Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 169

 

“*******”

ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/001285/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1112 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Авгус овогтой Ш-ийн Х-д холбогдох 

         “Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Ш.Х-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ерөнхий захирал Д.Батжавхлан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ТӨХК-ийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 557 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Шагдарсүрэн овогтой Хулан нь захирлын туслахаар ажилд ороод “*******” ТӨХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол, 41 дүгээр байрны ******* тоотын орон сууцыг ашиглаж эхэлсэн. “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаар тушаалаар Ш.Х-гийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бөгөөд Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 41 дүгээр байрны ******* тоот байрыг “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хүлээн авах комисс гарч тус байрыг хүлээн авах гэсэн боловч Ш.Х- өвчтэй хэвтэрт байгаа хүүхэд мөн эмнэлэгт хэвтэж байгаа гэх шалтгааны улмаас байрыг суллах хугацааг сунгасан бөгөөд хугацаа дуусаад гарахыг шаардсан боловч элдэв шалтаг тоочин Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол 41 дүгээр байрны ******* тоот байрыг суллаж өгөхгүй байгаа тул орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Х- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “*******” ТӨХК-д анх 2009.10.01-нд захирлын туслахаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2012.02.01-нээс маркетингийн менежер, 2013.09.13-наас эдийн засагчаар тус тус томилогдон ажиллаж 2014.07.25 хүртэл нийт 4 жил 10 сарын хугацаанд тасралтгүй ажилласан. Ингэхдээ 2009.10.05-ны өдөр “*******” ТӨХК-тай хөдөлмөрийн контрактын гэрээ байгуулж, уг гэрээний 3.5 заалтад ажилтныг амьдрах орон сууцаар хангана гэсний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р хороолол 14-р багийн нутаг дэвсгэрт орших 41-р байрны ******* тоот орон сууцыг надад олгосон. Тус гэрээний 3.6 заалтаар “Ажилтан 3-аас доошгүй жил ажилласан тохиолдолд ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилтанд 1 өрөө орон сууцыг олгоно” гэж заасныг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлын А тоот тушаалаар компанийн нийт 41 ажилтанд орон сууц олгох тухай тушаал гарч удирдах дээд байгууллага болох Төрийн өмчийн хороо руу хүргэгдсэн. Төрийн өмчийн хорооноос орон сууц олгох тухай санал дэмжигдэж, Уул уурхайн яамны албан тоот *******т хүргэгдэж ирсэн. Эдгээр зохих дээд байгууллагуудын шийдвэр болон орон сууцыг ажилчдад хувьчлах тухай асуудлын үйл явцыг компанийн удирдлагуудын зүгээс байнга мэдээлж, компанийн ажилчдын хурал дээр нээлттэй танилцуулж байсан. Холбогдох дээд байгууллага болох Төрийн өмчийн хороо, Уул уурхайн яамны шийдвэр, албан тоотууд Засгийн газрын Өмч хувьчлалын комисст хүргэгдэж, Засгийн газрын өмч хувьчлалын комиссоос “Орон сууц хувьчлах тухай” тогтоол гарсан. Энэ тогтоолыг намайг ажлаас хууль бусаар халсны дараа буюу 2015 оны 8-р сард тус компанийн ЭЗХХДэд захирал Ж.******* надад уншуулж байсан болно. Одоогийн удирдлагууд 2014 оны 4-р сард “*******” ТӨХК-ийг менежментийн хувьчлалаар хувьчилж авахдаа олон тооны ажилчдыг хууль бусаар үндэслэлгүй халсан. Тэр үед намайг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 728 тоот тушаалаар мөн хууль бусаар халсан бөгөөд дараа нь Ж.******* намайг өрөөндөө дуудаж “чи ажилдаа эргэж орвол ор. Чиний ажилласан жилийг тооцохгүй, шинэ ажилтан шиг туршилтын цалингаар цалинжуулна. Орон сууцыг чинь хурааж аваад өөр хүнд шилжүүлж өгнө” гэсэн ба би тэднийг байрыг минь булаан авах зорилгоор ажилд эгүүлэн авах санал, болзол тулгаж байна гэдгийг мэдэж ажилд орохоос татгалзсан болно. Тэр цагаас хойш “*******” ТӨХК-ийн хуулийн хэлтэсээс байнга дарамталж, ямар ч аргаар хамаагүй миний байрыг авахыг оролдож, өнөөдрийг хүрсэн. Утсаар өдөрт 5-10 удаа залгаж, байраа хүлээлгэж өгөхгүй бол хаалгыг чинь эвдэлж орж, байрыг чинь авна гэж байнга дарамталдаг байсан. Миний бие “*******” ТӨХК-тай байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээний 3.6 заалтын дагуу үйлдвэрээс ажилтандаа олгосон 1 өрөө орон сууцыг эзэмшихөмчлөх эрхтэй гэж үзэж байна. Иймд “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 90.1-д зааснаар Ш.Х- нь шударга эзэмшигч мөн тул мөн хуулийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлээ тухайн орон сууцанд одоо сууж байгаа хүнээс шаардах байсан. Ш.Х- нь уг орон сууцанд суудаггүй, Улаанбаатар хотод амьдардаг. Ш.Х-гийн эзэмшил хэвээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1112 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2 дугаар хороолол, 41 дүгээр байрны ******* тоотын орон сууцнаас хариуцагч Ш.Х-г албадан гаргаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Х- давж заалдсан гомдолдоо:

2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “*******” ХК-тай хөдөлмөрийн контрактын гэрээ байгуулж, уг гэрээний 3.5 заалтад ажилтныг амьдрах орон сууцаар хангана гэсний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р хороолол, 14-р багийн нутаг дэвсгэрт орших 41-р байрны ******* тоот 1 өрөө орон сууцыг надад олгосон. Мөн тус гэрээний 3.6 заалтад “Ажилтан 3-аас доошгүй жил ажилласан тохиолдолд ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилтанд 1 өрөө орон сууцыг олгоно" гэж заасныг үндэслэн, Хөдөлмөрийн гэрээний үүргээ хангаж, компанийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогтын “Компанийн 41 ажилтанд орон сууц олгох тухай” тушаал гарч надад амьдарч байсан орон сууцыг өмчлүүлсэн. Энэхүү орон сууцыг “Дархан Нэхий” ХК барьсан, хоёр компанийн хоорондын өглөг авлагын зөрүүгээс шалтгаалан уг байрны гэрчилгээ гарахгүй олон жил болсон бөгөөд энэ шалтгаанаар миний өмчлөлд шилжүүлэх боломжгүй байсан. Намайг хууль бусаар халагдсанаас 1 жил гаруй хугацааны дараа уг орон сууцны гэрчилгээ гарсан байдаг. Компанийн 41 ажилтанд орон сууц хувьчлах асуудлыг хариуцсан ажлын хэсэг томилогдож, Төрийн Өмчийн Хороо, Уул уурхайн яам руу хандаж, эдгээр байгууллагуудаас орон сууц хувьчлах асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлж албан бичиг өгч байсан.

   Ингээд 2014 оны 4 дүгээр сард “*******” ХК нь Концессийн гэрээгээр хувьчлагдсан. Компанийн удирдлагууд солигдож Ж.******* эдийн засаг, худалдаа хариуцсан дэд захирлаар томилогдож, орон сууц хувьчлах асуудлыг хариуцсан ажлын хэсгээс холбогдох бүх материалыг хураан авч, ажилчдад орон сууц хувьчлах үйл явцыг зогсоож, өөрийнхөө өрөөнд материалуудыг цоожтой хадгалж, ажилчдад энэ тухай ямар ч мэдээлэл өгөхгүй дарсан. Ингээд орон сууцыг хувьчилж авахаар нэр нь орсон хүмүүсийг толгой дараалан үндэслэлгүй халж эхэлсэн. Миний хувьд энэ шалтгаанаар  халагдсан. Намайг халагдсаны дараа Ж.******* захирал өрөөндөө дуудаж “Чи ажилдаа эргээд орвол ор. Чиний ажилласан жилийг тооцохгүй. Шинэ ажилтан шиг туршилтын цалингаар цалинжуулна. Орон сууцыг чинь хурааж аваад өөр хүнд шилжүүлж өгнө” гэсэн ба би тэднийг байрыг минь хураан авах зорилгоор ажилд эргүүлэн авъя гэж тулгаж байна гэдгийг мэдэж ажилд орохоос татгалзсан болно.

Би 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн контрактын гэрээний дагуу уг орон сууцыг эзэмших эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал  бүрээс нь тухайн маргаантай харилцаанд хамааралтай, ач холбогдолтой  талаас нь үнэлж маргааныг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн хэдий ч хууль хэрэглээний хувьд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ш.Х- нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 2009 оны 10 сараас эхлэн захирлын туслахаар ажилд орсон байх бөгөөд  тус үйлдвэр түүнтэй  Хөдөлмөрийн тухай хуульд заасан контрактын гэрээ байгуулж, албаны орон сууцаар хангажээ. Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар  2014 оны 7 сард түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  байгууллагын санаачлагаар цуцалсан байна.

Гэрээ цуцалсантай холбогдуулан ажил олгогч Ш.Х-г албаны байрыг суллаж өгөхийг шаардсан бөгөөд хариуцагч татгалзаж уг орон сууцыг эзэмших эрхтэй гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий орон сууц нь “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн /нэр нь өөрчлөгдсөн / өмчлөлийн байр болох нь тогтоогдож байх бөгөөд  хариуцагчид гэрээгээр болон хуулинд заасны дагуу өмчлөх эрх үүсээгүй байна. 

Маргаан бүхий байр хувьчлагдсан харин өмчлөх  эрхийн гэрчилгээг гаргуулж өгч чадахгүй байгаа гэж  тайлбарлаж уг байрыг хувьчлах талаар гаргасан Засгийн газар  түүний харьяа  байгууллагууд болон үйлдвэрийн захиргааны бичгүүдийг хариуцагч    гаргуулахыг хүссэний дагуу шүүхийн бүрдүүлсэн эдгээр бичгийн баримтууд нь  бодит байдлаар орон сууцыг өмчлөх эрх шилжсэн гэдгийг нотлохгүй хүсэлт, чиглэл удирдамжийн  болон  харилцан ойлголцлын захидал бичиг байх  бөгөөд орон сууц хувьчлах эрх бүхий байгууллагын хуульд нийцүүлж гаргасан  хүчин төгөлдөр эрхийн акт биш тул  өмчлөх эрх шилжсэн гэж үзэхгүй.

           Эзэмшлийн тухайд ажил олгогч ажилтантай  хугацаа болон болзол зааж  орон сууц  хөлслөх гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт байхгүй.

Контрактын гэрээний дагуу ажилтныг орон сууцаар хангаж түүнд орон сууц  шилжүүлснээр ажилтанд  өмчлөх эрх үүссэн гэж үзэх боломжгүй  эзэмших эрх үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан “албан тушаалын болон хөнгөлөлт эдлэхтэй нь холбогдуулж тодорхой этгээдэд түр хугацаагаар   шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ”  гэсэн тодорхойлолт  нь маргааны нөхцөл байдалд тохирч байна.

Уг орон сууцыг эзэмших эрх нь тухайн этгээдийн өөрөөр хэлбэл хариуцагч  Ш.Х-гийн  контрактын гэрээ цуцлагдсанаар дуусгавар болох бөгөөд эрх бүхий этгээд буцаан шаардах хүртэл ажилтны эзэмшил хууль ёсны байж болох юм.

Контрактын гэрээ дуусгавар болсон тул эрх бүхий этгээд орон сууцыг буцаан шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйл  нь хуулийн өмчийн эрх зүйн бүлэгт  багтсан өмчлөгчийн нийтлэг шаардах эрх бөгөөд тухайн маргаан бүхий харилцаанд албаны орон сууцны талаар зохицуулсан хуулийн зүйл хэсэг  нь илүү нарийвчилсан зохицуулалт байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

            “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-т зааснаар...” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ           

                            ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                   О.НАРАНГЭРЭЛ