Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2024/00015

 

М.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00940 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Х овогт М-ийн Е-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн ***** оршин суух Ш овогт М-ийн Н-д холбогдох,

 

“Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч М.Е-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М-ийн Е-тэй М-ийн Н- нь харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч М.Н- нь ажил гүйцэтгүүлэгч М.Е-ийн эзэмшлийн Өлгий сумын 1 дүгээр багт байрлах барилгыг нураах, нураасан барилгын оронд 10x10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, мөн хоёр барилгыг ажил гүйцэтгэгчийн заасан газарт барьж өгөхөөр болж харилцан тохиролцож, эдгээр ажлуудыг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүрэл хийж өгөхөөр болж ажлын хөлсөнд 48,000,000 төгрөг авахаар болсон.

1.2. Ажлын хөлсний 25,000,000 төгрөгт М.Е-ийн эзэмшлийн **** БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг тооцож шилжүүлэн авч, хундам цутгах үед 5 сая төгрөг авч, үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх үед хийхээр болсон.

1.3. Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажлыг хугацаандаа эхлээгүй бөгөөд хуучин барилгыг нураасны дараа хундам цутгах ажлыг Н- гэдэг хүнээр хийлгүүлсэн бөгөөд Н- 700,000 төгрөг, Н- өөрөө 300,000 төгрөгийг авч нийтдээ 1,000,000 төгрөгөөр хундам цутгасан. Үүний дараа О- гэдэг залууд 5,395,000 төгрөг төлж өрлөг, Ш гэдэг залуугаар 1,700,000 төгрөг өгч дээвэр, стяшик 1,800,000 төгрөгөөр, бетон шатыг 600,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Сантехник цэвэр, бохирыг Мейрамхан гэдэг хүнээр хийлгүүлсэн.

1.4. Барилгын дотор заслын ажлыг М.Н- өөрөө хийсэн ба энэ үед түүний хүү Наурызын дансаар 2,000,000 төгрөг, М.Е-ийн барааны дэлгүүрээс 1,450,000 төгрөгийн бараа, бэлэн 2,000,000 төгрөг тус тус авч байжээ. Харин гэрээний хавсралт 2-т заасан 2 барилга барих ажлыг М.Н- эхлүүлсэн боловч дутуу орхиж үүргээ мөн биелүүлээгүй өдий хүрсэн байна. Тодруулбал, хавсралт 2-т заасан ажлын 1-р барилгын рам зангидаж орхисон ба бусад ажлыг нь хийгээгүй, 2-р барилгын хана босгож, дээврийг нь хийж дутуу орхисон байна. 2021 онд барилгын материал тасарч зарагдаж байгаа барилгын материал үнэд орсон үед гэрээний үүргээ биелүүлэх байх гэж бодоод бүх материалаа татсан байхад Н- ажлаа биечлэн гүйцэтгэхээс татгалзаж, ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн байна. Үүнээс болж өнөөдрийг хүртэл тухайн барилгууд бүрэн гүйцэд баригдаагүй, дутуу орхигдсон байна.

1.5. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-ын m хэсэгт гүйцэтгэгч нь гэрээнд болон гэрээний хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлнө гэж заасан. Ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх үүргээ 2 жил хожимдуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаа хийгээгүй тул түүнээс авсан тээврийн хэрэгслийн үнэ 25,000,000 төгрөг нийтдээ 35,000,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Учир нь, М.Н- нь гэрээгээр хүлээсэн ажлыг өөрийн биеэр гүйцэтгээгүй, бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг тухайн иргэдэд тус тус шилжүүлж авч байсан. Мөн М.Н- өөрийн биеэр гүйцэтгэсэн ажлын хөлсийг тухай бүр тус тус шилжүүлэн авч байсан.

1.6. Иймд гэрээний үүргээ зөрчсөн М.Н-аас 35,000,000 төгрөг гаргуулан М.Е-т олгуулж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч надад Стадионы тэнд байдаг хуучин байшингаа нураагаад оронд нь байшин барьж, хотын захад шинээр 2 зуны байр барьж өгөөрэй гэж өвөл ажлын санал тавьсан. Тухайн үед би М.Е-тэй Өлгий сумын 1 дүгээр багт байрлах хуучин 14х15 метрийн харьцаатай байшинг нураагаад оронд нь 8х8 метрийн харьцаатай 2 давхар байшин, хотын захад 2 зуны байр барьж өгөхөөр болж, хэрэв байшингаа тоосгоор бариулбал ажлыг хөлсийг нэмэгдүүлнэ гэж амаар тохиролцсон.

2.2. Хавар суурь тавих үед М.Е- шинээр барих байшингийнхаа хэмжээг 8х8 метр биш 12х12 метр болгохоор болсон гэхэд би урьд тохиролцсоныг дурдахад 10х10 метрийн байшин бариулахаар болж хоёулаа тохиролцсон. Би тухайн ажлыг ганцаараа хийж чадахгүй. Бид энэ төрлийн ажлуудыг бригад болж хийдэг байсан. Эхэндээ бид тохиролцох үед хуучин байшинг нураагаад, гарсан материалыг нь зөөгөөд, нурангийг цэвэрлэхээр тохиролцоогүй боловч би түүнтэй урьдын харилцаагаа бодож, түүнийг хүндэтгэсэндээ хуучин байшинг буулгаад, гарсан материалыг нь заасан газар нь зөөгөөд, нурангийг нь цэвэрлээд өгсөн. Тухайн үед Н- гэх залуу суурь цутгаж байсан бол О гэх залуу өрлөг хийж байсан.

2.3. Харин би хотын захад барих 2 байшингийн ажлыг хийж байсан. Эхэндээ ажил идэвхтэй явж байсан ч нэхэмжлэгч барилгын материалаар хангаж өгч чадаагүй учраас ажил зогсонги байдалд орсон. Зунжингаа барилгын материалыг бага багаар авчирч байсан тул ажил тасалдсан. Ингэж байхад зун дуусаад намар болсон. Тэгэхэд М.Е- нь надад чамд барилгын материал зардаг таньдаг хүн байвал зээлээр барилгын материал аваад өгөөч гэхээр нь өөрийн таньдаг нэг залуугаас 5 сая төгрөгийн барилгын материалыг авч өгсөн ба үүний тал үнийг бэлэн өгч, үлдсэнийг нь зээлдэж авсан. Ингээд евро заслыг нь хийж эхлүүлсэн. М.Е- байшиндаа зуух тавих ёстой байсан боловч энэ жил зуух тавьж чадахгүй юм шиг байна, та нар ажлаа түр зогсоогоод хавар эхлүүлээрэй гэхээр нь зуух тавьж халаалтыг шийдээд өгвөл дуусгаад өгье, хэрэв зуух тавьж чадахгүй бол дулаарах үед ажлаа үргэлжлүүлье гэсэн.

2.4. Тэгээд ажлаа хавар ажлаа үргэлжлүүлэхээр болж, хавар ажлаа үргэлжлүүлээд 6 сарын дотор дотоод ажлуудыг бүрэн дуусгасан. Тухайн үед цагаан хөөсөөр гадна фасад хийх ажил л үлдсэн байсан. Тэр бас материалгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн байсан. Нэг өдөр М.Е-ийн хүү над руу залгаад ирж үлдсэн ажлуудаа дуусгаарай гэхээр нь би түүнд тог оруулсан ганц нүх л үлдсэн, бусад ажил бүрэн хийгдсэн, фасадын материал ирсний дараа үлдсэн хөлсөө аваад ажлыг чинь дуусгаад өгнө гэсэн. Нэхэмжлэгчийн надад ажлын хөлсөнд маань өгсөн тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй, өмнө авто осолд орж байсан тээврийн хэрэгсэл юм байна. Энэ талаар хэлэхэд 5,000,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Хотын захад байдаг 2 байшингийн 1-ийг нь бүрэн барьж дуусгасан, нөгөөхийн нь рамыг босгочихсон. Тэр 2 байшинг өмнө нураасан байшингаас гарсан хуучин материалаар бариулсан тул би түүнд бид хоёр ингэж тохиролцоогүй шүү гэхэд дахиад 5,000,000 төгрөг нэмж өгье гэсэн. Нэмж өгнө гэсэн мөнгөө өгөөгүй. М.Е-тэй тохиролцсон ажил 90 хувь хийгдээд дууссан. Үлдсэн ажил материал байхгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн. Хотын захад баригдах 2 байшинд нуруу мод биш төмрөөр гагнуур хийх ёстой байтал гагнуурыг хийлгээгүй учраас тэр байшингийн ажил бүрэн дуусаагүй. Гаражийг К.С- гэх залуугаар тусдаа хөлс өгөхөөр болж бариулсан атлаа К.С-ын хөлсийг миний авах ёстой 48,000,000 төгрөгийн хөлсөнд оруулсан байна.  

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00940 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Е-ийн хариуцагч М.Н-аас ажил гүйцтэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Шүүхээс “Ажил гүйцэтгэгчээс ажлыг гүйцэтгэж дуусаагүй, ажлын үр дүн бүрэн гараагүй боловч тухайн хийгдээгүй үлдсэн ажлын өртөг нь 25,000,000 төгрөг болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан боловч захиалагч материалаар хангаагүй байх тул ажил тасалдсан, гүйцэтгэгч ажлаа хийж гүйцэтгэсээр байсан тул талууд гэрээний хугацааг сунгасан байна, мөн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан, цуцалсан талаар нотлох баримт байхгүй...” гэх үндэслэлүүдийг тус тус дурджээ.

4.2. Хийгдээгүй ажлын өртөг 25,000,000 төгрөг болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэгч хариуцагчтай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэхэд Өлгий сумын 1 дүгээр багт байрлах барилгыг нураах, нураасан барилгын оронд 10x10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, мөн хоёр барилгыг ажил гүйцэтгэгчийн заасан газарт барьж өгөх, эдгээр ажлыг 48.000.000 төгрөгийн хөлс авахаар харилцан тохиролцсон ба энэхүү гэрээний хугацаанд ажил хийгдээгүй 2023 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжилж, улмаар нэхэмжлэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, ажлын хөлсийг буцаан гаргуулах үндэслэл болсон.

М.Н- нь М.Е-ээс гэрээ байгуулах үед нийт ажлын хөлсөнд 25 сая төгрөгийн автомашин тооцож, барилгыг нурааж хундам цутгах үед 5 сая төгрөгийг бэлнээр нийт 30 сая төгрөг авч ажлаа эхэлсэн хэдий ч ажлаа гар бие гүйцэтгээгүй. Улмаар нэхэмжлэгч нь н.Н- гэх хүнд 1,000,000 төгрөг өгч хундам цутгуулж, н.О гэх хүнд 5,395,000 төгрөг өгч өрлөгийн ажлыг, н.Ш гэх хүнд 4,100,000 төгрөг өгч дээвэр, стяшик, бетон шат зэргийг хийлгүүлсэн байдаг. Үүнээс үзвэл тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой суурь цутгах, өрлөг өрөх, дээвэр, стяшик, бетон шат цутгах гэх мэт гол ажлуудыг өөр хүмүүс гүйцэтгэсэн байна. Харин ажил гүйцэтгэгч М.Н- нь гол ажлуудыг өөрөө хийгээгүй, уг ажлын төлбөрийг М.Е-ээс ажил гүйцэтгэсэн хүмүүст тухай бүр өгч байсан ба хариуцагч нь зөвхөн дотоод засал, 2 зуны байшингийн нэгний рамыг босгосон, нөгөө байшингийн хана босгож, дээвэр хийсэн байдалтай байгаа юм.

Гэвч хариуцагч нэхэмжлэгчээс хариуцагч дотоод заслын ажлыг хийхэд 2,000,000 төгрөгийг өөрийн хүүгийн дансанд, бэлнээр 2,000,000 төгрөгийг, барааны төлбөрт 1,450,000 төгрөгийг тус тус авсан байх ба нийт 30,000,000 төгрөг дээр 5,450,000 төгрөг нэмэгдэж нийт 35,450,000 төгрөгийг ажлын хөлсөнд авчээ. Дээр дурдсан М.Н-ы гүйцэтгэсэн ажил нь 10,000,000 төгрөгт хийгдэх боломжтой ажил болохыг нэхэмжлэгчийн өөр хүмүүсээр гүйцэтгүүлэхэд төлсөн төлбөрөөр нотлогдох боломжтой, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэл болохыг шүүхээс анхаарч авч үзээгүй байгаа нь хуульд нийцээгүй байна.

4.3. Барилгын материал тасалдсан тул ажил хийх хугацаа сунгагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд: Хариуцагчаас нэхэмжлэгч барилгын материалыг хугацаандаа хангаагүй тул ажил гүйцэтгэх хугацаа сунгагдсан ба ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй зөрчил гаргаагүй гэсэн байна. Гэтэл, хариуцагч нь нэхэмжлэгчид хийж гүйцэтгэх ажлыг өөрөө хийдэггүй бусад хүмүүс хийж гүйцэтгэж байсан, ажлаа өнөөдрийг хүртэл бүрэн дуусгаагүй атлаа коронавирусын халдвараар барилгын материал тасалдсан гэх тайлбар нь үндэслэлгүй ба хэрэв гэрээний хугацаанд гүйцэтгэж байсан гэвэл нотлох баримтаар нотлох ёстой юм. Нэхэмжлэгч өөрийн өвлийн болон зуны байшинг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд барилгын материал болон өөр хүмүүсээр ажил гүйцэтгүүлсээр байсан ба хариуцагч ажлаа хугацаандаа хийдэггүй, ажил цалгардуулж, хугацаа алдагдуулсан нь тодорхой байхад шүүхээс нэхэмжлэгч барилгын материалаар хугацаанд нь хангаж байсан талаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв нэхэмжлэгч барилгын материалаар хангаагүй байсан бол тухайн барилга байгууламж өдий хүртэл баригдах байсан эсэхэд шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй болно.

4.4. Талууд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан, цуцалсан талаар баримт байхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй тухайд: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэгчийн гол үүрэг нь захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэж өгөх байдаг. Мөн хуулийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж гэрээний зүйлийг тодорхойлсны дагуу ажил гүйцэтгэгч болох М.Н- нь ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой. Мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь ажлыг гэрээгээр тохиролцсон хугацаанд, гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн байх ёстой бөгөөд хариуцагч нь ажлыг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүхээс гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан баримт байхгүй байна гэж дүгнэж байгаа нь хуульд нийцээгүй.

Учир нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ 2021 онд байгуулагдсан үүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд ажил зохих ёсоор гүйцэтгэгдээгүй байгаа нь нотлох баримтаар тодорхой тогтоогдож байгаа билээ. Үүний улмаас нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд төлсөн үлдсэн төлбөрийг гэрээний хариуцлагын хамт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасны дагуу буцаан шаардаж байхад гэрээ цуцлагдаагүй гэж үзэх боломжгүй. Хариуцагчаас анхнаасаа ажлыг бүрэн хийж өгдөггүй байсан тул өөр хүмүүсээр ажлыг хийлгүүлж байгаа нь гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжтой ба нэхэмжлэгчийн хувьд хариуцагч М.Н-аар ажлын хөлсийг дамжуулаагүй ажил хийсэн хүмүүсийн өөрсдөд нь төлбөрийг өгч байсан дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь дээрх хуулийн дагуу гэрээг өөр хүмүүсээр ажлыг гүйцэтгүүлэх үедээ гэрээг цуцалсан болох нь тогтоогдох боломжтой. Харин хариуцагчийн сүүлд гүйцэтгэсэн ажилд тухай бүр мөнгийг нь өгч байсан.

4.5. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1-д заасны дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00940 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

            5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Хариуцагч нэхэмжлэгчтэй 48 сая төгрөгийн гэрээ хийсэн. Нэхэмжлэгч хоёр давхар байшин болон зуны байшингаа бариулж авсан. Гэрээнд заасан бариулах ёстой объектуудаа бүгдийн нь бариулсан. Одоо бариулж дууссаны дараа 35 сая, дараа нь 10 сая төгрөгийг М.Н-аас нэхэмжилснийг шүүх хянаж үзсэн. М.Н- өөрөө ганцаараа ажиллаж чадахгүй учраас хэсэг хүмүүстэй хамтран ажилласан. Нураасан байшингуудыг дахиж барих нь хүнд байсан. Мөн нэхэмжлэгч материалаа бүрэн өгөөгүй, дутуу өгч байсан учраас хугацаандаа барьж өгч чадаагүй. Зарим зүйлийг хийж өгье гэсэн боловч өөрөө материалыг авчраагүй байсан. Ерөнхийдөө хийдэг ажлуудыг хийж дууссан.

5.2. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа хариуцагч өгсөн. Анхан шатны шүүхээс хэргийг хянаж үзээд 940 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан учраас хэвээр үлдээж өгөх саналтай байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

            7. Нэхэмжлэгч  М.Е- нь хариуцагч М.Н-нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохиролд 35.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “М.Н-тай a/ барилга байгууламжийг материалыг нь дахин ашиглах боломжтойгоор нураах, b/ оронд нь 10х10 хэмжээтэй 2 давхар барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр шинээр барих (a болон b ажлыг 2021-07-11 хүртэл), c/ захиалагчийн заасан газарт гэрээнд хавсаргасан зургийн дагуу хоёр зуны байшинг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барих (2021-05-01 хүртэл)”-аар харилцан тохиролцож, ажлын хөлсний нийт хэмжээг 48.000.000 төгрөгөөр тогтоосноос 25.000.000 төгрөгөөр үнэлж өөрийн өмчлөлийн Ниссан кашкай маркийн тээврийг хэрэгслийг шилжүүлэн өгсөн” гэж тайлбарлан, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргийг биечлэн гүйцэтгээгүй, бусдаар гүйцэтгүүлсэн, гэрээнд заасан хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тул захиалагч зарим ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, иймд түүнээс гэрээний үнэд тооцож шилжүүлсэн Ниссан кашкай маркийн тээврийн хэрэгслийн үнэ 25.000.000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 4.2 “m”-д зааснаар 10.000.000 төгрөгийн торгууль, нийт 35.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            8. Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, М.Е- болон түүний эхнэр К.Г-ийн дансны хуулга, хэргийн 83, 98, 101, 103 дахь талд авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас буюу гэрээний үүргийн зөрчлийн улмаас өөрт учирсан хохиролд 35.000.000 төгрөг шаардана” гэж тодорхойлох боловч хариуцагч М.Н- нь гэрээнд заасан үүргээ бүрэн, эсхүл зарим хэсгийг биелүүлсэн эсэх, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийн тулд чухам ямар ажлуудыг өөрөө эсхүл бусдаар гүйцэтгүүлсэн эсэх, тухайн хийж гүйцэтгэсэн ажлуудын өртөг, ажил гүйцэтгэгч нь гэрээнд тохирсон ямар ажлуудыг хийж гүйцэтгээгүй тухай, түүний өртөг, үүний улмаас захиалагчаас гарсан зардал, захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлуудаас өөрөө хариуцаж, ажил гүйцэтгэгчээр бус, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын тухай болон түүний өртөг зэрэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг буюу ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг маргааны үйл баримтад оновчтой тайлбарлаж хэрэглээгүй байна.

 

            9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх учраас талуудын тохиролцсон буюу гүйцэтгэвэл зохих ажлын хэмжээ, ажил гүйцэтгэгчийн бодитой гүйцэтгэсэн ажлын үр дүн хийгээд түүний өртгийг /ажлын хөлс/ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлаас тодруулж, талуудын мэтгэлцээнийг үндэслэн тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

 

            10. Нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл, гэрээнд заасан ажлууд болох хуучин барилгыг нураах, суурь цутгахад захиалагчаас 700.000, 300.000 төгрөгийн, оронд нь барих 2 давхар барилгын өрлөгт 5.395.000 төгрөгийн, дээвэрлэхэд 1.700.000 төгрөгийн, шал цутгахад 1.800.000 төгрөгийн, бетон шат хийлгэхэд 600.000 төгрөгийн, дотор засалд 2.000.000 төгрөгийн, захиалагчийн дэлгүүрээс авсан бэлэн мөнгө болон барааны үнэ 1.450.000, 2.000.000 төгрөгийн, нийт 15.945.000 төгрөгийн зардал гарсан гэх боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн үндэслэлд хэрхэн хамаарах, эсхүл ажил гүйцэтгэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс захиалагчаас гарсан зардал, хохиролд шаардсан эсэх, гэрээнд зааснаар ажлын хөлсөнд тооцож шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнийг шаардсан үндэслэл зэргийг нэхэмжлэгчээс тодруулсны эцэст хариуцагчийн энэ талаарх байр суурийг тусгаж хэргийг хянан шийдвэрлэх нь маргааны үйл баримтыг бодитой тогтоох, зохигч мэтгэлцэх тэгш боломжийг хангах, улмаар шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах хүчин зүйл болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            11. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний  /гэрээг 2021-12-16-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн/ 1 дүгээр хавсралтад талууд “c/-хэсэгт заасан ажлыг 2021-05-01-нд хийж гүйцэтгэхээр”, “a/, b/ хэсэгт заасан ажлуудыг 2021-07-11-ний өдөр хийж гүйцэтгэхээр” тус тус тохиролцсон бөгөөд 4.2 “m”-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд болон гэрээний хавсралтад заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10.000.000 төгрөгийн торгууль төлөхөөр тусгажээ. Нэхэмжлэгч нь хариуцагч буюу ажил гүйцэтгэгчид холбогдуулж гэрээгээр тохирсон ажлыг биечлэн гүйцэтгээгүй, хугацаанд нь гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн гэж үзэж, түүнийг уг зөрчилд гэрээнд зааснаар 10.000.000 төгрөгийн торгууль төлөх ёстой гэж шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэх ажил гүйцэтгэх гэрээний хугацаа, гэрээгээр тохиролцсон ажил тус бүрд бодитой хугацаа тогтоосон эсэх, гэрээнд тусгагдсан ажил тус бүрийг гүйцэтгэх хугацаа, гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн эсэх, хэрвээ хугацаа хожимдуулсан бол түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх зэргийг зохигчоос тодруулсны эцэст маргааныг хянан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

 

            12. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос хууль хэрэглээ болон нотлох баримтын үнэлгээтэй холбоотой хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул “нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхиж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Е-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК