Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 182/2019/00991/и |
Дугаар | 1634 |
Огноо | 2019-09-06 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1634
П.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Т-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13А байр 133 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай, 3 өрөө орон сууцыг 94 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч П.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Батцэрэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгч П.Т-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 тоот бүртгэлтэй, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоот сууцыг хураах акт үйлдсэн тул 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагт тус газрын 304 тоот өрөөнд шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунсүрэнд үнийн саналаа ирүүл гэсэн байдаг. П.Т- нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус орон сууцыг анхны дуудлага худалдаанд үнийн 70 хувийг нь 270 000 000 төгрөг, 2 дахь дуудлага худалдаанд 135 000 000 төгрөгөөр оруулах үнийн санал өгсөн. Харин төлбөр авагч Буянтогтох нь санал болгосон үнэ хэт өндөр байгаа тул шинжээч томилж үнэлгээг тогтоолгож, дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Батцэрэн нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны үнийг шинжээч 94 000 000 төгрөгөөр тогтоосон. Иймд 70 хувиар нь тооцож анхны албадан дуудлага худалдаанд 68 080 000 төгрөгөөр оруулахаар тогтоосон талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 тоот бүртгэлтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоот орон сууцыг үнэгүйдүүлэн 66 080 000 төгрөгөөр үнэлгээ тогтоогоод худалдан борлуулахаар болоод байна. Зах зээлийн ханш үнэлгээгээр энэ орон сууцыг 270 000 000 төгрөгөөр үнэлэх боломжтой. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 66 080 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь үндэсгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнийг 94 000 000 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнийг 3 дахин бууруулсан. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдсэн боловч хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй. Иймд П.Т-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоот орон сууцыг үнэгүйдүүлэн 94 000 000 төгрөгөөр үнэлж, 66 080 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00675 дугаар захирамжаар Панигагийн Туулаас 60 228 975 төгрөгийг гаргуулж Жигжидсүрэнгийн Буянтогтоход олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч П.Т-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон 94 400 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13А байр 133 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 94 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай П.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч З.Х нар давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгч эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг олгосон байна. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хэлбэрийн талаас буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Хөрөнгийн үнэлгээний хуулиар тогтоосон журмыг биелүүлсэн эсэх асуудалд дүгнэлт өгч, тухайлбал, тогтоол гаргасан эсэх, шинжээч томилсон эсэхийг хянаж үзэн явцууруулан дүгнэлт хийсэнд гомдолтой.
Эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлын үндэслэл, агуулгын талаар дүгнээгүй, хуулиар олгосон эрхийг нь эдлүүлээгүй атлаа нэхэмжлэгч П.Т-ыг нотлох баримтаа гаргаагүй гэж үзсэнд гомдолтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шинжээч томилж улмаар тайлан ирүүлж байгаа 3 хоногийн хугацаатай "тогтсон" гэх энэ ажиллагааны эцэст төлбөр төлөгч болон өмчлөгчийн эрхийг хөндсөн, зөрчсөн, хохироосон үр дагаврууд ихээр гарч байгаа нь нууц биш. Манай хэргийн тохиолдолд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хэт доогуур үнэлж 2 хоногийн дараа бэлэн тайлангаа ирүүлсэн байна. Тайланд туссан аргачлал, харьцуулсан гэх мэдээллийн талаар өөрсдийн нотлох баримтаа гарган өгөх эрхийг эдлүүлэлгүйгээр "шүүгч амарна гэсэн" шалтаг зааж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 -т зааснаар шүүх хуралдаанд биечлэн оролцох хангаагүй, ноцтой зөрчсөн байх тул хянуулахыг хүснэ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч З.Хурэлсүхээс татгалзаж, өмгөөлөгч О.Даваажаргалыг оролцуулахаар хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул нэхэмжлэгч П.Т-ын хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч П.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй гэж үзнэ ...” гэжээ.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт "Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд...", 63.3 дэх хэсэгт "Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй", 63.4 дахь хэсэгт "Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан байгаагаас үзэхэд төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог ба төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдол, шийдвэрээс төлөөлүүлж байгаа этгээдийн хувьд хэзээд татгалзах эрхтэй юм.
Хэрэв төлөөлүүлэгч төлөөлөгчийн авсан өмгөөлөгчөөс татгалзах эрхгүй гэж үзэж байгаа бол төлөөлөгч мөн адил төлөөлүүлэгчийн авсан өмгөөлөгчөөс татгалзах эрхгүй юм. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай нь нэхэмжлэгч П.Т-ын авсан өмгөөлөгчөөс татгалзсан байгаа ба илт хууль бус алдаатай захирамж гарган Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарлаж байгаад нь гомдолтой байна.
Дээрх хууль зөрчсөн ажиллагаатай нь холбогдуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байна гэж үзэн шүүгчээс татгалзсан боловч мөн хуулийн 92.6 дахь хэсэгт "... хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана." гэж заасан байтал дур мэдэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч П.Т- нь НШШГГ-т холбогдуулан Улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13А байр 133 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 94 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 675 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13А байр 133 тоот хаягт байрлах 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хх 6-9 дүгээр тал/
2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 8847 дугаар шүүгчийн захирамж гарч мөн өдөр 828 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх33-34 дүгээр тал/
Барьцааны зүйл болох Баянгол дүүрэг 14 дүгээр хороо, 13А байр, 133 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаарт бүртгэлтэй 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12, 36 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, энэ талаар төлбөр төлөгч маргаагүй байна. /хх 40-41 дүгээр тал/
Дээрх хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч болох П.Т-д үнийн саналыг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны дотор ирүүлэхийг, хэрэв заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох талаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/9250 дугаар албан тоотоор мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нь дээрх хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна. /хх 10 дугаар тал/
Иймд талуудыг хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцсэн байна. Шинжээч 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 94 400 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. /хх 44, 45-59 дүгээр тал/
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ болон уг үнийн дүнгийн 70 хувиар анхны дуудлага худалдааг 66 080 000 төгрөгөөр явуулах талаар 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгч П.Т-д мэдэгдсэн байна. /хх 60 дугаар тал/
Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан талаар давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай нь өмгөөлөгч З.Хүрэлсүхээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Мөн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр талуудад мэдэгдсэн байна. Шүүх нэхэмжлэгч талын өмгөөлөгчөө сонгох, эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг удаа дараа хангаж, боломжит хугацааг олгосон, эрхийг нь хязгаарласан байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. /хх110-112 дугаар тал/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
А.ОТГОНЦЭЦЭГ