Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 276

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/00039

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух *** овогт *** /РД: ***/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орхон сум, *** дугаар багт байрлах *** орд ХХК-д тус тус холбогдох,

 

"Гэрээний үүргийн биелэлт 6,925 тонн төмрийн хүдрийн баяжмал гаргуулах, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагч ***ХХК-ийн захирал ***, хариуцагч ***ын өмгөөлөгч ***, гэрч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн ***, ***нар нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 28 дугаар брак байранд байрлалтай ***ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч ***той тохиролцон тус компанийн нийт хувьцаа, хувьцаагаар гэрчлэгдсэн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх, худалдаанд бэлтгэсэн 20,000 тонн нойтон соронзон аргаар баяжуулсан төмрийн хүдрийн баяжмал зэргийг нийтэд нь 10,000,000 юаниар худалдаж худалдан авахаар тохирсон байна. Талууд 20,000 тонн хүдрийн баяжмалыг 1 тонныг БНХАУ-ын Эрээн хот хүртэлх үнийг 57 ам.доллараар тооцож, гэрээний нийт үнийг 1,140,000 ам.доллараар тохирч, хариуцагч *** нь гэрээний дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд 13,075 тонн төмрийн хүдэр бэлтгэн нийлүүлсэн байх боловч үлдэгдэл 6,925 тонн төмрийн хүдрийг бэлтгэн нийлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байна. ... Нэхэмжлэгч нар нь гэрээнүүдийн төлбөрийн үүргийн дагуу нийт 10,000,000 юань төлөхөөс 7,061,478 юанийг төлсөн байна.

 

C:\Users\yser\Desktop\Ван руй-НямОчир.docx

Иймд 1. Хариуцагч ***оос гэрээний дагуу 394,725 ам.долларын үнэ бүхий 6,925 тонн төмрийн хүдрийг бэлтгэн нийлүүлэхийг шаардах 2. ***оос ***ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж, шинэ хувьцаа эзэмшигчдийн нэр дээр тус компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцлийг бүрдүүлж, тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага бол Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 6,925 тн төмрийн хүдэр бэлтгэн нийлүүлэхийг ***ХХК-иас шаардаж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээнд *** гэж хүн гарын үсэг зурсан нь тогтоогдсон асуудал дээр маргаан байхгүй. Талуудын тохиролцсон Төмрийн хүдрийн баяжмалаас 12,418.5 тонн нь Хятад улс руу экспортлогдсон юм. Энэ төмрийн хүдрийн 4,464.4 тн төмрийн хүдрийг *** зохион байгуулж гаргасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар төмрийн хүдрийг гаргах, холбогдох тооцоог ***ХХК нь хийсэн байгаагаас үзэхэд гэрээний нөхцөл нь Дархан-Эрээн гэсэн нөхцөл байгаа нь харагдаж байна. 2014 оны 10 сарын 9-ний өдөр байгуулсан төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдааны гэрээг *** мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гарын үсэг зурсан *** гэх хүн түүний эхнэр нь юм. Энэ гэрээнд гарын үсэг зурсантай холбоотой *** хариуцна гэж үзвэл ***ын эхнэр учир ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрөл авсан байх үндэслэл байгаа. Төмрийн хүдэр Хятад улс уруу тээвэрлэн гарсан баримтуудыг харахад энэ төмрийн хүдэр нь ***ХХК-ийн нэрээр гарсан нь батлагддаг. Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох хуулийн этгээдийн хүсэлт хуулийн этгээдийн нэрээр бүрддэг. Үндсэн баримт нь гадаад худалдааны экспортын гэрээ байдаг.

Иргэний хуулийн 199.1-т зааснаар энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 2014 оны 10-р сарын 21-ний өдөр 10 хоногийн дараа *** нь төмрийн хүдрийн үнэ, баталгааны бичиг гаргаж өгсөн байдаг. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. Энэхүү баталгааны дагуу 20.000 тн төмрийн хүдрийн задгай баяжмал нь нэхэмжлэгч нарын өмч болохыг баталж байна гэсэн. Энэ баталгааг гаргаснаар төлбөрийг хүлээж авч байгаа юм.

 

Энэхүү гэрээний дагуу Хятад талаас төмрийн хүдрийн үнэд 2014.10.5-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015.10.16-ны өдөр 90,300,000 төгрөг, 2014.10.20-ний өдөр 211,000,000 төгрөг, 2014.10.24-ний өдөр баталгаа гаргасны дараа 3,000,000 юань, 2014.10.29-ний өдөр 1,500,000 юань тус тус шилжүүлснийг хариуцагч тал хүлээж авсан. Төлбөрийг хүлээж авсан байж гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Хавтаст хэргийн 338 дугаар талд байгаа баримт бол санхүүгийн хувьд талуудыг тооцоо нийлүүлэх явцад гаргасан баримт. Энэ баримтад дээр 12.419 тн баяжмалын худалдах үнэ нь 300 юань гэж байдаг. Нийт үнэ нь 3.725.625 юанийг тооцож 2038 тн төмрийн хүдрийг Хятадуудад өгөх өглөг байна гэж гаргасан. Мөн гаалийн мэдүүлэгт дээрх маргаж байгаа гэрээ дурдагдсан байгаа. Гэрээний 3.1-т нэг тонн бүрийн үнийг 57 ам.доллараар тохиролцов гэж заасан байдаг. 57 долларыг шилжүүлэхэд 350 юань болдог. 20.000 тн төмрийн хүдрийг 6.000.000 юанаар тохиролцсон тохиролцоо байдаг. Энэ утгаар ***ын хувьд гэрээ байгуулах нөхцлийг ойлгож байсан байна гэж үзэж байна.

Компанийн хувьцааг худалдан авахтай холбоотой 3 гэрээ байдаг. Гэрээний дагуу 2014 онд *** үүсгэн байгуулагчийн хувьд шийдвэр гаргасан. ***ХХК-ийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн. Мөн өдөр ***ХХК-ийг хүлээж авсан учир өнөөдрийн нэрээр нь гадаадын хөрөнгө оруулалтын нэрээр бүртгүүлэх шийдвэр гаргасан. Компанийн шилжүүлэг хуулийн шаардлага хангагдсан. 2014.10.25-ний өдөр ***ХХК-ийн үйлдвэрийг хүлээлцсэн акт үйлдсэн байдаг. Актад хүлээлцсэн эд хөрөнгүүдийг жагсаасан бөгөөд энэ бүгдтэй хамт тамга шилжиж ирсэн. Гэтэл 2014.10.24-ний өдөр төлбөрийг хүлээж авч байсан мөртлөө 10 сарын 26-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн байдаг. Худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл бараа бүтээгдэхүүний доголдолтой холбоотой. Хэрэв татгалзаж байгаа бол хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой. Хэлцэл хийгдсэн, гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд 7.000.000 юанийн хөрөнгө оруулсан. Хуульд заасан үндэслэлүүдээр, худалдан авагч талын ашиг сонирхлыг хуульд нийцүүлсэн байдлаар татгалзах ёстой. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д зааснаар татгалзах үндэслэл бий болох нь гарцаагүй, илт байвал хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах ёстой. Хавтас хэргийн 164, 350 дугаар хуудсан дээр ***ХХК-нд гаргасан шаардлага байгаа. Бид гэрээ байгуулсан тул үлдэгдэл төлбөрийг өгнө. 200.000 ам долларыг шилжүүлсэн өгөхөд бэлэн байна гэсэн саналыг 11 сарын 17-ны өдөр тавьсан боловч хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Дээрхи үндэслэлээр талуудын хооронд экспортын гэрээ бичгээр байгуулагдсан байна гэж үзэж байгаа. Энэ гэрээний 6.2-т ...0.3 алданги төлнө гэж заасан байна. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажсан гэрээг хугацаанаас өмнө цуцлах боломжгүй. Энэ асуудалд хугацааны асуудал яригддаг. 2014.10.9-ний өдрийн худалдааны экспортын гэрээний 1.3-т худалдагчаас хүлээлгэн өгөх, хүлээн авах цэгийг заасан. Гаалийн мэдүүлгийг ***ХХК нь хийсэн. ***ХХК-ийн гаалийн мэдүүлэг байгаа учир Дархан-Эрээн нөхцлөөр гэрээ хийсэн нь нотлож байгаа юм.

Гэрээ байгуулсан учир тэр нөхцлөөр ***ХХК нь ачилтыг хийж байгаа юм.

Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүчин төгөлдөр бусад тооцно гэж заасан. Энэ гэрээ 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээ бөгөөд хэрэв түүнийг зөвшөөрөхгүй гэж байсан бол тэр даруй цуцлах асуудлыг ярих ёстой.

Гэтэл түүний дараа баталгаа гаргаж өгснөөр энэ асуудал үгүйсгэгдэж байна.

Хэрэв Иргэний хуулийн 40.2-т заасанчлан татгалзсан бол шилжүүлсэн мөнгийг хүлээж авахгүй байх ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. ***ХХК-ийн хувьцаа худалдан авсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан. Төлбөрийг төлөх арга хэмжээ авсан боловч хүлээж аваагүй. Гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч нөхцөл байдлын хувьд 20.000 тн төмрийн хүдрийг экспортын гэрээг ашиглаж, бүрдүүлбэрийг хийсэн. Иймд дээрх гэрээ, баталгаа зэргийг үндэслэн үлдсэн хүдрийг нийлүүлэх ёстой. ***ХХК нэхэмжлэл гаргах үед шилжээгүй. Харин цаг хугацааны дараа өөр хүнд шилжсэн. Маргаан гарсан бол энэ маргааны хариуцагч хууль зүйн хүрээнд шийдвэрлэх ёстой. Гэрээний шударга ёсны зарчмыг биелүүлэх нь чухал юм. Зөвхөн гэрчилгээ эх хувиараа дутуу байсан. Компанийн тэмдэг, тамга улсын бүртгэлтэй байгаа эсэх нь хэзээ дахин авсан нь хууль зөрчсөн асуудал. Энэ гэрээ хэлцлийг байгуулснаас хойш хууль зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр гэрээний дагуу гэрээний үүргийн биелэлт 6,925 тонн хүдрийг ***ХХК-иас гаргуулах, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг ***оос гаргуулах тухай анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өмнө нь нэхэмжлэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тайлбар өгч байсан боловч анхны нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа гэв.

 

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие бусдад төлөх өр төлбөр ихтэй, үр тарианы улирал эхэлсэнтэй холбоотойгоор өөрийн гурилын үйлдвэрт үр тариа авах зорилгоор их хэмжээний бэлэн мөнгө шаардлагатай байсны дагуу БНХАУ-ын иргэн Лигээр зуучлуулан ***, *** нар ирж манай компани, үйлвэр, баяжмалыг үзээд худалдан авахаар болсон. Баяжмалыг 6,000,000 юань, үйлдвэрийг 4,000,000 юань, нийт 10,000,000 юаниар тохирч, 1 тонн баяжмалыг 300 юань байхаар амаар тохирсон. Гэрээгээ 2014 оны 10 дугаар сарын 10-нд ирж хийгээд мөнгөө бөөнөөр нь өгөхөөр тохирсон юм. Мөнгийг бөөнд нь өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. *** эхний ээлжинд савлах мөнгийг өгч байя гээд эхний савлуулах 3 сая төгрөг 2014 оны 10 сарын 05-ны өдөр ирсэн. Тэгээд 2014 оны 10 сарын 09-ний өдөр намайг байхгүйд ***ирж, *** гэрээг шивүүлж, ***аар гарын үсэг зуруулаад явсан байсан. Энэхүү гэрээнд гарын үсэг зуруулахдаа баяжмалыг ачуулахад гаальд мэдүүлэг гаргахад гэрээ хэрэгтэй байна, татвар бага төлөх учир бага үнээр гэрээг бичсэн гээд аваад явсан байсан. Гэрээнд би гарын үсэг зураагүй нь тогтоогдсон байгаа. 1 тонн баяжмал 376 юаниар үйлдвэрлэгдсэн байхад 300 юаниар нэхэмжлэгч нарт өгч , 1 тонн тутамд 76 юанийн алдагдал хүлээсэн. Иймд баяжмал худалдах худалдааны гэрээний дагуу тохиролцоогүй нөхцлийг биднээс шаардах эрхгүй юм.

 

Компанийн гэрчилгээ надад байхгүй. Компанийн төлбөрт надад 1 төгрөг ч ирээгүй. Баяжмалын 6.000.00 юаныг дутуу өгсөн. Надаар баталгаа гаргуулчхаад мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул манай зүгээс гэрээ цуцлах талаар удаа дараа мэдэгдсэний дагуу гэрээ цуцлагдсан. Иймээс компанийг би эрхийнхээ дагуу өөр хүнд шилжүүлсэн. Иймээс надаас гэрчилгээ шаардах боломжгүй.

Бид баяжмал худалдах талаар тохирохдоо би өмнө нь задгайгаар баяжмалаа ачдаг байсан гэж хэлсэн. Гаалийн бүрдүүлэлтээр задгайгаар ачдаг байсан нь харагдана. 1 тонн төмрийн хүдрийн баяжмалын өртөг 398 юань гэдгийг аудит баталгаажуулсан. Доллараар бол 85-90 долларын үнэтэй байдаг. Манайхтай ижил төстэй 3 үйлдвэр байдаг. Тэдгээр компанийн баяжмал гаргасан үнийг харьцуулахаар хэрэгт өгсөн байгаа. Бид 300 юаниар өгвөл алдагдалтай байдаг. Хятадууд нийтэд нь 10,000,000 юанаар авна, баяжмалыг задгайгаар авъя гэж тохирсон. Мөн баяжмалын үнэ 6,000,000 юаныг нэг дор өгье гэсэн. Савлах бүх зардлыг хятадууд хариуцна гэж тохирсон. Үйлдвэрийн мөнгийг 6-7 сард өгөхөөр тохиролцсон. Хятадууд савлах нөхцөл байдлыг бүрдүүлээд өгөөч, Улаанбаатар хотод мөнгө шилжүүлье гэсэн. Манайд шилжүүлэн өгсөн 1,010,000 юань гээд байгаа нь төгрөгөөр шилжин ирсэн. Үүнийг савлалтын зардалд гэж өгсөн байгаа. Тэдний хүсэлтээр би савлалтын ажлыг нь эхлүүлсэн. 2014 оны 10 сарын 16-ны өдөр 90,300,000 төгрөг надад өгсөн.

Бид анх тохирохдоо 2014 оны 10 сарын 10-ны өдөр гэрээ хийнэ гэж байсан боловч гэрээ хийгээгүй тэгээд би 10 сарын 21-ний өдөр баталгаа гаргаж өгсөн. 5,650,000 юань олгох баталгааг гаргасан. *** зуучлалын хөлсөнд өгөх 350,000 юаныг хасаж тооцсон юм. Гэтэл *** энэхүү мөнгийг өгөөгүй байгаа юм. Энэхүү баталгааг хийхдээ ч задгайгаар гэдгийг хэлсэн. Энэхүү хүдрийг Хятад талд шилжүүлэхэд манай талаас нийт 402,350,615 төгрөгийн зардал гаргасан байдаг. Үүнээс 98,050,614 төгрөг манайхаас гарсан илүү зардал юм. Миний баяжмалын үнэд авсан мөнгө 2014.10.24-ний өдөр 3,000,000 юань, 2014.10.29-ний өдөр 1,500,000 юань авсан. Нийт 4,500,000 юань авсан нь үнэн. Би удаа дараа мөнгөө асуухад захирлууд гээд 2 долоо хоног өнгөрсөн. Үйлдэрт зарцуулсан зардал гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар зардал гаргавал бид хариуцахгүй гэж сануулж байсан. Баяжмалыг ачуулахгүй гэж хэлээгүй. Одоо 2.000 тн өгөх ёстой гэж тооцоо гаргасан.

Нэхэмжлэгч талын шилжүүлсэн мөнгөнд тооцсон цахилгааны төлбөр 161,582 юанийн төлбөрийг манайх төлөх нь үнэн. Иймд нийтдээ 4.661.582 юаныг авсан байгаа. 12,419 тн баяжмал ачуулсан. 1 тонныг 300 юань гэж тооцсон юм. Шилжүүлсэн мөнгөн дүнгээр тооцоход манай талаас нийт 15,539 тонн баяжмал ачуулахаас 12,419 тонныг ачуулсан гэдэг дээр маргаан байхгүй байгаа. Иймд үлдэгдэл 3,120 тонн баяжмалыг шилжүүлэх ёстойгоос баяжмал савлах, тээвэрлэхтэй холбоотой зардлыг Хятад тал хариуцахаар тохирсны дагуу Хятадуудаас зардалд шилжин ирсэн 304,300,000 төгрөг байгаа бөгөөд нийт 402.350.614 төгрөгийн зардал буюу манай талаас 98,050,614 төгрөгийн зардал гарсныг шилжүүлэх ёстой төмрийн хүдрийн баяжмалд шилжүүлэн хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 1,082 тонн-ыг хасахаар одоо 2,038 тонн хүдрийг задгайгаар нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Үйлдвэрийн мөнгийг аваагүй тул үйлдвэрт шилжүүлсэн гэж тооцож байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ***ХХК-ийн захирал *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***оос ***ХХК-ийн 2015 оны 01 сард худалдан авсан. Тухайн үед тус компани ***ын 100 хувийн өмчлөлтэй компани байсан. Улсын бүртгэлд бүртгэлтэй байсан. Компани шилжүүлэн авахаас өмнөх өр төлбөрийг *** хариуцна гэж баталгаа гаргасан байгаа тул манай компанийн зүгээс бусдад ямар нэгэн өр төлбөр байхгүй. Талуудын ярианаас 3,000 тонн баяжмал шилжүүлэх дутуу байгаа гэж ойлголоо. Энэ хариуцлагыг *** 100 хувь хариуцна гэж гэрээ байгуулсан. Иймээс манай компани хариуцах хариуцлага байхгүй тул зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

БНХАУ-ын иргэн ***, ***нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь *** болон ***ХХК-д тус тус холбогдуулан 394,725 ам.долларын үнэ бүхий 6,925 тонн төмрийн хүдэр бэлтгэн нийлүүлүүлэх, ***оос ***ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч *** нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №*** дугаар, Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ***ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, ***ХХК-ийн хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ***ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, ***ХХК-ийн хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээнүүдийн хувьд нэхэмжлэгч ***, ***, хариуцагч *** нар дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч ***, ***нар нь ***ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлага гаргаж байгаа бөгөөд Иргэний 26 дугаар зүйлийн 26.1-т: хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 1/188 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ***ХХК-ийн үүсгэн байгуулагчаар 2015 оны 01 сарын 10-ны өдөр *** бүртгэгдсэн байх бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирлаар мөн *** бүртгэгдсэн байна./1 дүгээр хх-ийн 65-68 тал/

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ***ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, ***ХХК-ийн хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, мөн өдрөө ***ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч *** нь компанийг БНХАУ-ын иргэн ***, ***нарт шилжүүлэх шийдвэрийг /1 дүгээр хх-185-191 тал/ гаргаж байсан хэдий ч энэхүү хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Иймд ***, ***нар нь ***ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрх олгогдоогүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээ-ний хувьд нэхэмжлэгч тал гэрээний үүргийн үлдэгдэл болох 6,925 тонн төмрийн хүдрийг нийлүүлүүлэх үндсэн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдааны экспортын гэрээ-г нэг талаас ***ХХК-ийн захирал ***, нөгөө талаас ***ийн захирал *** нар байгуулсан байх бөгөөд худалдагч тал болох ***ХХК-ийн захирал ***ын гарын үсэг тус гэрээнд зурагдаагүй болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн ... гадаад худалдааны гэрээнд бичигдсэн гарын үсгийн бичвэр нь ***ын гэх гарын үсгийн бичвэртэй тохирохгүй байна. Дээрх гэрээнд бичигдсэн гарын үсгийн бичвэрийг Т.*** бичсэн байна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т: гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар бичгээр гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

 

2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдааны экспортын гэрээнд гэрээний нэг тал гарын үсэг зураагүй байх тул тус гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 6,000,000 юаниар худалдах, худалдан авахаар тохирсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч тал 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээний дагуу төмрийн хүдрийн нунтаг баяжмалыг Улаанбаатар менежментийн талбайгаас ачиж, БНХАУ-ын Эрээн хотын Төмөр замын өртөө хүргэх, сав баглаа боодол, тээвэрлэхтэй холбоотой зардлыг худалдагч тал хариуцна гэж, хариуцагч тал Улаанбаатар менежментийн талбай дээр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон, нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний зардлаар Эрээн хотруу ачуулж байсан, энэхүү зардлыг худалдан авагч тал хариуцахаар тохирсон гэж тус тус маргажээ.

 

Шүүх 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээ-г бичгээр гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нар нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй байна.

 

Харин хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмалын үнэ, түүнийг ачуулах төлбөр хүлээн авах талаарх баталгаа гаргах нь гэсэн ***ын гарын үсэг бүхий баримт /1 дүгээр хх-23 тал/, гэрч *** Анх 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж хүдрийн баяжмалыг савлаж эхлэхэд дээрх техникүүдийг тэр өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн. Тэгээд бүх зардал мөнгийг хятадууд өгнө гэж хэлээд ажиллуулсан. Хятадуудын зүгээс дизель түлш, масло, ойр зуурын сэлбэг зэргийг өгч байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-123 дугаар хуудас/, гэрч *** ... төмрийн хүдрийн нунтаг баяжмалыг 1 тонн тус бүрийг 300 юаниар тооцож, Дархан нөхцөлөөр нийт 20,000 тонныг 6 сая юаниар, нийт 10 сая юаниар худалдахаар хятад улсын иргэн *** тохиролцсон. Тэгээд задгай баяжмалыг шуудайнд савлахаар болсон. Эрээн хүртэлх тээврийн зардал болон баяжмал савлахад гарах ажилчдын цалин, хоол хүнс, хангамжийн материал, Улаанбаатар менежментийн талбайн түрээс, түүний ажилчдын цалин, машин механизм ашигласны төлбөр, даацын шуудайны үнэ зэрэг холбогдон гарах бүх зардлыг хятадын тал төлөхөөр тохиролцсон. Бас түлш шатахууныг ч Хятадын тал төлөхөөр болсон... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-124 хуудас/, гэрч *** ... *** нь баяжмалыг задгайгаар ***-д Улаанбаатар менежментийн нөхцлөөр зарсан. Улаанбаатар менежментийн нөхцөл гэдэг нь задгай нойтон байгаа баяжмалыг тэр хэвээр нь борлуулна гэсэн үг юм. Гэтэл Хятадын тал задгайгаар авч явж тээвэрлэхэд хорогдол их гарах юм байна, савлаж тээвэрлүүлнэ, савлахтай холбоотой гарсан бүх зардлыг манайх хариуцна гэж ***нь хэлж байсан. 1 тонныг 300 юаниар борлуулсан. Худалдаж авсан тал тээвэрлэхтэй холбоотой бүх зардлыг гаргаж өгч байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-126 хуудас/, гэрч *** *** нь Улаанбаатар менежментийн талбайг түрээсэлдэг ба хүдрээ задгайгаар ачдаг байсан. 2014 оны 09 сарын сүүлээр *** хятадуудыг орчуулагчтай нь авчирч надтай танилцуулсан. *** нь хүдрээ энэ хүмүүст зарсан, хүдэртэй холбоотой бүх зардлыг хятадууд өөрсдөө гаргана гэж байсан. 2012 оноос 2014 оны 09 сар хүртэл *** талбайн түрээсийг төлж байсан. Тэгээд 10 сарын түрээсийн төлбөрийг хятадууд манай компанид бэлнээр өгсөн. Хятадуудтай холбоотой төмөр замын ачилгааны зардал, 2014 оны 11, 12, 2015 оны 01, 02, 03 саруудын талбайн түрээс зэргийг Хятадууд одоо болтол өгөөгүй. Хятадуудтай ярихаар дарга нар ирж байж шийднэ, өгнө гэж хэлдэг байсан. Хятадууд бүх зардлыг гаргахаар орчуулагч нь ярьж байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-157 дугаар хуудас/, гэрч *** ... Хүдрийн баяжмалыг задгайгаар нь Дархан нөхцөлөөр хятадууд нь өөрсдөө савлаж ачиж аваад явахаар яриад байсан. Тэгээд тэр оффиссоос Богд ар хорооллын ХААН банкруу очиход нь орчуулагч нь надад тээврийн зардал, савлалтын зардал зэргийн мөнгийг шилжүүллээ гэж байсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-159 дүгээр хуудас/, нэхэмжлэгч ***, ***нараас ***ХХК-ийн захирал ***т ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 17, 12 дугаар сарын 06-ны өдрийн ...баяжмал ачихад шаардагдах тээврийн зардалд 1,010,000 юань... одоогоор тус тус хүлээлгэн өгсөөр байна гэсэн захидлууд /1 дүгээр хх-164-179 тал/, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***н шүүхэд гаргасан ... Энэ хугацаанд нийт 12,418.5 тонн төмрийн хүдрийн баяжмал хүлээн авсныг 1 тонн тутмыг 300 юаниар тооцвол нийт 3,725,550 юань болж байна... гэсэн тайлбар /1 дүгээр хх-233 тал/ зэргээс дүгнэж үзэхэд талууд 20,000 тонн нунтаг хүдрийн баяжмалыг Улаанбаатар менежментийн талбайд 1 тонн тутмыг 300 юаниар тооцож, тус талбайгаас Эрээн хот хүртэл ачуулах тээвэрлэлттэй холбоотой зардлыг нэхэмжлэгч ***, ***нар хариуцахаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч талаас дээрх тохиролцоог үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, худалдагч буюу хариуцагч ***ХХК нь хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлэхтэй холбоотой зардлыг хариуцах үүрэг хүлээсэн болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн тайлбарын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Талуудын дээрх хэлцлээс үзэхэд БНХАУ-ын иргэн ***, ***болон ***ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэхүү хэлцлийн дагуу нэхэмжлэгч ***, ***нараас 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 90,300,000 төгрөг, 10 сарын 20-ны өдөр 211,000,000 төгрөг буюу нийт 1,010,000 юань, 10 сарын 24-ний өдөр 3,000,000 юань, 10 сарын 29-ний өдөр 1,500,000 юань тус тус шилжүүлсэн бөгөөд хариуцагч ***ХХК нь нэхэмжлэгч нарт 12,419 тонн төмрийн хүдрийн баяжмалыг шилжүүлсэн зэрэг нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шилжүүлсэн мөнгөн дүн дээр ***ХХК-ийн компанийг хүлээн авахаас өмнөх цахилгааны төлбөрт 48,797,648 төгрөг буюу 161,582 юань, хүдэр ачуулахад ***ХХК-иас хариуцах ёстой байсан зардалд 1,073,381 юань, компанийг хүлээн авснаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар материалын зардалд 117,040 юань, *** өгсөн 350,000 юань бүгд 7,212,079 юанийн төлбөр хийсэн гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр төмрийн хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч нар хариуцахаар тохирсон байна гэж шүүх дүгнэсэн тул төмрийн хүдэр ачуулахтай холбоотой зардлыг төмрийн хүдрийн баяжмалын үнэд тооцох үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаас хариуцагч ***ХХК нь нэхэмжлэгч ***, ***нараас шилжүүлсэн 1,010,000 юан буюу 304,300,000 төгрөгийг хүдэр ачих, тээвэрлүүлэхтэй холбоотой зардалд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн ... 12418,5 тонн хүдрийг Эрээн хотруу гаргахад ***ХХК-иас 320,107,276 төгрөгийн зардал гарснаар баримт ирүүлсэн байна. Үүнээс ***ХХК-иас машин механизмын түрээсийн зардалд гаргасан гэх 52,720,570 төгрөгийн түрээсийн зардлыг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Учир нь түрээсээр ажиллуулсан гэх машин механизмын түрээсийн гэрээ байхгүй... гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /2 дугаар хх-495-497 тал/

Өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтэд ***ХХК-иас нийт 320,107,276 төгрөгийн зардал гарсан санхүүгийн баримт байгааг заасан байх тул нэхэмжлэгч нараас шилжүүлсэн 304,300,000 төгрөг буюу 1,010,000 юанийг төмрийн хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлүүлэхтэй холбоотой зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт *** аудит ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-372-378 тал/, *** ХХК-ийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 166 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт /2 дугаар хх-464-469 тал/-үүд авагдсан бөгөөд энэхүү дүгнэлтүүдийг зохигчид зөвшөөрөхгүй гэж маргаж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж дүгнэлт гаргуулсан тул энэхүү дүгнэлтийг үндэслэн төмрийн хүдэр ачих, тээвэрлэхэд ***ХХК-иас гарсан зардлыг жишиг болгосон болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн компанийг хүлээн авснаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа, засвар материалын зардалд 117,040 юань зарцуулсан гэж, түүнийгээ төмрийн хүдрийн баяжмалын үнэд тооцож тайлбарлаж байгаа боловч энэхүү зардал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүргийн биелэлтэд хамааралгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч тал энэхүү үйлдвэрт оруулсан хөрөнгөө ***ХХК-иас жичдээ нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

***ХХК-ийн үйлдвэрийн цахилгааны төлбөрт нэхэмжлэгч нараас 48,497,600 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч *** нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа манай компанийн төлөх ёстой цахилгааны төлбөрт нэхэмжлэгч нараас 48,797,648 төгрөг буюу 161,582 юанийг төлсөн гэж тайлбарладаг тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр тооцож, энэхүү төлбөрийг нэхэмжлэгч нараас хариуцагч ***ХХК-д шилжүүлсэн баяжмалын үнэд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь БНХАУ-ын иргэн *** 350,000 юань ***ын хүсэлтээр шилжүүлэн өгсөн тул түүнийг төмрийн хүдрийн баяжмалын үнэд шилжүүлсэн үнийн дүнд тооцож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч дээрх 350,000 юанийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Тин Югуангийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өгч байсан ... *** 350,000 юанийг өгөөгүй... гэсэн тайлбар /хх-ийн 230 дугаар хуудас/-аар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд нэхэмжлэгч нараас баяжмалын үнэд шилжүүлсэн нийт 4,661,582 юань нь 1 тонн хүдрийг 300 юаниар тооцоход 15,539 тонн төмрийн хүдрийн баяжмал болж байх бөгөөд зохигчдын хоорондын тайлбар, тооцоогоор маргаагүй байгаа дүн болох нийт шилжүүлсэн баяжмал 12,419 тонныг хасч тооцвол хариуцагч ***ХХК-иас нэхэмжлэгч нарт шилжүүлэн авсан үнэд тохирох үүрэг буюу 3,120 тонн төмрийн хүдрийн баяжмалыг хариуцагч ***ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ***, ***нарт олгох үндэслэлтэй байна.

 

Нөгөө талаас худалдан авагч буюу нэхэмжлэгч тал 4,661,582 юанийг баяжмалын үнэд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул энэхүү шилжүүлсэн үнэд тохирсон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд нөгөө талаас нэхэмжлэгч нар 6,925 тонн төмрийн хүдрийн баяжмалыг бүрэн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байж ***ХХК-иас энэхүү үүргийн биелэлтийг бүхэлд нь шаардах эрхгүй юм.

 

Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан: Үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Хариуцагч *** шүүх хуралдаанд манай компанийн зүгээс нийт 98,050,614 төгрөгийн зардлыг төмрийн хүдрийн баяжмал ачуулах, тээвэрлэхтэй холбогдуулан гаргасан тул үүнийгээ төмрийн хүдрийн баяжмалд шилжүүлэн тооцож, шилжүүлэх ёстой баяжмалын хэмжээнээс хасаж тооцох ёстой гэж тайлбарлаж байгаа боловч дээрх зардлын талаар хариуцагчаас ямар нэгэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх түүнд дүгнэлт хийж, шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч ***ХХК-ийн захирал *** нь энэхүү хэлцэл хийгдсэнээс хойш ***ХХК-ийг шилжүүлэн авсан тул өмнөх өр төлбөр хамааралгүй тул тус компани хариуцахгүй гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар тус хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогсож, эрх, үүрэг, хариуцлага нь өөр хуулийн этгээдэд шилжээгүй байх тул тус компанийн үүсгэн байгуулагч, удирдлага өөрчлөгдсөн үндэслэлээр ***ХХК-ийг бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ***, ***нарын нэхэмжлэлийн шаардлагаас 3,120 тонн төмрийн хүдрийн баяжмалыг гаргуулах тухай шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 3,805 тонн төмрийн хүдрийн баяжмалыг ***ХХК-иас гаргуулах тухай болон ***оос хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, ***ын гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т: эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор тус тус заажээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 9,922,685 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийн шаардлага буюу 6,925 тонн төмрийн хүдрийн үнийг нэхэмжлэгч анх тодорхойлохдоо 394,725 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш болох 1,881.48 төгрөг /хх-7 дугаар тал/-өөр тооцож, 742,667,193 төгрөгийн үнэ бүхий хүдрийг гаргуулах, мөн ***ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагууд гаргасан бөгөөд энэхүү шаардлагуудад тооцогдох нийт тэмдэгтийн хураамж нь 3,941,486 төгрөг /эд хөрөнгийн үнэ болох 742,667,193 төгрөгийн тэмдэгтийн хураамж 3,871,286 төгрөг болон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлагад 70,200 төгрөг/ болж байна.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,981,199 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч нараас гаргуулах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тооцохдоо 1 тонн төмрийн хүдрийн үнийг 300 юаниар тооцож, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээ болох 3,120 тонн хүдрийн үнийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны юанийн ханшаар тооцсон болохыг дурдаж байна. /хх-ийн 6 дугаар тал/

Шүүх хурал дээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гөөс нэхэмжлэгч нар нь хуулийн этгээд, иргэний аль нь болохыг тодруулахад компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээнүүдийн хувьд БНХАУ-ын иргэн ***, ***нар иргэний хувиар нэхэмжлэгч бөгөөд төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны гэрээний хувьд *** нь компанийн захирлаар гэрээнд бичигдсэн байгаа учир энэ асуудлаасаа хамаарч иргэн, хуулийн этгээдийн аль алинаар нь оролцож байгаа гэж тайлбарладаг тул шүүх иргэн ***, ***нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болохыг дурдаж байна. Мөн талууд төгрөгөөр тооцож байгаа үнийн дүнг юаньд шилжүүлсэн тооцоон дээр юанийн ханшийн талаар ямар нэгэн маргаангүй байгааг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ***ХХК-иас 3,120 тонн төмрийн хүдрийн баяжмалыг гаргуулж, нэхэмжлэгч ***, ***нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,805 тонн төмрийн хүдрийн баяжмал болон ***ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төмрийн хүдрийн баяжмал худалдах худалдааны экспортын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,922,685 төгрөг, хариуцагч ***оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,981,199 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч ***ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,573,978 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***, ***нарт тус тус олгож, нэхэмжлэгч ***, ***нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч ***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ