Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2024/00014

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00967 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух Ө овогт Г-ийн С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга /А.А/-д холбогдох,

 

“Төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу орлого 8,623,351 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1. Баян Өлгий аймгийн А сумын Засаг даргын зүгээс Г.С-э намайг тус А сумын 5 дугаар багийн Засаг даргаар 11 сар томилохгүй байсан түүний буруутай буюу хууль бус эс үйлдэхүйн улмаас би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 8,623,351 төгрөгийн цалин, орлогоо аваагүй, мөн 11 сарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж чадалгүй хохирсон болохоор А  А. сумын Засаг даргаас цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг тус сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсэн нэхэмжлэл гаргаж байна.

1.2. Г.С-э би өөрийн амьдардаг Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуульд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэрээ дэвшүүлэн өмнөх дарга байсан Т.М-тай өрсөлдөн оролцсон. Тус нэр дэвшүүлэх сонгуульд олонхын саналаар би илтэд ялж тус багийн засаг даргаар ажиллах бүрэн эрхийн болзлыг хангасан. Тус 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурал нь хуралдаад намайг сонгуульд ялсан гэж дүгнээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.С-э намайг тус А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 4 дүгээр тогтоол гаргаж сумын Засаг даргад хүргүүлсэн.

 

1.3. Энэ тогтоолыг болон сонгуулийг эс зөвшөөрч нэр дэвшигч Т.М- нь сумын Засаг даргад гомдол гаргасан. А сумын Засаг дарга нь гомдлыг нь дэмжиж намайг 5 дугаар багийн засаг даргад батламжлаагүй буюу түүнд шүүхэд хандаж цаг хожихыг зөвлөснөөр Т.М- нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж цалин авч бүтэн жил Засаг даргын ивээл доор байсан. Шаардлага нь санал хураалтыг дахин явуулах гэсэн утгатай. Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 110/ШШ2022/0019 дугаартай шийдвэрээр Т.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд би тус шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон юм. Энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хэвээр баталсан байдаг. Эцсийн шийдвэр болох Дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 421 дүгээр тогтоолыг авч танилцаад Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга /А.А/ нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Б/211 дугаартай захирамжаар намайг тус сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон.  

1.4. Би шударга сонгуулийн үр дүнд багийн Засаг даргаар томилогдон ажиллах ёстой байтал сумын Засаг даргын илт буруутай үйл ажиллагаанаас болж ажиллаж чадалгүй бүтэн 11 сар 02 хоног хохирсон. Би энэ 11 сар ажилгүй байсан үеийн багийн Засаг даргын нэг сард авах ёстой үндсэн цалин болох 783,941 төгрөгийг 11 сараар үржүүлж нийт 8,623,351 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын засаг дарга /А.А/-ээс нэхэмжилнэ. Мөн энэ ажилгүй байсан 11 сарын миний нэр дээр төлөгдөх ёстой эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд Засаг дарга буюу түүний Засаг даргын тамгын газраар нөхөн төлүүлэхийг хүсэж байна.

1.5. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна, 498.2-д ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна ... гэж заасан болон бусад холбогдох хууль тогтоомжоор шаардах эрхийг минь зохицуулсан билээ.

1.6. Анхан шатны шүүх нь Г.С-ийг А сумын Засаг дарга А.А нь 5 дугаар багийн Засаг даргаар томилоогүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу томилоогүй, эс үйлдэхүй нь тус сумын Засаг даргын хууль бус буруутай үйлдэл байсан. Гуравдагч этгээд болох Г.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2022/0019 дүгээр шийдвэрээр миний эрхийг хангаж шийдвэрлэсэн байсан. Харамсалтай нь нэхэмжлэгчээр шат шатны шүүхээр Засаг дарга нь гомдлоо гаргуулан явж өөрийн талын хүнээ ажиллуулж, цалинжуулж байгаад аргагүйн эрхэнд 2022 оны 12 дугаар сард 5 дугаар багийн Засаг даргаар Г.С-э намайг ажилд томилсон.

1.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан байдаг. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна гэж, мөн 498.2-д ... учруулсан гэм хорыг төр хариуцна" гэж заасан байгаа.

1.8. Иймд Г.С-э намайг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн багийн Нийтийн хурлаас багийн Засаг даргаар томилуулах тухай санал гаргасан №04 дүгээр тогтоол гарсан өдрөөс ажилд орсон 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 8,623,351 төгрөг тооцон олгохыг мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагч Баян Өлгий аймгийн А сумын Засаг дарга, түүний тамгын газарт даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч гэх Г.С-э нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлаас тус багийн Засаг даргад өрсөлдөж, олонхын санал авсан гэж сонссон байна.

2.2. Гэтэл урьд тус багийн Засаг даргаар ажиллаж байсан Т.М-гаас Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзээд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх Т.М-н нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг маргаан гурван шатны шүүхээр хянагдаж, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр эцсийн шийдвэр гарсан. Хариуцагч Баян- Өлгий аймгийн А сумын Засаг дарга А.А-ээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг гардан хүлээн авангуут Г.С-ийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Б/211 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон. Г.С-э одоо тус багийн Засаг даргаар ажиллаж байна.

2.3. Г.С-ийг тус багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол гарсан боловч урьд тус 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Т.М- нь тус багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн ажиллагааг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхцөлд хөндлөнгөөс сумын Засаг даргаас Г.С-ийг багийн Засаг даргаар томилох талаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн, Г.С-э ажил олгогчтой хөдөлмөрийн ямар нэгэн харилцаа үүсгээгүй, ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байсан буюу түүнийг багийн Засаг даргаар томилсон шийдвэр гараагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Г.С-ийн тус шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин нийт 8,623,351 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00967 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,623,351 /найман сая зургаан зуун хорин гурван мянга гурван зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,922 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Г.С-э нь тус аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргаар өрсөлдөж сонгуулиар, мөн Захиргааны хэргийн анхан болон давах, дээд шатны шүүхээр тус тус давхар ялж байж тус сумын Засаг дарга А.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/21 дүгээр захирамжаар 5 дугаар багийн засаг даргаар томилогдсон тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан.

4.2. А сумын Засаг дарга А.А- нь Г.С-ийг багийн засаг даргаар томилоогүй талаар дараах байдлаар буруутай гэж үзэж байна. Үүнд: Сонгууль нь хууль журмаар, олон нийт болон зориуд томилогдсон сонгуулийн комисс, талуудын төлөөлөл, зэрэг хүмүүсийн хяналтад байж өглөөнөөс эхлэн орой хүртэл ямар нэгэн хэрүүл маргаангүй болж өндөрлөсөн ба сонгууль явуулсан комисс нь сонгуулийн тухай саналын хуудас зэрэг чухал нотлох баримтуудыг дэс дараатайгаар бүрдүүлэн эмхэлж тус 5 дугаар багийн иргэдийн нийтийн хуралд нэг бүрчлэн танилцуулсан. Тус 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурал нь сонгуулийн бүх баримт материалтай танилцаад Г.С-э нь илтэд давуу байдлаар ялалт байгуулж, тус 5 дугаар багийн засаг даргаар томилогдон ажиллах эрхийн болзлыг хангажээ гэж үзэж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.С-ийг А сумын 5 дугаар багийн засаг даргаар дэвшүүлэн ажиллуулах тухай 4 дүгээр тогтоолыг гаргаж сумын засаг даргад тэр оройдоо хүргүүлдэг. Тэр орой буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой 5 дугаар багт сонгууль явуулсан сонгуулийн комисс нь баримт нотолгоонууд болон сонгуулийн хуудаснууд, багийн иргэдийн нийтийн хурлын 4 дүгээр тогтоолыг тус тус А сумын Засаг дарга А.А-ад нэг бүрчлэн тодорхой танилцуулсан байдаг ба А.А- нь “маргааш томилгоо хийнэ” гэж энэ ажиллагааг завсарладаг. Гэтэл сумын Засаг дарга А.А- маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө “Өмнө нь ажиллаж байсан засаг дарга Т.М- нь шүүхэд гомдол гаргах гэж байгаа тул Г.С-э таныг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл багийн засаг даргаар томилохгүй. Эцсийн шийдвэр гартал Т.М- нь багийн засаг даргаар хэвээр ажиллаж цалингаа авч байх болно” гэж хэлж Г.С-ийг багийн Засаг даргаар томилдоггүй.   

4.3. Үүгээрээ сумын Засаг дарга нь нийт сонгогдогч, сонгогчдыг үл хүндэтгэсэн. Сонгуулийн комиссыг, тэдний идэвх зүтгэл, сонгуулийн хуулийн дагуу ажилласан хөдөлмөр, шударга байдлыг үл хүндэтгэсэн. Маргаангүйгээр тоологдсон сонгуулийн хуудаснуудыг нотлох баримтуудыг илтэд үл хүндэтгэсэн, мөн үнэлгээгүй. Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт, багийн иргэдийн нийтийн хурлын тодорхой эрх хэмжээний дагуу ажилласан нийтийн хурлыг үл хүндэтгэсэн. Багийн Иргэдийн нийтийн хурлын сонгуулийн болон бусад хууль журамд нийцүүлж гаргасан 4 дүгээр тогтоолыг санаатайгаар илтэд үл хүндэтгэсэн. Тодруулбал төрөөс явуулсан албан ёсны сонгууль, түүний үр дүн, гарсан эрх зүйн акт болох тогтоол болон дүрэм журмыг илтэд үл хүндэтгэж Т.М-д сумын Засаг дарга А.А- нь өөрөө сумын Засаг даргаар сонгогдох үед багийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлж ажилласан байж болох Т.М-н идэвх зүтгэлийг нь үнэлж түүнд шүүхээр маргах хэвээр үлдэн ажиллах, цалин авч байх боломж олгосон. Бүтэн жилийн хугацаанд багийн Засаг даргаар ажиллуулж өөрийн талын хүн болох Т.М-г ивээн тэтгэж цалинжуулж байсан.

4.4. Нэхэмжлэгч Г.С-э нь засаг дарга А.А-ын санаатайгаар хийсэн буруутай үйл ажиллагаанаас болж бүтэн жил багийн Засаг даргын ажлыг хийж чадаагүй хохирсон. Сумын засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж бүтэн жил ажиллаад авах ёстой цалингаа авч чадаагүй. Бүтэн хоёр жил шат шатны шүүхээр нэхэмжлэлээ хангуулах гэж маш их чирэгдэл болж, улмаар эдийн засгийн хохирол учирч үнэнч шударга зарчмын шийдвэр гаргуулах гэж өнөөдөр хүртэл сэтгэл санаагаар унаж, үнэнийг эрэлхийлэн хайсан, зэргээр хохирсон.

4.5. Гэтэл шүүх нь шийдвэрийнхээ үндэслэлийн 9-д “Г.С-ийг 11 сар томилон ажиллуулаагүй гэх хууль зөрчсөн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна”, 10-д “Г.С-эд гэм хор учруулсан гэдэг нь хөндлөнгийн бусад баримтаар тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж, үйлдэл эс үйлдлээрээ буруутай албан тушаалтныг хамгаалсан, жирийн иргэнийг дээрх байдлуудаар хохирсныг үл тоосон, нэг талыг баримталсан шийдвэр гаргасан” гэж үзэж байна.

4.6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан “Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй А сумын засаг дарга А.А-ад байсныг дээр тайлбарлаж дурдсан бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт тодорхой нотлогдож байна. Түүнээс гадна А сумын Засаг дарга А.А- нь “Сонгуулийн комиссын дүгнэлт, ажиглагчдын маргаангүй байсан байдал, саналын хуудасны тоо Т.М- 192 санал, Г.С-э нь 204 саналаар давуу, илтэд илүү байсныг, мөн 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 4 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн, Г.С-ийг шууд багийн Засаг даргаар томилох ёстой байтал илтэд санаатайгаар багийн Засаг даргаар томилоогүй нь тодорхой нотлогдож байсныг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

4.7. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, Г.С-ийн нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэж өгнө үү.  

 

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт байгаа. М- эхлээд сумын Засаг даргад хандсан. Сумын Засаг дарга шийдвэрлэх үндэслэл байхгүй учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн үед Г.С-ийг томилсон тохиолдолд шүүхээс дахиж М-н асуудал ашигтай шийдвэрлүүлбэл  хоёр хүний цалин хөлс зэрэг олгох үр дагавар үүснэ. Аливаа этгээд шүүхэд хэлэлцэгдэж байгаа маргаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Тиймээс томилох боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй шийдвэрлэсэн учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

            6. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Миний бодлоор бол А сумын Засаг дарга А- гэдэг хүний гаргасан шийдвэр зөв гэж бодож байна.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.С-э нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргад холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин 8.623.351 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанд холбогдуулж, Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлаас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.С-ийг тус багийн Засаг даргаар томилуулахаар А сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн байхад сумын Засаг дарга нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл томилоогүй буруутай байх тул энэ хугацааны цалин буюу орох байсан орлого, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус Засаг даргаас гаргуулж, нөхөн төлүүлнэ гэжээ.

 

            8. Хариуцагч А сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Г.С-ийн нэрийг тус багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн боловч уг тогтоолыг эс зөвшөөрч иргэн Т.М- нь 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны даргалагч болон А сумын Засаг даргад холбогдуулан дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тус маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын дээд шүүхийн шийдвэрийг гардан хүлээн авангуут 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/211 дугаар захирамжаар Г.С-ийг А сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон, одоо ажиллаж байгаа” гэж маргажээ.

 

            9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа төрийн албан хаагчийн гэм буруутай гэх үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулж тодорхойлсон учраас тус хэргийн үйл баримтад анхан шатны шүүх төрийн байгууллага, албан тушаалтны бусдад гэм хор учруулсны хариуцлагад холбогдох Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг хэрэглэж, маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцсэн байна.

 

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад, нэхэмжлэгч Г.С-ийг Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн, улмаар уг тогтоолыг хүчингүй болгуулахаар иргэн Т.М- нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу хариуцагч А сумын Засаг дарга нь Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 421 дүгээр тогтоолыг хүлээж авсны дараа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/211 дүгээр захирамжаар тус сумын 5 дугаар багийн Засаг даргаар Г.С-ийг томилсон үйл баримт тогтоогджээ.

 

11. Үүнээс дүгнэвэл, Г.С-ийг А сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар тус багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанаас түүний нэрийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн хэдий ч иргэн Т.М-н шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсний улмаас захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарч, маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Г.С-ийг А сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилоогүй, маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсний дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5 дугаар багийн Засаг даргаар томилсон А сумын Засаг даргын үйл ажиллагааг “төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн” гэх хууль зүйн ойлголтод хамааруулах үндэслэлгүй байна. Энэ талаар “нотлох баримтыг шүүх хуульд заасан журмаар үнэлээгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй, харин шүүх хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг багийн Засаг даргаар сумын Засаг дарга томилно гэж хуульчилсан, харин нэр дэвшүүлсэн даруй томилох, эсхүл нэр дэвшүүлснээс хойш хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсний дараа, тодорхой хугацааны дотор томилохоор хуульчлаагүй бөгөөд А сумын Засаг дарга нь тус сумын 5 дугаар багийн Засаг даргын нэрийг багийн иргэдийн нийтийн хурлаар дэвшүүлсэн маргаантай эрх зүйн харилцааг шийдвэрлэх хүртэл буюу захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг гардаж авсны дараа Г.С-ийг тус багийн Засаг даргаар томилсон үйл ажиллагааг төрийн албан хаагч албан үүргээ зөрчиж, улмаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

13. Нөгөө талаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд мөн зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар энэ хугацаа нь гагцхүү нөхөн томилогдох Засаг даргад л үл хамаарна. Харин Г.С-ийг А сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилсон Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/211 дүгээр захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримталсан бөгөөд тэрээр хуульд зааснаар тус 5 дугаар багийн Засаг даргын бүрэн эрхийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх тул түүний цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сумын Засаг даргын түүнийг “2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 5 дугаар багийн Засаг даргаар томилоогүй” үйл ажиллагаатай холбоотой хөндөгдөхгүй, зөрчигдөхгүй.

 

14. Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж маргааны үйл баримтыг зөв сэргээн тогтоосон, үүнд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг “хариуцагч албан үүргээ зөрчөөгүй тул гэм буруугүй” гэж оновчтой тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “А сумын Засаг даргын гаргасан шийдвэр зөв” гэх дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00967 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.922 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК