Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00692/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалжтус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** хотхон *** дугаар байрны *** тоотод оршин суух, Т*** овогт Г*** Б*** /регистрийн дугаар РД***, утас ***/,

Нэхэмжлэгч: Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** хотхон *** дугаар байрны *** тоотод оршин суух, Н*** овогт Н*** С*** /регистрийн дугаар РС***, утас ***/,

Нэхэмжлэгч: Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, Х*** овогт Н*** Б*** /регистрийн дугаар ТБ***, утас ***/- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, М*** ХХК-д холбогдох

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Тагтны хаалтын үнэ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Г.Б миний бие нөхөр С.Ө бид 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр М ХХК-ий захирал Н.Г гэдэг маркетингийн менежертэй гэрээ хийж орон сууц захиалгаар бариулах болсон юм. Байраа авахдаа би урьдчилгаа 30 хувь буюу 19,180,200 төгрөгийг төлж үлдэгдлийг зээлд хамрагдан төлж байраа авсан. Гэвч бидний 49,18 мкв гэж авсан 2 өрөө орон сууц маань хэмжээндээ хүрэхгүй мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 45,286 мкв буюу 3,894 мкв дутаж байна. Мкв-ын үнийг 1,300,000 төгрөгөөр бодож авсан юм. Иймд дээрх талбайн зөрүү үнэ 3,894*1,300,000=5.062.200 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...2013 онд М ХХК-ий П хорооллын 2 өрөө байр болох 49,18 мкв талбай бүхий орон сууцыг гэрээг байгуулж захиалсан. Миний авсан байрны үнэ нь 1 мкв талбайн үнэ нь 1,050,000 төгрөг бөгөөд 49,18 мкв талбайтай орон сууцны нийт үнэ 63,934,000 төгрөгийг зээлээр төлсөн. Гэтэл орон сууцны талбайн хэмжээ дутуу болох нь тодорхой болж мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд 45,248 мкв талбайтай байв. Би 49,18 мкв талбайн хөлс төлж авсан юм.

Иймд илүү төлөгдсөн 5,111,600 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү. 45,248 мкв талбайн СӨХ, дулааны хөлс 49,18 мкв-аар бодогдон төлөгдөж бидэнд хохиролтой байна. гэв.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...2013 оны 07 дугаар сарын 29-ний М ХХК-аас 49,18 мдв талбай бүхий 2 өрөө орон сууц гэрээ хийж захиалан бариулсан. Орон сууцны нийт үнэ нь 63,934,000 төгрөг болж би эхлээд 50 хувийг төлж, дараа нь графикийн дагуу төлөөд байр сууцандаа орсон. Гэтэл энэ байранд орсон айл өрхүүд мкв-ын зөрүү гарч байна гэсэн яриа гарсан учир манайх хэмжилт хийдэг газраар хэмжүүлж үзэхэд манай 2 өрөө байрны нийт талбайн хэмжээ 45,306 мкв болж 3,874 мкв дутсан юм. Энэ талаар м*** ХХК-д хэлэхэд зураг төслөөрөө баригдсан барилга шүүхээрээ яв гэсэн. Би 1 мкв 1,300,000 төгрөгөөр бодож авсан. Би авсан байрандаа илүү 5,362,000 төгрөг илүү төлсөн. Иймд илүү төлсөн 5,362,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэв.

 

Хариуцагч М*** ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Аливаа барилга барих тусгай зөвшөөрөл бүхий барилгын компани нь барилгын норм ба дүрмийн дагуу зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж тухайн зургийг экспертизээр батлуулсан орон сууцны талбайн хэмжээг баталгаажуулдаг. Батлагдсан зураг төслийн дагуу захиалагч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж захиалга авах явцдаа барилгаа барьж дуусган улсын комиссд өгөх зэрэг төлөвлөгөө графикийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тус нэхэмжлэлийн тухайд манай байгууллага нь дээр дурдсанчлан экспертизээр батлагдсан зургийн дагуу орон сууцаа барьсан. Бид орон сууцныхаа талбайг барилгын зурагт заасан хэмжээнээс санаатайгаар нэмэгдүүлж захиалагч нарыг хохироосон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч талын гуравдагч этгээдээр хэмжүүлсэн орон сууцны талбайн зөрүүг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. гэв.

 

Минж П*** нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Н.С*** нь орон сууцны талбайг А*** ХХК-аар хэмжүүлэхдээ тагтны талбайг нийт талбайн хэмжээний 30 хувиар тооцон гаргуулсан байна. Анх иргэн Н.С*** нь орон сууцыг хүлээн авах үедээ тагтны метр кв-ыг нийт талбайн бүтэн хэмжээгээр тооцно гэж тохиролцон тагтны вакум хаалтыг манай компаниар хийлгэсэн. Уг хаалтны айл нэг бүрийн өртөг нь 400,000 төгрөгөөр гэрээний дагуу Н*** ХХК-аар хийлгэсэн тул энэхүү төлбөрийг иргэн Н.С*** гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Н.С*** сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

...анхнаасаа энэ компаниар цонхны хаалт хийлгэж өг гэж хүсэлт тавиагүй. Минж проперти ХХК нь ийм ажлын хөлстэй төлбөр төлүүлэх талаар яриагүй. Иймд би энэ төлбөрийг төлөхгүй гэдгээ мэдэгдэж байна.гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч М*** ХХК-иас нэхэмжлэгч Г.Б*** нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,894 мкв-ийн үнэ болох 5,062,200 төгрөгийг гаргуулахаар,

Нэхэмжлэгч Н.С*** нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,932 м.кв-ын зөрүү 5,111,600 төгрөгийг гаргуулахаар,

Нэхэмжлэгч Н.Б*** нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,874 м.кв-ын зөрүү 5,362,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

М*** ХХК нь хариуцагч Н.С*** тагтны вакум хаалтын үнэ 400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хэн аль нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хариуцагч М*** ХХК-тай нэхэмжлэгч Н.С*** нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хорооллын нутагт баригдаж байгаа *** хотхоны *** дугаар байрны *** тоот /*** дугаар байрны *** тоот/, 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирч, орон сууцны үнэ 69,934,000 төгрөгийг төлөхөөр,

Нэхэмжлэгч Н.Б*** нь 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хорооллын нутагт баригдаж байгаа *** хотхоны *** дугаар байрны *** тоот /*** дугаар байрны *** тоот/, 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирч, орон сууцны үнэ нь 63,934,000 төгрөг төлөхөөр,

М*** ХХК нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн 2013 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Орон сууц захиалгаар барих гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Г.Б*** нь Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** дугаар байрны *** тоот 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн боловч хариуцагч М*** ХХК-тай дээрх орон сууцыг захиалгаар барих гэрээг Г.Б*** биш, түүний нөхөр Г.Ө*** байгуулсан болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээ, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул Г.Б*** нь хариуцагч М*** ХХК-нд холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,894 мкв-ийн үнэ болох 5,062,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** энэхүү гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд гүйцэтгэгч болох М*** ХХК нь 2013 оны 04 дүгээр улиралд багтаан, гэрээнд заасан орон сууцыг шинээр барьж, захиалагч болох Н.С***, Н.Б*** нарт хүлээлгэн өгөхөөр тохирч, тус орон сууц баригдаж бий болохоос өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 29, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээг байгуулсан, мөн орон сууцыг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын комиссын бүрэлдэхүүн шалгаж, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч тал 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй 2 орон сууцыг хүлээн авсан зэрэг нь хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих тухай гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн акт, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Барилга орон сууц хүлээн авсан комиссын акт болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч М*** ХХК нь гэрээнд заасны дагуу Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны 22, 77 тоот тус бүр 2 өрөө орон сууцыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нар нь дээрх 2 орон сууцны үнэ 69,934,000 төгрөгийг тус тус өгч, талууд гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэг бүр нь 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барихаар тохирсон байх боловч Н.С*** өмчлөлийн 22 тоот, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 45,78 мкв буюу гэрээнд зааснаас 3,4 мкв, Н.Б*** өмчлөлийн 77 тоот, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 45,306 мкв буюу гэрээнд зааснаас 3,874 мкв-аар тус тус дутуу болох нь хэрэгт авагдсан шинжээч Т*** ХХК-ний 2015 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн дүгнэлт, А*** ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр ...дээрх орон сууцыг зөвхөн нэхэмжлэгч нарт зориулж цорын ганц загвараар хийгээгүй, энэ орон сууцны тодорхой ижил загварын дагуу хийгдсэн учир Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс тул худалдан худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч нар нь 49,18 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан гэсэн тайлбарыг тус тус гаргаж байх тул нэхэмжлэгч нарын захиалсан дээрх орон сууцыг төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь тодорхой тогтсон загварын дагуу үйлдвэрлэдэг эд хөрөнгийг захиалагч сонгоод өөрт хийж өгөхийг хүсч ажил гүйцэтгэх гэрээ байгуулах нь худалдах худалдан авах гэрээ биш юм.

Харин энэ тохиолдолд худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг адилтган хэрэглэхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т заасан байна.

 

Нэхэмжлэгч Н.С***, Н.Б*** нар нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүднээс тусгай зөвшөөрөл бүхий Арккад ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 201оны 05 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны талбайн хэмжилт-ийн тайлангаар маргаан бүхий орон сууц нь 45,286 мкв талбайтай гэсэн байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах эрх буюу эрх зөрчигдсөн хугацааг 201оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс тооцох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.С***, Н.Б*** нар нь орон сууцыг худалдан авах үед орон сууцны мкв-ийн зөрүүтэй байсан эсэх талаар мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэлгүй байх тул худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй юм.

Түүнчлэн хариуцагч М*** ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ...орон сууцны талбайг А*** ХХК-аар хэмжүүлэхдээ тагтны талбайг нийт талбайн хэмжээний 30 хувиар тооцон гаргуулсан байна. Анх нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авах үедээ тагтны метр кв-ыг нийт талбайн бүтэн хэмжээгээр тооцно гэж тохиролцон тагтны вакум хаалтыг манайх компаниар хийлгэсэн... гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар хариуцагч М*** ХХК нь энэхүү мкв-ын зөрүүний талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын хувьд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан шаардлагад нийцээгүй буюу М*** ХХК нь эд хөрөнгийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот гэрээнд заасан Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот 2 өрөө орон сууцны дутуу хэмжээнд буюу нийт 3,4 мкв -д ногдох 4,420,000 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Н.С*** олгож, үлдэх хэсэг болох 691,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн *** тоот гэрээнд заасан Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот 2 өрөө орон сууцны дутуу хэмжээнд буюу нийт 3,874 мкв -д ногдох 5,036,200 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*** олгож, тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б*** нь хариуцагч М*** ХХК-нд холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд орон сууцны талбайн хэмжээний дутуу 3,894 мкв-ийн үнэ болох 5,062,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байх тул Г.Б*** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч М*** ХХК нь нэхэмжлэгч Н.С*** тагтны вакум хаалтны үнэ 400,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254.4-т зааснаар хариуцагч М*** ХХК-ниас 4,420,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С***, 5,036,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б*** тус тус олгож, нэхэмжлэгч Н.С*** нэхэмжилсэн 691,600 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.Б*** нэхэмжилсэн 5,062,200 төгрөгийн шаардлагыг, хариуцагч М*** ХХК-ний гаргасан 400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,735 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Б*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,529 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 13,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С***, 95,526 төгрөгийг гаргуулан нэхэжмлэгч Н.Б*** тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА