Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 426

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Наранбатад холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга П.Учралгэрэлийг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Наранбат, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Наранбатад холбогдох эрүүгийн 201626012647 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Наранцэцэгийн Наранбат, 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6-83а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: НБ91011510/,  

Н.Наранбат нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-6 тоот хашаанд байсан 73-81 УНП улсын дугаартай “Соната-5” загварын автомашиныг ухраахдаа ард нь явсан 3 настай Б.Өнөбатыг дайрч, түүний бие махбодид зүүн дунд чөмөг ясны ил хугарал, багуун эгэм ясны хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгаралт, баруун сарвууны 5 дугаар хурууны хумсан доорхи, баруун өвдгөнд цус хуралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Наранбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Н.Наранбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Н.Наранбатыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Наранбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заснаар насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Өнөбатыг эмчлүүлэхтэй холбогдуулан гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Наранбатаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн иргэний хариуцагч Б.Галбадрахын эзэмшлийн 73-81 УНП улсын дугаартай “Соната-5” загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Н.Наранбатын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Н.Наранбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар камерын бичлэг бүхий CD нэг ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээн хадгалж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Наранбатыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Н.Наранбат шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Н.Наранбат миний бие …176 дугаар …шийтгэх тогтоолыг …хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үзэн энэхүү өргөдөл гаргаж байна.

Н.Наранбат би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж Болор-Эрдэнийн Өнөбатын биед гэмтэл учруулсан үйлдлээсээ болж туйлын ихээр харамсаж гэмшиж байгаа бөгөөд гэмшиж байгаагаа илэрхийлэл болгож эмчилгээний бодит мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан болно. Мөн Б.Өнөбатад цаашид эмчилгээ хагалгаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал үүсвэл эмчилгээний болон бусад мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулахад бэлэн байгаа билээ. Б.Өнөбатын эцэг Б.Болор-Эрдэнэ, эх Г.Золжаргал нар нь “миний хүү эмчилгээ хийлгэсний үр дүнд биеийн байдал нь сайжирсан учраас цаашид ямар нэгэн гомдол байхгүй” гэдгээ амаар болон бичгээр анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн билээ.

Н.Наранбат би эх Наранцэцэг болон бага насны хоёр дүүгийн хамт амьдардаг ба эх минь тэтгэвэрт гарсан, хоёр дүүг хараад гэрт байдаг. Би автозамын “Жи Ки Эс” ХХК-д оператороор ажиллаж ар гэрээ тэжээн тэтгэдэг цор ганц хүн нь байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж 176 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг хөнгөрүүлэн өгч тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү…” гэжээ.

Ялтан Н.Наранбатын өмгөөлөгч Л.Батаа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Н.Наранбат нь 26 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6-83а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгодог, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа.

2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдаж гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй тул арга буюу хуульд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийтгэх тогтоол гарсан.

3. Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ нь хохирлын төлбөр мөн эмчилгээний зардалд 845.000 төгрөгийг бүрэн хүлээн авч гомдол саналгүй, цаашид гарах зардлыг нэхэмжлэхгүй, тухай хүсэлт гаргаж нотариатаар баталгаажуулсан. Энэ байдлуудыг нь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Н.Наранбат нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-6 тоот хашаанд байсан 73-81 УНП улсын дугаартай, “Соната-5” загварын автомашиныг ухраахдаа ард нь явсан 3 настай Б.Өнөбатыг дайрч, түүний бие махбодид зүүн дунд чөмөг ясны ил хугарал, багуун эгэм ясны хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгаралт, баруун сарвууны 5 дугаар хурууны хумсан доорх, баруун өвдгөнд цус хуралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 1-6 тоот гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн ...барьж ирсэн машинаа унтраах гэсэн чинь машины түлхүүр нь байхгүй унтрааж болохгүй байсан ...энэ үед би машины хурдны хайрцаг буюу кробканы удирдлагыг “Р” үсэг дээр буюу зогсоох хэсэг дээр тааруулсан байсан. Наранбат надад “чи гэр рүүгээ ороод отвёртка ч хамаагүй аваад ир” гэж хэлсэн намайг машинаас буух үед машины урд суудал дээр буюу жолоочийн хажуугийн суудал дээр Галбадрах суусан байсан, мөн арын суудал дээр Наранбат сууж байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод отвёртка аваад эргээд гараад ирсэн чинь машин хойшоо ухрах хөдөлгөөн хийгээд хүүгийн маань дээгүүр нь дайраад гараад явсан ба энэ үеэр эхнэр бид хоёр машины араас нь түлхээд зогсоож дийлээгүй ...манай хүүхэд доороос нь гараад ирсэн... би маш их гомдолтой байна, эрүүл саруул хүүхдийг ийм болгосон Наранбатаас эмчилгээний зардлыг бүрэн нэхэмжилж байна...” /хх-42-43/,

“... би Наранбат жолооч талын хаалгаар бууж ирэхийг би харсан. Би машиныг тулаад байж байхдаа Наранбатаа машинаа зогсоогооч ээ гэж орилсон... ямар ч хөдөлгөөнгүй зогсож байсан машин ухасхийж арагшаагаа хөдлөөд хүү Өнөбатыг дайрсан. ...машин тавьсан газар дээр гэр барих гэж буйр зассан тэгшхэн газар байсан...” /хх-44-45/,  

гэрч Г.Золжаргалын “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...21 цагийн үед манай нөхөр Болор-Эрдэнэ намайг ирж авсан. Тухайн үед Болор-Эрдэнэ найз Галбадрахын машиныг унасан ирсэн. Машинд нь найз Наранбат нь хамт байсан. Галбадрах нилээн согтуу, харин Наранбат нь арай гайгүй байсан. ...ээжийнхээс хүү Өнөбатыг аваад гэр рүүгээ явсан. ... нөхөр Болор-Эрдэнэ Галбадрахын машиныг хашаа руу оруулаад хоёр гэрийнхээ дунд зогсоосон. Би хүүгээ авч буугаад хадам аавын гэрт ороод гэрийнхээ түлхүүрийг авсан. Хүүгээ хадмын гэрт үлдээгээд өөрийнхөө гэрийг онгойлгочихоод буцаад хүүгээ авах гээд гарсан. Тэгсэн Болор-Эрдэнэ хадам аавын гэрээс гараад гэрийн үүдэн дээр ирсэн байсан. Тэгсэн миний 3 настай хүү Өнөбат гэрээс гараад ирсэн машины ард талд явж байсан. Тэгсэн огцом машин хөдлөөд ухраад миний хүүг дайрсан. ... тэр үед машины урд талын суудал буюу жолооны ард нэг хүн ямар ч байсан суусан сүүмэлзээд байсан. Болор-Эрдэнэ бид хоёр машины араас нь тулаад машинаа зогсоогооч гээд зөндөө  ашгирсан чинь машин арагшаа ухраад л байсан. ...машины жолооч талын хаалгаар Наранбат бууж ирээд юу ч дуугарахгүй зогсоод байсан. Би тэр үед машинаа зогсоогооч гээд зөндөө орилсон. Тэр үед Өнөбат бүр машин доогуур орсон ...миний хүү Өнөбат машины урд талаас нь газар хэвтсэн байдалтай “аав аа” гээд хашгираад гараад ирсэн. ...Галбадрах жолоочийн хажуу талын суудал дээрээс машины жолоог залаад хашааны хаалгаар гараад явсан. Галбадрах машины жолоог жолоодоогүй бол машин хашаа мөргөх байсан. Тэгээд би хүүхдээ аваад түргэн дуудаад явсан...” /хх-46-47/,  

насанд хүрээгүй гэрч Ж.Эрдэнэбатын “...Жолоочийн хажуу талын суудал дээр Галбадрах ах согтуу сууж байсан. ...Галбадрах ахыг гэр рүү оруулсан чинь Наранбат ах араас орж ирээд манай гэрт суусан. Манайд сууж байхад Галбадрах ах Наранбат ахад хандаж “найзыгаа чи хийчихлээ шүү дээ” гэж хэлсэн чинь Наранбат ах Галбадрах ахыг “чи дуугүй байгаач” гээд цохиод байсан...” /хх-48-49/,

гэрч Д.Түвшинтөгсийн “...Автомат хурдны хайрцагны араа солигдоход тормозны гишгүүр дээр заавал гишгэж араа солих хөшүүргийг өөр байрлалд шилжүүлэх боломжтой. Тоормозны гишгүүрийг гишгэхгүйгээр араа солигдох боломж байхгүй...” /хх-150-151/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14830 тоот шинжээчийн дүгнэлтэд “...а/ Б.Өнөбатын биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун эгэм ясны хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгарал, баруун сарвууны 5 дугаар хурууны хумсан доорх, баруун өвдөгнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…” /хх-55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1565 тоот шинжээчийн дүгнэлтэд “…Б.Өнөбатын биед зүүн дунд чөмөг ясны ил хугарал, баруун эгэм ясны хугарал, духны няцарсан шарх, тархи доргилт, духанд зулгарал, баруун сарвууны 5 дугаар хурууны хумсан доорх, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тээврийн хэрэгслийн дугуйгаар дайрагдах үед үүсэх боломжтой. ...хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй…” /хх-70-71/ гэх дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13/, автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-20/, туршилт хийсэн тэмдэглэл, туршилтын явцад хийсэн бичлэг /хх-35/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36/, хохирогч Б.Өнөбатын Гэмтэл Согон Судлалын Үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-154-159/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, түүнд дүгнэлт өгөх боломж бүрдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль зөрчигдөөгүй байх бөгөөд шүүх Н.Наранбат нь автомашинаар бусдыг дайрч, хүнд гэмтэл учруулсан боловч энэхүү гэмт хэрэг нийтийн зориулалттай автомашины замд бус иргэдийн эзэмшлийн газар, талбайд үйлдэгдсэн, субъектив зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд хайхрамжгүй хандсан үйлдэл байх тул бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.  

Харин Н.Наранбат нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож, хохирогчийн гомдолгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж байгаа хүсэлт болон энэ талаар гаргасан ялтан Н.Наранбат, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдол зэргийг харгалзан Н.Наранбатад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Н.Наранбат нь 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Н.Наранбатад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Н.Наранбатыг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж, түүнийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧИД                                                   Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                              Д.МЯГМАРЖАВ