Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151

 

С.Н-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн

Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Х.Батсүрэн

                                  Б.Мөнхтуяа

                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжийн Б.Д-т холбогдох газрын орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, С.Н-ийн өмчлөлийн газарт нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарцыг гаргахыг даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0799 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0093 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд Б.Д, түүний өмгөөлөгч Ц.О нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0799 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ийн Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С.Н-ийн өмчлөлийн газарт нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарцыг гаргаж, Б.Д-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаар шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар өмчлөх эрх олгогдсон 589 м.кв талбай газрын орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0093 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О-ийн гомдлын агуулгад: Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа дараах байдлаар хууль буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж зөрчил гаргасан. С.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “газар давхардуулан олгосон тул Б.Д-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулъя”, “орц, гарц төлөвлөөгүй, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаагүй тул Б.Д-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулъя”, “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар олгосон нь хууль зөрчсөн, С.Н-н орц, гарцын асуудлыг шийдэлгүйгээр захирамж гаргасан тул орц, гарц тогтоолгож, Б.Д-н газраас орц гарцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя” гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ удаа дараа өөрчилж байсан.

4. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт хамгийн сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хуулан дурдаж нэхэмжлэгч С.Н, гуравдагч этгээд Б.Д-ийн газар эзэмших, өмчлөх эрх зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөхөөс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар биечлэн очиж үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулан хавтаст хэрэгт оруулсан байдаг. Шүүх ийнхүү бодит байдалтай биечлэн танилцаж, хэрэгт шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр холбогдох байгууллагуудаас гаргуулсан болон талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж хэргийн үйл баримтыг тал бүрээс нь үнэн зөв тодорхойлж түүндээ зохих хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрээ үндэслэл бүхий бичсэн.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэгээр С.Н, Б.Д нарын газар давхцаагүй, С.Н-ийн орц гарцыг хааж буусан айлд зөвшөөрөл олгоогүй, С.Норжмаагийн урд буюу дээшээ (уулын) айлууд амьдарч орж гарч болж байгаа үйл баримт тогтоогддог. Мөн Б.Д газраа хойд буюу уулын доод хэсгээр хашаагаа сунгасан нь С.Н-ийн газартай огт хиллээгүй, орж гарахад нь нөлөөлөхгүй нөхцөл байдал тогтоогдоно. Түүнчлэн С.Н-ийн дээр, доор, баруун, зүүн талд нь байрласан айлууд бүгд уулын налуу газрыг засаж янзлан хашаа барьж, орц гарцаа шийдвэрлэсэн байхад яагаад зөвхөн С.Н-ийнх тийнхүү засан сайжруулах боломжгүй, бас эргэн тойрны айлуудаас яагаад зөвхөн Б.Д-ийн газраас хасаж орц гарцаа хийлгэх гээд байгаа нэхэмжлэгчийн санаа зорилго ойлгомжгүй, хувийн маргаан, худ ургийн хэрүүлээс үүдэлтэй биенийгээ "чадах" гэсэн үйлдэл мэт харагдана.

6. С.Н нь урд талаараа замаа засан сайжруулаад 13 жилийн өмнө газраа өмчилж авахад нь төлөвлөн гаргаж өгсөн орц гарцаараа гарах бүрэн боломжтой, тэрхүү орц, гарц дээр нь буусан айлд газрын албанаас зөвшөөрөл олгоогүй байна. Худ ургийн холбоо, бие биенийгээ хүндлэх ёсыг бодож олон жил хашаагаараа гаргуулсан гэх үндэслэлээр Б.Д нь өөрийн хашааны хэмжээг хасуулах эрх зүйн үндэслэл байхгүй юм.

7. Анхан шатны шүүх шийдвэртээ "хэдийгээр газрын үзлэгээр нэхэмжлэгчийн орц гарц төлөвлөсөн гэх газар нь налуу хэсгийг тэгшилж байшин барьснаар огцом өндөрлөг бий болсон боловч түүнийг гарц болгон сайжруулсны үндсэн дээр орц гарцыг таглан зөвшөөрөлгүй буусан этгээдийг албадан нүүлгэх, төрийн захиргааны байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр хамааралгүй болохыг дурдаж байна" гэж хэргийн бодит байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн.

8. Нэхэмжлэгчийн олон удаа өөрчлөн, янз бүрээр гаргаж байсан аль ч нэхэмжлэлийн шаардлагад “бодит байдал дээр өөрийн өмчлөлийн газартаа орж, зарах ямар ч боломжгүй болсон тохиолдолд захиргаа хууль, дүрэмд заасан ямар үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээдгийг тодорхойлуулах, энэ үүргээ хэрэгжүүлэх боломжтой атал хэрэгжүүлээгүй эсэх нөхцөл байдлыг тогтоолгох тухай” дурдагдаж байгаагүй.

9. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч С.Н нь “бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц гарц гаргахыг даалгах” агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргасан байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөлийн газар нь хоорондоо давхцалгүй, харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмчлөлийн газраар дамжин, өөрийн өмчлөлийн газарт нэвтэрдэг үйл баримт тогтоогдсон байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулах, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “...гуравдагч этгээдээс газрын хэмжээг зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хаагаагүй” тухай дүгнэлт хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй, гуравдагч этгээдийн одоо бодитоор эзэмших байгаа газрын хэмжээ тодорхойгүй, газрыг хэзээ, аль талаар нэмэгдүүлж, хашаа барьсан, одоо ийнхүү нэмэгдүүлсэн хэсэгт нэхэмжлэгчид орц гарц гаргах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай байна.

13. Давж заалдах шатны шүүхийн “бодит байдалд нэхэмжлэгч орж, гарах гарцгүй болсон” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн анх төлөвлөсөн гарц гэх газрыг хааж, зөвшөөрөлгүй өөр айл байшин барьж амьдарч байгаа болох нь сансрын зураг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн газраар дамжин 2005 оноос одоог хүртэл өөрийн өмчлөлийн газарт орж, гарч байснаас шалтгаалан анх төлөвлөгдсөн орц гарцыг өөр этгээд бодитоор эзэмшиж, ашиглах болсон, энэ үйл баримтад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алины үйлдэл нөлөөлсөн буюу гуравдагч этгээдээс тухайн үед өөрийн өмчлөлийн газраар дамжуулан орц, гарц гаргаагүй бол төлөвлөгдсөн гарцыг ашиглах боломж нэхэмжлэгчид нээгдэж, одоогийн маргаан үүсэхгүй байжээ. Энэ хүрээнд нэхэмжлэгчийн “анхны “төлөвлөгдсөн” гэх гарц нь уулын орой хэсгээр, хүн болон тээврийн хэрэгсэл явах нөхцөл байхгүй” тухай нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх, бодитоор орц, гарцын зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг бүрэн гүйцэд тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.  

14. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь иргэний газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах, орц, гарцыг шийдвэрлэж өгөх үүрэгтэй ба захиргааны байгууллагаас энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагад захиргаа хууль дүрэмд заасан ямар ажиллагаа явуулаагүй болохыг тогтоолгох тухай дурдаж байгаагүй, шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” тухай гомдол үндэслэлгүй байна.

15. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0093 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ