Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02394

 

 

 

 

 

 

 

 

2020 09 22

181/ШШ2020/02394

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:А.Б

хариуцагч: я.н

зээлийн гэрээний үүрэгт 109.857.808,93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:Иргэн А.я.н нь 2017 оны 11 сарын 15-ны өдөр 210004366 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдаж авах зориулалтаар 120 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 109.846.308,93 төгрөгийн өртэй болоод байна. Иргэн А.я.н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд 2100004366 тоот зээлийн гэрээний 5.2.3-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 98.013.394,19 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 11.817.089,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 15,825.65 төгрөг, нийт 109,846,308.93 төгрөг, нотариатын зардал 11.500 төгрөг, нийт 109,857,808.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү, зээлийн барьцаанд буй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байр, 14 тоотод байрлалтай, Ү-2203026998 дугаартай 194,64 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. Барьцаа хөрөнгүүд нь тус тусдаа Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 40 дүгээр байранд я.нгийн 3 ширхэг орон сууц сууцнууд. Өнөөдрийн зээлийн барьцаа Сүхбаатар дүүрэг 1-р хороо 40-14 тоот орон сууц нь иргэнээс худалдаж авах зорилгоор авсан. Худалдах, худалдан авах гэрээ нь хавтаст хэрэгт байгаа. Манай барьцаанд байдаг 1 байранд нь доод давхарт хүү нь амьдардаг. Нэгийг нь хүнд түрээсэлсэн байдаг. 1 байрандаа өөрөө байдаг.

Ээж нь зуслан дээрээ байдаг гэсэн. Бэлх, Сэлхийн тэнд намайг очиход ээж нь гэж хөгшин тансаг, бор өнгийн, харуул хамгаалалттай хашаанд байсан

Гэрээний хугацаа 2027 онд дуусах байсан. Хуваарийн дагуу сар бүрийн 15-ны өдөр төлөлт хийх ёстой байсан. Хариуцагч 7 удаагийн төлөлт хийсэн, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,400,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,220,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,900,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 151,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2,123,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2,123,000 төгрөг, нийт 16, 197,000 төгрөг төлсөн.

я.нд 4 удаа мэдэгдэл өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 505000 төгрөгийн зээлийн шимтгэл, өргөдлийн хураамж төлсөн.

Бид нар л араас нь уулзах гэж явдаг. Би 1 удаа хүүтэй нь хамт уулзсан. Төлнө. Газар зарах гэж байгаа гэсэн зүйл ярьсан. Шүүхээрээ яв гэсэн. Тэр үеэс хойш уулзаагүй. Хүү нь Буян-Ухаагийн тэнд байдаг орон сууц, хотхон барих зөвшөөрөлтэй газар зарах гэж байгаа гэж ярьж байсан. Хүү нь ажилгүй. Эхнэр нь ажил хийдэг. Гэртээ хүүхдээ хараад байдаг. Хүү нь бас манай зээлдэгч. я.н зээл авсан өдрөөсөө хойш нэг ч удаа банкан дээр ирээгүй. Баяржаргал нь Давж заалдах шатны шүүх дээр хальт таарсан. Баянголын шүүх дээр мөн таарч я.нгийн хэрэг гэж ярих гэсэн боловч гараад зугтаасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү г гэв.

 

Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Шүүх хэрэгт байгаа хуулийн шаардлагад нийцэх нотлох баримтууд зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Аригбанк ХХКомпани нь хариуцагч А.я.нд холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл 98,013,394.19 төгрөг, зээлийн хүү 11,817,089.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,825.65 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг буюу нийт 109,857,808.93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бүрэн дэмжиж оролцов.

Шүүх хариуцагчийг шүүхэд ирүүлэхээр дуудсан ба 2 удаа мэдэгдлийг өөрөө хүлээн авчихаад хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр 2019 оны 2 сарын 18-ны өдрийн 2078 дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагаа явуулж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдөр тайлбарлан танилцуулж, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дотор хариу тайлбар, зөвшөөрсөн татгалзсан үндэслэлээ нотлох баримтын хамт ирүүлэхийг даалгасан.

Хариуцагчийг шүүхэд ирүүлэхээр дуудсан ба гэрт нь хүнгүй шалтгаанаар мэдэгдэл хүргэгдээгүй, гар утсанд нь холбогдож чадаагүй, утсаа аваагүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр 2019 оны 9 сарын 27-ны өдрийн 10598 дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагаа явуулж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч А.я.нд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг нь дахин тайлбарлан хэрэгтэй танилцуулсан.

2020 оны 1 сарын 13-ны өдрөөр огноолсон барьцааны зүйлийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлсэн үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч А.я.нг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч АригбанкХХК-ийн үйл ажиллагаанд Монгол банкнаас 2020 оны 1 сарын 24-ий өдрөөс хязгаарлалт тогтоож, компанийн удирдлагын эрх үүргийг АригбанкХХК дахь бүрэн эрхэт төлөөлөгчид түр шилжүүлсэн. 2020 оны 2 сарын 5-ны өдөр АригбанкХХК дахь бүрэн эрхэт төлөөлөгчөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлэн, уг төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудтай танилцуулсан.

2020 оны 5 сарын 4-ий өдөр 6022 дугаар шүүгчийн захирамжаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох маргаан үүсгэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр болох хуралдааны тов мэдэгдлийг талуудад мэдэгдсэн, мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгч М.Чинзоригтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаа ирүүлж, өмгөөлөгч хэрэгтэй танилцахаар шүүх хуралдаан хойшлуулж хэргийн баримттай танилцсан.

Шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагт товлон, хуралдааны тов мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр талуудад мэдэгдсэн ба 2020 оны 09 сарын 18-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалтай гар утсаар нь холбогдоход ойлголоо гэж мэдсэн байна.

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагт товлогдсон хуралдаанд хариуцагч тал ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгч М.Чинзоригийн гар утсанд холбогдоход итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралд оролцоно, би хөдөө явж байгаа хүсэлтээ төлөөлөгчөөр явуулсан гэж хэлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдоогүй болох нь тэмдэглэл баримтаар нотлогдоно.

Хариуцагч талд хэрэг хянан шиййдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлэн, шүүх хуралдаанд оролцох хангалттай боломж олгож, хуралдааныг хойшлуулан зөвшилцөн шүүх хуралдааныг товлож мэдэгдсэн боловч 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд ирж нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийг хүлээн аваад тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болж байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2100004366 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А.Б ХХК нь орон сууц худалдан авах зориулалтаар 100,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч А.я.н нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр тэнцүү төлөлтөөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, энэхүү төлөлтөд тухайн сарын зээлийн хүүгээс гадна үндсэн зээлээс тодорхой хувь багтаж, гэрээний хугацаа дуусахад зээлийн үүрэг дуусгавар болох агуулгатай байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинж бүхий хэлцэл байна.

Мөн өдөр зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 2100004366 тоот Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаарт А.я.нгийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 Авто замчдын гудамж, 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай 194,64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулсан ба 11-1056104 тоот барьцаалбар үйлдсэн байна.

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээ болон барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.2, 451 дүгээр зүйлийн 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргийг зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэг хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлдүүлэгч А.Б ХХК нь 100,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бэлэн бусаар зээлдэгч А.я.нгийн зээлийн дансаар шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь нэхэмжлэл шүүхэд ирсэн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн байдлаар 2017 оны 2 дугаар сарын 15-аас 2018 оны 7 дугаар сарын 19-ний хооронд үндсэн зээлд 1,986,605.81 төгрөг, зээлийн хүүд 14,927,976.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,418 төгрөг бүгд 16,917,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн үйл баримт зээлийн дансны хуулга болон зээл, хүүний тооцоолол баримтаар нотлогдоно.

Хариуцагч А.я.н нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр болон түүнээс хойшхи хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 29, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 23-ний өдрөөр гэрээг цуцалсан нь зээлийн гэрээний 5.2., 5.2.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2.-т заасанд нийцсэн байна.

  Иймд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэрээнд тохирсноор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд зааснаар гүйцэтгэх үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлбөл зохих зээлийн үлдэгдэлд 98,013,394.19 төгрөг, зээлийн хүү 11,817,089.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,825.65 төгрөгийн хэмжээгээр тооцож 109 846 308 төгрөг 93 мөнгийг нотариатын зардал 11,500 төгрөгийн хамт 109,857,808.93 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцсэн тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний хөлсөнд 11,500 төгрөг төлж илүү зардал гаргасан нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөний 0001399 тоот тасалбараар нотлогдож байх тул энэхүү зардлыг хохиролд тооцсон болно. 

  Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасны дагуу хариуцагч А.я.н нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847.639,04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.я.нгаас 847.639,04 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.,115-р зүйлийн 115.2.1., 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан А.я.нгаас 109,857,808.93/нэг зуун есөн сая найман зуун тавин долоон мянга найман зуун найм/ төгрөгийг гаргуулж А.Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар А.я.н нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн Ү-2203026998 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 Авто замчдын гудамж 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай 194,64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847.639,04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.я.нгаас 847.639,04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.УРАНЧИМЭГ