Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2023/00967

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, Ө овогт Г.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын Засаг дарга /А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,623,351 /найман сая зургаан зуун хорин гурван мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Иргэдийн төлөөлөгч Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргад холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,623,351 /найман сая зургаан зуун хорин гурван мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б аймгийн А сумын Засаг даргын зүгээс С намайг тус А сумын 5 дугаар багийн Засаг даргаар 11 сар томилохгүй байсан түүний буруутай буюу хууль бус эс үйлдэхүйн улмаас би 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл нийт 8,623,351 төгрөгийн цалин, орлогоо аваагүй, мөн 11 сарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж чадалгүй хохирсон болохоор А сумын Засаг даргаас цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг тус сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсэн нэхэмжлэл гаргаж байна.

1.2 С би өөрийн амьдардаг Б аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуульд 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр нэрээ дэвшүүлэн өмнөх дарга байсан М-тай өрсөлдөн оролцсон билээ. Тус нэр дэвшүүлэх сонгуульд олонхын саналаар би илтэд ялж тус багийн засаг даргаар ажиллах бүрэн эрхийн болзлыг хангасан юм. Тус 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурал нь хуралдаад намайг сонгуульд ялсан гэж дүгнээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр С намайг тус А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 4 дүгээр тогтоол гаргаж сумын Засаг даргад хүргүүлсэн юм.

1.3 Энэ тогтоолыг болон сонгуулийг эс зөвшөөрч нэр дэвшигч М нь сумын Засаг даргад гомдол гаргасан. А сумын Засаг дарга нь гомдлыг нь дэмжиж намайг 5 дугаар багийн засаг даргад батламжлаагүй буюу түүнд шүүхэд хандаж цаг хожихыг зөвлөснөөр М нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж цалин авч бүтэн жил Засаг даргын ивээл доор байсан. Шаардлага нь санал хураалтыг дахин явуулах гэсэн утгатай. Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 110/ШШ2022/0019 дугаартай шийдвэрээр М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд би тус шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон юм. Энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хэвээр баталсан байдаг. Эцсийн шийдвэр болох Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 421 дүгээр тогтоолыг авч танилцаад Б аймгийн А сумын Засаг дарга нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Б/211 дугаартай захирамжаар намайг тус сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон.

1.4 Би шударга сонгуулийн үр дүнд багийн Засаг даргаар томилогдон ажиллах ёстой байтал сумын Засаг даргын илт буруутай үйл ажиллагаанаас болж ажиллаж чадалгүй бүтэн 11 сар 02 хоног хохирсон. Би энэ 11 сар ажилгүй байсан үеийн багийн Засаг даргын нэг сард авах ёстой үндсэн цалин болох 783,941 төгрөгийг 11 сараар үржүүлж нийт 8,623,351 төгрөгийг хариуцагч Б аймгийн А сумын засаг дарга /А/-ээс нэхэмжилнэ. Мөн энэ ажилгүй байсан 11 сарын миний нэр дээр “төлөгдөх ёстой эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд Засаг дарга буюу түүний Засаг даргын тамгын газраар нөхөн төлүүлэхийг хүсэж байна.

1.5 Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна, 498.2-д “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна ...” гэж заасан болон бусад холбогдох хууль тогтоомжоор шаардах эрхийг минь зохицуулсан билээ.

1.6 Анхан шатны шүүх нь “Г.С-ийг А сумын Засаг дарга А нь 5 дугаар багийн Засаг даргаар томилоогүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан “үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу томилоогүй, эс үйлдэхүй нь тус сумын Засаг даргын хууль бус буруутай үйлдэл байсан. Гуравдагч этгээд болох Б эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж үзэж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2022/0019 дүгээр шийдвэрээр миний эрхийг хангаж шийдвэрлэсэн байсан. Харамсалтай нь нь нэхэмжлэгчээр шат шатны шүүхээр Засаг дарга нь гомдлоо гаргуулан явж өөрийн талын хүнээ ажиллуулж, цалинжуулж байгаад аргагүйн эрхэнд 2022 оны 12 дугаар сард 5 дугаар багийн Засаг даргаар С намайг ажилд томилсон.

1.7 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан байдаг. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна” гэж, мөн 498.2-д “... учруулсан гэм хорыг төр хариуцна" гэж заасан байгаа.

Иймд С намайг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн багийн Нийтийн хурлаас багийн Засаг даргаар томилуулах тухай санал гаргасан №04 дүгээр тогтоол гарсан өдрөөс ажилд орсон 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 8,623,351 төгрөг тооцон олгохыг мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагч Б  аймгийн А сумын Засаг дарга, түүний тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ийн хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч С-ээс “Ажилгүй байсан хугацааны цалин нийт 8,623,351 төгрөгийг гаргуулах тухай” гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Нэхэмжлэгч гэх С нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Б аймгийн А сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлаас тус багийн Засаг даргад өрсөлдөж, олонхын санал авсан гэж сонссон байна.

2.2 Гэтэл урьд тус багийн Засаг даргаар ажиллаж байсан М-аас Б аймгийн А сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзээд Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх М-ийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг маргаан гурван шатны шүүхээр хянагдаж, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр эцсийн шийдвэр гарсан. Хариуцагч Б- А аймгийн А сумын Засаг дарга А-ээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг гардан хүлээн авангуут Б 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Б/211 дугаартай захирамжаар Б аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон. С одоо тус багийн Засаг даргаар ажиллаж байна.

2.3 Б тус багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол гарсан боловч урьд тус 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан М нь тус багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн ажиллагааг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхцөлд хөндлөнгөөс сумын Засаг даргаас Б багийн Засаг даргаар томилох талаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн, С ажил олгогчтой хөдөлмөрийн ямар нэгэн харилцаа үүсгээгүй, ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байсан буюу түүнийг багийн Засаг даргаар томилсон шийдвэр гараагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан С-ийн тус шүүхэд гаргасан “Ажилгүй байсан хугацааны цалин нийт 8,623,351  төгрөг гаргуулах тухай' нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г: “Хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын гаргасан шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2022/0019 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 421 дугаартай хуралдааны тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын  2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 04 дугаартай хуралдааны тогтоол, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Б/211 дугаартай захирамж, С.Атай байгуулсан өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШЗ2023/01618 дугаартай захирамж, Б аймгийн А сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай хуралдааны тэмдэглэл,  Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШЗ2023/0190 дугаартай захирамж зэргийг,

 

Хариуцагчаас хариуцагч тайлбар, Б аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 154 дугаар албан бичгээр Я.Сьездэд олгосон итгэмжлэл, Мгаас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШЗ2022/0044 дугаартай шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 406 дугаартай магадлал зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Б хариуцагч Б аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,623,351 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн А сумын Засаг даргын зүгээс С намайг А сумын 5 дугаар багийн Засаг даргаар 11 сар томилохгүй байсан түүний буруутай хууль бус эс үйлдэхүйн улмаас би 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл нийт 8,623,351  төгрөгийн цалин, орлогоо аваагүй, мөн 11 сарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж чадалгүй хохирсон болохоор А сумын Засаг даргаас цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч С нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Б аймгийн А сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас тус багийн Засаг даргад өрсөлдөж, олонхын санал авсан гэж сонссон. Гэтэл Б багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзээд урьд тус  багийн Засаг даргаар ажиллаж байсан М-аас Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр эцсийн шийдвэр гарсан. А сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийг хүлээн авангуут Б 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Б/211 дугаартай захирамжаар Б аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон. Нэхэмжлэгчийг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолтой холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхцөлд хөдлөнгөөс сумын Засаг даргаас Б багийн Засаг даргаар томилох талаар шийдвэр гаргах боломжгүй байсан. С болон ажил олгогчийн хооронд ямар нэгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

8.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

8.1 Б аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай” тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан С-ийн нэрийг 5 дугаар багийн Засаг даргаар дэвшүүлж, Б 5 дугаар багийн Засаг даргар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн болох нь тогтоогджээ.

8.2 Энэхүү Б аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай” тогтоолыг  иргэн М эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2022/0019 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарны 09-ний өдрийн 406 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 421 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

8.3 Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2022/0019 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор (хариуцагч) Б аймгийн А сумын Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Б/211 дугаартай  захирамжаар А сумын 5 дугаар багийн Засаг даргаар (нэхэмжлэгч) Б 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байна.

8.4 Нэхэмжлэгч С нь Б аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажилласан хугацаанд буюу  2022 оны 12 дугаар сард авсан цалин 783941 төгрөгт 188145 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох Төрийн мэдээллийн сангаас гаргаж авсан 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оор тогтоогдож байна.

 

9.Эдгээр нотлох баримтаар хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Б Б аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл буюу 11 сар томилон ажиллуулаагүй гэх хууль зөрчсөн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэн, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

Б аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай” тогтоолыг эс зөвшөөрч иргэн М захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж тус маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэлх хугацаанд хариуцагч А сумын Засаг даргаас шийдвэр гаргаагүй байдлыг хууль бус эс үйлдэхүй гэх нь үндэслэлгүй бөгөөд энэ хугацаанд хариуцагч С-д гэм хор учруулсан гэдэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11.Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй,  хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын шийдвэр зөв гэж дүгнэлт гаргасан нь дээрх байдлаар хариуцагчийн хууль бус эс үйлдэхгүй нотлогдоогүй гэдэгт нийцэж байна.

12. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга нь гэм хорыг хариуцах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч Б хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,623,351 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,922 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас  ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,623,351 /найман сая зургаан зуун хорин гурван мянга гурван зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,922 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАНГИЛИК

                                                  ШҮҮГЧИД                              К.БҮЛДИРГЕН

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК