Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 224/МА2023/00022

 

 

 

 

 

 

 

 

2023        12          14                                       224/МА2023/00022

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Увс

“АЗЗА” ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00425 дугаар шийдвэртэй,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Увс АЗЗА ТӨХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Увс-АЗЗА" ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох.

2. Нэхэмжлэгч Д.Б-гийн шаардлагын үндэслэл:  Би 2016 оноос 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс-АЗЗА" ТӨХК-ийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл манай даргаар Р.Төмөрчөдөр ирснээс хойш намайг элдэв байдлаар дарамталж ажил хийлгэхгүй байсан.

 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр анх надад шилэн дансны мэдээлэл хожимдуулж оруулсан гэдэг шалтгаанаар сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл миний ажлын байрны тодорхойлолтод шилэн дансны мэдээлэл оруулах тухай талаар заагаагүй. Шилэн дансны тухай хуульд нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг хүмүүс мэдээлэл оруулах үүрэгтэй бөгөөд энэ хүмүүст цахим код өгч энэ кодоор мэдээллээ оруулдаг. Гэтэл надад  үндэслэлгүй сахилгын шийтгэл оногдуулсан.

Би энэ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч ажил хийхийн тулд гомдол гаргаагүй. Тэгтэл 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулж ажлаас чөлөөлсөн. Тухайн үед надад мэдэгдэл өгөх үед би жирэмсэн гэдгээ хэлсэн боловч үл тоон ажлаас чөлөөлсөн. Би Улаангом сумын хөдөлмөрийн эрхийг зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан боловч хариуг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

  3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай.

  4. Хариуцагч Увс-АЗЗА ТӨХК-ийн захирал Р.Т-ийн татгалзлын үндэслэл: Д.Б нь манай компанийн тооцооны нягтлангаар ажиллаж байсан. Тухайн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 5.1.5-д тус тус зааснаар хууль тогтоомж, захиргааны шийдвэр, байгууллагын удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгавар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон бусад үүргээ хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгч нь анх ажилд орсон буюу 2016 оноос хойш шууд удирдах албан тушаалтан болох захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу манай компанийн шилэн дансны бүх мэдээллийг хариуцаж ажилладаг ажилтан байсан бөгөөд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллүүдийг цахим системд оруулах эрхтэй, системд нэвтрэх эрхийг буюу кодыг эзэмшдэг админ нь байсан. 2016 оноос хойш тус үйл ажиллагааг хариуцан хийсээр ирсэн. Гэтэл 2021 онд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг хоцроож байршуулсан болох нь аудитын шалгалтаар тогтоогдож үүний дагуу “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” Үндэсний аудитын газраас албан шаардлага гаргаж Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байсан.

Үүний дагуу Зам, Тээврийн хөгжлийн яамнаас зөрчил гаргасан газруудад буруутай албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж хариу ирүүл гэдэг албан бичиг манай компанид 2022 оны 06 дугаар сард ирсэн тул шилэн дансны цахим хуудас хариуцан ажиллаж байсан албан тушаалтан болох Д.Б-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 тоот тушаалаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 10%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цаашид энэ асуудлаар дахин алдаа зөрчил гаргахгүй байхыг хэлж сануулсан.

 Гэтэл 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2023 оны эхээр хийгдсэн аудитын шалгалтаар 2022 онд хийгдсэн 239.148.800 төгрөгийн 2 тендерийн худалдан авах ажиллагааны мэдээллийг цахим хуудсанд оруулаагүй зөрчил гаргасан тул зөрчил арилгуулахаар албан шаардлагыг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, манай тооцооны нягтлан Д.Б-д албан шаардлага гаргасан ахлах аудитор Т.Н дуудаж гардуулж өгсөн байсан. Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар 2022, 2023 онуудад буюу 2 жил дараалан манай компани зөрчил гаргаж, албан шаардлага авч байна.

Увс аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагыг хүлээн аваад тухайн асуудлыг хариуцан ажиллаж байсан тооцооны нягтланд арга хэмжээ авсан. Залуу хүн хэлж сануулаад алдаа зөрчлөө засаад залруулаад явчих байх гэж итгэсэн тул бид өмнө нь сайтар хэлж сануулаад хуульд заасан хамгийн бага хугацаа болон хувиар арга хэмжээ авсан.

Д.Б-д өмнө нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан байсан бөгөөд хуульд заасан нэг жилийн хугацаа дуусаагүй байтал  дахин сахилгын зөрчил гаргасан тул давтан зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00425 дугаар шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-г Увс-АЗЗА ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш давж заалдсан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00425 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Увс АЗЗА ТӨХК-ийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн аудитын шалгалтаар 2022 онд хийгдсэн 239,148,800 төгрөгийн 2 тендерийн худалдан авах ажиллгааны мэдээллийг Шилэн дансны тухай хуульд заасны дагуу цахим хуудсанд оруулаагүй зөрчил гаргасан байна гэж үзэн тухайн зөрчлийг арилгуулахаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/21/А2060412 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага хүргүүлсэн байна.

Шилэн дансны мэдээллийг хариуцан ажиллаж байсан Д.Б нь тухайн зөрчлийг өмнө нь бас гаргаж сахилгын шийтгэл хүлээж байсан ба сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад тухайн зөрчлөө давтан гаргасан тул түүнд сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-д сахилгын шийтгэл оногдуулахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/21/А2060412 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын дагуу нэхэмжлэгч Д.Б-г сахилгын зөрчил давтан гаргасан байна гэдгийг өөрт нь танилцуулж зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор буюу 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгоно гэдгийг өөрт нь мэдэгдсэн ба тухайн шийдвэрээ 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр албажуулсан байна. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь ажил олгогч 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэж талаар танилцуулсан байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ...Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагын дагуу Д.Б нь сахилгын зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар мэдэгдэж, уг өдрөө тухайн шийдвэрээ албажуулсан. Тийм учраас анхан шатны шүүх нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.

Урьд өмнө нь сахилгын шийтгэл оногдуулахад  Д.Б-г шилэн дансыг хариуцаж ажиллах үүргээ ухамсарласан гэж ойлгосон. Яагаад гэвэл өмнө нь оногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн, мөн сахилгын зөрчил гаргасан байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал харагддаг. Үүнтэй холбоотой давж заалдах гомдол гаргаагүй, шүүх буруу дүгнэлт хийсэн тухай асуудлыг яриагүй. Б.Ш нь Д.Б-д шилэн данс мэдээлэх үүргээ шилжүүлсэн. Ажилтанг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрх нь Р.Төмөрчөдөрт байгаа учраас Д.Б-д сахилгын шийтгэл оногдуулсан. Сангийн яамны зөвшөөрөгдсөн админ эрх нь Д.Б-д байна. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэх этгээд нь Д.Б болох нь харагдаж байна. Тийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгч Д.Б нь Шилэн дансны тухай хуульд заасны дагуу шилэн дансны мэдээллийг цуглуулах, байршуулах үүргийг хүлээхгүй.

 Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т: “ байгууллагын шилэн дансны цахим хуудаст мэдээллийг байршуулах үүргийг тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэг, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан хариуцахаар заасан тул төлбөрийн баримтад гарын үсэг зурж байгаа Р.Төмөрчөдөр, Б.Шинэбаяр нар хариуцах ёстой.

 Гэтэл энэ хүмүүс өөрсдөө хариуцахгүйгээр ажлаасаа зайлсхийж, өөрийнхөө доор ажиллаж байсан туслах нягтлан бодогчоор ажиллаж байгаа Д.Б-д эрхээ шилжүүлсэн гэдэг үндэслэлээр арга хэмжээ авч байгаа нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нь Д.Б-г шилэн дансны мэдээлэл оруулах үүрэгтэй байх тул сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийснийг хууль бус үйлдлийг хамгаалсан, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод  заагаагүй ажлыг Д.Б-гээр хийж гүйцэтгүүлсэн.

Ажлын байрны тодорхойлолтод шууд удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж заасан учраас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг Д.Б нь биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэсэн. Ажилтанд үүрэг, даалгавар өгөхдөө ямар үүрэг өгөх бэ гэвэл ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй холбоотой үүргийг өгөх ёстой.

Гэтэл Шилэн дансны тухай хуульд тусгайлан заачихсан ажил үүргийг Д.Б-гээр гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нь Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар үүргээ шилжүүлж болохоор байна гэж тайлбарлаж байна. Р.Б-д шилжүүлж болно гэж бодоход Р.Төмөрчөдөр нь Д.Б-д арга хэмжээ авсан атлаа түүнийг хариуцаж ажиллаж байсан Б.Ш-т яагаад арга хэмжээ аваагүй вэ гэдэг асуудал байна.

Энэ нь ажлын байрны ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажлыг дур зоргоороо гүйцэтгэх асуудлыг хязгаарласан. Мөн ажлын байран дахь ялгаварлан гадуурхах асуудлыг шинээр хуульчилж өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл оногдуулна гэж заасныг зөрчсөн. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Төрийн аудитын газраас зөрчил арилгуулах тухай албан бичгээр нэгдүгээр гарын үсэг зурдаг албан тушаалтан Р.Т, хоёрдугаар гарын үсгийг зурдаг албан тушаалтан Б.Ш нарт анхааруулсан бичиг ирсэн. Энэ бичгийн дагуу 3 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийг илрүүлсэн өдөр гэж тооцоход үүнээс хойш 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор сахилгын шийтгэл оногдуулах боломжтой байсан. Гэтэл 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсныг хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн нь үндэслэлтэй тул Увс АЗЗА ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

                                       ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00425 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Д.Б Увс-АЗЗА ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан туслах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Увс-АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Төмөрчөдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ Д.Б нь 2022 оны 06 дугаар 16-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан байсан бөгөөд хуульд заасан нэг жилийн хугацаа дуусаагүй байхдаа давтан сахилгын зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргажээ.

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Д.Б-г Увс-АЗЗА ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

           5. Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Д.Б нь сахилгын зөрчлийг давтан  гаргасан нь тогтоогдсон боловч ажил олгогчоос  сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шийтгэл оногдуулсан” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

          6. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-г Увс- АЗЗА ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй, зөв боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн  зарим дүгнэлт нь хэрэгт тогтоогдсон үйл баримттай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Увс-АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т нь тус компанийн туслах нягтлан бодогч Д.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн  80 зүйлийн 80.1.4-т заасан  буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон  үйл баримт тогтоогджээ.    

        Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т: “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардах ба ажилтан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч баримтаар нотлох үүрэгтэй байна.

           8.  Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн шийдвэртээ “Д.Б нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар шилэн дансны цахим хуудсанд 239.148.800 мянган төгрөгийн 2 тендер, худалдан авах ажиллагааны мэдээллийг байршуулаагүй зөрчлийг давтан гаргасан“ гэх үндэслэл заасан байх боловч энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

           Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил буюу Увс АЗЗА ТӨХК-ийн шилэн дансны цахим хуудсанд 239.148.800 мянган төгрөгийн 2 тендер, худалдан авах ажиллагааны мэдээллийг байршуулаагүй гэх үйл баримтыг нотолсон хуулийн шаардлага хангасан баримт нотолгоо  хэрэгт авагдаагүй.  

          Хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан, Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын албан шаардлага гэх хуулбар баримт нь ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага /нотариатчаар гэрчлүүлээгүй/ хангаагүй байх тул шүүхээс уг хуулбар баримтыг нотлох баримтаар үнэлж хэргийн үйл баримтыг тогтоох боломжгүй болно.

            9.  Ажил олгогчоос ажилтан Б.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ / хх-ийн 8-9-р тал/ болон ажлын байрны тодорхойлолт / хх-ийн 7 дахь тал/-оос үзвэл тэрээр байгууллагын шилэн дансны цахим хуудаст мэдээлэл оруулах үүрэггүй байна.

           Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т: ..байгууллагын шилэн дансны мэдээллийг олон нийтэд хүргэх үүргийг шийдвэр гаргасан, гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтан, тухайн зарлага төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан хүлээхээр хуульчилсан байна.

          Нэхэмжлэгч Б.Б нь “Увс-АЗЗА” ТӨХК-ийн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааг байгууллагын цахим хуудсанд байршуулж мэдээлэх үүргийг хуулиар болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээгээгүй байх тул түүнийг компанийн шилэн дансанд мэдээлэл оруулах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын зөрчил  үйлдсэн гэж үзэж шийтгэл хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т: Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасантай нийцээгүй байна.    

         10. Нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт  хэрэгт тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж,  энэ үндэслэлээр түүнийг урьд эрхэлж байсан Увс-АЗЗА ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн  ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.   

         11. Хариуцагч буюу ажил олгогч нь ажилтан Б.Бд шилэн дансны мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулах үүргийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ, ямар хэлбэрээр үүрэг өгсөн нь хэрэгт нотлогдоогүй, хариуцагч энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж нотлоогүй байна.

         Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр Увс-АЗЗА ТӨХК-ийн шилэн дансны цахим хуудаст үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байх бөгөөд уг үзлэгийн тэмдэглэлд: “цахим хуудасны байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа хэсэгт байгууллагын админ нягтлан бодогч Д, Б нар, байгууллагын удирдлага, гүйцэтгэх захирал Р.Т гэсэн байв” гэж тусгагдсан байх боловч  “админы эрхтэй байна” гэх үндэслэлээр шилэн дансны мэдээллийг байгууллагын цахим хуудаст мэдээлэх үүрэг бүхий этгээд гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй  байна.

         12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн : “нэхэмжлэгч  Д.Бг сахилгын зөрчил давтан гаргасан байна гэдгийг өөрт нь танилцуулж зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан  тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Бг сахилгын зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж дүгнэсэн тул зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

        13. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Увс-АЗЗА ТӨХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                     ШҮҮГЧИД                                       Л.АЛТАН

                                                                             Н.МӨНХЖАРГАЛ