Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2022/00425

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Д.Б

   Хариуцагч: Увс А ТӨХК-д холбогдох,

  Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Увс А ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   1.1. Би 2016 оноос 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс А ТӨХК-ийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Р.Т тус компанийн даргаар ирснээс хойш намайг элдэв байдлаар дарамталж ажил хийлгэхгүй байсан. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр анх надад шилэн дансны мэдээлэл хожимдуулж оруулсан гэдэг шалтгаанаар сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод шилэн дансны мэдээлэл оруулах талаар заагаагүй. Шилэн дансны тухай хуульд нэг, хоёр дугаар гарын үсэг зурдаг хүмүүс мэдээлэл оруулах үүрэгтэй бөгөөд энэ хүмүүст цахим код өгч, тухайн кодоор мэдээллээ оруулдаг. Гэтэл надад үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан. Би энэ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч ажлаа хийхийн тулд гомдол гаргаагүй. Тэгтэл 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн. Тухайн үед буюу мэдэгдэл өгөх үед би жирэмсэн гэдгээ хэлсэн боловч үл тоон ажлаас чөлөөлсөн. Би Х сумын хөдөлмөрийн эрхийг зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан боловч хариуг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

   2. Хариуцагч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Д.Б нь манай компаний тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 5.1.5-д тус тус зааснаар хууль тогтоомж, захиргааны шийдвэр, байгууллагын удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгавар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон бусад үүргээ хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нь анх ажилд орсон буюу 2016 оноос хойш шууд удирдах албан тушаалтан болох захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу манай компаний шилэн дансны бүх мэдээллийг хариуцаж ажилладаг ажилтан байсан бөгөөд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллүүдийг цахим системд оруулах эрхтэй, системд нэвтрэх эрхийг буюу кодыг эзэмшдэг админ нь байсан. 2016 оноос хойш тус үйл ажиллагааг хариуцан хийсээр ирсэн. Гэтэл 2021 онд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг хоцроож байршуулсан болох нь аудитын шалгалтаар тогтоогдож үүний дагуу сахилгын хариуцлага тооцуулах тухай Үндэсний аудитын газраас албан шаардлага гаргаж Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байсан. Үүний дагуу Зам, Тээврийн хөгжлийн яамнаас зөрчил гаргасан газруудад буруутай албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж хариу ирүүл гэдэг албан бичиг манай компанид 2022 оны 6 дугаар сард ирсэн тул шилэн дансны цахим хуудас хариуцан ажиллаж байсан албан тушаалтан болох Д.Б-д 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот тушаалаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үедээ бид яамнаас ирүүлсэн албан тоотын дагуу буруутай албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авч хариугаа явуулах ёстой байсан тул нягтлан бодогчоо бодоод Хөдөлмөрийн хуульд заасан хамгийн бага хугацаагаар, хамгийн бага хувиар сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгээд цаашид ингэж алдаа зөрчил битгий гаргаарай, Шилэн дансны хуулиа хугацаанд нь чанартай хэрэгжүүлж ажиллах болон энэ асуудлаар дахин алдаа зөрчил гаргахгүй байхыг хэлж сануулсан.  

   Гэтэл 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2023 оны эхээр хийгдсэн аудитын шалгалтаар 2022 онд хийгдсэн 239,148,800 төгрөгийн 2 тендерийн, худалдан авах ажиллагааны мэдээллийг Шилэн дансны тухай хуулийн 6.4, 6.4.3 дахь хэсэгт заасан мэдээллүүдийг цахим хуудсанд оруулаагүй зөрчил гаргасан тул зөрчил арилгуулахаар албан шаардлагыг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргаж манай тооцооны нягтлан бодогч Д.Б-д албан шаардлага гаргасан ахлах аудитор Т.Н дуудаж гардуулж өгсөн байсан. Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар 2022, 2023 онуудад буюу 2 жил дарааллан манай компани зөрчил гаргаж, албан шаардлага авч байна. Энэ манай компаний ажлын үзүүлэлтэд нөлөөлдөг тул бид энэ асуудлаар тусгайлан хэлж сануулсаар байтал дахин дахин хууль зөрчөөд байсан тул Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагыг хүлээн аваад тухайн асуудлыг хариуцан ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчид арга хэмжээ авсан. Залуу хүн хэлж сануулаад алдаа зөрчлөө засаад залруулаад явчих байх гэж итгэсэн тул бид өмнө нь сайтар хэлж сануулаад хуульд заасан хамгийн бага хугацаа болон хувиар арга хэмжээ авсан. Д.Б-д өмнө нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан байсан бөгөөд хуульд заасан нэг жилийн хугацаа дуусаагүй байтал буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан тул давтан зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Х сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Увс А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар “Ажлаас халах тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, эмч Д.Н-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/21/А2060412 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

   4. Хариуцагчаас итгэмжлэл, Увс А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар “Ажилд авсан тухай” тушаал, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/56 дугаар “Ажил хавсран гүйцэтгэх тухай” тушаал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 10/2695 дугаар “Хариу ирүүлэх тухай” албан бичиг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

   5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Увс А ТӨХК-ийн шилэн дансны цахим хуудсанд үзлэг хийсэн.

¯ÍÄÝÑËÝÕ íü:

   1. Нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Увс А ТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

    2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.      Үүнд:

   2.1. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр надад шилэн дансны мэдээлэл хожимдуулж оруулсан гэдэг шалтгаанаар сахилгын арга хэмжээ авсан. Би энэ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч ажлаа хийхийн тулд гомдол гаргаагүй. Тэгтэл 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод шилэн дансны мэдээлэл оруулах талаар заагаагүй. Шилэн дансны тухай хуульд нэг, хоёр дугаар гарын үсэг зурдаг хүмүүс мэдээлэл оруулах үүрэгтэй гэжээ.

   3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

     3.1. Нэхэмжлэгч нь анх ажилд орсон буюу 2016 оноос хойш шууд удирдах албан тушаалтан болох захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу манай компаний шилэн дансны бүх мэдээллийг хариуцаж ажилладаг ажилтан байсан бөгөөд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллүүдийг цахим системд оруулах эрхтэй, системд нэвтрэх эрхийг буюу кодыг эзэмшдэг админ нь байсан. Гэтэл 2021 онд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг хоцроож байршуулсан болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон тул шилэн дансны цахим хуудас хариуцан ажиллаж байсан албан тушаалтан болох Д.Б-д 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот тушаалаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2023 оны эхээр хийгдсэн аудитын шалгалтаар 2022 онд хийгдсэн 239,148,800 төгрөгийн 2 тендерийн, худалдан авах ажиллагааны мэдээллийг Шилэн дансны цахим хуудсанд оруулаагүй зөрчил гарсан тул зөрчил арилгуулахаар албан шаардлагыг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргаж манай тооцооны нягтлан бодогч Д.Б-д албан шаардлага гаргасан ахлах аудитор Т.Н дуудаж гардуулж өгсөн байсан. Д.Б-д өмнө нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан байсан бөгөөд хуульд заасан нэг жилийн хугацаа дуусаагүй байтал буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан тул давтан зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан болно гэжээ.

   4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст” хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч Д.Б нь Х сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй учраас нэхэмжлэгч нь шүүхэд хандсаныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

   5. Увс А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар “Ажлаас халах тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.4, 83 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тус компанийн туслах нягтлан бодогч Д.Б-г 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, шийтгэлтэй байх хугацаандаа 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар шилэн дансны цахим хуудсанд 239,148.8 мянган төгрөгийн 2 тендер, худалдан авах ажиллагааны мэдээллийг байршуулаагүй зөрчлийг давтан гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

   Хариуцагч “Ажлаас халах тухай” тушаалд Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсгийг баримталжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад Төрийн болон орон нутгийн тухай хууль байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж, 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж, 83 дугаар зүйл Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах гэж, 110 дугаар зүйлийн 110.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тус тус заажээ.

   6. Хариуцагч нэхэмжлэгчийг давтан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч Д.Б эхний сахилгын зөрчил буюу Увс А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ногдуулсан үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрсөн тул энэхүү зөрчлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

   7. Д.Б-ийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар шилэн дансны цахим хуудсанд 239,148,800 төгрөгийн 2 тендер, худалдан авах ажиллагааны мэдээллийг байршуулаагүй гэх сахилгын зөрчлийн талаар:

   Нэхэмжлэгч тал “сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Д.Б шилэн дансны цахим хуудаст мэдээлэл оруулах үүрэггүй, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод энэ талаар заагаагүй” гэж, хариуцагч тал “Д.Б шилэн дансны цахим хуудаст мэдээлэл оруулах эрх бүхий этгээд тул түүнд мэдээллийг цаг тухайд нь оруулаагүй” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан” гэж маргаж байна.

   Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ:

   7.1.1. Засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргасан, гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтан;

   7.1.2. энэ хуулийн 7.1.1-д заасан эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн албан тушаалтан;

   7.1.3. тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан гэжээ.

   Дээрх хуульд зааснаар шилэн дансны цахим хуудаст мэдээлэл оруулах эрх бүхий этгээд нь дарга, ерөнхий нягтлан бодогч байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж, Увс А ТӨХК-ийн захирал, Д.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д Ажилтан нь хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагааны мөрдлөг болгон эрхэлсэн ажил үүргээ хэрэгжүүлэхдээ байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилтод нийцүүлэн ажиллах ба гэрээгээр хүлээсэн ажлыг байгууллагын өмнө биечлэн хариуцна гэж, 5.1.5-д Хууль тогтоомж, захиргааны шийдвэр, байгууллагын удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон бусад үүргээ хэлбэрэлтгүй биелүүлэх байгууллагын нууцыг хадгалах үүрэгтэй гэж тус тус заасан.

   Түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод “Шууд удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх” гэж зааснаар шууд удирдах албан тушаалтнаас туслах нягтлан бодогч Д.Б-д шилэн дансны цахим хуудаст мэдээлэл оруулах үүрэг өгч, холбогдох байгууллагад хүсэлт хүргүүлж, админ нягтлан бодогчоор түүнийг бүртгүүлсэн болох нь тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Б-г “шилэн дансны цахим хуудсанд 239,148.8 мянган төгрөгийн 2 тендер, худалдан авах ажиллагааны мэдээллийг байршуулаагүй” гэх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажилтны гүйцэтгэх гол ажил үүргийг тусгах ёстой тул нэхэмжлэгч талын “Шилэн дансны цахим хуудаст мэдээлэл оруулах үүргийг үгчилж тусгаагүй учраас тус цахим хуудаст мэдээлэл оруулах үүрэггүй, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод энэ талаар заагаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

   8. Нэхэмжлэгч талын “сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж, мөн зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:

   123.2.1. өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;

   123.2.2. нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;

  123.2.3. үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

   123.2.4. албан тушаал бууруулах;

 123.2.5. ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэжээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ”, мөн зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус зохицуулсан байна.

   Зохигчид Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/21/А2060412 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг мөн өдрөө мэдсэн, мөн туслах нягтлан бодогч Д.Б-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн атлаа 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах” хуулийн заалтыг зөрчсөн.

   9. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар  сахилгын шийтгэл ногдуулах болсон тухай урьдчилан мэдэгдэж, сахилгын зөрчлийн талаарх тайлбарыг аваагүй байна.

   10. Иймд шүүхээс нэхэмжлэгч талын “сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-г Увс А ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс А ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.    

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-г Увс А ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

   3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч хариуцагч Увс А ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ