Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1633

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01600 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.А-ын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А-аас төлбөр гаргуулан “Ориент Инвест ББСБ”-д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа НШШГГт явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах Б.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ илтэд төлбөр төлөгчийн эрх ашигт хохиролтойгоор шийдвэрлэсэн. Үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хууль бус гэж үзэж байна. Б.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах орон сууц нь 50.28 м.кв орон сууц бөгөөд хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Манай орон сууцтай ижил байрлал, зэрэглэлтэй орон сууцны зах зээлийн хамгийн доод үнэ нь 1 м.кв нь 3 000 000 төгрөг буюу 50.28 м.кв-аар үржүүлбэл 150 840 000 төгрөгийн үнэтэй. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай орон сууцыг 129 030 400 төгрөгөөр буюу 1 мк-ийг нь 2 566 237 төгрөгөөр үнэлж даруй зах зээлийн ханшнаас 20 хувиар багаар үнэлгээ тогтоосон нь хууль бус байна. Орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн ханшаар дахин үнэлүүлэх нь шударга ёс болон өмчлөлийн эрх ашигт нийцнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн тул үнэлгээ хүчин төгөлдөр бус байна. Хөрөнгө хураах тогтоолд хөрөнгийн эзэн гэдэгт Б.Б- гэж бичсэн ч Б.Б- байгаагүй. Хөрөнгө хураахдаа хөрөнгийн эзэн заавал байх ёстой атал хөрөнгийн эзнийг байлцуулаагүй нь хууль зөрчсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах Ү-2203016341 улсын бүртгэлийн дугаартай, 50.28 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01194 дүгээр тогтоолоор 63 178 176 төгрөгийг гаргуулж, “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Б-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18290157 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ч.А- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18290157 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18290157/01 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/5055 дугаар тогтоолоор мэдэгдэхэд өмчлөгч Б.Б- нь 158 683 680 төгрөгөөр, төлбөр төлөгч Ч.А- нь 160 896 000 төгрөгөөр тус тус үнэлж, харилцан тохиролцоогүй тул үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилоход 129 030 400 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4/6851 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар илгээсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.А- нь орон сууцаа м.кв нь 3 000 000 төгрөгийн үнэтэй гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. Яагаад м.кв нь 2 566 237 төгрөгөөр тогтоосныг хууль бус гэдгээ нотлоогүй. Ямар тохиолдолд эд хөрөнгийг үнэлэх вэ, үнэлгээг яаж хийх вэ гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус тодорхойлж заасан. Иргэн Б.Б- нь өөрийн орон сууцыг 150 840 000 төгрөг үнэлсэн, харин Ч.А- 160 896 000 төгрөг гэж үнэлсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар үнийн саналаа зөрүүтэй өгсөн учраас Иргэний хуульд заасны дагуу шинжээч томилж зах зээлийн үнэлгээг гаргасан. Мөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг ажлын гурван хоногийн дотор мэдэгдэнэ гэж тайлбарлаж байна. Хөрөнгийн үнэлгээ 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсантай нэхэмжлэгч тал тухайн сарын 20-ны өдөр мэдсэн гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар ажлын гурван хоногт хүргүүлнэ гэж заасан ч тухайн дүгнэлт 15-ны өдөр гарч, 20-ны өдөр хүргэгдсэн буюу 5 хоногийн дараа хүргэгдсэн. Энэ 5 хоногийн 2 хоног нь амралтын өдөр буюу 3 дугаар сарын 16, 17-ны өдөр байсан. Үүнийг нэхэмжлэгч тал мэдсэн ч мэдээгүй гэж тайлбарладаг. Эд хөрөнгийг хураан авсан тогтоолд Б.Б- гэдэг нэр байгаа боловч Б.Б- гэдэг хүнийг оролцуулаагүй гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд эд зүйлийг хураан авахад эзэмшигчийг оролцуулах, оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг оролцуулна гэж заасан. Эд хөрөнгө хураан авахдаа Х.Батцэцэг, Л.Мөнх-Эрдэнэ гэх хоёр гэрчийг оролцуулж, тэмдэглэлд тусгасан. Шинжээч томилохоос үнэлгээ хийх хүртэлх ажиллагаа хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч тал орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшнаас 20 хувиар бууруулсан гэж дурдсан ч өнөөдөр зах зээл дээр борлогдоогүй орон сууцууд олон байгаа. Үнэлгээ хийсэн компани ч гэсэн ямар аргаар үнэлгээ хийсэн талаар дүгнэлтдээ тодорхой заасан. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үнэн зөв, бодитой явагдсан гэж үзэж байна. Иймд Ч.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А-давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн:

Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны үеэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна шүүгч өөрөө дур мэдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасныг анхан шатны шүүхийн шүүгч ноцтой зөрчсөн.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 79 дүгээр тогтоолын дагуу улсын бүртгэлийн Ү-220016341 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Сөүлийн гудамж 39А дугаар байрны 33 тоот 50.28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцын үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай" гэж тодруулсантай холбогдуулан уг хууль бус үнэлгээг гаргасан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь өөрсдийн гаргасан дүгнэлт шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэн судалж гаргах, гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлд заасныг үндэслэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг гаргасан. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь нэхэмжлэгчийн байрыг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай байгаа юм. Ийнхүү “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх дээрх 2 хүсэлтийг хангаагүй бөгөөд хэргийн оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ч.А- нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.А-аас 63 178 176 төгрөг гаргуулж, “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01194 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12375 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 183/ГХ2017/01190 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 18290157 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 53, 66 дугаар тал/

 

Барьцааны зүйл болох Ү-220016341 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Сөүлийн гудамж 39А дугаар байрны 33 тоот 50.28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 18290157 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18290157/01 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.  

 

Дээрх хураагдсан эд хөрөнгөд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч Ч.А-, өмчлөгч Б.Б- нарт 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотоор хүргүүлсэн бөгөөд төлбөр төлөгч, өмчлөгч нарын өгсөн үнийн санал зөрүүтэй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцсэн байна. /хх 78 дугаар тал/

 

Шинжээч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Сөүлийн гудамж 39А дугаар байрны 33 тоот 50.28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 129 030 400 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүгчээс татгалзах хүсэлт болон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг хариуцагчаар татах хүсэлтийг тус тус хүлээн аваагүй” талаар дурджээ.

 

Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгчид эрх үүргийг нь танилцуулсан баримт хэрэгт авагджээ. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хангасан, хэргийн оролцогч нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 4 сарын хугацаанд хүсэлт гаргах хангалттай хугацаа байсан тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг хариуцагчаар татах хүсэлтийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8553 дугаар захирамжаар хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтад нийцсэн байна. Мөн нэхэмжлэгч шүүгчээс татгалзах хүсэлтийг шүүх хуралдааныг үргэлжлүүлэх үеэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй тул шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчихгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

 

                                       ШҮҮГЧИД                            А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ