиллагч Г.О төгс нар сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээнд урлагийн тогтлолт бэлдэж оролцох, нөгөө талаас ажил, үйлчилгээний хөлс 1.500.000 төгрөгийг ажиллуулагч өгөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх ба энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд Г.О төгс нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-т зааснаар гэрээгээр тохиролцсон хөлсийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Г нь 2-3 удаа хандивын тоглолт хийж, уг тоглолтоос орж ирэх мөнгөнөөс хөлсийг өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу өөрийн татгалзлын үндэслэлээ нотлож чадсангүй гэж шүүх дүгнэв.
Сүхбаатар дүүргийн А сургуулийн 35 жилийн ойн арга хэмжээнд гурвуулаа буюу Г.Өчтөгс, Г.Мөнхжаргал, Э.Гансүх нар урлагийн тоглолт үзүүлсэн талаар зохигч талууд тайлбарладаг ба иргэний хэрэгт Г.Мөнхжаргал, Э.Гансүх нараас тэдгээрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө хүлээн авах зэрэг бүрэн эрхийг олгосон итгэмжлэл авагдсан байна. /хх-3х/
Хэдийгээр иргэний хэрэгт сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй, хариуцагч шүүхэд гаргаж өгдөггүй боловч Н.Г ийг Сүхбаатар дүүргийн А сургуулийн захирлаар томилсон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5/152 тоот захирамж /хх-17х/, 2015 оны 12 сарын 25-ны өдөр үйлдсэн бичигт АЗЭС-ийн захирал хэмээн Н.Г нь гарын үсэг зурж, тамга дарсан байх тул түүнийг тус сургуулийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн А сургуулиас 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О төгсөд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн А сургуулиас 1.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О төгсөд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР