Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 194

 

С.Ө- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00692/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч С.Энхжаргал даргалж,  шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Оюунцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Айргынхан овогт С-гийн Ө-,

Нэхэмжлэгч Намжаа овогт Н-ийн  С-,

Нэхэмжлэгч Харчуу овогт Н-ийн Б- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Минж проперти” ХХК-д  холбогдох

          “Гэрээний үүрэг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гаргуулах тухай” иргэний хэргийг

           Хариуцагч “Минж проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч “Минж проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ө- бидний 49.18 мкв гэж авсан 2 өрөө орон сууц маань хэмжээндээ хүрэхгүй мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 45.286 мкв буюу 3.894 мкв дутаж байгаа 1 мкв-ын үнийг 1.300.000 төгрөгөөр бодож авсан. Иймд дээрх талбайн зөрүү үнэ 3.894*1.300.000=5.062.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Н. С- шүүхэд 2013 онд “Минж проперти” ХХК-ийн Парк таун хорооллын 2 өрөө байр болох 49.18 мкв талбай бүхий орон сууцыг гэрээг байгуулж захиалсан. Миний авсан байрны 1 мкв талбайн үнэ нь 1.050.000 төгрөг гэтэл орон сууцны   талбайн   хэмжээ   дутуу болох нь   тодорхой   болж  мэргэжлийн  байгууллагаар хэмжүүлэхэд 45.248 мкв талбайтай байсан. Иймд илүү төлөгдсөн 5.111.600 төгрөгийг “Минж проперти” ХХК-аас гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Б- 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Минж проперти” ХХК-аас 49.18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц гэрээ хийж захиалан бариулсан. Манай 2 өрөө байрны нийт талбайн хэмжээ 45.306 мкв болж 3.874 мкв дутсан юм.. Би 1 мкв 1.300.000 төгрөгөөр бодож авсан. Иймд 5.362.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “Минж проперти” ХХК аливаа барилга барих тусгай зөвшөөрөл бүхий барилгын компани нь барилгын норм ба дүрмийн дагуу зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж тухайн зургийг экспертизээр батлуулсан орон сууцны талбайн хэмжээг баталгаажуулдаг. Батлагдсан зураг төслийн дагуу захиалагч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж захиалга авах явцдаа барилгаа барьж дуусган улсын комисст өгөх зэрэг төлөвлөгеө графикийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тус нэхэмжлэлийн тухайд манай байгууллага орон сууцныхаа талбайг барилгын зурагт заасан хэмжээнээс санаатайгаар нэмэгдүүлж захиалагч нарыг хохироосон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч талын гуравдагч этгээдээр хэмжүүлсэн орон сууцны талбайн зөрүүг манай байгууллага хүлээн зөвшеөрөхгүй гэж шүүхэд тайлбар гаргажээ.

Хариуцагч “Минж проперти” ХХК 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40 тоот гэрээний 6 дугаар зүйл 6.2-т захиалагч нь гэрээний 4.6 заасан үүргээ биелүүлээгуй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэсний дагуу иргэн С.Ө- нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан боловч 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж 40 хоног хоцорч төлбөрөө гүйцэтгэсэн тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 2.557.360 төгрөгийг хариуцагч С.Ө-ээс гаргуулахаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Ө- би гэрээний дагуу заагдсан хугацаандаа урьдчилгаа 30 хувь өгч, үлдэгдэл 70 хувийг Голомт банкны 8 хувийн хүүтэй зээлээр хугацаандаа бүрэн төлж барагдуулсан болно.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гэж тайлбар гаргасан байна.

Хариуцагч “Минж Проперти” ХХК дээрх үндэслэлээр иргэн Н. С- нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот гэрээний үүргийг зөрчсний улмаас үүссэн алданги 9.398.803 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас улмаас үүссэн алданги 1.879.659 төгрөг, нийт 11.279.462 төгрөгийг иргэн Н. С-ээс гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Н. С- миний бие 2013 онд тус компаниас орон сууц авахдаа граж авахаар ярьж тохирсон. Ингэж граж авахаар ярихдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй. Гэхдээ худалдан авч байгаа учир төлбөр тооцоог дуусгах гэж боломж бололцоог ашиглан хичээж байна. Иймд гражийн үлдэгдэл төлбөрийн асуудлыг орон сууцны мкв зөрүү шийдвэрлэх асуудалтай хамтатган шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1207 дугаар шийдвэрээр:

          Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар эүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Минж проперти” ХХК-аас 4.420.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-т 4.420.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н. С-т 5.036.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т тус тус олгож, нэхэмжлэгч С.Ө-ийн         нэхэмжлэлийн шаардлагаас 642.200 төгрөгийг, нэхэмжлэгч Н. С-ийн шаардлагаас 691.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н. С-ээс дулаан зогсоолын үлдэгдэл төлбөр 3.871.550 төгрөгийг гаргуулан хариуцагч “Минж проперти” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас С.Ө-ээс алданги 2.557.360 төгрөг гаргуулах тухай, Н. С-ээс алданги 7.406.912 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ө-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.945 төгрөгийг нэхэмжлэгч Н. С-ээс    улсын тэмдэгтийн            хураамжид төлсөн 96.375 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Б-ээс улсын тэмдэгтийн    хураамжид төлсөн 95.529 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 251.274 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж. хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 85.670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-, Н. С- нарт, 95.526 төгрөгийг     гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т тус тус олгож, нэхэмжлэгч Н. С-ээс улсын тэмдэгтийн хураамж 76.895 төгрөгийг гаргуулан хариуцагч “Минж проперти” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч “Минж проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш “...Н. С-, С.Ө-, Н.Б- болон “Минж проперти“ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан хугацаанд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг ба бэлэн болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий зохигчдын гэрээ, нэр болон ашигласан хэвлэмэл маягтаас үл хамааран Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу худалдах худалдан авах гэрээ юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичиг баримт дутуу буюу аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл эх хувиар, мөн хэмжилт хийх тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрчилгээний хамт хүчинтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй нотлох баримтыг анхан шатны шүүх тодруулга хийхгүй “Тоонто гранд” ХХК болон “Арккад” ХХК-ийг ямар үйл ажиллагаа эрхлэн явуулдаг талаар тэр тусмаа хэмжилт хийдэг тусгай зөвшөөрөл нь ямар бичиг баримтын хамт хуулийн хүчин төгөлдөр болохыг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү...” гэж давж заалдсан гомдол гаргажээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

         Нэхэмжлэгч С.Ө-, Н. С-, Н.Б- нар нь хариуцагч “Минж проперти” ХХК-д  холбогдуулан “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал манай байгууллага орон сууцныхаа талбайг барилгын зурагт заасан хэмжээнээс санаатайгаар нэмэгдүүлж захиалагч нарыг хохироогоогүй тул орон сууцны талбайн зөрүүний хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

         Хариуцагч “Минж проперти” ХХК С.Ө-ээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 2.557.360 төгрөгийг, мөн Н. С-ээс  гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас улмаас үүссэн алданги 11.279.462 төгрөгийг гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн байна.

          Хэргийн үйл баримтыг судалж үзэхэд нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Тоонто гранд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэргийн 15-16, 115-116,173-175 дугаар хуудсанд байгаа баримтууд  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө..., 44.4-т “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн хуулийн шаардлагуудыг хангаагүй байхад нотлох баримтыг анхан шатны шүүх хүлээн авч маргааныг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

          Мөн “Тоонто гранд” ХХК-аас  шүүхэд гаргаж өгсөн тусгай зөвшөөрөл гэх баримтаас үзэхэд тус тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй болохыг тодорхой заасан байх ба энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

           Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.331 төгрөгийг түүнд буцаан олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.331 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.  

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ  

                           ШҮҮГЧИД                                                  Л.АМАРСАНАА 

                                                                                              С.ОЮУНЦЭЦЭГ