Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч О.Мөнхцэцэг,

            насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ,

            гэрч Г.Золжаргал,

            иргэний хариуцагч Б.Галбадрах,

            шүүгдэгч Н.Наранбат, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранцэцэгийн Наранбатад холбогдох 201626012647 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6-83а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй Боржигон овгийн Наранцэцэгийн Наранбат /РД:НБ91011510/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Наранбат нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 1-6 тоот хашаанд байсан 73-81 УНП улсын дугаартай Сонота-5 маркийн автомашиныг ухраахдаа ард нь явсан 3 настай Б.Өнөбатыг дайрч, түүний бие махбодид зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун эгэм ясны хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгаралт, баруун сарвууны 5-р хурууны хумсан доорхи, баруун өвдгөнд цус хуралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Б.Болор-Эрдэнийн гомдол /хх-ийн 6 х/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-13 х/

 

 Автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-20 х/

 

Туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 35 х/

 

Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38 х/

 

Тээврийн хэрэгслийн үнэлгээ: Хюндай маркийн Соната-5 загварын автомашины зах зээлийн үнэ нь дунджаар 2.000.000 төгрөг. /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт/

 

 Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүүхэд Өнөбат 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр машинд мөргүүлсэн. Тогтсон эмчилгээ хийлгээгүй, хөл нь 6 см зөрүүтэй бороолсон байгаа. Монголд мөгөөрсөн ясыг хадаж хагалж чадахгүй гэсэн. 2 жилийн дараа хөл нь ясжаад ирэхэд нь задалж хадна гэж эмч нар хэлсэн. Хагалгаанд ороход хадаас нь хоёр янз байдаг. Нэг нь уусдаг хадаас, нөгөө нь төмөр хадаас гэж байдаг. 4 хадаасаар хадна гэсэн. Уусдаг хадаас нь 1.400.000-1.500.000 төгрөгийн үнэтэй. Эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардлыг Наранбатаас авсан. Цаашид гарах зардлыг цувуулж авна гэж тохиролцсон. Би шүүгдэгчийг багаас нь мэднэ, найзууд. Гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим найз Наранбат над руу утсаар залгаад чи хаана байна, Галбадрах бид хоёр Дамбад ууж байна, танай гэрт очмоор байна, машин барих хүн байна уу эсхүл чи ирээд авчихаач гэж хэлсэн ба энэ үед нь би ажилтай байна, амжихгүй гэж хэлсэн ба тэрнээс хойш цаг гарангийн дараа байх, 17 цагийн орчим дахин над руу Наранбат залгаад бид хоёр эрүүл жолооч олчихлоо, чи хаана байна, энэ жолооч Саппоро хүртэл явна гээд байна гэж хэлээд Саппоро дээр хүрээд ирээч гээд байхаар нь би 19 цагийн үед автобусанд суугаад тэр хоёр луу явсан ба 5 шарын буудал дээр байна гэж хэлэхээр нь яваад очсон чинь Наранбат согтуу Галбадрахын мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн 73-81 УНП гэсэн дугаартай машиныг барьчихсан зогсож байсан ба би машиныг нь барьж яваад 21 цагийн үед эхнэрээ ажлаас нь аваад тэндээсээ хадмыхаа гэрт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 40-579 тоотоос хүү Өнөбатыг авч 22 дугаар хороо, Хилчний 1-6 тоотод байх гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. Хашаандаа орж ирээд нөгөө барьж ирсэн машинаа унтраах гэсэн чинь машины түлхүүр нь байхгүй унтрааж болохгүй байсан ба хэсэг тэр доогуур нь хайгаад олоогүй энэ үед би машины хурдны хайрцаг буюу кробканы удирдлагыг “Р” үсэг дээр буюу зогсох хэсэг дээр тааруулсан байсан. Наранбат надад чи гэр лүүгээ ороод отверка ч хамаагүй аваад гараад ир гэж хэлсэн. Намайг машинаас буух үед машины урд суудал буюу жолоочийн хажуугийн суудал дээр Галбадрах суусан байсан. Мөн арын суудал дээр Наранбат сууж байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод отверка аваад эргээд гараад ирсэн чинь машин хойшоо ухрах хөдөлгөөн хийгээд хүүг маань дээгүүр нь дайраад гараад явсан ба энэ үед эхнэр бид хоёр нөгөө машиныг араас нь түлхээд зогсоож дийлээгүй. Тэгээд машин ч өнгөрөөд явсан манай хүүхэд доороос нь гараад ирсэн юм. ... Намайг гэрээс орж отверка авах үед хүү маань гэрт хоол идээд байж байсан ба би гэрээс гарахдаа миний хүү хоолоо идээд байж байгаарай аав нь гадаа гарч машин унтраачихаад ороод ирье гэж хэлээд гэрээс гарсан чинь манай хүү миний араас дагаад гараад ирсэн юм байна лээ. Би тэрийг мэдээгүй машин ухрах үйлдэл хийхэд цаанаас эхнэр гадаа явж байгаад хүүхэд гээд чанга орилох чимээ гарсан. Миний хүүгийн дунд чөмөг хугарч зөрсөн, эгэмний яс хугарсан, толгойд нь чулуу зоогдсон, мөн язарч оёдол тавиулсан гэмтлүүд учирсан байгаа  ...Би Галбадрахын машиныг хашаа руугаа оруулаад 2 гэрийн дунд талаар гүн оруулаад засаж тэгшилсэн газар зогсоосон. Би Наранбатыг жолооч талын хаалгаар бууж ирэхийг харсан. Би машиныг тулаад байж байхдаа Наранбатаа машинаа зогсоогооч ээ гэж орилсон. Намайг машинаас буухад Галбадрах жолоочийн хажуу талд, Наранбат жолоочийн хойд талын суудал дээр сууж байсан. Машин хойшоогоо хөдлөх үед машины хөдөлгүүр асаалттай байсан. Миний бодож байгаагаар машин хойшоогоо эрчимтэй өнхөрөхөөр газар зогсож байгаагүй. Машин ухрах үйлдэл хийсэн. Ямар ч хөдөлгөөнгүй зогсож байсан машин ухас хийж арагшаагаа хөдлөөд л хүү Өнөбатыг дайрсан. Би хоёр гэрийн дундуур оруулж байнга машинаа тавьдаг байсан. Машин тавьсан газар дээр гэр барих гэж буйр зассан тэгшхэн газар байсан. Машин зүгээр зогсож байхдаа өнхрөх боломжгүй. Хүн түрвэл өнхрөх боломжтой газар...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43, 44-45 х/

 

 Гэрч Г.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Манай нөхөр надад энэ хоёр согтуугаар машин барьсан юм байна. Санаа зовоод очоод авчихлаа, ойрхон юм чинь очоод авъя гээд намайг ирж авсан. Хүүхэд дайрагдсаны дараа хүүхэд машины  урд талаас нь  гарч ирсэн.  Дайруулаад доогуур нь орох үед хойноос нь машиныг түлхсэн боловч дийлээгүй.  Наранбат жолооч талын суудлаас бууж гарч ирсэн ба ухарч байхад явдал дунд бууж ирсэн. Жолоочийн хажуу талд Галбадрах байсан. ... Гэрийн гадаа ирэхэд  юу ярилцсан юм бэ гэхэд  Наранбат түлхүүр байхгүй ш дээ гэж хэлсэн. Тухайн үед шөнө орой болсон гадаа харанхуй байсан. Машины заалны гэрэл асаалттай байсан учир дотор тал нь харагдаж байсан. Наранбат нь зогсоох үйлдэл хийгээгүй. Би зөндөө орилсон, гэрээс нилээн хол яваад зогссон. Манай хүү одоо тоглож наадаад байгаа, ханиад хүрээд халуурвал үе, үе татдаг болсон. Гүйх юм бол хугарсан хөл нь өвддөг. 500.000-600.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн.  Цаашид эмчилгээ хийлгэнэ ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Ханын материалын эцэст байрладаг 91 дүгээр цэцэрлэгт бүжиг зааж өгөөд байж байсан чинь 21 цагийн үед манай нөхөр Болор-Эрдэнэ намайг ирж авсан. Тухайн үед Болор-Эрдэнэ найз Галбадрахын машиныг унасан ирсэн. Машинд нь найз Наранбат нь хамт байсан, Галбадрах нилээн согтуу, харин Наранбат нь арай гайгүй байсан. Би цэцэрлэгээс гарч ирэхдээ манай гэрийн зүгт байдаг Улаанаа гэдэг хүүхнийг машинаар нь дөхүүлж өгөөд Толгойтын 40 дүгээр гудамжны 579 тоот руу орж манай аав, ээжийнхээс хүү Өнөбатыг аваад гэр лүүгээ явсан. Бид нар явсаар байгаад 22 цаг өнгөрч байхад манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 1-6 тоотод ирээд нөхөр Болор-Эрдэнэ нь Галбадрахын машиныг хашаа руу оруулаад хоёр гэрийнхээ дунд зогсоосон. Тухайн үед машиныг унтраах гэсэн чинь түлхүүр нь олдохгүй байна гэж байсан. Би хүүгээ авч буугаад хадам аавын гэрт ороод гэрийнхээ түлхүүрийг авсан. Хүүгээ хадмын гэрт үлдээгээд өөрийнхөө гэрийг онгойлгочихоод буцаад хүүгээ авах гээд гарсан. Тэгсэн Болор-Эрдэнэ хадам аавын гэрээс гараад гэрийн үүд дээр ирсэн байсан. Тэгсэн миний 3 настай хүү Өнөбат гэрээс гараад ирсэн, машины ард талд явж байсан чинь огцом машин хөдлөөд ухраад миний хүүг дайрсан. Би хүүхэд дайрчихлаа, Эрдэнээ гээд хашгираад машины ардаас нь очиж тулсан. Тэр үед машины урд талын суудал буюу жолооны ард нэг хүн ямар ч байсан суусан, сүүмэлзээд байсан. Болор-Эрдэнэ бид хоёр машины араас нь тулаад машинаа зогсоогооч гээд зөндөө хашгирсан чинь машин арагшаагаа ухараад л байсан Машин ойролцоогоор арагшаа 1 метр орчим ухарсаны дараа машины жолооч талын хаалгаар Наранбат бууж ирээд юу ч дуугарахгүй зогсоод байсан. Би тэр үед машинаа зогсоогооч гээд зөндөө орилсон. Тэр үед Өнөбат бүр машин доогуур орсон. Болор-Эрдэнэ бид хоёр машиныг зогсож чадахгүй байсан учруус тулахаа больсон. Машин хойшоогоо ухарсаар хашааны хаалганаас 2 метр зайтай ирэхэд миний хүү Өнөбат машины урд талаас нь газар хэвтсэн байдалтай ааваа гээд хашгираад гараад ирсэн. Болор-Эрдэнэ бид хоёр хүүгээ очиж авсан. Машины хойшоогоо явсаар байгаад хашаа мөргөх байсан. Би тэгээд машин руу харсан чинь Галбадрах жолоочийн хажуу талын суудал дээрээс машины жолоог залаад хашааны хаалгаар гараад явсан. Галбадрах машины жолоог жолоодоогүй бол машин хаашаа мөргөх байсан. Тэгээд би хүүхдээ аваад түргэн дуудаад явсан. Намайг машинаас буухад Болор-Эрдэнэ машины жолоо дээр, Галбадрах жолоочийн хажуу талын суудал дээр, Наранбат арын суудал дээр голлоод суусан байсан. Машин арагшаа ухрах үед Өнөбат яг ар талд нь байсан. Машин ухрахад жолоочийн суудал дээр хүн хөдлөөд байсан. Тэгсэн машин хойшоогоо ухарч байхад Наранбат жолоочийн суудал дээрээс буусан. Машин арагшаагаа ухрах үйлдэл хийхэд машины мотор асаалттай байсан үгүйг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан дотор талын гэрэл ассан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 х/

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны орой гэртээ унтаж байсан чинь гадаа хүмүүс шаагалдаад байхаар нь гэрээсээ гүйгээд гарсан чинь манай ах Болор-Эрдэнэ хүүхдээ тэвэрсэн байдалтай хүүхэд Өнөбат нь цус болчихсон байсан. Тухайн үед Болор-Эрдэнэ ахын хажууд ямар ч байсан эхнэр нь байсан. Тэгсэн Болор-Эрдэнэ ах миний дүү түргэн дуудаарай, машинтай хүмүүсийг явуулж болохгүй шүү гэж хэлэхээр нь би хашаанаас гараад жалганы овоолсон шорооны хажууд зогсож байсан машин дээр явж очоод жолооч талын хаалгыг онгойлгосон чинь хүн байхгүй байсан. Намайг машин дээр очиход Наранбат ах араас дагаж ирсэн. Жолоочийн хажуу талын суудал дээр Галбадрах ах согтуу
сууж байсан. Би Галбадрах ахыг машинаас буулгаж ирээд та манай дүүг
алчихлаа шдээ гэж хэлээд 2 удаа цохисон. Машин нь дотор нь өөр хүн
байхгүй байсан. Тэгээд Галбадрах ахыг гэр лүү оруулсан чинь Наранбат ах араас орж ирээд манай гэрт суусан. Манайд сууж байхад Галбадрах ах Наранбат ахад хандаж “найзыгаа чи хийчихлээ ш дээ” гэж хэлсэн чинь Наранбат ах Галбадрах ахыг “чи дуугүй байгаач” гээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 х/

 

Гэрч Э.Амарбаярын мөрдөн байцаалтаын шатанд өгсөн: “...Би уг автомашиныг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр П.Лхагвасүрэн  гэдэг хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Одоо миний эзэмшлийн машин бишээ. Тухайн үед нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ хийж байсан. Одоо надад гэрээ нь байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52х/

 

Гэрч П.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...7381 УНП улсын дугаартай Хюндай Соната маркийн машин миний эзэмшлийнх биш. Уг машиныг би Амарбаяр гэдэг хүнээс худалдаж аваад нэрийг нь өөр дээрээ шилжүүлж амжилгүй найз Галбадрахад 2.000.000 төгрөгөөр зарсан юм. Эзэмшигч нь Галбадрах. Уг машин асаалттай байхдаа тормосны гишгүүр дээр гишгэхгүйгээр, хропны ирчак Р дээр байхад нь арагш татагдаж ухардаг араанд орж байсан удаа байхгүй. Би дандаа тормосны гишгүүр дээр гишгэж байж хропны арааг сольдог байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 х/

 

Гэрч Б.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...7381 УНП улсын дугаартай Хюндай Соната маркийн автомашин нь автомат хурдны хайрцагтай машин байна. Автомат хурдны хайрцагны араа солигдоход тоормосны гишгүүр дээр заавал гишгиж араа солих хөшүүргийг өөр байрлалд шилжүүлэх боломжтой. Тоормосны гишгүүрийг гишгэхгүйгээр араа солигдох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14830 тоот дүгнэлтэд:

                 а/ Б.Өнөбатын биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун эгэм ясны хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгаралт, баруун сарвууны 5-р хурууны хумсан доорх, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

              в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэжээ. /хх-ийн 55 х/

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  1565 тоот дүгнэлтэд:

а/ Б.Өнөбатын биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун эгэм ясны
хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгаралт, баруун сарвууны
5-р хурууны хумсан доорх, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл
нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тээврийн хэрэгсэлийн дугуйгаар дайрагдах үед
үүсэх боломжтой.

б/ Б.Өнөбатын бие учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн
байх ба гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

               в/ Б.Өнөбатын бие махбодид гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн
тодорхой хэсгийг тогтоох, мөргөж үйлчилсэн үйлчлэлийн чиглэлийг тогтоох
боломжгүй.

                г/ Дайрагдах үеийн хохирогчийн байрлал, дугуйн дайрсан чиглэлийг тогтоох боломжгүй.

  д/.Б.Өнөбатын өмсөж явсан гэх хувцас ирээгүй тул уг асуултанд хариулах
боломжгүй.

е/ Б.Өнөбатын биед учирсан гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдэх

боломжгүй гэжээ. /хх-ийн 70-71 х/

 

             Насанд хүрээгүй хохирогч Б.Өнөбатын өвчний түүх /хх-ийн 159-164 х/

 

   Иргэний хариуцагч Б.Галбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...73-81 дугаартай машин миний эзэмшлийн машин. Амарбаяр байцаалт өгсөн байгаа. Би 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өөрийн найз Лхагвасүрэнд өөрийн машин дээрээ зөрүү өгч авсан.  Би өөрийн хуучин машинаа 1.500.000 төгрөгөөр бодоод тухайн машиныг 1.800.000 төгрөгөөр бодож авсан. Би 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эрхээ 6 сараар хасуулсан байсан, тухайн машиныг аваад дахин баригдсан. Би эрхээ хасуулснаас хойш хотын төв рүү ордоггүй, тэр хавиараа нүүрс, түлээ зөөдөг байсан.  Тухайн үед 1 шил 0.5 литрийн архи уусан. Дахиж нэмж 1 шил архи, 2 ширхэг пиво авсан байсан. Би Наранбатад явъя гэж хэлээгүй. Би тухайн үед Наранбатаас илүү согтолттой байсан. Манай гэрээс Пүрэвсүрэнгийн гэр хүртэл 100-200 метр зайтай.  Манай гадаа архи уугаагүй. Тоосгоны үйлдвэрийн эцэст уусан. Пүрэвсүрэнгийн үүдэнд очсоныг мэдэж байна. Би Наранбатыг үнэмлэхтэй гэж бодсон. Амарбаяр гадаад руу гарсан байсан учир би өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй юм. Одоо бол Лхагвасүрэнгээр дамжуулаад Амарбаяртай харилцаад шилжүүлэх боломжтой болсон. Би тээврийн хэрэгслээ Наранбат бариулснаа зөвшөөрч байна. Хохирогч талын хүүхдийн эмчилгээнд зарцуулна гэж ярилцсан.  Лхагвсүрэн, Амарбаяр хоёрын хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Миний машины арааг солиогүй тохиолдолд ухрах боломжгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол: /хх-ийн 187х/

 

            Шүүгдэгч Н.Наранбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Б.Галбадрах гэрийнхээ гадаа машины арчаад зогсож байсан. Галбадрах бид хоёр 1 шил архи хувааж уусан. Тэгээд Дамбын тоосгоны үйлдвэрийн хажууд байж байхад Болор-Эрдэнэ рүү машин бариад өг гэж залгасан. Галбадрах бид хоёр машин бариад 5 шар дээр очиж Болор-Эрдэнэтэй уулзсан ба Болор-Эрдэнэ машин бариад эхнэрийгээ Ханын материалаас очиж аваад, Нарангийн гол орж хадмынхаасаа хүүхдээ авсан. Тэгээд Болор-Эрдэнийн гэрт очсон. Гэрийнх нь гадаа очоод машиныг унтраах гэхэд түлхүүр нь олдоогүй. Би Болор-Эрдэнийг юу ч хамаагүй, отвёрка ч хамаагүй гэрээсээ очоод аваад ир гэж хэлсэн. Болор-Эрдэнэ машинаас буугаад явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр Галбадрах, би машины ар талын суудал дээр сууж байсан. Болор-Эрдэнийг машинаас бууснаас хойш 2 орчим минутын дараа би жолоочийн суудал дээр суугаад машиныг хойш нь ухрааж Болор-Эрдэнийн хүү Өнөбатыг дайрч биед нь хүнд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цаг 16 цаг өнгөрч байсан байх гэгээтэй байсан ба би найз Галбадрахын гэрт явж очсон ба бид хоёр уулзаад дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад ууж дуусаад дахин 1 шил 0,5 литрийн Хараа архи авсан, би энэ үед Болор-Эрдэнэ гэдэг найз руугаа яриад уулзах уу гэж асуусан чинь тэгье тэгье гэж хэлсэн. Тэгээд Галбадрах бид хоёр Дамбадаржаагаас Галбадрахын 7381 УНП улсын дугаартай Х.Соната-5 маркийн машиныг би жолоодоод Таван шар луу ирсэн ба тэнд Болор-Эрдэнэтэй уулзаад Болор-Эрдэнэ машин бариад Ханын материал орсон ба эхнэрээ аваад тэндээсээ Нарангийн гол руу хүүхэд рүү нь явсан ба хүүхдийг нь Нарангийн голоос аваад цаашаа Орбит руу Болор-Эрдэнийн гэр лүү нь явсан ба Болор-Эрдэнийн гэрийн гадаа ирээд хашаанд орж машин зогсоогоод машин унтраах гэсэн чинь түлхүүр нь олдоогүй ба зориулалтын өөрийнх нь түлхүүр байхгүй, цагаан голыг нь гаргаад ирсэн, ямар ч хамаагүй түлхүүрээр унтрааж асаадаг болгочихсон байсан ба би гэрийн гадаа байхад машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр Галбадрах суусан байсан. Би хойд талын суудал дээр суусан байсан. Би энэ үед Болор-Эрдэнэд миний хөгшин ямар ч хамаагүй түлхүүр олж ирээд унтраачих гэж хэлсэн чинь Болор-Эрдэнэ машиныг “Р” үсгэн дээр тавиад асаалттай буусан, Болор-Эрдэнийг буусны дараа Галбадрах бид хоёр хоёулхнаа машинд үлдсэн юм. Гэтэл Галбадрах гэр лүүгээ харья гээд машиныг ирчиакыг R-д нь хийсэн чинь машин хойшоо ухарсан, энэ үед гадаа Болор-Эрдэнийн эхнэр Золжаргал хүн дайрчихлаа гэж орилохоор нь би баруун талын хойд талын хаалгаар буусан, машин доошоо хашаанаас гараад 10-20 метрийн зайнд байдаг далангийн тэнд очоод хөндөлсөөд зогссон юм. Тэгээд Болор-Эрдэнэ хүүхдээ аваад түргэн дуудаад түргэн ч ойрхон явсан юм байлгүй, хурдан ирсэн ба хүүхдийг аваад явсан юм. Тэрний дараа цагдаа нар ирээд машиныг ачиж, Галбадрахыг хамт аваад явсан юм. ...Тухайн үед машиныг гэрийн хажуу талд байрлуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94 х, 95-97 х/

 

            Шүүгдэгч Н.Наранбатын хувийн байдалтай холбоотой баримтууд:

            - Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100 х/

            - Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 101 х/

            - Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 102 х/

            - Бүрэнд дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 103 х/

            - Нийгмийн даатгалын дэврийн хуулбар /хх-ийн 105 х/

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 4 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт  зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Наранбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 25-ны орой 22:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд Хюндай Соната-5 маркийн автомашиныг жолоодон ухраах үйлдэл хийхдээ хашаан дотор явж байсан 3 настай Б.Өнөбатыг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Б.Болор-Эрдэнийн гомдол /хх-ийн 6 х/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-13 х/

 

Автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-20 х/

 

Туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 35 х/

 

Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38 х/

 

Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...би 19 цагийн үед автобусанд суугаад Наранбат, Галбадрах хоёр луу яваад очсон чинь Наранбат согтуу Галбадрахын мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн 73-81 УНП гэсэн дугаартай машиныг барьчихсан зогсож байсан, би машиныг нь аваад ...22 дугаар хороо, Хилчний 1-6 тоотод байх гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн, Галбадрахын машиныг хашаа руугаа оруулаад 2 гэрийн дунд талаар гүн оруулаад засаж тэгшилсэн газар зогсоосон.  Тэгээд машинаа унтраах гэсэн чинь машины түлхүүр нь байхгүй унтрааж болохгүй байсан, хэсэг тэр доогуур нь хайгаад олоогүй, энэ үед би машины хурдны хайрцаг буюу кробканы удирдлагыг “Р” үсэг дээр буюу зогсох хэсэг дээр тааруулсан байсан. Наранбат надад “чи гэр лүүгээ ороод отверка ч хамаагүй аваад гараад ир” гэж хэлсэн. Намайг машинаас буух үед машины урд суудал буюу жолоочийн хажуугийн суудал дээр Галбадрах суусан байсан. Мөн арын суудал дээр Наранбат сууж байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод отверка аваад эргээд гараад ирсэн чинь машин хойшоо ухрах хөдөлгөөн хийгээд хүүг маань дээгүүр нь дайраад гараад явсан. Энэ үед эхнэр бид хоёр нөгөө машиныг араас нь түлхээд зогсоож дийлээгүй. Тэгээд машин ч өнгөрөөд явсан манай хүүхэд доороос нь гараад ирсэн юм. ...Миний хүүгийн дунд чөмөг хугарч зөрсөн, эгэмний яс хугарсан, толгойд нь чулуу зоогдсон, мөн язарч оёдол тавиулсан гэмтлүүд учирсан байгаа ...Би Наранбатыг жолооч талын хаалгаар бууж ирэхийг харсан. Би машиныг тулаад байж байхдаа Наранбатаа машинаа зогсоогооч ээ гэж орилсон. Машин хойшоогоо хөдлөх үед машины хөдөлгүүр асаалттай байсан. Миний бодож байгаагаар машин хойшоогоо эрчимтэй өнхөрөхөөр газар зогсож байгаагүй. Машин ухрах үйлдэл хийсэн. Ямар ч хөдөлгөөнгүй зогсож байсан машин ухас хийж арагшаагаа хөдлөөд л хүү Өнөбатыг дайрсан. Би хоёр гэрийн дундуур оруулж байнга машинаа тавьдаг байсан. Машин тавьсан газар дээр гэр барих гэж буйр зассан тэгшхэн газар байсан. Машин зүгээр зогсож байхдаа өнхрөх боломжгүй. Хүн түрвэл өнхрөх боломжтой газар. ...Манай хүүхэд 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Одоо манай хүүхдийн 2 хөлийн нэг нь нөгөөгөөсөө 6 см-ээр урт зөрүүтэй байгаа тул нөгөө хөлд нь өндөрлөсөн гутал өмсгөдөг. Хүү маань огцом ааштай болсон, ханиад хүрээд өндөр хэмтэй халуурахаар татаж унадаг болсон. Хөл нь өвдөхөөр лаа хийж байгаа.  Одоо хүүхдийн хөл нь бэхжээгүй мөгөөрсөөрөө байгаа тул хагалгаа хийх боломжгүй, 2 жилийн дараа хагалгаа хийнэ гэсэн. Тухайн үед нь 4 ширхэг хадаас хадна гэсэн. Хадаас нь уусдаг, төмөр хадаас гээд төрлүүдтэй юм билээ. Наранбат бид 2 найзууд. Наранбатаас найман зуун мянга гаран төгрөг авсан. Цаашид гарах зардлаа харилцан тохиролцсон байгаа. Наранбат ажил хийж байгаад хүүхдийн эмчилгээний зардлыг гаргаж өгч барагдуулна гэсэн. Гомдол санал бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14830 тоот дүгнэлтэд:

                 а/ Б.Өнөбатын биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун эгэм ясны хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгаралт, баруун сарвууны 5-р хурууны хумсан доорх, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

              в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэжээ. /хх-ийн 55 х/

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  1565 тоот дүгнэлтэд:

а/ Б.Өнөбатын биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун эгэм ясны
хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгаралт, баруун сарвууны
5-р хурууны хумсан доорх, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл
нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тээврийн хэрэгсэлийн дугуйгаар дайрагдах үед
үүсэх боломжтой.

б/ Б.Өнөбатын бие учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн
байх ба гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

               в/ Б.Өнөбатын бие махбодид гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн
тодорхой хэсгийг тогтоох, мөргөж үйлчилсэн үйлчлэлийн чиглэлийг тогтоох
боломжгүй.

                г/ Дайрагдах үеийн хохирогчийн байрлал, дугуйн дайрсан чиглэлийг тогтоох боломжгүй.

  д/.Б.Өнөбатын өмсөж явсан гэх хувцас ирээгүй тул уг асуултанд хариулах
боломжгүй.

е/ Б.Өнөбатын биед учирсан гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдэх

боломжгүй гэжээ. /хх-ийн 70-71 х/

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Өнөбатын өвчний түүх /хх-ийн 159-164 х/

 

Гэрч Г.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед манай нөхөр Болор-Эрдэнэ найз Галбадрахын машиныг унасан ирсэн. Машинд нь найз Наранбат нь хамт байсан, Галбадрах нилээн согтуу, харин Наранбат нь арай гайгүй байсан. Толгойтын 40 дүгээр гудамжны 579 тоот руу орж манай аав, ээжийнхээс хүү Өнөбатыг аваад гэр лүүгээ явсаар байгаад 22 цаг өнгөрч байхад манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 1-6 тоотод ирээд нөхөр Болор-Эрдэнэ Галбадрахын машиныг хашаа руу оруулаад хоёр гэрийнхээ дунд зогсоосон. Тухайн үед машиныг унтраах гэсэн чинь түлхүүр нь олдохгүй байна гэж байсан. Би хүүгээ авч буугаад хадам аавын гэрт ороод гэрийнхээ түлхүүрийг авсан. Хүүгээ хадмын гэрт үлдээгээд өөрийнхөө гэрийг онгойлгочихоод буцаад хүүгээ авах гээд гарсан. Тэгсэн миний 3 настай хүү Өнөбат гэрээс гараад ирсэн, машины ард талд явж байсан чинь машин огцом ухраад миний хүүг дайрсан. Би хүүхэд дайрчихлаа, Эрдэнээ гээд хашгираад машины ардаас нь очиж тулсан. Тэр үед машины урд талын суудал буюу жолооны ард нэг хүн ямар ч байсан суусан, сүүмэлзээд байсан. Болор-Эрдэнэ бид хоёр машины араас нь тулаад машинаа зогсоогооч гээд зөндөө хашгирсан чинь машин арагшаагаа ухараад л байсан Машин ойролцоогоор аргашаа 1 метр орчим ухарсаны дараа машины жолооч талын хаалгаар Наранбат бууж ирээд юу ч дуугарахгүй зогсоод байсан. ...Тэр үед Өнөбат бүр машин доогуур орсон. Болор-Эрдэнэ бид хоёр машиныг зогсож чадахгүй байсан учраас тулахаа больсон. Машин хойшоогоо ухарсаар хашааны хаалганаас 2 метр зайтай ирэхэд миний хүү Өнөбат машины урд талаас нь газар хэвтсэн байдалтай ааваа гээд хашгираад гараад ирсэн. Болор-Эрдэнэ бид хоёр хүүгээ очиж авсан. Машины хойшоогоо явсаар байгаад хашаа мөргөх байсан. Би тэгээд машин руу харсан чинь Галбадрах жолоочийн хажуу талын суудал дээрээс машины жолоог залаад хашааны хаалгаар гараад явсан. Галбадрах машины жолоог жолоодоогүй бол машин хаашаа мөргөх байсан. Тэгээд би хүүхдээ аваад түргэн дуудаад явсан. Намайг машинаас буухад Болор-Эрдэнэ машины жолоо дээр, Галбадрах жолоочийн хажуу талын суудал дээр, Наранбат арын суудал дээр голлоод суусан байсан. Машин арагшаа ухрах үед Өнөбат яг ар талд нь байсан. Машин арагшаагаа ухрах үйлдэл хийхэд машины мотор асаалттай байсан үгүйг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан дотор талын гэрэл ассан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны орой гэртээ унтаж байсан чинь гадаа хүмүүс шаагилдаад байхаар нь гэрээсээ гүйгээд гарсан чинь манай ах Болор-Эрдэнэ хүүхдээ тэвэрсэн байдалтай, хүүхэд Өнөбат нь цус болчихсон байсан. Тухайн үед Болор-Эрдэнэ ахын хажууд ямар ч байсан эхнэр нь байсан. Тэгсэн Болор-Эрдэнэ ах миний дүү түргэн дуудаарай, машинтай хүмүүсийг явуулж болохгүй шүү гэж хэлэхээр нь би хашаанаас гараад жалганы овоолсон шорооны хажууд зогсож байсан машин дээр явж очоод жолооч талын хаалгыг онгойлгосон чинь хүн байхгүй байсан. Намайг машин дээр очиход Наранбат ах араас дагаж ирсэн. Жолоочийн хажуу талын суудал дээр Галбадрах ах согтуу сууж байхаар нь машинаас буулгаж ирээд та манай дүүг алчихлаа ш дээ гэж хэлээд 2 удаа цохисон. Машин нь дотор нь өөр хүн байхгүй байсан. Тэгээд Галбадрах ахыг гэр лүү оруулсан чинь Наранбат ах араас орж ирээд манай гэрт суусан. Манайд сууж байхад Галбадрах ах Наранбат ахад хандаж “найзыгаа чи хийчихлээ ш дээ” гэж хэлсэн чинь Наранбат ах Галбадрах ахыг “чи дуугүй байгаач” гээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 х/

 

Гэрч П.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...7381 УНП улсын дугаартай Хюндай Соната маркийн машин миний эзэмшлийнх биш. Уг машиныг би Амарбаяр гэдэг хүнээс худалдаж аваад нэрийг нь өөр дээрээ шилжүүлж амжилгүй найз Галбадрахад 2.000.000 төгрөгөөр зарсан юм. Эзэмшигч нь Галбадрах. Уг машин асаалттай байхдаа тормосны гишгүүр дээр гишгэхгүйгээр, хропны ирчиак Р дээр байхад нь арагш татагдаж ухардаг араанд орж байсан удаа байхгүй. Би дандаа тормосны гишгүүр дээр гишгэж байж хропны арааг сольдог байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 х/

 

Гэрч Б.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...7381 УНП улсын дугаартай Хюндай Соната маркийн автомашин нь автомат хурдны хайрцагтай машин байна. Автомат хурдны хайрцагны араа солигдоход тоормосны гишгүүр дээр заавал гишгиж араа солих хөшүүргийг өөр байрлалд шилжүүлэх боломжтой. Тоормосны гишгүүрийг гишгэхгүйгээр араа солигдох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156 х/

 

Иргэний хариуцагч Б.Галбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...73-81 дугаартай машин миний эзэмшлийн машин. Амарбаяр байцаалт өгсөн байгаа. Би 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өөрийн найз Лхагвасүрэнд өөрийн машин дээрээ зөрүү өгч авсан.  Би өөрийн хуучин машинаа 1.500.000 төгрөгөөр бодоод тухайн машиныг 1.800.000 төгрөгөөр бодож авсан. Би 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эрхээ 6 сараар хасуулсан байсан, тухайн машиныг аваад дахин баригдсан. Би эрхээ хасуулснаас хойш хотын төв рүү ордоггүй, тэр хавиараа нүүрс, түлээ зөөдөг байсан.  Тухайн үед 1 шил 0.5 литрийн архи уусан. Дахиж нэмж нэг шил архи, хоёр ширхэг пиво авсан байсан. Би Наранбатад явъя гэж хэлээгүй. Би тухайн үед Наранбатаас илүү согтолттой байсан. Манай гэрээс Пүрэвсүрэнгийн гэр хүртэл 100-200 метр зайтай.  Манай гадаа архи уугаагүй. Тоосгоны үйлдвэрийн эцэст уусан. Пүрэвсүрэнгийн үүдэнд очсоныг мэдэж байна. Би Наранбатыг үнэмлэхтэй гэж бодсон. Амарбаяр гадаад руу гарсан байсан учир би өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй юм. Одоо бол Лхагвасүрэнгээр дамжуулаад Амарбаяртай харилцаад шилжүүлэх боломжтой болсон. Би тээврийн хэрэгслээ Наранбат бариулснаа зөвшөөрч байна. Хохирогч талын хүүхдийн эмчилгээнд зарцуулна гэж ярилцсан.  Лхагвсүрэн, Амарбаяр хоёрын хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Миний машины арааг солиогүй тохиолдолд ухрах боломжгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүгдэгч Н.Наранбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Б.Галбадрах гэрийнхээ гадаа машины арчаад зогсож байсан. Галбадрах бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд Дамбын тоосгоны үйлдвэрийн хажууд байж байхад Болор-Эрдэнэ рүү машин бариад өг гэж залгасан. Галбадрах бид хоёр машин бариад 5 шар дээр очиж Болор-Эрдэнэтэй уулзсан ба Болор-Эрдэнэ машин бариад эхнэрийгээ ханын материалаас очиж аваад, Нарангийн гол орж хадмынхаасаа хүүхдээ авсан. Тэгээд Болор-Эрдэний гэрт очсон. Гэрийнх нь гадаа очоод машиныг унтраах гэхэд түлхүүр нь олдоогүй. Би Болор-Эрдэнийг юу ч хамаагүй, отвёрка ч хамаагүй гэрээсээ очоод аваад ир гэж хэлсэн. Болор-Эрдэнэ машинаас буугаад явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр Галбадрах, би машины ар талын суудал дээр сууж байсан. Болор-Эрдэнийг машинаас бууснаас хойш 2 орчим минутын дараа би жолоочийн суудал дээр суугаад машиныг хойш нь ухрааж Болор-Эрдэний хүү Өнөбатыг дайрч биед нь хүнд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

           

            Хэдийгээр шүүгдэгч Н.Наранбат нь мөрдөн байцаалтад “Галбадрах гэр лүүгээ харья гээд машиныг ирчакыг R-д нь хийсэн чинь машин хойшоо ухарсан ба энэ үед гадаа Болор-Эрдэнийн эхнэр Золжаргал хүн дайрчихлаа гэж орилохоор нь би баруун талын хойд талын хаалгаар буусан” гэж мэдүүлж байсан ч шүүхийн хэлэлцүүлэгт “би жолооны ард байсан. Би хүүхдийг дайрч гэмтээсэн” гэж мэдүүлсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Н.Наранбат нь бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь гэм буруугийн “болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгдсэн буюу гэм буруугийн  “болгоомжгүй” хэлбэрийг тодорхойлох субъектив талын шинж бүхий л талаар бүрэн илэрхийлэгдсэн, энэ талаар эргэлзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн эрх зүйн онолын ойлголтод гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг тодорхойлох аливаа хэлбэр нь оюун санааны болон хүсэл зоригийн гэсэн хоёр үндсэн элементэд хуваан үздэг бөгөөд аливаа хүний оюун санааны төлөв байдал нь тухайн хүний өөрийн үйлдэлд хандаж буй хандлагаар илэрхийлэгдэж байдаг тул гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо оюун санааны элементийг зөв тодорхойлох нь ихээхэн ач холбогдолтой байдаг.

Иймд шүүгдэгч Н.Наранбатын үйлдлийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгсэн, тодруулбал, өөрийн үйлдэлдээ хайрамжгүй хандсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн болно. Учир нь, хайхрамжгүй хандах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдлийн улмаас учрах нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан харах боломжтой байсан боловч уг хор уршгаас сэргийлэх хүсэл зоригийн үйлдэл хийхэд шаардагдах зохих сэрэмжлэл, анхаарал гаргаагүй байдагт оршдог.

 

            Шүүхээс, шүүгдэгч Н.Наранбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Н.Наранбат нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 117 х/-аар тогтоогдож байна.

             

            Хохирол төлбөрийн тухайд:

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нь тус гэмт хэргийн улмаас  насанд хүрээгүй хохирогч Б.Өнөбатын эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэж нэхэмжлэн холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх-ийн 131-138 х/

            Дээрх баримтын хүрээнд хохирогчийн нэхэмжилж буй хохирлын үнийн дүн нь 614.950 төгрөг байх ба шүүгдэгч Н.Наранбат нь хохирогчид 845.000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, шүүгдэгч Н.Наранбат нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нь “насанд хүрээгүй хохирогч Б.Өнөбатын эмчилгээ, хагалгаа хийлгэхтэй холбогдуулан гарах зардлаа нэхэмжилнэ” гэх тул  шүүгдэгч Н.Наранбатаас дээрх хохирлыг нэхэмжлэх эрхийг насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэд нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Б.Галбадрах нь дээрх гэмт хэргийг үйлдэгдэх, гарах нөхцөл бололцоог олгосон байна.

 Учир нь, Б.Галбадрах нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  2016 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 6 сарын хугацаагаар хасуулсан /хх-ийн 27 х/, энэ хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Н.Наранбаттай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /хх-ийн 26 х, согтуурал-1.94%/ өөрөө тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад тодруулбал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Наранбатад тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгосон, түүнчлэн дээрх тээврийн хэрэгсэл нь техникийн иж бүрдэл, хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд  бүрэн бус, тухайлбал, тоормосны гэрэл, зүүн талын дохион гэрэл асахгүй, хойд буфер зүүн талдаа хагарсан байхаас гадна  гар аргаар, дурын түлхүүр, багаж хэрэгслээр тээврийг хэрэгслийг асааж унтраадаг болгосон төдийгүй тухайн түлхүүр, багажаа авч яваагүй нь бусдад машиныг унтраахад саад, хүндрэл учруулсан байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь энэхүү хэргийг үйлдэгдэхэд шууд бус, дам байдлаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Тээврийн хэрэгслийн лавлагаар 73-81 УНП улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Э.Амарбаяр /хх-ийн 143х/ гэж авагдсан байх боловч мөрдөн байцаалтад өгсөн гэрч Э.Амарбаярын “...уг машиныг П.Лхагвасүрэн гэдэг хүнд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зарсан. Миний эзэмшлийнх биш” гэж /хх-ийн 52х/, гэрч П.Лхагвасүрэнгийн “...Уг машин миний эзэмшлийнх биш. Дээрх машиныг би Амарбаяр гэдэг хүнээс худалдаж аваад нэрийг нь өөр лүүгээ шилжүүлж амжилгүй найз Галбадрахдаа 1.500.000 төгрөгөөр зарсан” гэж /хх-ийн 53х/, иргэний хариуцагч Б.Галбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...73-81 УНП улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би. Уг машиныг П.Лхагвасүрэнгээс худалдаж аваад нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Одоо бол Э.Амарбаяртай Лхагвасүрэнгээр дамжуулан автомашиныг шилжүүлэх боломжтой болсон байгаа. Тэгэхээр машиныг хохирогчийн хохиролд тооцуулахаар өгөхөд ямар нэгэн санал гомдол байхгүй” гэж / шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус мэдүүлцгээсэн тул уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийг Б.Галбадрах гэж үзэх үндэслэл тогтоогдсон болно.

Иймд тус хэрэгт битүүмжилж ирүүлсэн 73-81 УНП улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгч Н.Наранбатад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилаагүй, хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нь шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт  “хүү Өнөбатыг  цаашид эмчлүүлэх, хагалгаа хийлгэхтэй холбогдох гарах зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч Н.Наранбатад оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй байна.

 

   Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн  хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Наранбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Наранцэцэгийн Наранбатыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наранбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Өнөбатыг эмчлүүлэхтэй холбогдуулан гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Наранбатаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн иргэний хариуцагч Б.Галбадрахын эзэмшлийн 73-81 УНП улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.Наранбатын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Н.Наранбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар камерын бичлэг бүхий СD нэг ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Наранбатыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,  түүний эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           10. Эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Наранбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ