Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 01208

 

“АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00943 дугаар шийдвэртэй “АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Я-д холбогдох, үндсэн зээлийн 98 013 394.19 төгрөг, зээлийн хүүгийн 11 817 089.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 15 825.65 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг буюу нийт 109 857 808.93 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч О.М, Э.Т, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Я нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлж авсан. Зээл, түүний хүүг сар бүрийн 15-ны өдөр тэнцүү төлөлтөөр төлөх үүргийг хүлээсэн тэрээр 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш энэ үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөр мөн барьцааны гэрээг байгуулж, худалдан авсан өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Авто замчдын гудамж, 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай 194.64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбар үйлдсэн байдаг. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ А.Я 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж, график зөрчсөн тухай удаа дараа мэдэгдэл өгсөөр байхад зөрчлөө арилгаагүй, огт санаачилга гаргаагүй тул зээлийн гэрээний 5.2.3-т зааснаар гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдаанаас өмнө 2 удаа хариуцагчтай уулзаж, хуваарийн зөрчлийг арилгавал гэрээг цааш үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаа авч, зөрчлөө арилгана гэсэн боловч амлалтдаа хүрээгүй. Бид 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш мөн нэг удаа уулзахдаа мөн л шүүх хуралдаанаас өмнө төлбөрөө төлөөд зөрчлөө арилгавал хурал хийхгүйгээр нэхэмжлэлээ татаж авахаар ярилцсан. Дахин энэ тухай утсаар ярилцсан боловч хариуцагч ямар нэг үйлдэл хийгээгүй. Харин ч хурал хойшлуулах боломжийн талаар ярьж байсан нь үндэслэлгүй байсан тул бид хурлаараа асуудлаа шийдвэрлүүлэхээр шийдсэн.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл 98 013 394.19 төгрөг, зээлийн хүү 11 817 089.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 825.65 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг буюу нийт 109 857 808.93 төгрөг гаргуулах, тэрээр энэхүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Я-гаас 109,857,808.93 төгрөгийг гаргуулж “АБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар А.Я нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Авто замчдын гудамж, 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай 194,64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 847 639.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 847 639.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “АБ” ХХК нь хариуцагч А.Я-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 98 013 394.19 төгрөг, зээлийн хүүгийн 11 817 089.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 15 825.65 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг буюу нийт 109 857 808.93 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

Хэргийн 39-45, 47-51 дүгээр талд авагдсан баримтаас дүгнэхэд шүүх хуралдааны товыг хариуцагч А.Я-д зохих ёсоор мэдэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1.2-т заасныг зөрчсөн. Хуралдааны товыг оролцогч нарт зөвхөн шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, биечлэн мэдэгдэх боломжгүй  нь тогтоогдсон тохиолдолд утсаар мэдэгдэх учиртай.

Шүүх түүнд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй атлаа түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй нь буруу болжээ. Зөвхөн шүүгчийн туслах утсаар ярьсан гэсэн тэмдэглэл үйлдсэн байгааг шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Түүнчлэн, хэргийн оролцогчдод хэрэг танилцуулсан тухай баримтаас үзвэл хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй байна. /хх-ийн 46 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, …тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т заасан “... хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох“ зэрэг хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, мөн зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх боломжоор хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах,  хэргийн нотлох баримтын хүрээнд үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн  төлсөн 847 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               Б.НАРМАНДАХ