Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1600

 

2019 оны 07 сарын 17 өдөр

     Дугаар 183/ШШ2019/01600      

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Могул таун хотхон, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Г.Ч. А. /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд оршин байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.А төлбөр гаргуулан О И ББСБ-д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж, 00 байрны 00 тоот хаягт байрлах Б.Б өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ илтэд төлбөр төлөгчийн эрх ашигт хохиролтойгоор шийдвэрлэсэн байна. Бид дараах үндэслэлүүдээр үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хуул бус гэж үзэж байна. Б.Б өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо Сөүлийн гудамж, 00 байрны 00 тоот хаягт байрлах орон сууц нь 50,28 м.кв орон сууц бөгөөд хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Манай орон сууцтай ижил байрлал, зэрэглэлтэй орон сууцны зах зээлийн хамгийн доод үнэ нь 1 м.кв нь 3 000 000 төгрөг буюу 50,28 м.кв-аар үржүүлбэл 150 840 000 төгрөгийн үнэтэй. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай орон сууцыг 129 030 400 төгрөгөөр буюу 1 мк-ийг нь 2 566 237 төгрөгөөр үнэлж даруй зах зээлийн ханшаас 20 хувиар багаар үнэлгээ тогтоосон нь хууль бус байна. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага манай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн ханшаар нь дахин үнэлүүлэх нь шударга ёс болон өмчлөлийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн тул үнэлгээ хүчин төгөлдөр бус байна. Хөрөнгө хураах тогтоолд хөрөнгийн эзэн гэдэгт Б.Б гэж бичсэн ч Б.Б байгаагүй. Хөрөнгө хураахдаа хөрөнгийн эзэн заавал байх ёстой атал хөрөнгийн эзнийг байлцуулаагүй нь хууль зөрчсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж, 00 байрны 00 тоот хаягт байрлах Ү-00000000 улсын бүртгэлийн дугаартай, 50,28 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч.А нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/0000 дүгээр тогтоолоор 63 178 176 төгрөгийг гаргуулж, О И ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Б өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо Сөүлийн гудамж, 00 байрны 00 тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ч.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 000000/01 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/0000 дугаар тогтоолоор мэдэгдэхэд өмчлөгч Б.Б нь 158 683 680 төгрөгөөр, төлбөр төлөгч Ч.А нь 160 896 000 төгрөгөөр тус тус үнэлж, харилцан тохиролцоогүй тул үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Х Э ХХК-ийг томилоход, 129 030 400 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4/0000 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар илгээсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.А манайхтай адил орон сууц м.кв нь 3 000 000 төгрөг тайлбарладаг. Гэвч энэ орон сууцны м.кв нь 3 000 000 төгрөг гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. Яагаад м.кв нь 2 566 237  төгрөгөөр тогтоосныг хууль бус гэдгээ нотлоогүй. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ямар тохиолдолд эд хөрөнгийг үнэлэх вэ, үнэлгээг яаж хийх вэ гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус тодорхойлж заасан. Иргэн Б.Б нь өөрийн орон сууцыг 150 840 000 төгрөг үнэлсэн, харин Ч.А 160 896 000 төгрөг гэж үнэлсэн. Тэгэхээр эндээс харахад төлбөр төлөгч болон өмчлөгч нар үнийн саналаа зөрүүтэй өгсөн учраас Иргэний хуульд заасны дагуу шинжээч томилж зах зээлийн үнэлгээг гаргасан. Мөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг ажлын гурван хоногийн дотор мэдэгдэнэ гэж тайлбарлаж байна. Хөрөнгийн үнэлгээ 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсантай нэхэмжлэгч тал бид тухайн сарын 20-ны өдөр мэдсэн гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар ажлын гурван хоногт хүргүүлнэ гэж заасан ч тухайн дүгнэлт 15-ны өдөр гарч, 20-ны өдөр хүргэгдсэн буюу 5 хоногийн дараа хүргэгдсэн. Энэ 5 хоногийн 2 хоног нь амралтын өдөр буюу 3 дугаар сарын 16, 17-ны өдөр байж таарсан. Үүнийг нэхэмжлэгч тал мэдсэн ч мэдээгүй гэж тайлбарладаг. Эд хөрөнгийг хураан авсан тогтоолд Б.Б гэдэг нэр байгаа боловч Б.Б гэдэг хүнийг оролцуулаагүй гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд эд зүйлийг хураан авахад эзэмшигчийг оролцуулах, оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг оролцуулна гэж заасан. Эд хөрөнгө хураан авахдаа Х.Б, Л.М гэх хоёр гэрчийг оролцуулж, тэмдэглэлд тусгасан байгаа. Шинжээч томилохоос үнэлгээ хийх хүртэлх ажиллагаа хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч тал орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшнаас 20 хувиар бууруулсан гэж дурдаж байгаа ч өнөөдөр зах зээл дээр борлогдоогүй орон сууцууд олон байгаа. Үнэлгээ хийсэн компани ч гэсэн ямар аргаар үнэлгээ хийсэн талаар дүгнэлтдээ тодорхой заасан. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үнэн зөв, бодитой явагдсан гэж үзэж байна. Иймд Ч.А гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч НШШГГ-т холбогдууланүнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4/0000 дүгээр мэдэгдэлд гомдлоо 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ. 

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Ч.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... Б.Б өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо Сөүлийн гудамж, 00 байрны 00 тоот хаягт байрлах орон сууц нь 50,28 м.кв орон сууц бөгөөд хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, ижил байрлал, зэрэглэлтэй орон сууцны зах зээлийн хамгийн доод үнэ нь 1 мкв нь 3 000 000 төгрөг буюу 50,28 мкв-аар үржүүлбэл 150 840 000 төгрөгийн үнэтэй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай орон сууцыг 129 030 400 төгрөгөөр буюу 1 мк-ийг нь 2 566 237 төгрөгөөр үнэлж даруй зах зээлийн ханшаас 20 хувиар багаар үнэлгээ тогтоосныг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.  

 

Хариуцагч “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд өмчлөгч Б.Б нь 158 683 680 төгрөгөөр, төлбөр төлөгч Ч.А нь 160 896 000 төгрөгөөр тус тус үнэлж, харилцан тохиролцоогүй тул үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Х Э ХХК-ийг томилоход, 129 030 400 төгрөгөөр үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан.  

 

Хэргийн баримтаас үзэхэд Ч.А болон О И ББСБ ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15/0000 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байна. 

 

Зээлдэгч Ч.А зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч О И ББСБ ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0000 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/00000 дүгээр тогтоолоор зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.А 63 178 176 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 473 840 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183//ГХ2017/00000тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч НШШГГ газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00000 дүгээр “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор Б.Б өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж, 00 байр, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай,  50,28 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 000000/01 дүгээр тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс НШШГГ-н 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 79 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Х Э” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сөүлийн гудамж, 00 байр, 00  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай,  50,28 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 129 030 400 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Шүүх мөн өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г 00000000 дугаарын утсаар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тул эзгүйд шийдүүлэх хүсэлтэй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                              

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүйболгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ