Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 148

 

******* банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00478/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 736 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Б.М-, З.Б- нарт холбогдох 

         “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 36.055.659 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, гуравдагч этгээд А.*******ийн өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

            Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын захирал А.Саранхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, Д.Одгэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М- нь тус банкнаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцаат зээлийн 1610006971 дугаар гэрээгээр 45.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.М- нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 13-аас хойш эргэн төлөлт хийгээгүй гэрээний үүргийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж биечлэн уулзаж зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч нь банкны шаардлага биелүүлээгүй зээлийг төлөх санаачлага гаргахгүй байсан. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь банктай байгуулсан 1070019880 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт заасан “гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх” гэсэн үүргээ зөрчиж байгаа тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчийн төлбөл зохих зээлийн төлбөр нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21.465.379 төгрөг, хүү 3.812.483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 762.496 төгрөг, хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсны зардал 15.300 төгрөг, нийт 36.055.659 төгрөгийг төлүүлэх, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Б-, Б.М- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид Дархан-Уул аймгийн ******* банкнаас нийт 45 сая төгрөгийг зээлж, одоо 36 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэлийг төлж барагдуулах үүрэгтэй. Тус банкнаас зээл авсан 1 жилийн хугацаанд графикийн дагуу нийт 24 сая төгрөгийг зээлийн хүү болон үндсэн төлбөрт төлсөн байдаг. 2015 оны сүүлээр эдийн засаг нийгмийн байдал тогтворгүй болж, аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвар муудсанаас авлага авч чадахгүй янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж маргаантай байдал үүсгэн төлбөр барагдуулахгүй байгаагаас үүдэн, сүүлийн 3 сарын төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй. Банкны зүгээс бидэнд өнөөдрийг хүртэл боломж олгосоор ирсэн. Энэ ч утгаар зээлийн төлбөрийг хэвийн болгож, зөрчлөө арилган сар бүрийн төлөлтийг хэвийн хийж чадвал шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эргүүлэн татах боломжтой болохыг мэдэгдсэн... Цаашид нэхэмжлэгчтэй эвлэрч, хамтран ажиллах замаар зээлийн төлбөрийг барагдуулж дуусгах саналтай байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Г.Батбаяр нар шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.******* нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 26 дугаар байр, ******* тоот 38.0 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдэж ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас гаргуулан авсан юм. Улмаар уг орон сууцанд 2010 оноос одоог хүртэл амьдарч байна. Иргэн А.******* өмнө нь 5.000.000 төгрөгийг Нямсүрэнд зээлсэн юм. Ингээд Нямсүрэн нь ирж уулзаад таниас зээлсэн 5.000.000 төгрөгийг төлж чадахгүй байна гэж хэлээд та надад өөрийн байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өгч байгаач, би найдвартай мөнгө зээлдэг хүнээс байрны чинь гэрчилгээг тавьж аваад төлж дуусахаар нь буцаагаад өгнө, би маргааш хүн явуулъя гэж хэлээд явсан. Маргааш нь Б.М- гэдэг хүн Нямсүрэнгийн хамт ирээд та байрныхаа гэрчилгээгээ надад өгчих найдвартай хүн байна гэж хэлээд аваад явсан. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилээр намайг дагуулаад банк ороод ирье гэж хэлээд баахан зузаан цаасан дээр гарын үсэг зуруулсан юм. Би тухайн үед энэ юун дээр зурж байгаагаа асуух гэтэл та хурдан зураа асуудалгүй гээд байсан юм. Тэгээд би гарын үсгээ зурчихаад гэртээ харьсан хойно орой нь Нямсүрэн, ******* хоёр манай гэрт ирж Нямсүрэн нь надаас зээлсэн 5.000.000 төгрөгөө бэлнээр авчирч өгсөн юм. Ингээд 2015 оны 10 сард банкнаас хүн ирж танай байр 45.000.000 төгрөгийн барьцаанд тавигдаад зээлдэгч нь мөнгөө төлөхгүй байна гэж надад хэлснээр би байраа бусдын барьцаанд хэн нэгний өмнөөс үүрэг хүлээж гарын үсэг төөрөлдөж зурсан гэдгээ мэдсэн юм. Иймд дээрх байдлыг нягтлан шалгах гэж ******* банкинд хандсан боловч танд харилцагчийн нууцлалтай холбоотой мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн. ******* банкны 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07/209 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Би байраа хэнд ямар гэрээгээр яаж барьцаалсан тухайгаа мэдэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тус хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 18ны өдрийн № 45-43419 дугаартай лавлагаагаар “Эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаартай Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 26-р байр, ******* тоот 38.0 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр иргэн А.******* /ДА *******/ бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэсэн хариуг өгсөн. Иймд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №1610006971-01 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

******* банкны захирал А.Саранхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

******* банк болон Б.М- нарын хооронд байгуулсан 1610006971 дугаартай гэрээ нь улсын бүртгэлд зохих журмаар бүртгэгдсэн гэж үзэх тэмдэглэгээ, бүртгэгчийн тэмдэгтэй байгаа ба хэрэв уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй бол энэ нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийг цахим системдээ оруулаагүй алдаатай холбоотой гэж үзэж байна. Иймээс Улсын бүртгэлийн байгууллагаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлгүүд, буцах хуудас, банкинд холбогдох төлбөр төлсөн баримт зэргийг шалгуулж, бүртгэл үнэхээр хийгдээгүй, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл бүртгэл хийхтэй холбоотой гэрээний талууд шаардлагатай арга хэмжээгээ авсан болохыг нотолсон тохиолдолд алдаагаар бүртгэл хийгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм. Мөн барьцааны гэрээг улсын бүртгэлд барьцаалуулагчийн мэдүүлэг шаардлагатай, хэрэв бүртгэлийн тэмдэг хуурамчаар дарагдсан, зориуд бүртгэлийг хийлгээгүй бол барьцаалуулагч үүний улмаас гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсоноос үүсэх үр дагаварыг хариуцах ёстой. Бас барьцаалуулагч өөрөө гэрээ байгуулсан, уг гэрээгээр хүсч байсан үр дүндээ хүрсэн буюу барьцаалуулж зээлдэгчид зээл авах боломж бүрдүүлсэн, өөрөө уг зээлийн зарим хэсгийг авсан гэх зэргээр гэрээг байгуулах хүсэл зориг байсан болох нь түүний бие даасан шаардлагад илэрхийлэгдсэн байгаа бөгөөд тиймээс гэрээ бүртгэлийн алдаа зэрэг хэлбэрийн шалтгаанаар бүртгэгдээгүй тохиолдолд түүнтэй маргах үндэслэлгүй юм. Иймд ******* банк нь гуравдагч этгээд А.*******ийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч З.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******ийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн шаардлагыг дэмжиж байна. Би зээлийг бүрэн төлж барагдуулах нь үнэн тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр: 

        Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар, хариуцагч Б.М-, З.Б- нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.М-, З.Б- нараас 33.055.659 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар, А.******* нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний байгуулсан баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338.228 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 323.228 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт, гуравдагч этгээд А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* банкны Дархан салбараас 458.200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд А.*******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын захирал А.Саранхишиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцсон. Барьцааны гэрээг үзвэл бичгээр үйлдсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэгтэй хэлбэрийн хувьд харин ч холбогдох шаардлагыг хангаж байгаа юм. Шүүх хэрэгт ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад нөхцөл байдлыг сайн тодруулахгүйгээр хэргийг шийдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй тул тус шийдвэрийг хүчингүй болож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь ******* банкны Дархан салбар нь хариуцагч Б.М-, З.Б- нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 36.055.659 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай”,  мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.******* “зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 1610006971-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан байна.

Хэргийн нотлох баримтыг судлахад ******* банк нь хариуцагч нартай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1610006971 тоот зээлийн гэрээ байгуулж 45.000.000  төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь тогтоогджээ.

Хариуцагч нар зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн байна гэж үзнэ.

******* банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагчтай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1610006971-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулсан ба энэхүү гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн эсэх талаар нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан хүсэлтээр үзлэг хийхэд тухайн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон байна.

Энэ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”,166.2 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичгийг үйлдэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгаас 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаартай Дархан сум 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 26 дугаар байрны ******* тоот 38.0 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр иргэн А.******* бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэж тодорхойлолт гаргасан байх тул 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №1610006971-01 дугаартай  баталгаат ипотекийн гэрээг Үл хөдлөх эдхөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй юм.         

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 736 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолтой холбогдуулж гаргасан тайлбартаа ...давж заалдах гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.2, 162.2.3, 162.2.4 дэх хэсгийг зөрчсөн... гэснийг хүлээн авах боломжгүй учир нь нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх урьд нь хэлэлцэхээс татгалзсан ба үүний дараа дээрх алдааг залруулж гомдлоо гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлого болгохоор шийдвэрлэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, *******2 дугаар зүйлийн *******2.2 дахь хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ

                                             ШҮҮГЧИД                                                       Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ