Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 101/2016/05015/И |
Дугаар | 181/ШШ2016/00265 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00265
2016 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 181/ШШ2016/00265 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, . хороо, м хороолол, М гудамж хаягт оршин суух Б овогт Ц.Г /рд:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, . хороо, Ю хаягт оршин байгаа М ХХК /рд:...../-д холбогдох,
5.287.924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г , хариуцагчийн төлөөлөгч С.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г нь 2012 оны 1 сарын 14-ний өдөр хариуцагч М ХХК-тай харилцан тохирч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, * -р хороо, * хороолол, * байр, * тоот нэг өрөө, 27 м2 талбайтай орон сууцыг тухайн үеийн ханшаар 1м2-ийг 1.259.259 төгрөгөөр тооцож нийт 34.000.000 төгрөг төлсөн. Гэтэл М ХХК-ны ашиглалтад оруулсан 89 тоот орон сууцны м2-ыг тусгай зөвшөөрөл бүхий Тоонто гранд ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд гэрээнд заасан, үнийг нь төлсөн талбайн хэмжээнээс зөрүүтэй гарч, 27 м2 байх ёстой байтал гүйцэтгэгчийн захиалагчид шилжүүлсэн талбай 22.85 м2 буюу 4.15 м2 дутуу байгаа нь тогтоогдсон. Гэрээний дагуу нэг м2 талбайн үнэ 1.259.259 төгрөг бөгөөд гэрээнд заасан хэмжээнээс дутуу 4.15 м2-ын үнэ 5.225.924 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны урьдчилгаа 50.000 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн 6.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрээний хуулбар авсны төлбөр 6.000 төгрөг, нийт 5.287.924 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Г тай байгуулсан гэрээ нь орон сууц захиалан бариулах тухай гэрээ гэж нэрлэгдсэн боловч энэ нь худалдах, худалдан авах тухай гэрээ юм. Тэр үед орон сууц бараг баригдаад дуусаж байсан. Ц.Г тай байгуулсан гэрээгээр орон сууцны талбайг тэнхлэгээс хэмжинэ гэж заасан байдаг. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, нэхэмжлэгч нь тэнхлэгээс хэмжиж байгаа гэдгийг мэдэж байсан учир М ХХК хариуцлага хүлээхгүй юм. Одоо түүнээс хойш 4 жил өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн. Нэхэмжлэгч нь багцын үнийг нийт м2-д хувааж багцын үнийг зохиомлоор гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнээс гадна хэмжилт хийсэн Тоонто гранд ХХК-ийн тусгай зөвшөөрөлд 1-10 давхар барилга байгууламжийн зураг төсөл гэж бичсэн байна. Харин М ХХК-ийн барьсан барилга нь 16 давхар барилга юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, орон сууцны м2-ын зөрүү төлбөр 5.225.924 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өгсөн урьдчилгаа төлбөр 50.000 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн 6.000 төгрөг, улсыг бүртгэлийн газраас гэрээ хуулбарлан авсан 6.000 төгрөг, нийт 5.287.924 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Ц.Г нь М ХХК-тай 2012 оны 1 сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч М ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Дархан цогцолбор хороолол, 1-р блок, 1-р орц, 5 давхар, 89 тоот 27 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг 2012 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Ц.Г нь гэрээнд заасан хөлс 34.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-7х-12х/
Хариуцагч нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч, иргэний хэрэгт авагдсан гэрээний 4.1.3 дахь заалт /хх-10х/, улсын бүртгэлийн гэрчилгээний огноо /хх-6х/ зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Ажил гүйцэтгэгч буюу М ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Монгол Улсын стандартын дагуу Тоонто гранд ХХК-ийн хийсэн хэмжилтээр 89 тоот орон сууцны нийт талбайг 22.85 м2 гэж тогтоожээ. /хх-13х-15х/
Хариуцагч М ХХК нь орон сууцны орон сууцны талбай тогтоосон Тоонто гранд ХХК-ийн тусгай зөвшөөрөлд 1-10 давхар барилгын зураг төсөл хийхээр тэмдэглэсэн байх тул хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
MNS 6058:2009 Монгол Улсын стандарт, аргачлалын дагуу хэмжилтийг хийсэн, мөн 1-10 давхарт байрлах, 10-аас дээш давхарт байрлах орон сууцны хэмжилтийг хийхэд нэг стандарт, нэг аргачлалын дагуу тооцоолол хийж байгаа тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд 1 өрөө орон сууцны талбайн хэмжээг 27 м2 гэж заасан боловч стандартын дагуу хэмжихэд 22.85 м2 гарсан байгаа нь гүйцэтгэгч М ХХК нь талбайн хэмжээ дутуу буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгийг захиалагч Ц.Г ийн өмчлөлд хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 349 дүгээр зүйлийн 343.1-т барилга байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно, 349.3-т гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заажээ.
Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэзээ хүлээн авсныг сайн мэдэхгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч нь гэрээ байгуулмагц буюу 2012 оны 1 сард хүлээлгэн өгсөн гэж харилцан адилгүй тайлбарладаг боловч орон сууцыг чухам хэзээ хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар баримт иргэний хэрэгт авагдаагүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдөр буюу 2013 оны 2 сарын 22-ны өдрөөс эхлэн гомдлын шаардлага гаргах хугацааг тоолох нь зүйтэй гэж үзэв. /хх-6х/
Нэхэмжлэгч Ц.Г өмнө нь уг асуудлаар шүүхэд хандаж байсан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 сарын 15-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нотлогдож байх тул /хх-4х/ гомдлын шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргасан байна.
Иймд орон сууцын м2-ын төлбөрт илүү төлсөн 1.259.259 х 4.15 = 5.225.924 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Г ийн шаардлага үндэслэлтэй.
Нэхэмлэгч Ц.Г нь хууль зүйн туслалцаа авсны урьдчилгаа төлбөрт төлсөн 50.000 төгрөг, итгэмжлэл хийлгэсний 6.000 төгрөг, улсын бүртгэлийн газраас гэрээ хуулбарлан авсан 6.000 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар нотлогдож буй итгэмжлэл хийлгэсний төлбөрт төлсөн 6.000 төгрөгийг хангах нь зүйтэй байна. /хх-18а, 19х/
Хариуцагч М ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээний 6.3-т орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцохоор заасан гэж тайлбарладаг боловч барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага, хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуунаас авна гэж заасан /MNS 6058:2009 стандартын 7.2 дахь хэсгийн заалт/ Монгол Улсын стандартыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй юм.
Хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүх хуралдааныг явуулах дарааллын дагуу хүсэлт хэлэлцэх үе шат нэгэнт дууссан, хэргийг хэлэлцэх үе шат эхэлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарласны дараа уг хүсэлтийг гаргасан, мөн ийнхүү хэрэг хэлэлцэх үе шатанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байх тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч М ХХК /рд:...../-иас 5.231.924 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г /рд:......./-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас тэмдэгтийн хураамжид 98.660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР