Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2016/00736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00478/И

...-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.б-ны ... салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ...-Уул аймгийн ... сум ... баг ... хороолол, ... байр ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Б овогт Б-ийн М,

Хамтран хариуцагч ...-Уул аймгийн ... сум ... баг ... хороолол, ... байр ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...  И овогт З-ийн Б нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 36,055,659.25 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Н-ийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.О, хариуцагч З.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, Г.Батбаяр, нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.бны ... салбарын захирал А.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь тус банкнаас 2014 оны ... сарын 31-ний өдөр барьцаат зээлийн ... дугаар гэрээгээр 45,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээдэгч Б.М нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд 2015 оны 11 сарын 13-аас хойш эргэн төлөлт хийгээгүй гэрээний үүргийг зөрчиж байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж биечлэн уулзаж зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч нь банкны шаардлага биелүүлээгүй зээлийг төлөх санаачлага гаргахгүй байсан. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь банктай байгуулсан ... дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэсэн үүргээ зөрчиж байгаа тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан Барьцаат зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: Зээлдэгчийн төлбөл зохих зээлийн төлбөр нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,465,379.07 төгрөг, хүү 3,812,483.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 762,496.70 төгрөг, хавстралтуудыг нотариатаар баталгаажуулсны зардал 15300 төгрөг, нийт 36,055,659.25 төгрөгийг төлүүлэх, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч З.Б, Б.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. сумын иргэн хариуцагч Б.М болон батлан даагч З.Б миний бие ... аймгийн Х.б-наас нийт 45 сая төгрөгийг зээлж, одоо 36 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэлийг төлж барагдуулах үүрэгтэй. Тус банкнаас зээл авсан 1 жилийн хугацаанд графикийн дагуу нийт 24 сая төгрөгийг зээлийн хүү болон үндсэн төлбөрт төлсөн байдаг. 2015 оны сүүлээр МУ-ын эдийн засаг нийгмийн байдал тогтворгүй болж, аж ахуй нэгжүүдийн төлбөрийн чадвар муудсанаас авлага авч чадахгүй янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж маргаантай байдал үүсгэн төлбөр барагдуулахгүй байгаагаас үүдэн, сүүлийн 3 сарын төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй.

Банкны зүгээс бидэнд өнөөдрийг хүртэл боломж олгосоор ирсэн. Энэ ч утгаар зээлийн төлбөрийг хэвийн болгож, зөрчлөө арилган сар бүрийн төлөлтийг хэвийн хийж чадвал шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эргүүлэн татах боломжтой болохыг мэдэгдсэн. Бидний зүгээс банктай эвлэрч, цаашид шинээр төлбөрийн график гаргуулан сар бүр тогтмол зээлийн төлөлтийг төлж явах саналтай байгаа. Гол нь бидний зүгээс банкнаас тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авч, хэрэгжүүлэхийн төлөө удаа дараа амлалт авч хичээнгүйлэн зүтгэж, хамтран ажилласаар ирсэн. Цаашид нэхэмжлэгчтэй эвлэрч, хамтран ажиллах замаар зээлийн төлбөрийг барагдуулж дуусгах саналтай байна гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Н, түүний өмгөөлөгч Ц.Б, Э.Б нар нь шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А овогтой Н нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 38.0 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 03-р сарын 10-нд бүртгэгдэж ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас гаргуулан авсан юм. Улмаар уг орон сууцанд 2010 оноос одоог хүртэл амьдарч байна. Иргэн А.Н би өмнө нь 5,000,000 төгрөгийг Н зээлсэн юм. Ингээд Н нь ирж уулзаад таниас зээлсэн 5,000,000 төгрөгийг төлж чадахгүй байна гэж хэлээд та надаа өөрийн байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өгч байгаач би найдвартай мөнгө зээлдэг хүнээс байрны чинь гэрчилгээг тавьж аваад төлж дуусахаар нь буцаагаад өгнө, би маргааш хүн явуулъя гэж хэлээд явсан. Маргааш нь Б.М гэдэг хүн Н-гийн хамт ирээд та байрныхаа гэрчилгээгээ надад өгчих найдвартай хүн байна гэж хэлээд аваад явсан.

Ингээд ... оны ... сарын ...-ний өдөр шинэ жилээр намайг дагуулаад банк ороод ирье гэж хэлээд баахан зузаан цаасан дээр гарын үсэг зуруулсан юм. Би тухайн үед энэ юун дээр зурж байгаагаа асуух гэтэл та хурдан зураа асуудалгүй гээд байсан юм. Тэгээд би гарын үсгээ зурчихаад гэртээ харьсан хойно орой нь Н, М хоёр манай гэрт ирж Н нь надаас зээлсэн 5,000,000 төгрөгөө бэлнээр авчирч өгсөн юм.

Ингээд 2015 оны 10 сард банкнаас хүн ирж танай байр 45,000,000 төгрөгийн барьцаанд тавигдаад зээлдэгч нь мөнгөө төлөхгүй байна гэж надад хэлснээр би байраа бусдын барьцаанд хэн нэгний өмнөөс үүрэг хүлээж гарын үсэг төөрөлдөж зурсан гэдгээ мэдсэн юм. Иймд дээрх байдлыг нягтлан шалгах гэж Х.б-инд хандсан боловч танд харилцагчийн нууцлалтай холбоотой мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн. Х.бны 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Би байраа хэнд ямар гэрээгээр яаж барьцаалсан тухайгаа мэдэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тус хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 18ны өдрийн ... дугаартай лавлагаагаар Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... сум, ... баг, ... хороолол, ... байр, 17 тоот 38.0 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр иргэн А.Н / ... / бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгө д үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэсэн хариуг өгсөн.

Иймд 2014 оны 12-р сарын 31-ний өдрийн №...-01 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож хүчингүй болгож өгнө үү гэв.

Х.бны захирал А.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Х.б болон Б.М нарын хооронд байгуулсан ... дугаартай гэрээ нь улсын бүртгэлд зохих журмаар бүртгэгдсэн гэж үзэх тэмдэглэгээ, бүртгэгчийн тэмдэгтэй байгаа ба хэрэв уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол энэ нь улсын бүртгэлийн айгууллага бүртгэлийг цахим системдээ оруулаагүй алдаатай холбоотой гэж үзэж байна. Иймээс Улсын бүртгэлийн байгууллагаас 2014 оны 12 сарын 31-ний өдрийн мэдүүлгүүд, буцах хуудас, банкинд холбогдох төлбөр төлсөн баримт зэргийг шалгуулж, бүртгэл үнэхээр хийгдээгүй, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл бүртгэл хийхтэй холбоотой гэрээний талууд шаардлагатай арга хэмжээгээ авсан болохыг нотолсон тохиолдолд алдаагаар бүртгэл хийгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм. Мөн барьцааны гэрээг улсын бүртгэлд барьцаалуулагчийн мэдүүлэг шаардлагатай, хэрэв бүртгэлийн тэмдэг хуурамчаар дарагдсан, зориуд бүртгэлийг хийлгээгүй бол барьцаалуулагч үүний улмаас гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсоноос үүсэх үр дагаварыг хариуцах ёстой. Бас барьцаалуулагч өөрөө гэрээ байгуулсан, уг гэрээгээр хүсэж байсан үр дүндээ хүрсэн буюу барьцаалуулж зээлдэгчид зээл авах боломж бүрдүүлсэн, өөрөө уг зээлийн зарим хэсгийг авсан гэх зэргээр гэрээг байгуулах хүсэл зориг байсан болох нь түүний бие даасан шаардлагад илэрхийлэгдсэн байгаа бөгөөд тиймээс гэрээ бүртгэлийн алдаа зэрэг хэлбэрийн шалтгаанаар бүртгэгдээгүй тохиолдолд түүнтэй маргах үндэслэлгүй юм.

Иймд Х.б нь гуравдагч этгээд А.Нийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Нийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн шаардлагыг дэмжиж байна. Би зээлийг бүрэн төлж барагдуулах нь үнэн тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Х.бны ... салбар нь хариуцагч Б.М, З.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 31465379,07 төгрөг, хүү 3812483,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 762496,70 төгрөг, нотариатын зардал 15300 төгрөг нийт 36 055 659,25 төгрөг гаргуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Н нь 2014 оны ... сарын 31-ний өдрийн ... дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Х.бны ... салбар, хариуцагч Б.М, З.Б нар нь 2014 оны ... сарын 31-ний өдөр №... дугаартай гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд талуудын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 8 дугаар хуудас /

Хариуцагч Б.М, З.Б нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул графикт хугацааны дагуу зээлийн төлөлтийг хийх шийдвэр гаргаж өгнө үү гэж маргажээ.

Хариуцагч нар нь зээлийн төлбөрт нийт 27 742 800 төгрөг төлсөн гэж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Х.б нь хариуцагч нарыг зээлийн төлбөрийг удаа дараа хугацаа хэтрүүлэн төлж байгаа тул хугацаандаа төлж байхыг мэдэгдэн Мэдэгдэх хуудсыг 2016.02.16-ны өдөр хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна. / хх-ийн 17 дугаар хуудас /

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй зааснаар нэхэмжлэгч татгалзах эрхтэй байх тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн №... дугаартай зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Б.М, З.Б нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн нийт шаардлага 36 055 659,25 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг хасч үлдэх 33 055 659,25 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Х.б ... дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 12 сарын 31-ний өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, А.Нийн өмчлөлийн ... аймаг ... сум ... баг ... хороолол ...  байрны . ..тоот ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Баталгаат Ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 4, ... хуудас /

Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй боловч хэрэгт авагдсан ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс эд хөрөнгийн эрхийн тасгаас ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаагаар ... ... сум ... баг ... хороолол ... байрны ... тоот 38.0 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр иргэн А.Н бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.б-ны ... салбараас Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны мэдүүлэг болон барьцаа бүртгэгдсэнийг хүлээн авсан өдрийн мэдүүлэг болон хүлээлгэн өгсөн дэвтрүүдэд холбогдох гэрээтэй холбоотой тэмдэглэгээ байгаа эсэх талаар үзлэг хийлгэх, барьцааны хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт мэдүүлэг буюу холбогдох баримт бичиг хавсарагдсан эсэх талаар үзлэг хийлгэх хүсэлт ирүүлснийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэгээгээр ...тухайн маргаан бүхий байрыг барьцаалсан талаар ямар нэгэн бүртгэл байхгүй, цахим санд бүртгэгдээгүй, үүрэг ногдуулсан тухай дэвтэрт бичигдээгүй гэжээ. / хх-ийн 67-68 дугаар хуудас /

Иймд 2014 оны ... сарын 31-ний өдөр Х.б-ны ... салбар, А.Н нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, 166.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичгийг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар А.Нийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.бны ... салбар, хариуцагч Б.М, З.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.М, З.Б нараас 33 055 659.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.б-ны ... салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 166.2-т зааснаар нэхэмжлэгч Х.б-ны ... салбарын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Х.бны ... салбар, А.Н нарын хооронд 2014 оны ... сарын 31-ний байгуулсан баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338228 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 323228 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.бны ... салбарт, гуравдагч этгээд А.Нийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 458200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.б-ны ... салбараас 458200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд А.Нт олгосугай.

5. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА