Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01285

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** ХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 14 баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, А*** Х*** д холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** , хариуцагч Ш.Х*** , нарийн бичгийн дарга Г.Х*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХК-ны ерөнхий захирал Д.Б*** ,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ТӨХК-ны 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 557 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Ш*** овогтой Х*** нь захирлын туслахаар ажилд ороод *** ТӨХК-ны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг *** тоотын орон сууцыг ашиглаж эхэлсэн. *** ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *** тушаалаар Ш.Х*** гийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бөгөөд Дархан-Уул аймаг 14-р баг *** тоот байрыг *** ТӨХК-ны гүйцэтгэх захирлын тушаалаар хүлээн авах комисс гарч тус байрыг хүлээн авах гэсэн боловч Ш.Х*** ...өвчтэй хэвтэрт байгаа хүүхэд мөн эмнэлэгт байгаа гэх шалтгааны улмаас байрыг суллаж өгөх хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсний дагуу байр суллах хугацааг сунгасан бөгөөд хугацаа дуусаад гарахыг шаардсан боловч элдэв шалтаг  тоочин байрыг суллаж өгөхгүй байгаа тул албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Х*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *** ТӨХК-д анх 2009.10.01-нд захирлын туслахаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2012.02.01-нээс маркетингийн менежер, 2013.09.13-наас эдийн засагчаар тус тус томилогдон ажиллаж 2014.07.25 хүртэл нийт 4 жил 10 сарын хугацаанд тасралтгүй ажилласан. Ингэхдээ 2009.10.05-ны өдөр *** ТӨХК-тай Хөдөлмөрийн контрактын гэрээ байгуулж, уг гэрээний 3.5 заалтад ажилтныг амьдрах орон сууцаар хангана гэсний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р хороолол 14-р багийн нутаг дэвсгэрт орших *** тоот орон сууцыг надад олгосон.

Тус гэрээний 3.6 заалтаар “Ажилтан 3-аас доошгүй жил ажилласан тохиолдолд ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилтанд 1 өрөө орон сууцыг олгоно” гэж заасныг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлын А тоот тушаалаар компанийн нийт 41 ажилтанд орон сууц олгох тухай тушаал гарч удирдах дээд байгууллага болох Төрийн өмчийн хороо руу хүргэгдсэн. Төрийн өмчийн хорооноос орон сууц олгох тухай санал дэмжигдэж, Уул уурхайн яамны албан тоот *** т хүргэгдэж ирсэн. Эдгээр зохих дээд байгууллагуудын шийдвэр болон орон сууцыг ажилчдад хувьчлах тухай асуудлын үйл явцыг компанийн удирдлагуудын зүгээс байнга мэдээлж, компанийн ажилчдын хурал дээр нээлттэй танилцуулж байсан. Холбогдох дээд байгууллага болох Төрийн өмчийн хороо, Уул уурхайн яамны шийдвэр, албан тоотууд Засгийн газрын Өмч хувьчлалын комисст хүргэгдэж, Засгийн газрын өмч хувьчлалын комиссоос “Орон сууц хувьчлах тухай” тогтоол гарсан. Энэ тогтоолыг намайг ажлаас хууль бусаар халсны дараа буюу 2015 оны 8-р сард тус компанийн ЭЗХХДэд захирал Ж.Э*** надад уншуулж байсан болно. Одоогийн удирдлагууд 2014 оны 4-р сард *** ТӨХК-ийг менежментийн хувьчлалаар хувьчилж авахдаа олон тооны ажилчдыг хууль бусаар үндэслэлгүй халсан. Тэр үед намайг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *** тушаалаар мөн хууль бусаар халсан бөгөөд дараа нь Ж.Э*** намайг өрөөндөө дуудаж “чи ажилдаа эргэж орвол ор. Чиний ажилласан жилийг тооцохгүй, шинэ ажилтан шиг туршилтын цалингаар цалинжуулна. Орон сууцыг чинь хурааж аваад өөр хүнд шилжүүлж өгнө” гэсэн ба би тэднийг байрыг минь булаан авах зорилгоор ажилд эгүүлэн авах санал, болзол тулгаж байна гэдгийг мэдэж ажилд орохоос татгалзсан болно.

Тэр цагаас хойш *** ТӨХК-ийн хуулийн хэлтэсээс байнга дарамталж, ямар ч аргаар хамаагүй миний байрыг авахыг оролдож, өнөөдрийг хүрсэн. Утсаар өдөрт 5-10 удаа залгаж, байраа хүлээлгэж өгөхгүй бол хаалгыг чинь эвдэлж орж, байрыг чинь авна гэж байнга дарамталдаг байсан.

Миний бие *** ТӨХК-тай байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээний 3.6 заалтын дагуу үйлдвэрээс ажилтандаа олгосон 1 өрөө орон сууцыг эзэмших, өмчлөх эрхтэй гэж үзэж байна.

Иймд *** ТӨХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

*** ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээний 3.5, 3.6-д зааснаар Ш.Х*** нь маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болсон. Иргэний хуулийн 90.1-д зааснаар Ш.Х*** нь шударга эзэмшигч мөн тул мөн хуулийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлээ тухайн орон сууцанд одоо сууж байгаа хүнээс шаардах байсан. Ш.Х*** нь уг орон сууцанд суудаггүй, Улаанбаатар хотод амьдардаг. Ш.Х*** гийн эзэмшил хэвээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Ш.Х*** г орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш.Х*** нь уг орон сууцыг Дархан төмөрлөгийн үйлдвэрийн захиралтай байгуулсан  контрактын гэрээний дагуу өмчлөх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Ш.Х*** нь *** ТӨХК-ны 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 557 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар захирлын туслахаар ажилд орж, *** ТӨХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол, *** тоотын орон сууцыг эзэмшиж байгаад, компанийн захирлын 2014 оны 07 дугаар сарын  25-ны өдрийн *** тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан *** ТӨХК-ны 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 557 дугаар гүйцэтгэх захирлын ажилд авсан тушаал, Хөдөлмөрийн контрактын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *** ХК ны захирлын 2014.12.09-ний өдрийн А/228 тоот тушаалаар тус компанийн Эдийн засгийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагч Ш.Х*** ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогду*** компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай тушаал гаргаж байсан болохыг, хариуцагч Ш.Х*** нь компанийн захиргаанд хандаж байрыг хүлээлгэн өгөх хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан зэргийг нотлох баримтыг хавсаргасан байна. /хх-ийн 12-13/

 

Маргаан бүхий Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол, *** тоотын орон сууцыг нэхэмжлэгч *** ХК нь 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай Орон сууц арилжааны гэрээгээр Дархан нэхий ХК-иас худалдаж авсан, хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан орон сууц арилжааны гэрээ, гэрээний хавсралтууд, 2014.12.12-ны өдрийн Үндсэн хөрөнгийн тооллого, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015.11.03-ны өдрийн 2/1706 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн компанийн Үндсэн хөрөнгийн товчоо тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

*** ТӨХК нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр *** ХК болсон болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн 1910010016 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ш.Х*** гийн хүсэлтээр нэхэмжлэгч *** ХК-ны орон сууц хувьчлалтай холбоотой компанийн захирлын А тоот тушаал, Төрийн өмчийн хорооны *** ТӨХК-ийн ажилчдад орон сууц хувьчлах тухай шийдвэр, албан тоот, Засгийн газрын өмч хувьчлалын комиссоос *** ТӨХК-ийн ажилчдад орон сууц хувьчлах тухай тогтоолд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр *** ТӨХК-ийн захирлын 2009.09.09-ний өдрийн А/61 тоот “Нийгмийн асуудлыг шийдэх тухай” ерөнхий захирал Т.Ганболдын тушаал, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монгол Улсын төрийн өмчийн хороонд Орон сууц хувьчлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014.07.04-ний өдрийн хуралдааны 37-р тэмдэглэл, 2015.02.05-ны өдрийн 4/283 тоот Төрийн өмчийн хорооноос *** ТӨХК-д хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2015.05.09-ний өдрийн А/109 тоот ерөнхий захирал Д.Б*** гийн “Ажлын хэсэг байгуулах тухай”, Ажлын хэсгийн тайлан, 2015.05.20-ны өдрийн 19 тоот *** ТӨХК-ны ТУЗ-ын хурлын тогтоол, 2015.06.04-ний 1-2/1207 тоот *** ТӨХК-иас Төрийн өмчийн хороонд хандаж 2004 онд худалдаж авсан 35 айлын орон сууцны асуудлыг эзэмшигчид олгохоор, 2009 онд ашиглалтап орсон 9 орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох өгөхийг хүссэн хүсэлт зэрэг нотлох баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл авагджээ. / хх-ийн 57-59/

Дээрхи үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол, *** тоотын орон сууцыг хувьчилсан, дуудлага худалдаанд оруулж өмчлөх эрх шилжсэн талаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Ш.Х*** нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч *** ТӨХК-ны захиралтай байгуулсан контрактын гэрээний 3.6 заалтын дагуу үйлдвэрээс ажилтандаа олгосон 1 өрөө орон сууцыг эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч түүний эзэмших эрх нь компанийн захирлын 2014 оны 07 дугаар сарын  25-ны өдрийн *** ажлаас чөлөөлөх тухай тушаал гарснаар дуусгавар болсон байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч *** ХК-ны өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол, *** тоотын орон сууцнаас хариуцагч Ш.Х*** г албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХК-ны өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол, *** тоотын орон сууцнаас хариуцагч Ш.Х*** г албадан гаргасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргу*** нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцу*** сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА