Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2023/00940

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт М.Е-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт М.Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н,

Хариуцагч Н, түүний өмгөөлөгч А,

Гэрч О /цахимаар/, Ш, М, С,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч Н-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Е-тэй Н нь харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч Н нь ажил гүйцэтгүүлэгч Е-ийн эзэмшлийн Ө сумын 1 дүгээр багт байрлах барилгыг нураах, нураасан барилгын оронд 10x10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, мөн хоёр барилгыг ажил гүйцэтгэгчийн заасан газарт барьж өгөхөөр болж харилцан тохиролцож, эдгээр ажлуудыг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүрэл хийж өгөхөөр болж ажлын хөлсөнд 48,000,000 төгрөг авахаар болсон.

1.2 Ажлын хөлсний 25,000,000 төгрөгт Е-ийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг тооцож шилжүүлэн авч, хундам цутгах үед 5 сая төгрөг авч үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх үед хийхээр болсон юм.

1.3 Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажлыг хугацаандаа эхлээгүй бөгөөд хуучин барилгыг нураасны дараа хундам цутгах ажлыг Н гэдэг хүнээр хийлгүүлсэн бөгөөд Нартайд 700,000 төгрөг, Нурсолтан өөрөө 300,000 төгрөгийг авч нийтдээ 1,000,000 төгрөгөөр хундам цутгасан юм. Үүний дараа О гэдэг залууд 5,395,000 төгрөг төлж өрлөг, Ш гэдэг залуугаар 1,700,000 төгрөг өгч дээвэр, стяшик 1,800,000 төгрөгөөр, бетон шатыг 600,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Сантехник цэвэр-бохирыг Мейрамхан гэдэг хүнээр хийлгүүлсэн.

1.4 Барилгын дотор заслын ажлыг Н өөрөө хийсэн ба энэ үед түүний хүү Н-ийн дансаар 2,000,000 төгрөг, Е-ийн барааны дэлгүүрээс 1,450,000 төгрөгийн бараа, бэлэн 2,000,000 төгрөг тус тус авч байжээ. Харин гэрээний хавсралт 2-т заасан 2 барилга барих ажлыг Н эхлүүлсэн боловч дутуу орхиж үүргээ мөн биелүүлээгүй өдий хүрсэн байна. Тодруулбал, хавсралт 2-т заасан ажлын 1-р барилгын рам зангидаж орхисон ба бусад ажлыг нь хийгээгүй, 2-р барилгын хана босгож, дээврийг нь хийж дутуу орхисон байна. 2021 онд барилгын материал тасарч зарагдаж байгаа барилгын материал үнэд орсон үед гэрээний үүргээ биелүүлэх байх гэж бодоод бүх  материалаа татсан байхад Нурсолтан ажлаа биечлэн гүйцэтгэхээс татгалзаж, ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн байна. Үүнээс болж өнөөдрийг хүртэл тухайн барилгууд бүрэн гүйцэд баригдаагүй, дутуу орхигдсон байна.

1.5 Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-ын “m” хэсэгт гүйцэтгэгч нь гэрээнд болон гэрээний хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлнө гэж заасан. Ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх үүргээ 2 жил хожимдуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаа хийгээгүй тул түүнээс авсан тээврийн хэрэгслийн үнэ 25,000,000 төгрөг нийтдээ 35,000,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Учир нь, Н нь гэрээгээр хүлээсэн ажлыг өөрийн биеэр гүйцэтгээгүй, бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг тухайн иргэдэд тус тус шилжүүлж авч байсан. Мөн Н өөрийн биеэр гүйцэтгэсэн ажлын хөлсийг тухай бүр тус тус шилжүүлэн авч байсан.

1.6 Иймд гэрээний үүргээ зөрчсөн Н-аас 35,000,000 төгрөг гаргуулан Ет олгуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н-ны хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч надад Стадионы тэнд байдаг хуучин байшингаа нураагаад оронд нь байшин барьж, хотын захад шинээр 2 зуны байр барьж өгөөрэй гэж өвөл ажлын санал тавьсан. Тухайн үед би Е-тэй Ө сумын 1 дүгээр багт байрлах хуучин 14х15 метрийн харьцаатай байшинг нураагаад оронд нь 8х8 метрийн харьцаатай 2 давхар байшин, хотын захад 2 зуны байр барьж өгөхөөр болж, хэрэв байшингаа тоосгоор бариулбал ажлыг хөлсийг нэмэгдүүлнэ гэж амаар тохиролцсон.

2.2 Хавар суурь тавих үед Е шинээр барих байшингийнхаа хэмжээг 8х8 метр биш 12х12 метр болгохоор болсон гэхэд би урьд тохиролцсоныг дурдахад 10х10 метрийн байшин бариулахаар болж хоёулаа тохиролцсон. Би тухайн ажлыг ганцаараа хийж чадахгүй. Бид энэ төрлийн ажлуудыг бригад болж хийдэг байсан. Эхэндээ бид тохиролцох үед хуучин байшинг нураагаад, гарсан материалыг нь зөөгөөд, нурангийг цэвэрлэхээр тохиролцоогүй боловч би түүнтэй урьдын харилцаагаа бодож, түүнийг хүндэтгэсэндээ хуучин байшинг буулгаад, гарсан материалыг нь заасан газар нь зөөгөөд, нурангийг нь цэвэрлээд өгсөн. Тухайн үед Нартай гэх залуу суурь цутгаж байсан бол Оразай гэх залуу өрлөг хийж байсан.

2.3 Харин би хотын захад барих 2 байшингийн ажлыг хийж байсан. Эхэндээ ажил идэвхтэй явж байсан ч нэхэмжлэгч барилгын материалаар хангаж өгч чадаагүй учраас ажил зогсонги байдал орсон. Зунжингаа барилгын материалыг бага багаар авчирч байсан тул ажил тасалдсан. Ингэж байхад зун дуусаад намар болсон. Тэгэхэд Е нь надад чамд барилгын материал зардаг таньдаг хүн байвал зээлээр барилгын материал аваад өгөөч гэхээр нь өөрийн таньдаг нэг залуугаас 5 сая төгрөгийн барилгын материалыг авч өгсөн ба үүний тал үнийг бэлэн өгч, үлдсэнийг нь зээлдэж авсан. Ингээд евро заслыг нь хийж эхлүүлсэн. Е байшиндаа зух тавих ёстой байсан боловч энэ жил зух тавьж чадахгүй юм шиг байна, та нар ажлаа түр зогсоогоод хавар эхлүүлээрэй гэхээр нь зух тавьж халаалтыг шийдээд өгвөл дуусгаад өгье, хэрэв зух тавьж чадахгүй бол дулаарах үед ажлаа үргэлжлүүлье гэсэн.

2.4 Тэгээд ажлаа хавар ажлаа үргэлжлүүлэхээр болж, хавар ажлаа үргэлжлүүлээд 6 сарын дотор дотоод ажлуудыг бүрэн дуусгасан. Тухайн үед цагаан хөөсөөр гадна фасад хийх ажил л үлдсэн байсан. Тэр бас материалгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн байсан. Нэг өдөр Е-ийн хүү надад залгаад ирж үлдсэн ажлуудаа дуусгаарай гэхээр нь би түүнд тог оруулсан ганц нүх л үлдсэн, бусад ажил бүрэн хийгдсэн, фасадын материал ирсний дараа үлдсэн хөлсөө аваад ажлыг чинь дуусгаад өгнө гэсэн. Нэхэмжлэгчийн надад ажлын хөлсөнд маань өгсөн тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй, өмнө авто осолд орж байсан тээврийн хэрэгсэл юм байна. Энэ талаар хэлэхэд 5000000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Хотын захад байдаг 2 байшингийн 1-ийг нь бүрэн барьж дуусгасан, нөгөөхийн нь рамыг босгочихсон. Тэр 2 байшинг өмнө нураасан байшингаас гарсан хуучин материалаар бариулсан тул би түүнд бид хоёр ингэж тохиролцоогүй шүү гэхэд дахиад 5000000 төгрөг нэмж өгье гэсэн. Нэмж өгнө гэсэн мөнгөө өгөөгүй. Е-тэй тохиролцсон ажил 90 хувь хийгдээд дууссан. Үлдсэн ажил материал байхгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн. Хотын захад баригдах 2 байшинд нуруу мод биш төмрөөр гагнуур хийх ёстой байтал гагнуурыг хийлгээгүй учраас тэр байшингийн ажил бүрэн дуусаагүй. Гаражийг С гэх залуугаар тусдаа хөлс өгөхөөр болж бариулсан мөртлөө С-ийн хөлсийг миний авах ёстой 48000000 төгрөгийн хөлсөнд оруулсан байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Н-д олгосон итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний 1, 2-р хавсралт, Е, Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 0001 улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Е-ийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хуудас,О,Т, М, Ш нарын гарын баримт зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, А-тай байгуулсан өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн санаачилгаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Г,О, Ш, М, С, Т нарын гэрчийн мэдүүлгийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Е-ийн хариуцагч Н-аас ажил гүйцтэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Е , Н нар  ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч Н нь ажил гүйцэтгүүлэгч Е-ийн эзэмшлийн Ө сумын 1 дүгээр багт байршилтай барилгыг нураах, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, мөн хоёр барилгыг ажил гүйцэтгэгчийн заасан газарт барьж өгөхөөр болж харилцан тохиролцож, эдгээр ажлуудыг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хийж дуусгахаар болж ажлын хөлсөнд 48,000,000 төгрөг авахаар болжээ. Ажлын хөлсний 25,000,000 төгрөгт Е-ийн эзэмшлийн 0000БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг тооцож шилжүүлэн авч хундам цутгах үед 5 сая төгрөг авч үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх үед хийхээр болсон байна. Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажлыг хугацаандаа эхлээгүй бөгөөд барилгыг нураасны дараа Н нь ажлаа биечлэн гүйцэтгээгүй бөгөөд өөр хүмүүсээр хийлгэж ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн. Гэрээний 2-т заасан хоёр барилга барих ажлыг Н эхлүүлсэн боловч дутуу орхиж үүргээ биелүүлээгүй тул тухайн барилгууд бүрэн гүйцэт баригдаагүй орхигдсон. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-ын “m” хэсэгт гүйцэтгэгч нь гэрээнд болон гэрээний хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлнө гэж  заасан ба ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх үүргээ зөрчсөний торгуулийг гаргуулах, гэрээний дагуу урьдчилгаа болгож авсан тээврийн хэрэгслийн үнэ 25,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Би  Е-тэй Ө сумын 1 дүгээр багт байрлах хуучин 14х15 метрийн харьцаатай байшинг нураагаад оронд нь 8х8 метрийн харьцаатай 2 давхар байшин, хотын захад 2 зуны байр барьж өгөхөөр болж, хэрэв байшингаа тоосгоор бариулбал ажлын хөлсийг нэмэгдүүлнэ гэж амаар тохиролцсон. Хавар суурь тавих үед Е шинээр барих байшингийнхаа хэмжээг 8х8 метр биш 12х12 метр болгохоор болсон гэхэд би урьд тохиролцсоныг дурдахад 10х10 метрийн байшин бариулахаар болж хоёулаа тохиролцсон. Бид энэ төрлийн ажлуудыг бригад болж хийдэг байсан. Эхэндээ бид тохиролцох үед хуучин байшинг нураагаад, гарсан материалыг нь зөөгөөд, нурангийг цэвэрлэхээр тохиролцоогүй боловч би түүнтэй урьдын харилцаагаа бодож, түүнийг хүндэтгэсэндээ хуучин байшинг буулгаад, гарсан материалыг нь заасан газар нь зөөгөөд, нурангийг нь цэвэрлээд өгсөн. Тухайн үед Нартай гэх залуу суурь цутгаж байсан бол Оразай гэх залуу өрлөг хийж байсан. Эхэндээ ажил идэвхтэй явж байсан ч нэхэмжлэгч барилгын материалаар хангаж өгч чадаагүй учраас ажил зогсонги байдал орсон.. Ингэж байхад зун дуусаад намар болсон. Улмаар  евро заслыг нь хийж эхлүүлсэн. Е байшиндаа зух тавих ёстой байсан боловч энэ жил зух тавьж чадахгүй юм шиг байна, та нар ажлаа түр зогсоогоод хавар эхлүүлээрэй гэхээр нь зух тавьж халаалтыг шийдээд өгвөл дуусгаад өгье, хэрэв зух тавьж чадахгүй бол дулаарах үед ажлаа үргэлжлүүлье гэсэн. Тэгээд ажлаа хавар ажлаа үргэлжлүүлэхээр болж, хавар ажлаа үргэлжлүүлээд 6 сарын дотор дотоод ажлуудыг бүрэн дуусгасан. Тухайн үед цагаан хөөсөөр гадна фасад хийх ажил л үлдсэн байсан. Тэр бас материалгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн байсан. Нэхэмжлэгчийн надад ажлын хөлсөнд маань өгсөн тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй, өмнө авто осолд орж байсан тээврийн хэрэгсэл юм байна. Энэ талаар хэлэхэд 5000000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Хотын захад байдаг 2 байшингийн 1-ийг нь бүрэн барьж дуусгасан, нөгөөхийн нь рамыг босгочихсон. Тэр 2 байшинг өмнө нураасан байшингаас гарсан хуучин материалаар бариулсан тул би түүнд бид хоёр ингэж тохиролцоогүй шүү гэхэд дахиад 5000000 төгрөг нэмж өгье гэсэн. Нэмж өгнө гэсэн мөнгөө өгөөгүй. Е-тэй тохиролцсон ажил 90 хувь хийгдээд дууссан. Үлдсэн ажил материал байхгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн. Гаражийг С-гэх залуугаар тусдаа хөлс өгөхөөр болж бариулсан мөртлөө С-ийн хөлсийг миний авах ёстой 48,000,000 төгрөгийн хөлсөнд оруулсан байна. Би түүний захиалсан барилга байгууламжуудыг нь материал хэрэгсэл хүрсэн хэмжээгээр нь хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг хүлэн зөвшөөрөхгүй гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр  Н нь Захиалагч Е-ийн эзэмшлийн Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн Хуст арал 1-1-т байршилтай барилга байгууламжийг дахин ашиглах боломжтой байдлаар нураах, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, захиалагчийн эзэмшлийн газарт зураг төслийн дагуу хоёр барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

7.2 ХААН банкнаас гаргаж өгсөн харилцагч Е-ийн 11111111 дугаартай депозит дансны  2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тухайн дансаар дамжуулан хийгдсэн орлого зарлага, түүний хийгдсэн цаг хугацаа, агуулга зэрэг байдал тогтоогдсон байна.

7.3 Гэрч О-ийн “Е-ийн 2 давхар байшингийн өрлөгийн ажлыг би хийж гүйцэтгэсэн ба нийтдээ 4,800,000 төгрөг аваад, 200,000 төгрөг дутуу авсан. Мөн  1,000,000 төгрөгөөр шалны цутгалт хийсэн. Би Н-тай хамтарч бригад болж ажилладаг байсан. Ажлын хөлсийг Н-аас авах ёстой байсан боловч Е би өөрөө шилжүүлнэ гээд Е мөнгө өгсөн. Өрлөгийн ажлыг Н манай бригадын ахлагч учраас түүний заавраар бүх юм хийгдсэн” гэх, гэрч Ш-ийн “Е-ийн байшингийн дээврийг болон шат цутгах ажлыг хийж өгсөн ба дээвэр хийх хөлсөнд 2,000,000 төгрөг, шатыг цутгаж өгсөндөө 600,000 төгрөгийн хөлс авсан. Тухайн ажлуудыг Е-тэй тохиролцоод хийсэн” гэх,  гэрч М-ийн “Би Е-ийн суурь цутгах ажлыг хийхээр болж 700,000 төгрөг авсан. 1,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч 300,000 төгрөгийг дутуу өгсөн. Н-ын ажилчин болж тухайн ажлыг хийсэн” гэх, гэрч С-ийн “Е болон Н нар хэлцэл хийх үед би тэдний хажууд явж байсан. Эхэндээ би Н-д туслахаар байсан боловч сүүлд надад өөр ажил гараад Н-д тусалж чадаагүй. Эхэндээ тэд 8х8 метрийн 2 давхар байшин бариулахаар тохиролцсон боловч Е байшингийн хэмжээг 12х12 метр болгоно гэсэн боловч Е хөлс нэмж өгөхөөр болж байшингийн хэмжээг 10х10 метр болгож тохиролцсон байна. Байшин барих ажлыг 5 дугаар сард эхлэх ёстой байсан боловч 3 дугаар сард ажлыг эхлүүлээд хуучин байшинг нураасан. Н уг ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хийсэн боловч материал дутсан учраас гадна фасадын ажил үлдсэн. Н уг ажлын 85 хувийг өөрөө гардан гүйцэтгэсэн. Би дотоод заслын ажилд туслаад Н-аас хөлс авсан. Өөр хүн тухайн ажлыг хийсэн гэдгийг санахгүй байна. Би Е-т 2,000,000 төгрөгөөр гараж барьж өгөхөөр болсон. Ажлын хөлсөндөө 900,000 төгрөг авсан ба Е сүүлд үлдсэн хөлсөө төлж чадахгүй болсон тул ажлыг зогсоосон. Энэ ажлыг надтай тохиролцсон боловч Н-ийн авах ёстой 48,000,000 төгрөгийн хөлсөнд оруулан тооцсон байна. Е миний хөлсийг миний дансанд биш Н-ийн дансаар дамжуулан өгдөг байсан” гэх , гэрч Т-ийн “Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ний үед Е-ийн өвлийн сууцны гадна фасадын ажлыг 20 гаруй хоног хийсэн. Үүнд хөөсөн фасад хийгээд, дараа нь цавуугаар тор наагаад, хар замаск хийгээд, гадна эмульсээр будах ажлыг хийсэн. Тухайн ажлыг Е-тэй тохиролцоод 5 сая төгрөгөөр хийж өгсөн ба туслахын хөлсийг би төлсөн” гэх мэдүүлгүүдээр Е болон Н нар нь гэрээгээр тохиролцсон өвлийн сууц барих ажлаас өрлөг хийх, дээвэр хийх, фундам цутгах, гадна фассад хийх, шат цутгах ажлыг бусдаар хийлгэсэн ба тухайн ажлуудын хөлсөнд нийт 14,300,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогджээ.

7.3 Гэрч Г-ийн “Миний бие Х нэртэй нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байсан. Н нь 2022 оны 03 дугаар сарын 08-ний өдрөөс эхлээд 200,000 төгрөгөөр эрэгтэй куртка, 200,000 төгрөгөөр хүүхдийн өвлийн гутал, эхнэрийнхээ дүүд 180,000 төгрөгөөр эрэгтэй гутал, мөн дахиад 180,000 төгрөгөөр өөрийн хүүд хавар намрын гутал, мөн 230,000 төгрөгөөр эрэгтэй өвлийн гутал, брэнд эрэгтэй куртка 2 ширхгийг 260,000 төгрөгөөр, эрэгтэй өмд 2 ширхгийг 50,000 төгрөгөөр, Авзал гэх ажилтанд надаас бэлнээр 90,000 төгрөг авч нийт 1,400,000 төгрөгийн барааг зээлээр авсан ” гэх мэдүүлгээр Н нь ажлын хөлсөнд багтааж нэхэмжлэгч Е-ийн эхнэрээс 1,400,000 төгрөгийн бараа авсан нь нотлогджээ.

 

8.Нэхэмжлэгч Е-ийн нь хариуцагч Н-д холбогдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 25,000,000 төгрөг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас төлөх торгууль 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

9.Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр  Н нь Захиалагч Е-ийн эзэмшлийн Б аймгийн Ө сумын 1 дүгээр багийн 00-т тоотод байршилтай барилга байгууламжийг дахин ашиглах боломжтой байдлаар нураах, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, захиалагчийн эзэмшлийн газарт зураг төслийн дагуу хоёр барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэхээр, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 48,000,000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

10.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Е нь нь гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр NISSAN QASHQAI маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр үнэлж ажлын хөлс болгож төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

11.Талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр гэрээгээр тохиролцсон ажлаас Б аймгийн Ө сумын 1-р баг, хуст арал 1-1 хаягт байрлалтай барилга байгууламжийг материалыг дахин ашиглах байдлаар нураах ажил бүрэн хийгдсэн, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламж нь хариуцагч Н болон бусад хүмүүсийн оролцоотойгоор хийгдэж дууссан, мөн захиалагчийн эзэмшлийн газарт хоёр барилгыг зураг төслийн дагуу баригдах хоёр барилгын ажлаас  нэг байшингийн ханыг босгож, дээврийг хийж дуусгасан, хоёр дахь барилгын ханыг босгосон болох нь тогтоогджээ.

12.Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох бөгөөд захиалагч болон ажил гүйцэтгэгчээс зарим ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн байх  ба тухайн гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг тухайн этгээдүүдэд төлсөн байна. Энэхүү төлөгдсөн ажлын хөлс нь хийгдэх ажлын нийт хөлснөөс хасагдаж тооцогдох ба түүнийг ажил гүйцэтгэгч буюу хариуцагчаас буцаан шаардах үндэслэлгүй болно.

13.Нэхэмжлэгч хариуцагч нар анх гэрээ байгуулахдаа гэрээнд ажил гүйцэтгэсний хөлсийг 48,000,000 төгрөгөөр тохиролцсон байх ба нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй гэж үзэж тухайн мөнгийг гаргуулахыг шаардсан, хариуцагчийн зүгээс хийгдэх ажлын 90 хувь нь хийгдсэн, үлдсэн ажлыг хийж дуусгах болно гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заажээ. Талууд гэрээндээ төлөх ажлын хөлсийг нийт дүнгээр тохиролцсон байх ба хийгдэх ажил бүрээр төсөв зохиож тодорхой тусгаагүй байна.  Нэхэмжлэгчийн зүгээс хийгдээгүй ажлын хөлс 25,000,000 төгрөг гэж тайлбарласан байна. Ажил гүйцэтгэгчээс ажлыг гүйцэтгэж дуусаагүй, ажлын үр дүн бүрэн гараагүй боловч тухайн хийгдээгүй үлдсэн ажлын өртөг нь 25,000,000 төгрөг болох нь нотлох баримтаар тогтоодохгүй байгаа тул шүүх өөрөө дүгнэлт хийж гаргуулах боломжгүй байна.

14.Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэгч болох Н нь ажлыг хугацаанд гүйцэтгээгүй учраас гэрээнд зааснаар 10 сая төгрөг торгууль гаргуулахыг шаардсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 5.4-т Гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг  гэрээ байгуулагдсанаас хойш 5 сарын хугацаанд багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон, мөн гэрээний хавсралтад Б аймгийн Ө сумын 1-р баг, хуст арал 1-1 хаягт байрлалтай барилга байгууламжийг материалыг дахин ашиглах байдлаар нураах ажлыг болон нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга  барих ажлыг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хийж гүйцэтгэж дуусгавар болгохоор, захиалагчийн эзэмшлийн газарт хоёр барилгыг зураг төслийн дагуу барих ажлыг 2021 оны  05 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Гэрээнд заасан хийж гүйцэтгэх хугацаа нь гэрээ байгуулахаас өмнө дуусахаар зөрүүтэй, алдаатай бичигдсэн, хариуцагчийн зүгээс нураасан барилгын материалыг ашиглан захиалагчийн эзэмшлийн газарт хоёр барилга баригдах ёстой байсан, мөн захиалагчийн зүгээс материалаар хангаж өгөөгүй тул хугацаанд хийгдээгүй гэж тайлбарласан ба талуудын тайлбараас үзэхэд гэрээнд заасан хугацаа  өнгөрсөн байхад гүйцэтгэгчийн хувьд үүргээ гүйцэтгэсээр байсан байх тул талууд хугацааны хувьд харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн ажил гүйцэтгэгчээс захиалсан барилга байгууламжуудыг нь материал хэрэгсэл хүрсэн хэмжээгээр нь хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалаар хангаж байсныг нотлоогүй бах тул энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

15.Иргэний хулийн 355 дугаар зүйлийн  355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Е, хариуцагч Н нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний аль аль тал гэрээнээс татгалзсан,  хуульд заасан журмын дагуу цуцалсан гэх талаар нотлох баримтгүй болно. Мөн хариуцагчийн зүгээс материалаар хангасан тохиолдолд дутуу ажлыг хийхийг зөвшөөрч байна гэж тайлбарлажээ.

16.Иймд нэхэмжлэгч Е-ийн хариуцагч Н-аас ажил гүйцтэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е-ийн хариуцагч Н-аас ажил гүйцтэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК