Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1632

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШШ2019/01478 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч ЭМЯ-анд холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б.Б- миний бие нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дах хэсэгт заасан иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь гаргасан өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан эрхээ хамгаалахын тулд буюу уг эрхэд минь халдаж буй Нийслэлийн Засаг дарга С.Б-, НХТ, ЕТГ-ын дарга Э.А нарт хариуцлага тооцож, огцруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж, өлсгөлөн зарласан билээ.

Иргэн Б.Б- миний бие нь өлсгөлөн зарлах тухайгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргад урьдчилан мэдэгдсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1747 тоот албан бичгээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй тул бүртгэж авах боломжгүй байна гэсэн хариу ирсэн. Мөн үзлэг шинжилгээ хийлгэж, хяналт тавиулахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандахад, төвийн зүгээс: Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдолд эмнэлгийн байгууллага зохих журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлнэ гэж заасан заалтын дагуу хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авчирч байж, бид хяналтаа тавина гэсэн.

Өлсгөлөнгийн үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар зохицуулаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дээд хэлбэр юм. Гэтэл Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай зааврын 2.1 дэх заалт хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, 3.1 дахь заалтуудад өлсгөлөн зарлахыг хүсч, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан иргэний, 3.3 дахь заалт өлсгөлөнд оролцох зөвшөөрөл авсан гэж тус тус заасан нь хуулиар хориглоогүй, өлсгөлөн зарлах зөвшөөрлийг хэнд хандаж, хаанаас авах нь тодорхойгүй, Монгол Улсын хууль, дүрэмд заагаагүй юм.

Ингээд өлсгөлөн зарласан 2 хоногт эмнэлгийн байгууллагын хяналт огт байгаагүй бөгөөд харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 140/5013 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд явуулж байж, уг төвд 17 цагийн орчим үзлэг, шинжилгээ, хяналтад орсон юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 тоот албан бичгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 тоот захирамжаар албадан эмчилгээ хийх нэрийн дор хүчээр эмнэлэгт хэвтүүлсэн. Гэвч энэ үед миний биеийн байдал сайн байсан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах гэсэн эрхийнхээ хүрээнд албадан эмчилгээнд оролгүйгээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 29 хоног үргэлжлүүлсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар Эрүүл мэндийн сайдын 2010 оны Өлсгөлөнгийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай 233 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хүчингүй болгох нэг үндэслэл нь 233 дугаар тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай заавар нь захиргааны хэм хэмжээний акт гэж миний бие үзсэн юм.

Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №221/ШЗ2017/1821 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Эрүүл мэндийн сайдын 233 дугаар тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай зааврыг захиргааны хэм хэмжээний акт биш гэж үзсэн, мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2017/0847 дугаартай тогтоол гарсан.

Бодит байдалд: Эрүүл мэндийн сайд нь 2010 оны 233 дугаар тушаалдаа 1998 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2 дах “эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмыг батлах” гэсэн заалтыг үндэслэсэн,  зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгоогүй, нийтээрээ буюу бусад төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөх заавар юм.

Уг тушаалын 2 дугаарт нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай гэсэн нь нийтээрээ дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох нь тодорхой байдаг.

Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалтын дагуу гомдол гаргаж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1 дэх заалт, 3.1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЭМЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б-ийн ЭМЯ-анд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан байдаг.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулсан зохион байгуулалтын шинжтэй буюу өөрийн харьяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж гаргасан заавар юм.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ, 9.3 дахь хэсэгт Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь хууль зөрчөөгүй бөгөөд өлсгөлөн зарлах нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл учрах аюултай учраас энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн заавар юм.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулснаар эрүүл мэндийн байгууллага нь өлсгөлөнгийн үед ямар ч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх заавар нь нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхлыг хөндсөн, зааврын тодорхой заалтыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хэрхэн сэргэхээ тодорхойлоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад огт дурдагдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ЭМЯ-ны Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2-ын 2.1, 3-ын 3.1 дэх заалтыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэн Б.Б-ийн ЭМЯ-анд холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан "Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар"-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тус зааврын 2.1, 3.1 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан "Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар"-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрээр эрүүл мэндийн байгууллага нь өлсгөлөнгийн үед ямар ч дүгнэлт гаргахгүй нөхцөл байдал үүсч байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх зааврын 2.1, 3.1 дэх хэсэг нь нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн "заавар"-ын тодорхой заалтыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргээлгэхээ тодорхойлоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад огт дурдагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01478 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар баталсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

Өлсгөлөн зарлахад зөвшөөрөл авахыг шаардсан зохицуулалт аль ч хуульд тусгагдаагүй байхад уг зааврын 2.1, 3.1-т хууль хяналтын байгууллагаас өлсгөлөн зохион байгуулахыг зөвшөөрсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэгт хамруулах агуулгатай заалт оруулсан нь хуульд үндэслээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч зааврын заалтыг хүчингүй болгосноор эрх зүйн ямар үр дагавар үүсэх, ямар эрх нь хэрхэн сэргээгдэх талаарх  үндэслэлээ тодорхойлоогүй байна.

 

Нэхэмжлэлд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг 2 өдөр аваагүй гэж дурдсан боловч тухайн үед өлсгөлөн зарласан иргэн Б.Б-ийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, үзлэг шинжилгээг хийсэн тухай  Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 тоот албан бичиг, мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 дугаар захирамж хэрэгт авагдсан байна.

 

Өлсгөлөнгийн үеэр Б.Б-т албадан эмчилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Албадан эмчилгээнд оруулах тухай” захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч марган шүүхээс уг захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хэрэгт баримтаар авагджээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзвэл хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах гэж зааварт заасны улмаас өлсгөлөнгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Б.Б- нь өлсгөлөнгөө 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зогсоосон тул уг заавар түүний эрх зүйн байдалд нөлөө үзүүлж, эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа боловч өлсгөлөн зарлах үедээ уг зааврыг  хүчингүй болгуулахаар батлан гаргасан захиргааны байгууллагад нь гомдол гаргаж байгаагүй, энэ тухай 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн анхан шатны журмаар хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-45 дугаар тал/

 

Хэргийн 22 дугаар талд авагдсан ЭМЯ-ны албан бичгийн агуулга нь өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар мөрдөгддөг талаар мэдэгдсэн, харин хүчингүй болгуулах гомдолд хариу өгсөн агуулгагүй байна.

 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч өлсгөлөн зарласан тодорхой нөхцөл байдал үүссэн үед  мөрдөх зохион байгуулалтын шинжтэй зааврыг батлан гаргасан захиргааны байгууллагад нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар хандаж маргаан үүсгээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хэрэглэж, мөн зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь эрх хэмжээнийхээ хүрээнд батлан мөрдүүлж буй заавар журмыг хуульд нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгох захиргааны байгууллагын эрх хэмжээнд саад болохгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.7-д заасан үндэслэлгүй тул Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар баталсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

 

                                                                                       А.ОТГОНЦЭЦЭГ